Монголчууд Алтан улсыг дайлсан нь
Монголчуудын Зүрчидийн Алтан Улсыг байлдан дагуулсан нь | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монголчуудын байлдан дагуулалт | |||||||
![]() Алтан улсын эсрэг довтолсон чиглэлийг газрын зурагт дүрсэлсэн байдал | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Их Монгол Улс Кидан үндэстэн Тангуд улс (1210–1219) Сүн улс |
Алтан улс Тангуд улс (1225–1227) | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Чингис хаан Зэв Мухулай Тулуй Өгэдэй Сүбэдэй |
Ваньянь Юнжи X Ваньянь Удубу Ваньянь Нинжясү † Ваньянь Хэда ![]() Хэшилэ Хушаху ![]() | ||||||
Цэргийн хүч | |||||||
Ойролцоогоор 90,000-120,000 морьт цэрэг | 500,000 орчим цэрэг, үүнээс 120,000 морьт, 380,000 явган цэрэг | ||||||
Хохирол | |||||||
Тодорхой бус | 450,000 - 500,000 |
Их Монгол Улсын Зүрчидийн Алтан Улстай хийсэн дайн нь 1211-1234 оны хооронд 23 жилийн хугацаанд дундаа завсарлагатай өрнөсөн томоохон дайн юм. Зүрчид үндэстэний байгуулсан Алтан улс нь ид хүчирхэг үедээ зүүн хойд хятадын нутгийг эзлэсэн, 50 орчим сая хүнтэй, 500,000 орчим цэрэгтэй, Сүн, Монгол, Солонгос, Тангуд зэрэг вассал улсаар хүрээлэгдсэн хүчирхэг гүрэн байв.
Алтан улс нь 1115 он хүртэл Киданы Ляо улсын эзэмшилд байгаад, умард Сүн улстай холбоо тогтоож, тэдний дэмжлэгтэйгээр Киданы төрийг мөхөөн, байр суурийг нь эзлэсэн улс. Хамаг Монгол, Алтан улс хоёрын харилцаа нь 1130-аад оноос эхлэхдээ Хамаг Монголын ханлиг улсыг эзлэн авах түрэмгий бодлого явуулсныг Хабул хан, Амбагай хан зэрэг монголын хаад ноёд эсэргүүцэн тэмцэж 1135-1147 оны хооронд 2-3 удаагийн дайнд Монголын ялалтаар Алтан улс нь Монголын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн ч, 1150-иад онд татарууд Амбагай ханыг барьж, модон илжигт хадаж алснаар Алтан улс-Татар аймгийн холбоотны цэрэгтэй Хамаг Монголын цэргүүд 13 удаа байлдаж байж ялалтанд хүрсэн. 1160-аад оноос 1208 он хүртэл Монгол-Алтан улсын дунд дайн болоогүйг Алтан улсад жил бүр 1000 лан алтаар алба төлдөг болсонтой холбоотой гэж түүхчдийн зүгээс тайлбарладаг.
1208 онд Алтан улсын Жанзун хаан таалал төгссөний дараа Ваньянь Юнжи гэх авга ах нь эзэн хаан болсноор Чингис хаан, Алтан улсад жил бүр төлж байсан алба татвараа өгөхөөс татгалзаж, тэдний эсрэг хийх дайндаа бэлдэж эхэлсэн.
Монголчууд Алтан улсыг эзлэх хүртлээ дараах гурван үе шаттай дайныг хийсэн.
- 1211-1217 онд Чингис хааны удирдсан дайн
- 1217-1223 онд Мухулай вангийн удирдсан дайн
- 1229-1234 онд Өгөөдэй хаан, Тулуй ноёны удирдсан дайн
1211-1217 онд Чингис хаан дайлсан нь
[засварлах | кодоор засварлах]1211 оны 2-р cap гэхэд Чингис хаан Алтан улстай байлдах бэлтгэлийг үндсэндээ бүрэн хангаж, их цэргээ Халх голын орчимд сургуулилж, өөрөө Хэрлэнд түр саатан биеэ амраажээ. 1211 оны 3-р дугаар сард Чингис хаан Хэрлэн голын хөвөөн дээр Их хуралдай хуралдуулж Зүрчидийн Алтан улсад дайн зарлах асуудлыг хэлэлцүүлжээ.[1] Чингис хаан тэргүүтэй монголчууд Алтан Улсыг дайлах болсон шалтгаан:
- Алтан улс Татаруудаар дамжуулан Монгол овог аймгийн дунд яс хаясаар ирсэн
- Өвөг дээдсийн өшөө авах (Амбагай хан, Охинбархаг, Есүхэй баатар гэх мэт)
- Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч элчийг хөөсөн
- Алтан улсын эдийн засаг, төр засгийн хараат байдлаас гарч, тусгаар улсаа хүлээн зөвшөөрүүлэх гэрээнд хүрэх
- Онгуд, Кидан нарыг зүрчидээс чөлөөлөх
Монголчууд цэргээ гурван жигүүрт хуваахдаа баруун жигүүрийг Зүчи, Цагадай, Өгэдэй нарын гурван ханхүү ерөнхийлөн удирдсан 40,000 цэргээр, одоогийнхоор Чуулалт хаалганы чиглэлээр давшуулж, төв ба зүүн жигүүрийн 70,000 цэргийг Чингис хаан өөрөө удирдаж, цэргийн ерөнхий жанжнаар Мухулай ноёныг томилж, Зэв ноёныг манлай цэргийг захируулж илгээв.
