Jump to content

Жангар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жангар (Халимаг: Җаңhр) бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. Гэсэр, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэгддэг.

1924 оноос Оросын Борис Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс орчуулан хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн Бямбын Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд Монгол Жангар хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.

Ахмад зохиолч, түүхч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ардын аман билигзүй судлаач, Жангар, Гэсэр судлаач Д.Сүрьяагийн олон жил судалж, цомнон эмхэтгэж бүтээсэн 18 бүлэг ном билээ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол Жангар” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Өмнөх үгийг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Лодонгийн Түдэв тодотгон өгүүлсэн.

Зохиолч Д.Сүрьяа “Халх монгол хэлээр яригдсан Жангарын туульс болон Халимаг Жангар, Өвөр монголын Жангар сэлтийг шүүн үзвээс, Нэгдүгээрт: Халимаг Жангар бол бүрэн гүйцэд Жангар хараахан биш, харин Жангарын нэгэн хувилбар юм. Хоёрдугаарт: Халх монгол даяар хэлэлцдэг Жангарын олон тасархай туульсыг нэгтгэн үзлээ ч гэсэн нэг нь нөгөөтэйгөө ойролцоо байдаг буюу төгс биш” гэж өөрийн бүтээлийн өмнөх үгэнд Жангар судлалыг тоймлон бичихдээ онцолсон байдаг.

Монгол Жангар нь үндсэн 17, удиртгал, төгсгөлтэй нийт 18 бүлэгтэй, Халимаг Жангар нь үндсэн 12, эхлэл бүлэгтэй нийт 13 бүлэгтэй байна.

Монгол Жангар ном нь бэлгийн багцаар бэлтгэгдсэн ба хайрцагт номын хавчуурга болон Жангарын баатруудын зурагтай ерөөлийн үг бүхий ил захидал агуулсан буй.