Богд Баатар Биеэр Дайлсан Тэмдэглэл
Богд Баатар Биеэр Дайлсан Тэмдэглэл (хятадаар:聖武親征録, пиньинь:Shèng wǔ qīnzhēng lù) нь XIII зуунд Монголын Юань улсын Хубилай сэцэн хааны үед Чингис хааны түүх намтрыг багтаан бичсэн, зохиолч нь тодорхойгүй түүхэн сурвалж бичиг юм. Түүхчдийн судалснаар 1271-1287 оны хооронд Хубилай хааны цаг үед монгол хэл бичгээр анх зохиогдсон ч, Юань улс мөхөж, Мин улс байгуулагдах үед монгол бичгийн эх хувь нь гээгдэж одоо үед зөвхөн хятад хэл, ханз бичгээр бичигдсэн хуулбар эхүүд нь өвлөгдөж ирсэн.
Агуулга[засварлах | кодоор засварлах]
Энэ сурвалж бичиг нь Монголын нууц товчоо, Юань улсын судрын хэмжээтэй дүйцэх олон бүлэг зүйлтэй биш хэдий ч, тэдгээрт байдаггүй Чингис хаан, Өгэдэй хааны олон чухал мэдээллийг агуулснаараа үнэ цэнтэй байж чаддаг. Жишээлбэл, Чингис хааны Алтан улс, Сартуулын султант улсад хийсэн аян дайн, Өгэдэй хааны Алтан улсад хийсэн аян дайны цаг хугацаанд өрнөсөн үйл явдлыг тодорхой бичжээ. Мөн Чингис хааны нас, жилийг тэмдэглэсэн цорын ганц сурвалж бичиг юм. Хэдийгээр Монголын нууц товчоотой харьцуулахад уран сайхны үг хэллэг, шүлэг домог сэлтийг агуулаагүй ч, болж өрнөсөн үйл явдлыг нэмэлт хачиргүйгээр ойлгомжтой бичжээ. Жишээлбэл “манай цэрэг”, ” бид” гэсэн хэллэг энэ номд байнга гардгаараа “Нууц Товчоо”-ноос ялгагдана. Бас өөр зүйл ч бий. Жэгүрэйд аймгийн Үлэг баатар, Чингис хаанд дагаар ирж (1189 оноос өмнө) “Би тайчуудыг ятган чамд зүтгүүлье” гэсэн санал хэлэхэд хаан их баярлаж “Яг миний нэвшрэн унтахуй дор үснээс татан сэрээсэн, мунхарч суухыг минь сахлаас чимхэж босгосон мэт, таны хэлсэн нь миний уул санаа болой. Таны тэрэг, хөсөг хүрэх газар бүрд би бүх хүчээр тусалсугай” гэжээ. Хэдийгээр тийнхүү үг барилдаж анд бололцсон ч удалгүй тэд үгээ няцаж урван оджээ. [1]
Судлагдсан түүх[засварлах | кодоор засварлах]
Мин улсын эхэн үед хятад хэлээр бичигдэж үлдсэн ч, Чин гүрний сүүл үе хүртэл тусгайлан судлагдаагүй байдаг. Энэ нь Монгол улс, үндэстний эсрэг хятадын Мин улсын хатуу бодлого, мөн хэтэрхий товчхон, үгийн сонголт алдаатай, Монголын Нууц Товчооны товчилсон хуулбар шиг бичсэн мэтийн байдлаас болж, түүхийн ном гэдэг ангилалд багталгүй олон зуун жил сул түүх гэсэн ангилалд оруулж, үеэс үед хуулагдан ирсэн. Манж Чин улсын сүүл үед түүхийн элдэв зүйл гэсэн дансанд ёс төдий оруулсан. XIX зууны сүүлчээр Японы судлаач Нака Боши анхлан судалсан ч, Монголын Нууц Товчоо-г шууд товчилсон бичиг тул тулгар сурвалж биш[2] гэж дүгнэжээ. 1894 онд хятад түүхч Хэ Чютао, Жан Шижөү нар чулуун бараар сийлж хэвлүүлсэн. 1926 онд Хятадын түүхч Ван Говэй төмөр бараар хэвлүүлэв. 1955 онд францын эрдэмтэн Поль Пеллиот хятад хэлнээс франц хэл рүү орчуулж, тайлбар бичиж ном болгон хэвлүүлсэн. 1983 онд Өвөр Монголын эрдэмтэн Б.Багана, Хөх-Өндөр нар хятад хэлнээс, монгол хэлээр орчуулж, ᠋᠋Богд Баатар Биеэр Дайлсан Тэмдэглэл хэмээх номыг Хөххотод хэвлүүлжээ. Харин Монгол улсад 1960 аад онд түүхч Чулууны Далай нь БНМАУ-ын түүх номыг зохиоход хятад эхээс нь эшлэл авч түүвэрлэн оруулсан.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ https://andpublishing.mn/2019/06/19/%D1%88%D0%BE%D0%BE%D0%B2%D0%B4%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B4%D1%81%D0%BE%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B6-%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3/[permanent dead link]
- ↑ https://andpublishing.mn/2019/06/19/%D1%88%D0%BE%D0%BE%D0%B2%D0%B4%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B4%D1%81%D0%BE%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B6-%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3/[permanent dead link]