Jump to content

Бүгд Найрамдах Халимаг Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Халимаг орон-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Халимаг Улс
Республика Калмыкия
Бусад галиглал
 • ХалимагХальмг Таңһч
Дуулал:
"[[[Бүгд Найрамдах Халимаг Улсын төрийн дуулал|Хальмг Таңһчин частр]]] Error: {{Lang}}: Non-latn text/Latn script subtag mismatch (help)"
"Бүгд Найрамдах Халимаг Улсын төрийн дуулал"
[3]
Солбицол: 46°34′N 45°19′E / 46.567°N 45.317°E / 46.567; 45.317Солбицол: 46°34′N 45°19′E / 46.567°N 45.317°E / 46.567; 45.317
Улс Орос
Холбооны тойрогӨмнөд ХТ[1]
Эдийн засгийн бүсИжилийн ЭЗБ[2]
НийслэлЭлст[4]
Засаг захиргаа
  БиетАрдын Хурал[5]
  Тэргүүн[7]Бату Хасиков[6]
Газар нутаг
  Нийт76,100 км2 (29,400 бээр2)
  Байр41-р байр
Хүн ам
  Нийт267,133
  Тооцоо 
(2018)[10]
275,413
  Байр78-р байр
  Хотын нутаг
46.7%
  Хөдөө
53.3%
Цагийн бүсUTC+3 (Moscow Time Edit this on Wikidata[11])
ISO 3166 кодRU-KL
Улсын дугаар08
OKTMO ID85000000
Албан ёсны хэлОрос хэл;[12] Халимаг[13]

Бүгд Найрамдах Халимаг Улс (Халимаг: Хальмг Таңһч) нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах улс бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршдог монгол угсаатны ард түмний улс юм. ОХУ-ын өмнөд Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг. Нийслэл хот нь Элст, өөрөөр бас Элстэй гэнэ. Халимаг нь өмнөд хэсгээрээ ОХУ-ын Дагестан, баруун өмнөд хэсгээрээ ОХУ-ын Ставрополийн хязгаар, баруун хэсгээрээ Оросын Ростов муж, баруун хойд хэсгээрээ Оросын Волгоград муж, зүүн хэсгээрээ Оросын Астрахань мужтай хил залган оршдог. Хүн амын ихэнх нь Ойрад Монголчууд (эдүгээ Халимаг хэмээн нэрлэгдэж байна) бөгөөд үлдсэн хүн ам нь нь Орос, Украин үндэстнүүд, Чечень, Осети, Дагестан угсаатнууд болно. Халимагуудын 50 гаруй хувь нь Торгууд, 35% нь Дөрвөд, 15%-г Бузава ястад эзлэдэг.

Бүгд Найрамдах Халимаг улс нь Европ тив дахь цорын ганц Буддын шашинт улс юм. ОХУ-ын БН Халимаг Улсын анхны Ерөнхийлөгчөөр Кирсан Николаевич Илюмжинов /1993-2010/ дараа нь Алексей Маратович Орлов /2010-2019/, Бату Сергеевич Хасиков /2019-өнөөг хүртэл/ нар сонгогдон ажиллаж байна.

Эргэн тойрны муж, орныг харуулсан газрын зураг
3-р сарын Маныч гол
Цэцэгт тал. 2011 оны 4-р сар

Халимаг орон ОХУ-ын Европ тивийн зүүн урд хэсэгт оршдог. Гулд 458 км, хөндлөн 423 км бөгөөд 74,731 ам дөрвөлжин километр газар нутагтай. Үүгээрээ Оросын холбооны 83 бүрэлдэхүүнээс 40-р том ордог байна. Москвагийн цагийг (НЗНЦ+4) барьдаг.

Оросын таван муж, улсуудтай хиллэнэ. Өмнөд талаараа Дагестан орон, өрнө өмнөд талаараа Ставрополийн хязгаар, өрнө зүгтээ Ростов муж, өрнө умар зүгтээ Волгоград муж, дорно талаараа Астрахань мужтай хаяалдаг. Дорно өмнөд зүгийн Каспийн тэнгист гарцтай.

