Jump to content

Андрей Руднев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Руднев

Андрей Дмитриевич Руднев (1878 оны 3-р сарын 1-нд Оросын хаант улсын нийслэл Санкт-Петербург хотод төрсөн—1958 оны 7-р сарын 31-нд Финландын Хельсинки хотод нас барсан) — орос гаралтай финландын монгол судлаач, ардын уран зохиол, дуу судлаач эрдэмтэн. Монгол, буриад, халимагуудын ардын дуу хуурыг хальсанд бичиж үлдээсэн хүн.

Тэрээр Санкт-Петербургийн эзэн хааны их сургуулийн дорно дахины факультетэд монгол хэл зааж байсан.

1897 онд Халимагийн тал нутгийн Бага дөрвөдийн (орос. Малодербетовский улус) нутгаар аялж Тундут овогийн Онхорын Өлзийт (халимаг. Элзята Онкоровна Тундутова) гүнжийн дуулсан “Баазр зурхайч”, “Кизляр гидг балхсн” зэрэг халимаг дуунууд бичиж үлдээжээ. Тэрээр 1904 онд Оросын Төв болон Зүүн Азийг судлах хорооны экспедицийн бүрэлдэхүүнд Финландын эрдэмтэн Густав Рамстедтийн хамт Халимагийн тал нутагт хоёр дахь удаагаа очжээ. Эдгээр аялалд Царицын гимназийн халимаг сурагчид Очирын Номт, Даваагийн Ринчин (орос. Эренджен Давааев), Манжийн Дорж (орос. Доржи Манджиев) нар туслахаар ажилласан байна. 1904 онд Андрей Руднев Бага дөрвөдийн улсын төвд орших Ханат нуурын эрэгт очиж, дараа нь Астраханд экспедицийн аялалыг дуусгасан байна. Энэ аялалдаа халимаг ардын аман зохиолын материалыг тэмдэглэн авч үлджээ. Тэрээр Астраханы ахлах сургуулийн сурагч Баяны Санжийн (орос. Санжи Баянов) тусламжтайгаар номч цорж Пурдаш Жунгруев ламын Төвдөд хийсэн хоёр аяллын тэмдэглэлийг 1904 онд орос хэл рүү орчуулжээ.

1909 оноос эхлэн тэрээр Санкт-Петербург хотын их дээд сургуульд суралцдаг халимаг оюутнуудын тусламжтайгаар цуглуулсан халимаг ардын аман зохиолын материалыг боловсруулж эхэлжээ. Санкт-Петербург хотод Даваагийн Доржийн амнаас “Арьяа-бала” гэж халимаг хэлээр буддын шашны залбирал бичжээ. Даваагийн Ринчин түүнд «Хаалhа», «Көк төңгсин дольганд», «Хаврин уснас цегəкн билə» зэрэг халимаг дуунуудыг бичиж өгчээ. 1908 онд түүнд ирээдүйн Халимагийн сурган хүмүүжүүлэгч Очирын Номт ихээхэн тусалдаг байсан байна.

1918 оны хавар Оросын Иргэний дайны үеэр тэрээр Финланд руу дүрвэн гарсан юм. 1923-1940 онд тэрээр Финландын Выборг хотын хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын багшаар ажилласан байна. 1925-1931 онд Выборг дахь Шведийн лицейд латин хэлний багш байсан. 1940 онд Выборг хот Зөвлөлтийн мэдэлд очиход тэрээр 1940-1947 онд Хельсинкийн их сургуулийн орос хэлний багшаар ажилласан юм. 1945-1953 онд Сибелиусын академид харааны хурдан уншлагын хичээл зааж байсан.

Эрдэмтэн 1958 оны 7-р сарын 31-нд Финландын Хельсинки хотод 80 настайдаа нас барсан байна.