Шадар ван Чингүнжавын удирдсан Манжийн эсрэг бослого
Чингүнжав 1756 оны 10 сард өөрийн удирдсан 1000 гаруй цэргийн хамт манжийн цэргийн албыг орхин нутгийн зүг хөдөлжээ. Мөн энэ үед халхын нөлөө бүхий олон ноёд тухайлбал: Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайнноён хан Дэмчигжав, Дамиран гүн нар манжийн албыг хаяж тус тусын нутагт буцсанаар Манжийн эсрэг халхын ард түмний тэмцэл эхэлж хаа сайгүй босогчдын багууд бий болж Манжийн өртөө, харуул, төмөр сүрэг, цэргийн албыг хаян босч Манжийн цэрэг, Хятадын худалдаачдын суусан хот суурин, зарим урвагч ноёдыг цохиж эхэлсэн байна. Чингүнжав нь нутаг буцах замдаа Улиастайн орчим Халхын Цэвдэн бэйл, Дамиран гүн нартай чуулган нийлж бослогын хэрэг хэлэлцэж, Улиастайн цэргийн хороонд хүн зарж, Манжийн эсрэг босгохыг ятган, олон харуул, өртөөний цэрэгт зар тарааж тэднийг Манжийн харуул, өртөө, цэргийн албыг хаяж босохыг уриалжээ. Мөн хүчээ нэмэгдүүлэхийн тулд тэрээр бусад аймаг хошуудын ноёдоос мөн түүгээр зогсохгүй өөрийн хүүгээ элч болгон илгээж 2-р Богд Жибзүндамба хутагт Лувсандамбийдомийд хандаж халхчуудыг тэмцэлд уриалахыг хүссэн боловч Богд хаан манжийн хатуу хяналтанд орсон учраас бүтсэнгүй. Тэрээр 8-р сарын эхээр өөрийн нутаг Хотогойдын газар хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үед Манжууд ихэнх монгол ноёдуудыг өөртөө аль хэзээний урвуулж чадсан бөгөөд Баруун монголд гарсан бослогыг дарж амжаагүй байхад Халх монголд тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн өрнөсөн явдалд ихэд сандарч, нэн тэргүүнд бослогыг дарж шадар ван Чингүнжавыг барьж авахыг чухалчлан эфү Цэрэнгийн хүү Улиастайн чин ван Цэнгүнжавыг хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжин болгон Хөх хотоос 2000 цэргээр хүч нэмэгдүүлэн их цэргийн хамтаар илгээжээ. Тэгсэн ч Чингүнжав зорилгоосоо буцалгүй цааш тэмцэхээр шийдэж, 1756 оны 11 сард Манжийн цэрэгтэй Бүст нуурын өмнө бие “Шар дэвсэг “ хэмээх газар хүчтэй тулаан хийгээд, хүч мөхөсдөхийн эрхэнд цэргээ аван Шишгэд орчмоос хүчээ зузаатгах зорилгоор хойш ухарчээ. Эсрэг талын хүч илт давамгай байсан учраас зарим ноёд айн цочирдож, зарим нь санал зөрөлдөж, цэргээ аван буцахыг завдсанд 1756 оны 12 сарын 13-14-ний өдөр Чингүнжав тэднийг бут цохижээ.Үүний дараагаар Чингүнжавын хүч ихэд суларч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж 100-аад хүнийг авч Оросын хил рүү зугтжээ. Явах зам нь хэцүү бэрх, уул хадтай байснаас болж 1757 оны 1 сард Оросын хилийн ойролцоо Хар дархадын нутагт очиход 50-хан цэрэгтэй үлдсэн байлаа. Хар дархадын дарга, зайсан нар нь Манжийн талыг баримталдаг байсан бөгөөд тэр сарын 17-нд Ханхын эх Жиянхас гэдэг газар буудаллан байхад нь Хар дархадын Азар зайсан Манжийн цэргийг сэм дагуулан ирж бүслэн авч байлдсанаар Чингүнжавыг олзлон авчээ.