Нутгийн баруун урд захаар Кума-Манычын хотгор, зүүн урд талаар Каспи хавийн нам доор газар байдаг бол Ижил мөрөн рүү дөхсөн хойд талаар Сарпын нам доор газар бий. Нам доор газруудыг Хар газар зааглаж, түүнээс баруун тийш даялахад Эргэнийн өндөрлөг болдог.

Халимаг орон үндсэндээ нам доор тал газартай. Каспийн тэнгисийн эргээр элсэрхэг говь байна. Халимаг орны хамгийн өндөр цэг нь Эргэнэд байдаг Шаред уулын оргил (д.т.д. 222 м), хамгийн нам доор цэг нь Каспийн тэнгисийн эрэг юм.

Хамгийн том Маныч-Гудыло нуур 344 км² талбайтай. Цагаан, Маныч, Сост, Хөх-Усан, Ханат, Дээдхулсан, Их Бага яшилт гээд бүгд л давстай. Цэнгэг гэвэл Чограйн усан сан гэж бий.

Ижил мөрөн Цагаан-Аман суурингаар дайрч Халимаг орны нутгаар дөнгөж 12 км урсаад гарч оддог. Өмнөд хил дагуу Егорлык, Маныч, Кума гол урсана. Жижиг гол горхи бас бий.

Зүүн урд талд Каспийн тэнгист тулсан эргийн урт 167 километр.

Халимаг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Зун хуурай, халуун. Өвөл цас бага унадаг боловч эрс хүйтэрдэг. Баруун талдаа зүүн талаа бодвол арай дулаан. Нэгдүгээр сард агаарын дундаж хэм −7…−9 °C. Уулархаг нутгийн хамгийн хүйтэн шөнө −35…−37 °C хүрнэ.

Жилийн 182 өдөр цэлмэг тэнгэртэй. Жилд дундажаар 240-275 өдөр дулаан цаг агаартай байдаг. 7-р сард агаарын дундаж хэм +23..+25°C. Халуундаа +44°C хүрэх нь ч байна.

Харьцангуй хуурай газар. Жилийн хур тунадас — 210-340 мм. Хүчтэй салхилдаг.

Байгалийн хийн орд газартай. Ики-Бурульск, Ермолины байгалийн хийн орд газартай. Халимагийн байгалийн хий нь Каспийн тэнгисийн газрын тосны бүс нутагт хамаардаг.

Халимагийн нутагт 60 гаруй мэрэгч амьтан бий. 130 зүйлийн шувуу байдгийн 50 гаруй зүйл нь нүүдлийн усны шувууд. Оросын улаан номонд орсон 23 зүйлийн шувуу бий. Халимагийн газар нутгийн ихэнхи хэсэг нь тал хээр, хагас цөл тул ОХУ-ын хэмжээнд хамгийн ойн нөөц багатай гэж тооцогддог.

Халимагуудыг цөлсөний дараа газрыг нь өөр мужуудад хуваажээ.

Халимаг бол төв Азийн тал нутгаас нүүдэллэн Доод Ижил мөрөн, Каспийн тэнгисийн хойд хэсэгт суурьшсан баруун монгол (ойрад) аймгийнхан юм. XVI-XVII-р зууны үед Зүүнгарт амьдарч байсан монголчуудын нэг хэсэг нь Хөх нуурын орчим руу, нөгөө хэсэг нь төрөлх буурин дээрээ үлдсэн бол, гурав дахь хэсэг нь тухайн үеийн Оросын хаант улсын нутаг руу нүүжээ. Оросын хаант улс орчмын нутаг рүү нүүсэн бүлэг монголчууд юм. Халимагийн түүхийн тухай ном зохиолыг Г.С.Лыткина, АПозднеев, Н.Н.Пальмов, Г.О.Авляев, У.Д.Душаа, А.Г.Митиров, В.П.Санчиров, С.К.Хойт, У. Э.Эрдниев нар хятад, монгол, оросын түүхийн эх сурвалжуудад үндэслэн бичсэн байна. Монгол судлалын шинжлэх ухаанд халимагын түүх, хэл, соёл, ахуйг судалдаг халимаг судлалын салбар бий.

