Үнэгэн давааны тулалдаан
Үнэгэн Давааны Тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монголчууд Алтан улсыг дайлсан нь | |||||||
"Судрын чуулган"-ы чимэглэл зураг | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Их Монгол Улс | Алтан улс | ||||||
Удирдагчид | |||||||
Чингис хаан | Вангин Хушаху | ||||||
Цэргийн хүч | |||||||
90,000-110,000 | 300,000-450,000 |
Үнэгэн давааны тулалдаан нь Монголчууд Зүрчидийн Алтан Улсыг байлдан дагуулах үед болсон тулалдаан юм. Энэ тулалдаан Монголын байлдан дагууллын эхлэл болсон хамгийн анхны шийдвэрлэх тулалдаан билээ.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Үнэгэн давааны тулалдааныг Монголын эзэнт гүрний түүхэн дэх хамгийн чухал ялалт гэж үзэж болох юм. Нууц Товчоонд бичсэнээр энэ ялалт нь Монголчуудын хамгийн том амжилт байсан ажээ. Ил хаант улсын түүхч Рашид Ад Дины түүнээс 100 илүү жилийн дараа бичиж үлдээснээс үзвэл Монголчууд өдий олон жилийн дараа ч энэ тулалдааныг өөрсдийн хамгийн том ялалтуудын нэг гэж марталгүй дурссаар байсан байх юм. Энэ тулалдаан нь залуу Монгол улсын хүчин чадлыг бэхжүүлж, Монголчуудад байлдан дагууллаа цаашид үргэлжлүүлэх боломж олгож, хил хязгаараа гадагшаа тэлэх анхны алхам нь болсон юм. Харамсалтай нь түүхэнд маш том ул мөрөө үлдээсэн ийм чухал тулалдаан, Монголчуудын баруун зүгт хийсэн дайнуудаас харьцангуй бага судлагдсан байдаг. Үнэн хэрэг дээрээ дорно зүгт хийсэн дайнууд нь Монголчуудын эх нутагт нь илүү ойр болж байсан тул тэдний хувьд өрнө зүгт хийсэн дайнуудаас нь илүү чухал байсан билээ.
Түүхчид Алтан улсын цэргийн тооны талаар санал зөрөлдөөнтэй байдаг. "Юань Ши" (Юань улсын түүх), "Мэн У Эр Ши" зэрэг сурвалжуудад 300,000 байсан гэж бичсэн байдаг. Харин "Син Юань Ши", "Юань Чао Мин Чэнь Ши Ляо" болон Мухулай Ноёны намтарт 400,000 байсан гэж бичсэн байдаг. Орчин үеийн түүхчид Алтан улсын цэрэг арын албаныхан болон туслах хүчний хамт 300,000 орчим байсан бөгөөд үүнээс яг байлдах цэрэг нь 150,000-200,000 байсан болов уу гэж үздэг. Монгол цэргийн тухайд хэр тоотой байсан талаар ямар нэг мэдээлэл байдаггүй боловч нийт цэргийн тоо болон хайгуулд гарсан цэргүүдийг тооцоод үзвэл 100,000 орчим байсан байх магадлалтай. Алтан улсын арми Зүрчид, Хиданы морин цэрэг, Хятадын явган цэргээс бүрдэж байв. Алтан улсын гол хүч болсон элит морин цэрэг нь явган цэргийнхээ урдуур болон жигүүрээр шахуу жагссан байжээ.
Тулааны өмнө 2 талын цэргүүд 15-20 милийн зайтай байрлаж байв. Хамгийн хуучин эх сурвалж болох "Юань Чао Би Ши"-д бичсэнээр Монгол цэргийн гол хэсэг Алтан улсын гол хүчтэй байлдаж ялсан гэж дурдаад өнгөрсөн байдаг. Харин "Юань Шэн У Цинь Чэн Лу"-д илүү тодорхой бичсэн байдаг: "Алтан улсын цэрэг Еэ Ху Лин-д хүрсний дараа, хоёр Хидан жанжин Ши Зон-д хандан: "Монголчууд Фужоуг эзэлчхээд хотын гадна морьдоо идүүлж байна. Хэрэв одоо сэжиггүй байгаа дээр нь морин цэргээр гэнэдүүлэн дайрвал тэднийг бүрэн бут цохиж болохоор байна" гэвэл Ши Зон тэдний хэлснийг зөвшөөрөлгүй тэндээ өнжөөд маргааш нь морин болон явган цэргийн хамтарсан хүчээр довтлох шийдвэр гаргажээ.
