Мандуул хаан
Мандуул хаан | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1475-1479 |
Хаан суусан | 1475 |
Төрсөн огноо | 1438 |
Өнгөрсөн огноо | 1479 |
Өмнөх | Молон хаан |
Удаах | Батмөнх даян хаан |
Эцэг | Ажай тайж |
Ургийн овог | Хиад Боржигин |
Төрсөн нэр | Мандуул |
Мандуул хаан (1438-1479) нь Монголын хаан байжээ, тэрээр Тайсун хааны эцэг нэгт дүү юм. Молон хааны дараа Зорголын зоо гэх газарт хаан суусан. Мандуул нь Цахарыг захирч сууж асан анхны хаан болно.
Мандуул нь Ажай тайжийн 3-р хөвгүүн бөгөөд 1475 онд Уйгудын Бэгэрсэн, Юншээбүгийн Исман (Исмаил) зэрэг хүмүүсийн дэмжлэгтэйгээр хаан ширээнд суужээ. Гэвч Бэгэрсэн тайш болж, үнэн хэрэгтээ төрийн эрхийг атгах болов. Мандуул хаан болсныхоо дараа Махагүргис хааны өсийг авахаар Түмэдийн Доголон тайжийг довтлон хороогоод, Түмэдийг эрхэндээ оруулжээ. Мөн Молон хааны өсийг авахын тулд Муулихайн эсрэг тулалдсанд Муулихай ван алагдаж, Мандуулын байдал бэхэжжээ. Тэрээр богино хугацааны засаглалынхаа үед хааны эрх мэдлийг ихэсгэж, язгууртнуудын эрх мэдлийг бууруулан, түүнийг угсаа залгамжилсан авга дүү Даян хаанд улсыг удирдахад дөхөм болгож өгчээ.
Мандуул өөрийн ах Агбаржингийн ач Баянмөнхөд жонон цол олгож, Баруун түмнийг захируулжээ. Гэвч Мандуул хаан хутган үймүүлэгчдийн үгэнд орж Баянмөнхийг довтолсон бөгөөд ийм самууны улмаас Монголын улс төрийн байдал тогтворгүй болов. Төрийн эрх мэдэл Бэгэрсэний гараас Исманы гарт шилжиж, улмаар Мандуул 1479 онд Исманд хороогдсон гэж үздэг. Мандуулыг Баянмөнх жононгийн хүү Батмөнх залгамжлан хаан суужээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Ажай тайж
- Эх: Ойрад угсааны хатан
- Хатад: Их Хамарт Юнгэн хатан, Мандухай хатан
- Хүүхэд: Борогчин: Уйгудын Бэгэрсэн тайшид өгсөн[1]. Эшигэ: Монголжины Чэгүдийн Хоосай тавнанд өгсөн.[1]
Өмнөх Молон хаан |
Монголын Их Хаан 1475-1479 (1463-1467) |
Дараах Батмөнх даян хаан |