Гол, зүүн замын цэрэг: Зэвийн удирдсан цэргүүд хилийн хот Жиньжоуг эзлэн, 1211 оны 5 сард Дашуйло, Фэнли цайзуудыг дараалан эзлэв. Түүний ардаас Чингис хааны гол цэрэг Тал нуурт ирж зусан, Хуанжоу цайз (Шанду хот орчмын нутаг) болон Алтан улсын адуун сүргийг булаан дээрэмдэв. 1211 оны 9-10 сард Чингис хааны удирдсан их цэрэг Фужоу хотыг явуут дундаа эзлээд, цааш давшилгүй цэрэг, морьдоо амраав. Энэ үед Алтан улс Үнэгэн давааны орчимд Вангин Жюжинь, Вангин Ваннү, Динсюэ, Вангин Хуша тэргүүтэй зүрчид жанжид 300,000 орчим цэргийн хүч хуралдуулж монголын цэрэгтэй тосч байлдахаар болсныг Чингис хаан мэдээд яаравчлан цэргээ цуглуулж, Хуанэрцуй (монголоор Доргоны ам гэдэг) гэдэг газарт байсан Алтан улсын Динсюэ жанжингийн манлай цэргийг довтлон ялаад цаашлан Үнэгэн даваанд байрласан Алтан улсын гол хүчтэй тулгаран байлдахын өмнө Мухулай ноён "дайсны цэрэг олон, манай цэрэг цөөн. Өнөө бид амиа үрж эс байлдваас хожим нөхөшгүй бэрх болно"[2] гэж хэлээд их цэргийг удирдан шууд дайран оржээ. Алтан улс армиа зохион байгуулахдаа морьт цэргээ манлайд байрлуулж, явган цэргийг ард нь жагсаж, хоёр талаар нь уулын бэхлэлттэй байв. Тулалдаанд монголын морьт цэрэгт зүрчид цэргүүд ялагдан ухрахдаа ардаа байсан явган цэргээ гишгэлэн, цэргийн жагсаалыг самууруулж, эмх замбараагүй болсон нь монголын тал ялахад гол нөлөө үзүүлжээ. Цэргийн эмх цэгц нь эвдэрч сарнисан зүрчид цэргийг 50 км газарт элдэн хөөж, Сюаньдэ хүртэл эмх замбараагүй ухрав. Ухарсан цэргийг мөшгих замдаа Сюаньдэ хотыг тойрч, Дэсин фу цайзыг эзлэв. Тэндээс урагш давшихдаа Зэв, Хүйхэнэг баатар нарыг манлайд илгээн Цагаан хэрмийн гол боомт Цавчаал боомтыг довтлон эзлэхдээ Алтан улсын цэргийг өдөөн гаргаж, Сюандэ хот хүртэл ухраад эргэж дайран нэхсэн цэргийг хядан устгаж, Цавчаал боомтыг эзлэв. Чингис хааны удирдсан гол замын цэрэг Жунду хотыг бүслэн байлдаад авч чадалгүй хойш ухарсан.
Баруун жигүүрийн цэргүүд 1211 оны 5-р сард Онгуд аймгийн нутгаар дамжин давшсаар, Алтан улсын баруун нийслэл Датун хотыг бүслэн байлдахад бэхлэлт сайтай байсан тул ухарсан. Тус оны 8-9 сард баруун жигүүрийн цэргийг Зэв ноён, баруун замын цэргийн хамтаар Алтан улсын Ушабу цайз, Уюэ цайзыг довтолж, зүрчидийн Цяньжяну жанжныг нь алав. Тэндээс Байдэн хотыг эзлэн, Датун хотыг дахин бүслэж байлдсанд хотыг сахигч жанжин Хэшилэ Хушаху нь 7000 цэргээ авч хотоос зугтан одов. Хушаху зугтсанд Елюй Туха жанжны захирсан 3000 монгол цэргүүд араас нь нэхэж, Дашэньдяньд гүйцэж тулалдав. Энэ тулаанаас Хушаху цөөн цэрэгтэй зугтан Жунду хот руу оров. Харин монголын баруун замын цэргүүд 1211 оны 9-р сард Датун хотыг эзлэн, ойр хавийн Юньнэй (одоогийн Хөх хот орчим), Дуншэн, Сюаньжоу, Нинжоу, Фэнжоу, Учжоу, Сүвэй, Шожоу зэрэг тойрог, жижиг хот тосгодыг довтолж, тэдгээрийн ойр байсан Алтан улсын адуун сүргийг олзолсон. Тэр жилийн өвөл нь монголын их цэрэг хойш ухран гарсан.