1556 онд Халимагуудын довтолгоонд өртсөн тухайгаа Алты улс ордын захирагч Москвагийн хан "Догшин" хэмээх IV Иван-д мэдэгдэж байжээ. Ер нь Халимагууд Орос хавийн нутагт ирсэн цагаасаа эхлэн байнга аян дайн хийж, нүүдэллэн аж төрж байжээ. Халимагуудын хийсэн анхны томоохон аян дайн нь 1560 онд Ногайн Ордын нийслэл Бага Сарай (Сарайчик) хотыг эзэлсэн явдал байжээ. Халимагт тухайн үед хэд хэдэн нөлөө бүхийн цэргийн жанжин байв. Тэд тус тусдаа, заримдаа эвсэл болон цэргийн хүчээ зузаатган татар, орос, казах, Доны казак, дагестан зэрэг үндэстнүүдтэй тулалдаж байсан тухай түүхэн баримт бий. Оросууд анх 1574 онд Халимагуудыг хүлээн зөвшөөрсөн баримт байна. 1574 оны 5-рр сарын 30-нд IV Иван ханы /орос. Иван Грозный/ зарлигаар бухар, халимаг, казаны ордын худалдаачид Оросын Яков, Григорийн цайзад татваргүй наймаа хийхийг зөвшөөрсөн байна. Энэ нь Оросын түүхэнд анх удаа халимагуудын талаар албан ёсны баримт бичигт дурьдсан хэрэг байсан юм. 1578 онд Халимагт бурханы шарын шашин түгэн дэлгэрч Халимагийн нөлөө бүхий ноёдууд Түвдийн нийслэл Лхас руу явж Далай ламаас хэргэм зэрэг, цол хүртдэг болжээ. 1591 онд Сибирийн хан Кучумын цэргүүд Ишим, Нор-Ишим голын орчимоос халимагуудын агтыг хулгайлсан тухайгаа бичжээ. Агт морио алдсан халимагууд Сибирийн хан Кучумын цэргүүдийн араас нэхэн хөөж байжээ. Гэвч энэ хэрэг хэрхэн төгссөн талаар түүхийн баримт сэлт байхгүй юм. 1599 онд Зая Бандид төрж Халимагт "Тод бичиг" хэмээх цагаан толгой зохиосон байна. 1615 он гэхэд халимагуудын олонхи нь буддын шашинтай байжээ. Мөн тэр жил дүрвэдийн Далай тайж, Зүүнгарын Хар-Хул, Чихэр, торгуудын Хөө-өрлөг, Хошуутын Хүндүлэн, Убаши нар Төвөдийн Лхас хотод боловсрол эзэмшихээр явжээ. XVII –р зууны эхний гучин жилд халимагийн олон өрх аймгууд Ижил мөрний эрэгт нүүж ирсэн байна. Халимагууд ногайчуудыг Ижил мөрний баруун эрэг, цаашлаад Терек, Кубань, Крым, Бужак руу нүүдэлсэн байна. Ногайчуудын зарим нь халимагт дагаар орж, аажмаар тэдэндээ уусжээ. Ногайчуудыг Доод Ижил мөрөн рүү нүүхэд нь Доны казакууд туслаж байсан түүх байдаг. Учир нь ногайчуудыг нутгаас нь хөөхийг Оросын эзэн хаан Доны казакуудад даалгасан байсан тул сонирхол нэг байсан ажээ. Аажимдаа халимагууд Оросуудтай зөрчилдөх болжээ. 1655 онд Оросын эзэн хаан халимагуудад хандан албан бичиг илгээж, өөрт нь үнэнч байхыг тулган шаардсан байна. Оросын эзэн хааны бичгийг халимагууд гардан авч, хүлээн зөвшөөрч байсан боловч эцэст нь амлалтаа зөрчих тохиолдол гаргаж байжээ. Нүүдэлчин халимагууд энэ үед Доод Волга мөрнөөс Каспийн тэнгисийн хойд хэсэг, өмнө зүгт Терек гол, хойд зүгт Самар хот, баруун зүгт Дон мөрөн, зүүн зүгт Яик (Урал) мөрөн хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэж байжээ. Аажимдаа халимагуудын эзэмшил газар багассан нь тэдний дотоод зөрчилтэй холбоотой байсан гэж Оросын түүхчид үздэг байна. Жишээ нь оросын хязгаарт ирсэн хойно Доод Волга мөрний эрэгт халимагын төрт улсыг анх байгуулсан Торгуудын