Тулалдааны явц
[засварлах | кодоор засварлах]Алтан улсын цэрэг ирж явааг мэдсэн Чингис хаан цэргээ засан Үнэгэн давааны зүг хөдөлжээ. Ийнхүү 2 арми энэ газар уулзсан юм.
Алтан улсын хаан Зүрчид, Киданы морин цэргээ явган цэргийнхээ урдуур болон жигүүрээр шахуу жагсаасан байжээ. Монголын хөнгөн морин цэрэг давалгаа мэт ар араасаа довтлон орж Зүрчид, Хиданы морин цэргийг амьсгаа авах чөлөөгүй болтол нь суман мөндөр буулгаж байв. Алтан улсын морин цэрэг Монгол цэргийн сумнаас зайлахыг оролдовч ард нь шахан жагссан явган цэрэгтээ хашигдаад маневрлэж чадахгүй байжээ. Тулалдааны талбарт үүссэн ашигтай байдлыг бүрэн ашиглахыг хүссэн Мухулай морин жадаар зэвсэглэсэн хүнд морин цэргийг удирдан халз дайралт хийж, түүний хойноос Их Хааны шадар хишигтэн цэрэг дагалдан оржээ. Тэсэх аргагүй болсон Зүрчид, Хиданы морин цэрэг эргэж зугатахдаа замд нь тээглэсэн явган цэргээ гишгэчин гарч жагсаалыг нь алдуулсан нь Алтан улсын арми тэр чигээрээ бутран зугтахад хүргэсэн байна. Ийнхүү хагас өдөр үргэлжилсэн тулалдааны эцэст Алтан улсын цэрэг тулааны талбарыг орхин зугтаажээ. Ялсан Монголчууд дайсныг Хуан Эр Цуйгаас Янгийн хөндий хүртэл үргэлжлүүлэн хөөж байлдан асар их хохирол учруулжээ.
Алтан улсын хаан ч мөн адил зугтаж явсан бөгөөд нэхэгчдээс мултарч чадалгүй аргагүйн эрхэнд Хуй Хэ Бао-д эргэн байлджээ. Ингэж байлдахдаа цэргийн хамт Еэ Ху Линий зүг явж байсан Вангин Ху Ша-г амжиж ирнэ гэж найдаж байв. Гэтэл түүний аз дутаж, Монголчуудын ойртож явааг мэдсэн Вангин Ху Ша туслахуудынхаа гуйлтыг ч тоолгүй амиа бодон Хуй Пингийн зүг ухарчээ. Гэвч хэтэрхий удаан явж байсан тул эхлээд зугтаж яваа өөрийн хаанд, дараа нь хойноос нь хөөж явсан Монголчуудад гүйцэгджээ. Хэдийгээр тулалдаанд ороогүй ядраагүй цэрэгтэй байсан ч Вангин Ху Ша тэвдсэндээ олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй бут цохигдон Хуан Дэ Жу цайз руу зугтаж хоргодов. Монголчууд тэр цайзыг дайран эзлэхэд Вангин Ху Ша мөн л зугтаж амжсан байна.Хуйн Дэ Жу цайзыг эзлэхэд морин цэрэгээр хэрмийг даван эзэлсэн. Монголчууд тэр цайзыг мориор шороо зөөн мориор давах зам гарган эзэлсэн.
Вангин Ху Ша-г Монголчуудтай тулалдаж байх зуур Алтан хаан мөр буруулан 7000 цэргийн хамт Санг Кан мөрний зүг зугтжээ. Голын нөгөө эрэгт гартал тэнд Елюй Туха тэргүүтэй Хиданы босогчидын 3000 морин цэрэг тосч байв. Өдөржин үргэлжилсэн ширүүн тулалдааны эцэст туйлдаа хүртэл ядарсан Алтан улсын цэрэг тулалдааны талбарыг орхин зугтжээ.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]Энэ тулааны дүнд Монголчууд Алтан улсын гол хүч болсон шилдэг цэргийг нь бүрэн устгаж чадсан нь цаашдын байлдан дагууллын замыг засаж өгсөн билээ.
Монголчуудыг ирэхээс өмнө Алтан улс бүс нутагтаа хамгийн шилдэгт тооцогдох хүчирхэг морин цэрэгтэй байсан бөгөөд түүнийхээ хүчинд дулдуйдан өргөн уудам газар нутгийг байлдан эзлээд байсан юм. Үнэгэн Давааны тулалдаанд Алтан улс ялагдсан гол шалтгаан нь морин цэргээ маневр хийх боломжгүй болгон хойноос нь явган цэргээр хашин жагсаасан явдал юм. Ингээд Монголын шийдвэрлэх дайралт эхлэхэд морин цэрэг нь өөрийн явган цэргээ гишгэчин ялагдалд хүргэсэн байна.