1212 оны хавраас өвөл хүртэл монголын гурван замын цэрэг дараах гурван бүс нутагт төвлөрч байлдаан болсон.
- Алтан улсын баруун нийслэл, Мигукоу зэрэг хотуудыг 1212 оны 8-9 сард Чингис хааны удирдсан их хэмжээний цэргүүд Алтан улсын баруун нийслэл Датун хотыг дахин эзлэхээр бүслэн байлдсан ч, Чингис хаан суманд оногдож шархадсан учраас монголын цэрэг ухарсан.
- Дэсин, Сюаньдэ, Фэншэнжоу чиглэлд Тулуй ноён, Чигү хүргэний удирдсан түмт зууралдан байлдсан.
- Алтан улсын зүүн нийслэл Дунчан хотыг Зэв ноёны удирдсан түмт 1212 оны 12 сард Дунчаныг довтлон 1213 оны 1-р сард эзлэв.
Монголын төв замын цэргүүд Чанжоу, Хуанжоу, Фужоу хотуудыг явуут дундаа эзлэн, Сюаньдэ хотыг довтолж, хэд хэдэн хот тосгодыг эзлэсэн ч, орхиод явмагц Алтан улсын цэрэг дахин тэдгээр хотыг эзлэн, хүн ард, цэргийг өмнө зүгт нүүлгэж шилжүүлсэн.
1213 оны зун 7-9 сард Монголын гол замын цэрэг Сюаньдэ хотыг эзлэн, Дэсин хот, Хуайлай зэрэг хотуудыг эзлэж, зүрчидтэй хэд хэдэн удаа байлдаж ялалт байгуулсан. Харин Алтан улсын дотоод улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж, Ваньянь Юнжи хаан өөрийн жанжин Хушахуд алуулж, Монголын эсрэг цэрэг удирдан байлдаж байсан Ваньянь Кан, Жуху Гаоци зэрэг жанжид эргээд Хушахутай байлдаж эхэлсэн нь монголчуудын довтолгоонд ихээхэн тустай явдал болсон. Тэндээс Цавчаал боомтыг тойруу замаар нэвтрэн орж, хоёр талаас нь довтлон эзлэн, Жунду хот хүртэл замыг бүслэн хаав.
Жундуг бүслээд дөрвөн хэсэгт цэргээ хуваан илгээсэн.
- Зүчи, Цагадай, Өгөөдэй нарын захирсан баруун замын цэрэг Тайюань хот руу довтлов.
- Жочи Хасарт зүүн замын нэг түмтийг захируулж, Жүрчидэй, Алчи, Буха нарын ноёдыг хамт илгээж, Зүүн нийслэл Дунчан хот, ойр орчмын газрыг эзлүүлэв.
- Чингис хаан, Тулуйн хамтаар Шаньдун мужийн нутаг руу цөмрөн довтолсон.
- Мухулайд 1 түмт өгч Жундугийн ойролцоох Мижоу хотыг эзлэхээр байлдуулав.[3]
Энэ удаагийн аян дайнаар Жундугийн ойр хавийн 57 орчим хот тосгодыг довтлон эзлэж, Жунду хотыг хүнс хоолоор боомилсон. Ингээд Алтан улсын хаанд элч илгээж, "Алтан улсын эзэн чи хараат болж алба өргө. Хаан цолоо бууруулж ван болго, Чиний улсын Хэбэй, Шаньдун муж минийх болов. Мөнх тэнгэр чамайг ивээсэнгүй. Чи гагц Чжунду хотоо сахин үлдэх болов. Хэрэв би чамайг улам хүчтэй шахвал тэр цагт чи юу болох вэ. Би цэргээ авч буцахаар шийдэв. Чи миний цэргийг хүнс хоолоор хангаж миний цэргийн дарга нарыг тайтгаруулах хэрэгтэй"[4] гэсэн тулган шаардах бичиг илгээсэнд, монголын талд буулт хийж, Ваньянь Юнжи хааны охин Циго гүнжийг бараа бологч, их хэмжээний эд бараатай нь хамт илгээж, Алтан улсын сайд Вангин Чэнхуй Чингис хаанд хүргэж өгөөд Цавчаал боомтыг давтал үдэж өгсөн.
