Jump to content

Ажай тайж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ажай тайж[1] нь (Ачай тайж[2], 1400-14??), Хиад боржигин Элбэг хааны хүү эсвэл дүү гэх Харгучуг Дүүрэнтөмөр хунтайжийн хатан Өлзийт хун гообэйжээс төрсөн.

Ажай тайжийн төрсөн тухай түүх домог 17-р зууны эхээр бичигдсэн монголын түүхийн шастир бичигт тодорхой тэмдэглэжээ. 1399 оны туулай жилийн өвөл Чоросын Хуухай Даюугийн хов үгээр Элбэг хаан өөрийн дүү Харгучуг дүүрэнтөмөр хунтайжийн хатан Өлзийт хунбэйжийн үзэсгэлэн гоод тачаадаж, дүүгээ алж "гурван сартай жирэмсэн"[2] Өлзийт хунбэйжийг хатнаа болгосноос 4 сарын дараа хааныг анд явсан хойгуур Хуухай Даюу ноёныг Өлзийт гоо бэйж өргөөндөө дуудан ирүүлж архи өргөн барихдаа:

Муу биеийг минь сайн болгон

Бага биеийг минь их болгон

Хун бэйж нэрийг минь

Бэхи тайху болгов[2]

хэмээн хэлж согтоосны дараа Хуухайг орон дээрээ хэвтүүлж, үс гэзгээ тасчиж, нүүрээ маажиж, уйлан суухад Элбэг хаанд гүтгэн хэлэхэд Хуухай даюу сэрээд айн зугтахад араас нь нэхүүлэн барьж алаад Өлзийт хунбэйжд өгтөл Хааны цус, Хуухайн тосыг долоож, нөхрийнхөө өш хонзон авснаа үнэнээр өчсөн ч, Элбэг хаан зэмлэлгүй орхиод, Хуухай даюуг хилсээр алсандаа харамсаж хүү Батулад Самур гүнжээ хатан болгож чинсан цол өгч Дөрвөн Ойрдыг захируулахаар явуулсан. Энэ явдалд Ойрадын ноён Үгч хашха дургүйцэж, Батула чинсангийн хамт Элбэг хааныг довтлон амийг нь таслав. Энэ үед Өлзийт хунгоо бэйж 7 сартай болоод, дахин гурван сарын дараа луу жилд нэгэн нуган төрүүлсэнийг Ажай тайж гэж нэрлэжээ. Уг хэрэг явдлаас болж Монгол улс 2 хэсэг болж, 100 гаруй жил үргэлжилсэн дотоодын дайн гарсан. Нялх ахуйд нь Үгэчи хашиха хөвүүнчлэн өсгөж, Үгэчи хашхагийн хүү Ойрадай хаан Эсэхүг 1425 онд нас барах хүртэл Ойрад нутагт зарцлагдаж байсан. Эрдэнийн товч, Шар тууж, Болор эрих зэрэг түүхийн ном зохиолд 1425 онд Эсэхү хааныг нас барсны дараа Самур гүнж, Өлзийт хунгоо бэйж, Ажай тайж, Аругтай тайж нарт

"Эсэхү хаан нь үхвэй

Эрхчэгүүд улс эх тэргүүнээ сандвай

Эзэн эцэгтээ мөргөж амиа гуйн

Энэ дээр нь морилбоос болох"[3]

гэж хэлээд Ойрад нутгаас Монголын зүг зугтаалгаж байгаагаар дүрсэлдэг. Харин Лу.Алтан товч, Хураангуй Алтан товч, Асрагч нэртийн түүх зэрэг зарим сурвалжид энэ тухай байдаггүй. Ажай тайжийг монголд ирж Адай хааны дэргэд ирснээс хойш түүний мэдээ баримт ер гардаггүй бөгөөд түүний гурван хүү Тогтобух, Агваржин, Мандуул нар Монголын их хааны тамгыг атгаж байсан юм.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. Ажай тайжийг Монголын ихэнх сурвалжид Хорчины Адай хааны нэртэй адилтгаж үзээд, түүнтэй андуурч, Адай ба Ажай нарыг нэг хүн гэж үзсэн тохиолдол их байдаг. Гэтэл Ажай тайж бол Ойрад нутагт сууж байсан Хиад Боржигин овгийн хүн юм. Адай тайж нь 1425 оны орчимд их хаан болсон, Хавт Хасарын угсааны Боржигин овгийн хүн юм.
  2. 2.0 2.1 2.2 Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар. p. 104.
  3. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар. p. 108.