Жонон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Жонон нь Монголын Юань улсын үеэс уламжлан ирсэн цолны нэг бөгөөд энэ бол Чингис хааны найман цагаан гэрийн ёслолын хэргийг эрхэлсэн түшмэдийн цол юм. Анх Хубилай хаан 1292 онд ач хүү Гамалад Хархорум хотоор төвлөрсөн уугуул Монгол нутгийг захируулахаар илгээхдээ Жинь ван цол олгож илгээсэн. Утга нь Жинь ван буюу Язгуурын ван гэсэн утгатай бүхий цолыг хүртээсэн нь сунжирсаар Жинон, Жонон хэмээгдэх болсон. Умард Юаний үед хан хөвүүд дотроос зөвхөн ганц хүнд л уг цолыг хүртэж баруун гурван түмний Ордос түмэнд сууж захирах болсон. Жинон цолыг Агбаржин жинон эхлэн хүртсэн тухай сурвалжид үлдэж үүнээс эхлэн жинонгуудын нэрс тодорч эхэлсэн.

Судалсан байдал[засварлах | edit source]

Хятадын эрдэмтэн Лю Жинсо нь хонжинг "ёслолын явдлыг эрхэлсэн сайд түшмэлийн хэргэм байсан", хятадын судлаач Ринчингаваа нь "Их Юань улсын үеийн ёслолын хэрэг эрхлэх түшмэлийг хонжмн түшмэл гэдэг". Харин Сайшаал абугай хонжинг "хятад хэлний ноёнтой буюу ноён гэсэн утгатай гуанжин гэсэн үг" гэж үзжээ.[1] Хубилай хааны үед зохиосон Цагаан түүхд "түшмэлийн тэргүүн хонжин tüsimel-ün terigün qonjin" хэмээн үзэж байжээ.[2]

Цолны түүхэн хөгжил[засварлах | edit source]

Цагаан түүхд "...Гурван их үйлийг 3 хонжин мэд, хоёр үйлэнд эндүүрэлгүйеэ аварваас амьтныг удирдагч биеийн шүтээн хонжин хэмээюү... энх төрөөр гар газар хөл хөсөр амируулваас улсыг засагч зарлигийн шүтээн хонжин хэмээюү... харь дайсныг арга хүчнээр доройтуулан чадваас иргэн ургуныг сахигч шүтээн хонжин хэмээюү..."[3] гэж заасан байдаг. 1295 оноос Юань улсад уг цолыг Чингис хааны найман цагаан гэрийн дотор байх тайши, дайбу, зайсан тэргүүт найман их ямутаны дотор оруулж өгсөн. XIV-XVII зууны үед ноёдын тэргүүн цолны нэг байсан. 1570-аад онд Ордосын Хутагтай сэцэн хунтайж нэгэн удаад Очир түмэйд Уханчу чандан хэмээгдэх гэргийг , гүй он хонжин,цол өгч түшмэдийн тэргүүн болгосон[4] тохиолдол гарч байжээ. 1578 оноос шарын шашинд Сога хонжин (bsoga qonjin) гэх нэртэйгээр хэрэглэж эхэлсэн. Харин XVII зууны эхэн үеэс эхлээд доод дэв зиндааны түшмэлийн цол болж[5] эхэлсэн. Чин улсын үеэс түшмэлийн цолд хэрэглэхээ больж, гагцхүү Ордосын Чингис хааны онгоны 8 ямутанд хэрэглэх сул тушаал болоод үе уламжлах болж ирсэн.

Манжийн үеийн жинон цол[засварлах | edit source]

Чин улсад дагаар орох хүртэл 10 язгууртан залгамжлан хүртээд Ордос түмэнд төвлөрөн сууж, Монголын баруун гарын гурван түмэн улс ардыг ерөнхийлөн захирч, Чингис хааны тахилын найман цагаан ордын тахилга, зан үйлийг удирдаж байсан. Харин сүүлийн Ринчин жинонгийн үед их хаан Лигдэнд захирагдахаа больж салан одсон. Манжийн цэрэг 1635 онд эзлэн авсны дараа дагаар орсны дараа, уг цолыг сул тушаал болгож, зөвхөн Чингис хааны онгоныг тахих 500 өрх дархадыг даргалах хэмжээнд хүрч очоод, Ордос түмнийг 7 хошуунд хуваан Хатан голын Бор тохойд суулгасан. Дархан жюнь вангийн хошууны засаг ноёнд хааны зарлигаар хүртээх болгосон байдаг. 1636-1959 он хүртэл нийт 30 гаруй алтан ургийн язгууртад жонон цолыг хүртээд 1959 онд сүүлийн жинон нас барснаар дахин хэрэглэхээ больжээ.