Мухулайн захирсан түмт Ляодун руу нэвтрэн орж, зүүн нийслэл Дунжин хотыг эзлээд, ойр зэргэлдээх 32 их бага хотыг эзэлж, Алтан улсын зүүн хойд зүгийн бүх мужийг эзлэн авсан.
Алтан улсын Удубу хаан ноёд түшмэдээ дагуулан өмнөд нийслэл Бяньжин хот руу шилжин суурьшиж, Жунду хотыг сахих түшмэл томилон үлдээснийг Чингис хаан сонсоод, гэрээгээ зөрчсөн гэж үзээд 1214 оны 7 сард армиа өмнө зүгт илгээхдээ, салжиудын Самуха баатарт монгол цэрэг 1000, дагаар орсон Шимо Минган зэрэг ноёдын захирсан кидан, зүрчин, хятад нийлсэн 2000 цэрэг захируулж, Жунду руу довтлуулсан нь 1215 оны 2-3 сард амжилттай байлдаж Жунду хотыг эзлэн авсан. Мөн 1214 оны 8 сард Мухулай ноён, Буту хүргэнд цэрэг өгч, Алтан улсын дээд нийслэл Дадин хотыг эзлүүлэхээр илгээсэнд 1215 оны 3 сард Дадин хотод очиход хотыг сахисан жанжин Ухури Илдуху нар бууж өгсөн. Дадин хот монгол цэрэгт эзлэгдснийг бусад хотууд нь сонсоод ээлж дараалан бууж өгч, Ши Тяньин, Юй Харбаатар, Тянь Сюнь зэрэг хятад, кидан, бохай, зүрчид гаралтай ноёд монгол цэрэгт дагаар орсон.
1215 оны 7 сард монгол цэргийг дахин хуваарьлан илгээсэн нь:
- Самуха баатарт нэг түмэн цэрэг өгч Алтан улсын баруун зүгийн хамгийн чухал газар Зиньжао хот (одоогийн Шиань хот), Тунгуань боомт руу илгээв.
- Толун чэрбид монгол, кидан, хятад цэрэг өгч Хэбэй мужийн баруун талын хотууд руу илгээв.
- Ши Тяньни жанжинд дагаар орсон цэргүүдийг захируулж, Хэбэй мужийн зүүн талын хот балгадын зүг илгээв.
- Бас дагаар орсон Шимо Бодээрт монгол, кидан цэрэг өгч Шэньси мужийн зүг илгээв.
1217-1223 – Мухулай вангийн удирдсан довтолгоон
[засварлах | кодоор засварлах]
1216 онд Чингис хаан Хэрлэнгийн Ауруг ордондоо эргэн ирж, 1217 оны намар хуралдай чуулж, Алтан улсыг байлдан дагуулах цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж, Мухулай ноёныг тайш, улсын ван өргөмжилж, алтан тамга, туг сүлд олгон, Тайхан уулнаас өмнөх хятад нутгийн цэрэг, иргэний захиргааг захируулж, цаашид Алтан улсыг дайлах хэргийг түүнд мэдүүлсэн. Ингэхдээ Мухулай ноёнд Жалайр, Хонгирад, Ихирэс, Уруд, Мангуд, Арулад, Онгуд[5] аймгийн нийлсэн 23000 цэрэг[6], их хэмжээний кидан, хятад цэргийг захируулж үлдээсэн. Улсын ван Мухулайн удирдлагаар монгол, хятад цэрэг Алтан улсын эсрэг 2 чиглэлээр байлдааны ажиллагаа явагдсан.
- Баруун, баруун хойд чиглэл: 1217-1218 онд Алтан улсын Дамин, Жэндин хотоор төвлөрсөн Хэбэй мужийн баруун, зүүн тойргийн хотуудыг, 1218 онд Тайюань төвтэй Хэдун мужийн (одоогийн Шаньси муж) хойд тойрог ,
- Зүүн чиглэл: Иду хот төвтэй Шаньдуны зүүн тойргийг 1217-1218 онд, Дунпин төвтэй Шаньдуны баруун тойргийг 1220-1221 онд тус тус байлдан эзэлсэн.
- Өмнөд чиглэл: 1221-1223 онд Яньань төвтэй Фуян тойрог, Зиньжао, Фэньсян зэрэг хотоор төвлөрсөн Хэнань мужийн нутаг руу довтолсон ч ялж чадсангүй.
1217-1219
[засварлах | кодоор засварлах]1217 онд Жунду хот орчмоор Алтан улсыг дайлах цэргийн төв болгож, Яньнань (燕南, yannan), Сүйчэн (遂城, sui cheng) жич Лижоу(蠡州, li zhou) олон хотыг эзлэн авчээ. Өвөл нь Дамин фуг (大名府, da ming fu) эвдээд түүнээс зүүнш Шаньдун мужийн Иду (益都, yidu), Зи (淄, zi), Дэн (登, deng), Лaй (莱, lai), Вэй(維, wei), Ми (密, mi) зэргийн жоу (州)-г эзлэн авсан.
