Цавчаал боомт

Цавчаал боомтыг дээрээс авсан зураг

Цавчаал боомт (монгол бичиг: ᠴᠠᠪᠴᠢᠶᠠᠯ
ᠪᠣᠭᠣᠮᠲᠠ
; хятадаар: 居庸关; пиньинь: Jūyōng guān) нь Бээжин хотоос баруун хойд зүгт 50 гаруй км-т Тайхан уул, Гуангоу хөндийг түшиглэн баригдсан цагаан хэрмийн боомт юм. Хятадаар "Жю Юнгуан", монголоор "Цавчаал боомт" гэж нэрлэдэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Цавчаал боомтын үүлт хаалганы бичээс
Цавчаал боомтын Үүлт хаалга

Цавчаал боомт нь Хятадын цагаан хэрмийн Бээжин хотыг хамгаалдаг дотоод гурван боомтын нэг. Цинь улсын үед цагаан хэрмийг байгуулснаас хойш үе үеийн улсууд уг хэрмийг сэргээн, боомтыг янз бүрээр нэрлэж байсан бөгөөд, Алтан улсын үеэс монголчууд Цавчаал боомт гэж нэрлэх болсон. Чингис хааны Алтан улсын эсрэг хийсэн дайнд 1211 онд Зэв ноёны удирдсан цэргүүд Цавчаал боомтыг сахисан Зүрчидийн цэргийг өдөөн гаргаж ирээд байлдан дайсныг хядаж, боомтыг эзлэн авснаар Монголын арми Алтан улсын төв рүү нэвтрэх чухал газар болсон. 1342 онд Тогоонтөмөр хааны үед Цавчаал боомтыг засаж сэлбэн, 9.5 метр өндөр Үүлт хаалга, гурван цагаан суварга байгуулж, хаалганы дотор хананд монгол, төвөд, ланз, тангуд, дөрвөлжин бичиг, ханз бичгээр буддын сургаал, бурхдын дүрийг сийлсэн нь орчин үед хадгалагдан үлдсэн.

Уг боомт нь Монгол, Хятадыг холбох худалдаа, өртөөний гол замын чухал цэг болж байсан.