Хонхотан
Хонхотан овог (монгол: ᠬᠣᠩᠬᠣᠳᠠᠨ, латин галиг: Qongqotan[1], хятад: 晃豁坛[2]) нь эртний Нирун Монгол угсааны овог. Гарал үүслийг нь Монголын Нууц Товчоонд Хайду ханы хөвүүн Байшонхор догшины хөвүүн Чаужин өртэгэйгийн долоон хөвүүний нэг Хонхотан гэх хүнээс үүссэн гэдэг бол Судрын чуулганд ямар Хонхотан гэх хүнээс удамлан үүсч, Арулат, Уряут-Килингут[3] овогтонтой ах дүү төрлийн холбоотой хэмээн бичжээ.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Энэ овгоос Есүхэй баатрын дэргэд Чирха өвгөний хөвүүн Мэнлиг зүтгэж яваад, 1171 онд Есүхэй баатрыг өөд болсны дараа нэг хэсэг Өэлүн эх, хөвүүдийг тэтгэж байгаад тэднийг орхиж Жамухыг түшихээр салж оджээ. Хожим Тэмүүжинийг Хамаг Монголын ханд өргөмжлөгдөж, 13 хүрээний тулалдааны дараа Жамухаас салж Тэмүүжинд дагаар орсон цагаас эхлэн Их Монгол Улсыг байгуулах хүртэл үнэнчээр зүтгэж байв. Мэнлиг эцэг, түүний 7 хөвүүний 4 нь мянганы ноёд болж төрийн албанд дээгүүр байр суурь эзлэж явснаас дөрвөн хөвүүний нэр түүхэнд тодорхой байдаг.
Ахмад хөвүүн Хөхөчү нь олон түмэнд Тэв тэнгэр зайран гэж алдаршиж байсан ч, сүүлдээ Алтан ургийн дунд яс хаяж эрх мэдэлд шунаж яваад нуруугаа хугалуулж нас барсан. Удаах нь Толун чэрби, Сүйхэтү чэрби нар нь баруун гарын мянганы ноёд[3], мөн хишигтэн цэргийн турхаг цэргийн чэрбигийн алба хашиж, өөр нэг хөвүүн Сүтү ноён зүүн гарын мянганы ноён байсан[3].
Хонхотан овогт Мэнлигийн хөвүүдээс гадна Дайр баатар, Есүр хорчин гэх ноёд Чингис хааны үед нэр хүндтэй албанд зүтгэж явсан. Дайр баатрыг цэрэгтэй нь Өгэдэйд өгч хожим хаан суусны дараа Чормаган хорчийн араас 2 түмэн тамачи цэрэг захируулан Сартуул руу илгээж байв. Есүр хорчиныг цэрэгтэй нь Тулуйд өгсөн нь Тулуйн дараа тэдний хөвүүд, Сорхогтани бэхийн дэргэд байв.[3]
Одоо үед
[засварлах | кодоор засварлах]Монголын Эзэнт Гүрэн даяар тарсан зарим Хонхотан овгийнхон тэр газартаа шингэж, монгол нутагтаа үлдсэн нь Юань Улсад Юншээбүү аймгийн нэг отог болсон нь одоо Өвөр Монголын урд хэсгээр, зарим нь Монгол Улсын Дорнод аймаг, Улаанбаатар хотоор тархан суурьшиж байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Т., Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (латин галиг хэлээр) (2 ed.). Улаанбаатар: МУИС. p. 25.
{{cite book}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Ширатори Күракичи: Монголын Нууц Товчооны латин галиг-47-р зүйл". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2023-12-17.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган: 1-р боть. Translated by Ц., Сүрэнхорлоо. Улаанбаатар. pp. 122–124.