1218 онд Алтан улсын баруун нийслэл Сижин (西京, xijing)-гээс Тайхэлин даваагаар (太和岭, Taiheling) Хэдун муж (одоогийн Шаньси муж) орж Тайюань (太原)-ийг бүслэн байлдсанд Шинь (忻, xin), Дай (代, dai), Зэ (泽, Ze), Лу (潞, lu), Фэнь (汾, Fen), Хуо (霍, Huo) зэргийн жоу бүрнээ дагасан тулд түүнээс Пинян (平陽, ping yang) хотыг эзлэв. Алтан улсын дагаар орсон Тоба Анчарт (拓拔按察儿, Tuoba An Cha er) монгол цэргийг захируулан, Пинян хотыг сахиулж, Алтан улсын цэргийг тосч байлджээ. Ижоу (義州, yi zhou)-гийн цэргийг харгалзах түшмэл Ли Тинжи (李廷值, li ting zhi)-гийн дүү Ли Шоужун (李守忠, li shou zhong)-ийг Хэдун замын шуайфу (河东南路帥府, He Dong Nanlu shuaifu)-гийн хэргийг мэдүүлжээ.
1219 онд Ши (石, shi), Сижоу (隰州, xizhou)-г байлдаж аваад Жяньжоу (絳州, jiangzhou)-г довтлон эзлэв.
1220 он
[засварлах | кодоор засварлах]1220 онд Мухулай вангийн удирдсан цэргийн довтолгоон Алтан улсын мэдэлд байсан Шаньдун мужийг эзлэхээр зорьж, Жао (趙, Zhao), Манчэн (满城, Mancheng), Жэньдин (真定, Zhending) зэрэг газрын иргэнийг дагаар оруулав. Хятан жанжин Ши Тяньни (史天倪, Shi Tianni) өгүүлсэн нь: "Эзэлсэн эл газарт басхүү цэргийг дураар тавьж уулгалан булааваас иргэнийг амаржуулах нь үгүй болой" хэмээсэнд Мухулай: "Зөв" хэмээж цэргийн цаазыг зарлан "Бүү уулгалан булаагтун" хэмээж олсон хулгайлсан тариаг хүмүүст эргүүлэн өгсөнд цэргийн дотор хямгатай болсонд түшмэл, иргэд ихэд баярлав. Алтан улсын Шинжоу (邢州, Xingzhou), Тяньпинзай (天平寨, Tianpingzhai) цайзыг эзлэсний дараа, Монголбуха ноёнд (蒙古不花, Menggu buhua) цэрэг хуваан өгч илгээхэд Хэбэйгийн Вэй (衛, Wei), Хуай (懷, Huai), Мэнжоу (孟州, Mengzhou) зэрэг 10 гаруй жоу, сянийг дараалан эзлэсэн нь 300,000 өрх болов.
Тэр үед Алтан улсын Шаньдун мужийн Хуанлинганд (黃陵岡, Huanglingang) төвлөрсөн 20 түмэн гэж алдаршуулсан 2 түмэн явган цэргээр Жинанийг довтлоход, Мухулай ван гавшгай цэрэг таван зууг өөрөө удирдан, дайсны цэргийг довтлоход, дайсны тал ялагдсан дүр үзүүлэн зугтахад, тэднийг нэхсээр Хуанлинганд хүрэхэд Алтан улсын цэрэг голын өмнө ирмэгт жагсаж, өөд байлдахаар зэхсэнд, Мухулай морьт цэргийг мориноос буулгаж явганаар гол гатлан байлдсанд үнэхээр ихэд даржээ. Тэндээс давшиж Чуцюй (楚丘, Chuqiu) хотыг бүслэн байлдахуйд, Чуцюй хот бага бөгөөд бас 4 талдаа цөм усаар хүрээлэгдсэн тул олон цэргээр өвс модоор гууг дүүргэн хэрмийг давж эзлэв. Даньжоу (單州, Danzhou) газрыг довтлон байлдаж аваад, Шаньдун мужийн том бэхлэлт Дунпин (東平, Dongping) хотыг бүслэн эзлээд, дагаар орсон Яньши гэх түшмэлээр Шаньдун мужийн баруун замын (山東西路行省, Shandong xilu xingsheng) хятад цэргийг түр захируулан, анхааруулан өгүүлсэн нь: "Дунпингийн амуу барагдаваас эрхгүй хотыг гээж буруулмуй. Чи түүний явахыг үзэж даруй хотод ороод тохинуулагтун. Бүү жюнь, сянийг зовоож хэргийг эвдэлэгтүн" хэмээж Сорхоту ноёнд монгол цэрэг гурван мянгатыг өгч суулган сахиулжээ.