Ар Халхын жинон цолтон[засварлах | edit source]

Ар халхад жонон цолтон XVI зууны сүүл үе, XVII зууны эхэн үеэс гарч ирсэн байдаг. Чухамдаа Халхад үлдсэн Чингис хааны цагаан сүлдийг сахин хамгаалагчид тусгай хэргэм олгох хэрэгцээ байсан ч, эрх мэдэл, албан тушаалд дуртай ноёд, тайж нар жонон цолыг хавтгайруулахад хүргэжээ. Тухайн цагт Халх долоон хошуу даяар 2-3 жинон цолтон байсан. Нэг нь, Элжигин халхын Цагаан сүлдийг хамгаалан тахигч Сэцэн жинон Пунцагравдан, Хоёр дахь нь, Хэрлэн голд Чингисийн сүлдийг тахигч Далай жинон Гэгээн Сэцэн хан Шолой, Ойрадын Хошуудад Сэцэн жинон хэмээх цолтон нар байжээ. 1630-иад оны үеэс эдгээр жонон цолтонгуудаас гадна зарим хунтайж нар бас жонон болох үзэгдэл гарч байжээ. Сэцэн хан Шолой өөрийн хан цолоо V хүү Бабуд, отгон хөвүүн Анандад Далай жинон цолоо шагнасан. Харин зарим сурвалжид Шолойн зарим хөвүүд, тухайлбал Цэвдэн хунтайжийг Цэвдэн жинон гэх мэтээр бичсэн байна. Ар Халх 1911 онд Манж Чин гүрний захиргаанаас гарч, тусгаар тогтнолоо зарласны дараа хошууны ноёдод цол чимэг шагнахад Сэцэн ханы аймагт Жонон вангийн хошуу, Түшээт ханы аймагт Жонон гүний хошуу, Засагт ханы аймагт Жонон вангийн хошуу нийт 3 хошуу бий болжээ.

Өв дурсгал[засварлах | edit source]

Ж.Цэвээн гуай Ордост Чингис хааны онгоны талаар судалгааны ажил хийж явах үедээ "Хонжин дэвтэр оршивой" гэдэг хурим ёслолын холбоотой нэгэн сурвалж олсныг Ц.Дамдинсүрэн гуай Монгол уран зохиолын зуун билиг оршивой гэх бүтээлдээ оруулжээ. Хонжин нь сүүл үе хүртэл Ордосын Чингисийн онгоны тайлгын ерөөлийг дуудах үүрэгтэй хүнийг хэлж байжээ. Сүүлдээ энэ нь хавтгайраад Ордос нутгийн хурим найрыг удирдан зохион байгуулах хүнийг хэлдэг болжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 67-р хавсралт дахь Төрийн тугийг хүндэтгэн залах журамд зааснаар Үндэсний их баяр наадмаар есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргийг залах захирагчыг хонжин гэж нэрлэж, Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин ... оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирна[6]

Жонон цолтод (1434-1634)[засварлах | edit source]

  1. Агваржин хаан: 1434-1451, Ажай тайжийн хүү, Баянмөнх жононгийн өвөө
  2. Баянмөнх жонон: 1467-1470, Хархуцаг тайжийн хүү
  3. Улсболд: 1512, Даян хааны хүү
  4. Барсболд хаан: 1512-1521, Даян хааны хүү
  5. Гүнбилэг жонон: 1531-1550, Барсболдын хүү
  6. Ноёндарь жонон: 1551-1573, Гүнбилэг жононгийн хүү
  7. Буянбаатар хунтайж: 1573-1575, Ноёндарийн хүү
  8. Бошигт жонон: 1575-1624, Буянбаатарын хүү
  9. Ринчин жонон: 1626-1630, Бошигт жононгийн хүү
  10. Туба жонон: 1630-1634, Бошигт жононгийн хүү

Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 62. ISBN 99929-78-82-1
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 62. ISBN 99929-78-82-1
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 62-63. ISBN 99929-78-82-1
  4. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 62. ISBN 99929-78-82-1
  5. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 64. ISBN 99929-78-82-1
  6. http://www.legalinfo.mn/annex/details/76?lawid=776