Jump to content

Эрих Хэйниш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрих Хэйниш (герман. Erich Haenisch 1880 оны 8-р сарын 27-нд Берлинд төрж, 1966 оны 12-р сарын 21-нд Штутгарт хотод нас барсан) - Германы хятад, монгол, манж судлаач эрдэмтэн. Тэрээр эрдэмтэн Вильхельм Грубегийн (герман. Wilhelm Grube) шавь нь байсан.

Эрих Хэйниш 1899 онд Колбергийн гимназид элсэж улмаар Берлиний Их сургуульд суралцах болсон байна. 1903 онд 23 настайдаа Дорнод Монголын түүхийг хятадын эртний бичвэртэй харьцуулах нь сэдвээр эрдмийн зэрэг горилсон зохиол бичсэн нь судлаачдын анхаарлыг татсан байна. Тэрээр их сургуулиа төгсөөд 7 жил хятадын цэргийн академид герман хэлний багшаар ажиллаж байгаад 1911 онд Берлинд буцаж ирээд Эгсаатны зүйн мүзейд эрдэм шинжилгээний ажилтан болжээ..

1913 оноос Берлиний их сургуульд цагийн багш, 1920 онд дэд профессор болсон. 1925 оноос Гёттингений их сургуульд хэсэг хугацаанд багшилсан боловч тэр жилдээ Лайпцигийн их сургууль руу багшлахаар шилжив. 1932 оноос Берлиний их сургуульд хятад судлалын профессороор буцаж ирсэн юм. Үүний зэрэгцээ тэрээр 1927-1951 онд Мюнхенд Зүүн Азийн соёл, хэл шинжлэлийн профессороор ажиллаж байсан. Хэйниш олон улсын өргөн харилцаатай байсан бөгөөд Америкийн Жорж А.Кеннеди зэрэг гадаадын хятад судлаачдын эрдэм шинжилгээний удирдаач багш байсан.

1936 онд тухайн үеийн өрнөдийн монгол судлаачдаас анх удаа шинэ тулгар байгуулагдсан БНМАУ-д ирж Судар бичгийн хзрээлэнгийн номын санд суун судалгааны ажил хийж байсан бөгөөд энэ талаар сонирхолтой "Хуучин ба шинэ үеийн Монголын дүр төрх-Германы дорно дахины судалгаа" тэмдэглэл (Die Mongolei-Bilder aus alter und neuer Zeit-Der Orientin deutscher forschung, 1944) бичиж үлдээсэн байна. Мөн хөдөө орон нутгаар судалгаа хийхэд нь эрдэмтэн Бямбын Ринчен дагалдан явж байжээ.

Түүний "Сонгодог хятад бичгийн хэл" хичээл нь герман хэлээр ярьдаг улс орнуудад хамгийн нэр хүндтэй сурах бичиг байсан юм. Мөн Хэрлэн гол орчмоос авсан 1240 монгол бичмэлээс "Монголын нууц товчоо"-г орчуулж, 1937 онд эх бичвэрийг тайлбарлаж, 1939 онд толь бичгийг хэвлүүлж, 1940 онд анхны герман орчуулгыг толилуулсан байна.

Хэйниш францын хятад судлаач Энри Масперог Бухенвальд хорих лагераас суллахын төлөө эрх баригчдыг лоббидож байсан цорын ганц Германы хятад судлаач юм. Масперогийн хүү нь Францын эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан тул түүнийг эхнэрийнх нь хамт 1944 оны 7-р сарын 26-нд гестапогийнхон баривчилсан юм. Хамтран ажиллагсад нь түүнийг дэмжээгүй тул Хэйнишийн хүсэлтүүд амжилтгүй болж Масперо 1945 оны 3-р сарын 17-нд Бухенвальд шоронд ядарч сульдсаны улмаас нас баржээ. Масперогийн эхнэрийг сүүлд Зөвлөлтийн арми Померанийг чөлөөлөхдөө сулласан байна.

Эрих Хэйниш 1930 оноос хойш Лайпциг дахь Саксоны Шинжлэх Ухааны Академийн гишүүн байсан бөгөөд 1942 онд Пруссийн Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр элсжээ. Дэлхийн 2-р дайны дараа тэрээр 1966 он хүртэл Берлин дэх Германы Шинжлэх Ухааны Академийн гишүүн байсан. 1955 онд тэрээр Баварийн Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн болжээ.

Хэйниш нутгийн түүхч Алтмарк Теодор Зейчлиний ач охин, Пруссийн Боловсролын сайд, Висбаден дүүргийн ерөнхийлөгч Конрад Хэйнишийн үеэлтэй гэрлэсэн байна. Түүний хүү нь, япон судлаач эрдэмтэн, номын сангийн захирал Вольф Хэйниш (герман. Wolf Haenisch) юм.