1221 он
[засварлах | кодоор засварлах]1221 оны 5 сард Дунпингийн амуу барагдаад Алтан улсын мужийн түшмэл Мангү (忙古, Manggu) нь Бянбян (奔汴, Benbiang) руу зугтахад, Сорхоту тосч цохиод 7000 илүү хүнийг алжээ. Мангү хэдэн зуун морьт цэрэгтэй дутаажээ. Мухулайн дүү Дайсуны захирсан цэрэг Мин (洺, Ming) хотыг байлдан авч чадаагүй тул, Ши Тяньинийг (石天應, Shi Tianyin) илгээж эзлэн авчээ. 5 сард Мухулайн удирдсан цэрэг Ехулин даваанд (野狐嶺, Yehuling) буцав. Алтан улсын нийслэлийн зүүн амаржуулан тохинуулах түшмэл (京東安撫使, jing dong an fu shi) Жан Лин (張琳, Zhang Lin) дагаар ирсэнд Шаньдунгийн зүүн замын (行山東東路) Иду (益都), Цань (滄), Жин (景), Бин (濱), Тай (棣) зэргийн жоугийн цэргийн ерөнхий жанжин болгов. Жэнзүнь (鄭遵, Zhengzun) Гү Зо, Сянсюй сянийг авч дагасанд дэвшүүлэн Юаньжоу (元州, Yuanzhou)-гийн захирагч түшмэл болгов.
Мухулай вангийн удирдсан цэргүүд Шааньси мужийн чиглэлээр Сүйдэ (綏德, Suide)-г эзлэн авч Матизай (馬蹄寨, Matizhai) бэхлэлтийг эвдээд, Яньаниас (延安, Yanan) бөглүү 30 газарт буужээ. Алтан улсын жанжин Ваньян Хада (完顏合達, Wanyan Hada) 3 түмэн цэрэг авч хотын зүүн талд гарч жагсаажээ. Монголбуха 3000 цэрэгтэй довтолгон очсонд, тэд бидний цэрэг цөөнийг үзээд дайсныг хөнгөлөх сэтгэл төрөв. Маргааш нь байлдахад дийлэгдсэн дүр үзүүлж, бүгсэн цэргийн байх газарт аваачин дайрваас ялж болмой хэмээж шөнө дөл морьдын аманд мод зуулгаж хотоос зүүнш 15 газар хоёр хөндийн хооронд бүгжээ. Маргааш нь Монголбухагийн цэрэг давшиж Алтан улсын цэргийг хараад даруй хэнгэрэг хиурыг гээж зугтаж Алтан улсын цэргийг бүгсэн цэрэгтээ ойртуулахад, монголын цэрэг бүслэн байлдаж, Алтан улсын цэргийг бут цохин 7000 илүүг нь алаад морь 800 гаруйг олзолжээ. Хада буруулан Яньаньд орж хамгаалан суув. Хотыг бүслээд арваад өдөр болтол бууж өгсөнгүй тул түүнээс урагш Лучуаньд (洛川, Luochuan) хүрч Фужоуг (鄜州, Fuzhou) эзлэн авав. Алтан улс ахин Сижоуг (隰州, Xizhou) авсаныг сонсоод дахин Сижоуг эзлэн авав.[7]
1222 он
[засварлах | кодоор засварлах]1222 оны 9 сард Шэньси муж хавийн чиглэлээр өмнө зүг давшиж, Юнжунд (雲中, Yunzhong) хүрч, Мэнжоу, Сы, Тай, Жи (孟州, 四, 蹄, 寨, 遷) зэрэг хот тосгодыг эзлэн аваад тэдгээрийн иргэдийг Юйжоуд (於州, Yuzhou) шилжүүлэв. Жинян, Ихэзай эзлэн давшиж Санчиняныг эзлэв. Тэр үед тэнгэрт од өдөр үзэгдсэнд хятад сайд Цяо Жинжэн (喬靜真) өгүүлсэн нь: "Тэнгэрийн байдлыг үзвээс дайлаар орж болохгүй" гэсэнд, Мухулай өгүүлсэн нь: "Тэнгэр эзэн надад тушааж дундад орныг (中原, Zhongyuan) төвшитгөн тогтоогтун хэмээжээ. Одоо Хэбэйг хэдийн түвшитгэсэн боловч Хэнань (河南, Henan), Чинь (秦, Qin), Гун (鞏, Gong) зэрэг газрыг эзлэн аваагүй. Хэрэв тэнгэрийн байдлыг дагаж цэрэг орохгүй болбоос дэлхий дахин ямар цагт тогтнох аж. Бас эзний тушаасныг зөрчивөөс шудрага хэмээвээс болмуй юу?" [7] гээд, өвлийн 10 сард Жиньжоу, Цяньжоу зэрэг 5 цайз бэхлэлтийг дагаар оруулав. Хэжун (河中, Hezhong) Алтан улст буй аж, одоо ахин дагаар оруулав. Мухулай гол гаталж Тунжоуг (同州, Tongzhou) эзлэн авч Фучэн (蒲城, Fucheng)-ийг аваад шууд Чан-анд