тайж Хөө-өрлөг Дөрвөдийн Далай тайж, Гуши хаантай муудалцаж, бүр зэвсэг барин тулалдаж байжээ. Энэ зөрчилөөс болж, эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас торгуудын тайж Хөө-өрлөг Доод Волга, Каспийн тэнгис рүү нүүж, тэндээ суурьшин амьдрах болсон байж мэдэх юм. "Волга" буюу Ижил мөрний эрэгт нүүж ирсэн үе нь ойролцоогоор 1630-1632 он гэж түүхчид таамаглал дэвшүүлдэг. Гэвч Халимагийн гол “гэр” нь Урал голын баруун хэсэгт байжээ. 1640 онд Торгуудын Хөө-өрлөг тайж, халимаг ноёдын хуралд оролцохоор Зүүнгар руу явж байжээ. Түүнийг буцаж ирсэний дараа халимагууд Поволжье /Ижил мөрөн орчим бүс нутаг/ орчимд амьдардаг бусад угсааныхан руу уулгалан дайрч дээрэм хийх болжээ. Хөө-өрлөг таалал төгссөний дараа түүний том хүү Шүхүр Дайчин халимагийг захирах болжээ. 1645 Далай ламаас цол хэргэм авахаар тэрээр Түвдэд очсон үеэр буюу 1646 онд Халимагийн зарим жижиг ноёд Астрахань хотод очиж, оросын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргаж байжээ. Оросууд ч халимагуудын хүсэлтийг хүлээн авна гэж мэдэгдсэн байна. 1654 онд Шукур дайчин Түвдээс эргэж ирээд юуны түрүүнд Оросууд руу халдан довтолжээ. Шүхүр Дайчин, түүний хүү Пунцаг нар Зүүнгараас нүүдэллэн ирсэн монгол угсааны аймгуудыг нэгтгэж чадсан ажээ. 1672 онд Аюка төрийн эрх мэдлийг авсан. Тэрээр өөрийн нагац Дугар, түүний хүү Цэрэн нарыг олзолж нутаг улсыг нь өөрийн болгож авсан байна. Аюка халимагийн бусад аймгуудыг өөртөө нэгтгэж, эрх мэдлээ нэмэгдүүлсээр байлаа. Нэгэн удаа Аюкийн хоёр дүү нь хоорондоо тэрсэлдэж нэг нь Хар тэнгисийн ойролцоо байгаа оросуудаас тусламж гуйсан түүх байдаг. Гэвч Аюка хоёр дүүгээ ятгаж эвлэрүүлсэнээр барахгүй, тэд гурвуул хүчээ нэгтгэн оросуудын эсрэг дайн хийжээ. Азовын тэнгисийг эзэмших, мөн Крым орчимд байгаа овог аймгуудыг устгахад туслаач хэмээн Оросууд халимагийн Аюка хаанд 1674 онд хандсан боловч тэрээр татгалзсан хариу өгсөн байна. Халимагууд болон тэдний харъяаны татарчууд Орос руу байнга халдаж, дээрэм тонуул хийдэг байжээ. Энэ үед Оросууд Царицынаас Астрахань хүртэл хэсэг бүлгээрээ зөвхөн усан замаар л явдаг болжээ. Хуурай газраар явах нь Оросуудад аюултай болсон байна. 1684 оноос Аюка хаан цэргийн хүчээр Урал голын цаана гаргав. Тэрээр улмаар Киргизийн кайсакууд, туркмен, мангышлакчуудыг эзэлжээ. Мөн дагестан, кумык, кабардин, кубанчуудтай байлджээ. 1690 онд Далай лам Халимагийн хаан Аюкад хааны цол, тамгыг илгээсэн байна. Далай ламын илгээмжийг авсан Аюка үүгээрээ Оросуудаас хараат бус гэдгээ нотлон харуулахыг зорьсон байна. 1696 онд халимагийн цэргүүд Азовын тэнгисийн авах дайнд оролцжээ. 1697 онд Оросын I Пётр хаан өрнөдийн зүг явахдаа Оросын хязгаар нутгийг хамгаалж байх хүсэлт халимагуудад тавьжээ. Үүний хариуд Оросууд Аюка хаанд их буу, жил бүр 20 торх дарь, 10 торх тугалга өгнө гэж амласан байна. Мөн Аюка хааны зөвшөөрөлгүйгээр халимагуудыг загалмайлахгүй буюу Үнэн алдартны шашинд татан оруулахгүй гэж тохиролцжээ.

