Баянмөнх жонон
Баянмөнх жонон (1440[1]/1441[2]/1452 - 1470[1][3]/1476[4]/1479[5]), Болху жонон нь Тайсун хааны дүү Агваржин жононгийн хүү Хархуцаг, Ойрадын Эсэн тайшийн охин Цэцэг хатан нарын ганц хүү юм. Тэрээр Ойрадын Эсэн тайш 1452 онд Зүүн Монголын бүхий л томоохон цэргийн зүтгэлтэн, ихэс язгууртан, ноёдыг нэгэн чуулганы үеэр хядаж устгасан тэр л цаг мөчид төрж Алтан ургийн цөөн хэдэн хүний нэг болсон байсан. Эсэн тайш Хархуцаг тайжийг хорооход Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байжээ.[6] Тэр үед Эсэн тайж Цэцэг хатнаас хүү төрвөл хорооно, охин төрвөл хүнд өгнө гэсэн байна. Цэцэг хатан хүү төрүүлэхэд Эсэн тайшийн хүмүүс хороохыг завдсан ч Цэцэг хатан өөрийн эмэг эх Самар тайху дээрээ очиж охин төрсөн хэмээн худал хэлж, охин хувцас өмсгөн 3 нас хүртэл нуужээ. Эрдэнийн товчд тэмдэглэснээр Самур тайху Баянмөнхийг 3 настайд[6] нь Ойрадын Өгэдэй баатар, Хонгирадын Эсэлэй тайбу, Харчины Болуй тайш, Сартуулын Баяндай ахлаху[7][8] хэмээх 4 хүнд өгч Монголын төв нутаг руу явуулжээ. Баянмөнхийг Урианхайн Хутагт Шигүши ноёнд өгч өсгүүлэв.[9] Хожим нь Мандуул хааны ивээлд орж Болох жонон болж баруун 3 түмнийг захирч байсан. Удалгүй түүнийг Мандуул хаан сэжиглэн Исмайл тайшд цэрэг захируулан Баянмөнхийг хөнөөлгөжээ.
Түүхэн он цагийн зөрүүд
[засварлах | кодоор засварлах]Түүний төрсөн, нас барсан жилийн тухайд эх сурвалжийн зөрүүтэй асуудал байдаг. Монголын түүхийн сурвалж бичгүүдээс түүний төрсөн жил, насыг тэмдэглэсэн нь Саган сэцэний Эрдэнийн товч, Шар тууж байдаг. Эрдэнийн товчд Баянмөнх жононгийн төрсөн он, нас барсан он, насыг хоёр өөрөөр бичжээ. Эхнийх нь "...Баянмөнх Болху жонон ... гучин нэгнээ цагаан бар (1470 он) жилээ Юншээбүүгийн Хэриеэ, Цагаан, Төмөр, Мөнх, Хар бадай тавуулд хороогдон халивай..."[1] гэсэн байдгаас ухрааж, хий насыг хасч тоолбол 1440 онд төрж, 1470 онд нас барсан болдог. Энд дурдах барс жилд 31 насандаа халвай гэдгийг Их Шар туужд адил байдаг ч, Асрагч нэртийн түүх, Лу.Алтан товч болон бусад сурвалжууд зөвхөн барс жилд нөгчсөн гэж л бичсэн байдаг. Хоёрдох нь Баянмөнхийг төрсөн тухай домогт 1452 онд Агваржин жонон тэргүүтэй олон ноёд Уурхай гэх газарт Эсэн тайшд хядуулсны дараа алтан ургийнхныг барьж хороосноос 3 сарын дараа Сэцэг бэйжээс төрсөн гэж 17-р зууны монгол сурвалжууд бүгд батладаг нь Эрдэнийн товчийн "барс жилд 31 насандаа халивай" гэсэн мэдээлэлтэй зөрдөг. Ингэхээр Баянмөнхийн төрсөн жил нь 1440, 1452 оны аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Хэдэн онд бусдад хороогдсоныг монгол сурвалжууд барс жил[1][10][11][12] гэсэн нь 1470 он болдог.
Харин хятадын Мин улсын судар зэрэг хятад эх сурвалжид хэдэн онд амь үрэгдснийг тэмдэглээгүй ч, Мин улстай 1471-1475 оны хооронд янз бүрийн байдлаар харилцаж байсан тухай бүртгэгджээ. 1471 онд хилийн худалдаа хийж,[13] 1472-1473 оны намар хүртэл Мандуул хаан, Болху жонон, Бэгэрсэн нарын удирдсан цэргийн хүч Ордост цөмрөн Мин улсын хилийн хотуудыг довтлож байсан ч, ялагдаж ухарснаас хойш түүний тухай мэдээ харагдахаа больсон.[14][15] Иймээс түүхч судлаачид 1475-1476 оны орчимд нас барсан байж магадгүй гэж үздэг.
| Өмнөх Агваржин жонон |
Жонон 1470-1476 |
Дараах Улсболд жонон |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 4 Баярсайхан 2006, х. 124.
- ↑ Монгол Улсын түүх 2003, х. 187.
- ↑ Монгол Улсын түүх 2003, х. 189.
- ↑ Монгол Улсын түүх 2003, х. 68.
- ↑ Atwood 2004, х. 138, 408.
- 1 2 Баярсайхан 2006, х. 118.
- ↑ Баярсайхан 2006, х. 119.
- ↑ Чоймаа 2006, х. 255.
- ↑ Чоймаа 2006, х. 256.
- ↑ Чоймаа 2006, х. 257.
- ↑ Заяабаатар 2006, х. 53.
- ↑ Шагдарсүрэн 2006, х. 68.
- ↑ Henry 1966, х. 56–57.
- ↑ Урангуа 2015, х. 30.
- ↑ "明史/卷13 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2026-05-17.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын түүх. Vol. 3-р боть. Улаанбаатар: Адмон. 2003.
- М, Баярсайхан (2006). Саган сэцэн. Эрдэнийн товч. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Atwood, Christopher P. (2004). Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. New York: Facts on File. ISBN 978-0-8160-4671-3.
- Ш, Чоймаа (2006). Лувсанданзан. Алтан товч. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Д, Заяабаатар (2006). Жамба.Асрагч нэртийн түүх. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Ц, Шагдарсүрэн (2006). Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршвой. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Н, Урангуа (2015). Мин улсын түүх. Улаанбаатар: Бит пресс.
- Zhang, Tingyu. "明史".
- Serruys, Henry (1966). "MONGOL TRIBUTE MISSIONS OF THE MING PERIOD". Central Asiatic Journal. 11 (1): 1–83.