хүрэхэд Алтан улсын Жинжоу мужийн сайд Ваньянь Хада 20 түмэн цэргийг авч бэхэлэн сахисан тул авч чадсангүй. Түүнээс цэргийг хувааж Ухуг (兀胡, Wuhu) авч, хонгирадын Тайбухийг 6000 цэрэгтэйгээр сахиулжээ. Мөн Хонгирадын Алчи ноёныг илгээж 3000 цэргээр Тунгуан боомтыг (潼關, Tongguang) тагнуулаад даруй баруунш Фунсянийг сар гаруй бүслэн байлдаад авч чадсангүй тул олон жанжидын зүг өгүүлсэн нь: "Би зарлигийг дагаж тухайлан дайлахуйд хэдэн жил болсонгүй Ляоси (遼西, Liaoxi), Ляодун(遼東, Liaodong), Шаньдун, Хэбэйг авахуйд нэмэлт хүч шаардагдсангүй бөлгөө. Урьд Тяньпин (天平, Tianping), Яньань-ыг(延安, Yanan) байлдаад одоо Фэнсянийг байлдахад цөм авч чадсангүй нь насан хутаг дуусах шахсан бус хэмээхүй юу?" гээд түүнээс их цэрэг Вэйшүй (渭水, Weishui) голын өмнө суун, Монголбухийг илгээж Нюлин давааг (牛嶺, Niulin) давж Сүн улсын Фэнжоуг (鳳州, Fengzhou) тандуулж эргэжээ.
1223 он
[засварлах | кодоор засварлах]1223 оны хавар цэрэг эргэхэд гүүр тавьж дуусаагүй тул олон жанжны зүг өгүүлсэн нь: "Гүүр барьж дуусаагүй тул яахин сууж хүлээвээс болох аж" гээд басхүү байлдаж голын баруун эргийн 10 гаруй цайзыг аваад гол гатлан Вэнши cяньд (聞喜縣, Wenxi xian) ирээд өвчин нь хүндэрсэнд түүний дүү Дайсуныг (帶孫, Daisun) дуудаж өгүүлсэн нь: "Би улс гэрт зүтгэж их төрийг бүтээхүйд хуяг өмсч хурц илдийг барьж 40 жил болтол зүүн барууныг дайлахуйд огт хорсол үлдсэнгүй. Гагцхүү Бянжин (汴京, Bianjing) хотыг аваагүйд хорсож байна. Чи хичээгтүн" гээд 53 насандаа нас нөгчив.[7]
Ингээд Мухулайг таалал төгссөний дараа Сартуулд байлдаж явсан хүү Бугулыг нь хятад руу илгээж, эцгийнх нь албан тушаалыг залгамжлуулан, үргэлжлүүлэн Алтан улсыг дайлуулах болсон ч, төдийлөн бүтэлтэй болсонгүй 1228 онд нас барсан.
1230-1234 – Өгөдэй хаан дайлсан нь
[засварлах | кодоор засварлах]Мухулай ван таалал төгссөний дараагаас Алтан улстай хийсэн дайн зогсонги байдалд орж, эзэлсэн хот тосгод, газар нутгаа хамгаалан сахих байдалтай болсон. 1229 онд Өгөөдэй хааны хамгийн анхны зарлигуудын нэг нь Алтан улсыг эзлэх дайнаа үргэлжлүүлэхээр Доголху чэрбид үлэмж цэрэг өгч Алтан улсыг довтлуулсан ч, 1230 оны 1 сард Дачанюань хотын орчимд болсон тулалдаанд ялагдаж 8000 цэргээс 400 цэрэг нь амьд үлдэж том ялагдал хүлээж, Алтан улсын арми ахин сэргэх байдалтай болсон. Ингээд их хаан өөрийн биеэр армиа удирдан өмнө зүг дайлаар мордохоор болсон. Өгөөдэй хаан армиа 2 хэсэгт хувааж, баруун жигүүрийн хоёр түмэн цэргийг Тулуй ноёнд захируулж, Тангудын нутгаар дамжин Фэнсян хотыг бүслэн, ойр орчмын хотуудыг эзлэх зуур, Өгөөдэй хааны төв замын цэрэг Цавчаал боомтоор нэвтэрч, Шаньсигийн нутгаар явсаар Вэйхэ голыг гатлан Тунжоу, Жиньжао хотын чиглэлд давшин, Алтан улсын цэргийн гол төв болсон Тунгуань боомт руу идэвхтэй довтлох болжээ.[8]
1231 оны хавар Тулуй ноёны удирдсан цэргүүд Фэнсян хотыг эзлэж, Луоян, Хэжун гэх хотуудыг ээлж дараалан эзлэв. 1231 оны зун Өгөөдэй хаан их хуралдайг хуралдуулж, дайны төлөвлөгөөг хэлэлцсэний эцэст армиа 3 чиглэлээр давшуулах болсон.
