Jump to content

Хялар хатны домог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын түүх, судар бичигт \”Хялар хатны домог” гэж тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд энэ тухай яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан \”Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат \”Могойн чуулган” роман, \”Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг. Ийнхүү Монголын утга зохиолд мөнхөрч үлдэхийг бодоход Хялар хатан нь ихээхэн түүх намтартай нэгэн байсан нь илт. Хялар хатны домог хэд хэдэн хувилбартай байдаг. Дээхэн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошуу гэж байжээ. Хошуу ноён нь Гадинзасаг. Гадинзасагийн хүү нь Чагдаржав гэж ноён байсан бөгөөд энэ хүнд тохиолдсон явдлаас үлдсэн домог юмсанж. Чагдаржав ноён нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чинван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүн билээ. Тэрбээр баруун замын өртөөг засах гэж Түшээт ханы чуулгын дэд даргын хувьд баруун замд явж байгаад нэгэн ядуу ардын охинтой танилцжээ.

Тэр нь Сэржмядаг гэж охин байж. Чагдаржав ноён түүнийг нутагтаа дагуулан ирж өөрийн хатнаа болгосон ч мань хоёрын амьдрал бүтсэнгүй. Човонбо хэмээх лам залуу хосын төөрөг заяаг мэргэлж үзээд \”Энэ бүсгүйг одоохон салгаж хөө. Түүнээс шулмын шар туяа цацарлаа. Энэ эмэгтэйг хөөхгүй бол хүн, амьтан үй олноороо үхнэ” хэмээн олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ. Гэвч Чагдаржав эхнэрээ хөөж явуулахыг хүссэнгүй. Залуу хатан ааш зөөлөн, олон түмэнд тусч нэгэн байсан тул Говь түшээ гүний хошууны ядуу ардуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэвч ихэс дээдэс нь түүнд дургүй. Тиймээс тэд бүсгүйг \”Хялар хатан”, \”Долир хатан” гэх зэргээр шоолж муулах жишээтэй. Удалгүй бүсгүйг хөл хүндтэй болоход Човонбо лам \”Чөтгөрийн хүү төрөх гэж байна. Энэ хүү төрж гэмээнэ хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно” хэмээн аги ноёны эцэгт мэдээ хүргэж гэнэ. Тиймээс эцэг нь хүүгээ \”Хялар хатан”-аас салгахын тулд Манжид алба бариулахаар Бээжин рүү явуулжээ. Чагдаржав ноён Бээжин явахдаа залуу хатандаа хандаж \”Эд нар чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юу ч болж байсан тэвчээртэй байж намайг хүлээгээрэй” гэж захисан байна. Гэвч түүнийг явсан хойгуур Чагдаржавын эцэг эх \”Манай хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл” гэх зэргээр Хялар хатныг хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Эцэст нь Човонбо лам \”Тарчлааж зовоогоод байхад зайлдаггүй, айхтар шулам шүглэсэн байна.

Ерөөсөө жинсрэг цутган дарж тонилгоно” хэмээжээ. Жинсрэг цутгана гэдэг нь шатааж алахын нэр юм. Ингээд өвгөн ноён жинсрэг цутгахад нууцаар бэлтгэж эхэлсэн байна. Гэвч хошууны ядуу ардууд энэ тухай мэдсэнээр Хялар хатанд \”Ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз” гэж аминчлан сануулаад түүнийг оргуулахаар болжээ. Төдөлгүй бүсгүйг оргосныг мэдээд Човонбо лам түүний араас маш хатуу сэтгэлтэй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Энэ хооронд бүсгүй зүүн аймагт очоод хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь өөрөө авч явсан ч төдөлгүй Лувсандамбын гарт оржээ. Эцэст нь Човонбо лам жинсрэг цутгахаар болж, бүсгүйг хоёр шургааг модны голд нүцгэнээр хүлж баглаад шатаажээ. Ийнхүү бүсгүйгээр сор залсаныхаа дараа Эрдэнэ далай хийд рүү жороо морь унаад галигуулж гарчээ. Гэтэл түүний морь оготны нүхэнд бүдэрч унасанаар Човонбо лам тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа арваад км газарт Авдрантын хөтөл гэж байдаг бөгөөд энд Хялар хатныг сор залж алсан гэдэг яриа ч байдаг аж. 1960-аад оны үед нэрт судлаач О.Намнандорж агсан энэхүү газрыг нутгийн өвгөд хөгшидөөр заалгаж аваад судалж үзэхэд газар дороос элдэв яс, үсний үлдэгдэл, амсраар нь нийлүүлээд булсан хоёр ширмэн тогоо гарч ирсэн тухай яруу найрагч Дамбын Төрбат өгүүлж билээ. Бурангуй цагийн хошуу ноёны хүү, ядуу ардын охин хоёрын хайр сэтгэл ийнхүү хагацал, харууслаар төгсгөл болжээ.