Баруун замын 4 түмэн цэргийг Тулуй ноён удирдан, Ханшүй мөрнийг гаталж, Дэнжоу хотоор дамжин Тунгуан боомтын урдаас нь дайрсан ч, Алтан улсын Вангин Хада, Ила Пүа жанжидын удирдсан 20 түмэн цэрэгтэй тулалдан шахагдсан тул зүүнш Алтан улсын өмнөд нийслэл Бяньжин хотын (одоогийн Кайфэн) чиглэлээр хөдлөсөнд Тунгуань боомтыг 20 түмэн цэргээр сахин хамгаалж байсан Вангин Хада жанжин цэргээ дагуулан Тулуй ноёныг нэхэн хөдлөв. 1232 оны 2 сард Тулуй ноён зам зууртаа зад барих зан үйлдэж, бороо, цас оруулж гурван хоног цасаар шуурчээ. Энэ үед монгол цэрэг ойролцоох хот тосгодоор тарж, дулаан газар байрлан, цасан шуурга зогссоны дараа Санфэн ууланд Алтан улсын цэрэгтэй тулалдаж, дайсны даарч бээрсэн цэргийг хиартал цохиж, том ялалт байгуулснаар Алтан улсын хамгийн том армийг устгав. Энэ үед гол замын цэргийг Өгөөдэй хаан удирдаж Луоян хот хүрээд Бяньжин хот руу давшиж, зүүн гарын цэргийг хонгирадын Очин ноён удирдаж Жинань хот руу давшиж, Бяньжин хотын зүүн талаас нь дайрч байсан.
Ингээд дайсны гол хүчийг устгаж, ганц Бяньжин хот болон ойр хавийн хэдхэн цайз үлдсэн тул 1232 оны 4 сард Сүбээдэй баатард Алтан улсыг эзлэх үүргийг үлдээж, Өгөөдэй хаан умар зүг буцаж, 1233 оны 1 сард Хархорумд эргэн ирсэн. Сүбээдэй баатар дайны ажиллагааг удирдан 1233 оны 4-5 сард Бяньжин хотыг эзлэх үеэр Алтан улсын Нинжясү хаан хотоос зугтан, Цайжоу хот руу хорогдон очив. 1233 оны 12 сараас 1234 оны 2 сар хүртлэх хугацаанд Сүбээдэй баатрын удирдсан монголын цэрэг, хотын хойд талаас, Сүн улсын арми өмнөд талаас нь дайрсаар хотыг эзлэхээс өмнө Айзун хаан амиа хорлон, холын садан Вангин Чэнлинь гэх жанжиныг хаан ширээнд өргөмжилсөн ч, 1 хоногийн дараа 1234 оны 2 сарын 9 нд Цайжоу хотын эзлэгдэхэд Вангин Чэнлинь тулалдаанд алагдснаар зүрчидийн Алтан улсыг Их Монгол Улс 24 жил үргэлжилсэн дайны эцэст эзлэн авсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн Хүрээлэн (2003). Монгол Улсын түүх. Vol. 2. Улаанбаатар: Адмон ХХК. p. 113.
- ↑ МУИС, Монгол судлалын хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх: Их Монгол Улс. Vol. 1. Улаанбаатар: Степпе паблишинг. p. 323.
- ↑ МУИС, Монгол судлалын хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх: Их Монгол Улс. Vol. 1. Улаанбаатар: Степпе паблишинг. p. 338.
- ↑ Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 2. Улаанбаатар: Адмон. pp. 115–116.
- ↑ МУИС, Монгол Судлалын хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх: Их Монгол Улс. Vol. 1 (1 ed.). Улаанбаатар: Степпе паблишинг. p. 368.
- ↑ The Cambridge, University (2023). Michal, Biran (ed.). The Cambridge History of The Mongol empire (англи хэлээр). Vol. 1 (1 ed.). Cambridge University Press. p. 37.
- ↑ 7.0 7.1 7.2 "元史/卷119 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-06-01.
- ↑ МУИС, Монгол судлалын хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх: Их Монгол Улс. Vol. 1. Улаанбаатар: Степпе паблишинг. pp. 443–445.