1709 онд Оросын эзэн хаан I Пётр олзны швед цэргүүдээр Оросын эзэнт улсын газрын зургийг зуруулахад тухайн үеийн Оросын хөрш орнууд дотор ногоон өнгөөр Зүүнгарын хант улсыг тэмдэглэсэн байдаг. 1724 онд Аюка хаан нас барсаны дараа Оросын засгийн газар Халимагийн удирдагчийг томилоход хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож Аюкийн бутач хүү Дорж Назаровыг оросууд дэмжиж байсан ч Халимагийн ихэс дээдэс хан ширээнд Цэрэндондог ханыг залсан байна. Халимагийн удирдагчийг томилоход нь Оросууд өөрийн талыг баримтлагч хүнийг тавьж оролцох гэсэн нь халимагуудын эгдүүцлийг төрүүлж байжээ. Ази тивд Зүүнгарынхан Манжтай тэмцэж байлаа. Харин Оросууд халимагуудад зэвсэг нийлүүлж байсан юм.

1727 оноос халимагууд Оросын нутаг руу дахин халдах болжээ. 1727 оны намаржин оросууд 60 мянган рублийн хохирол амсаж, 17 орос хүн олзлогдож, 15 орос алагджээ. Халимагийн довтолгооноос сэргийлэхийн тулд Астрахань хотоос Саратов хүртэл бүх хотод цэргүүдэд зориулсан завь бэлтгэжээ. 1729 онд халимагийн ихэс дээдэс Оростой байлдах эсэхээ шийдэж ядан байлаа. Гэтэл 1730 онд Халимагийн хан Цэрэндондогийг зорин Манжийн хааны элч төлөөлөгч ирж явна гэсэн мэдээлэл ирэв. Манжийн хааны төлөөлөгч Цэрэндондогт ханы титэм, богд хаан гэсэн цол өгөх гэж байгаа гэсэн сураг гарчээ. Үүнийг мэдсэн Оросууд Цэрэндондогт ханы титэм, цол урьтаж өгөх болжээ. 1731 онд Цэрэндондог хан Перс, Османы боомтуудтай харьцаж эхэлжээ. Оттоманууд халимагийн эсрэг тэмцэл хийхээр завдахад нь Оросууд хамгаалсан байна. Гэвч хожим оросууд Оттомануудтай харилцаагаа сайжруулж халимагуудад хандан Османы боомтыг орхин явахыг санал болгожээ. Гэтэл Халимагууд энэ саналыг хүлээн аваагүй байна. Үүний дараа Халимаг-Оросын харилцаа эрс муудаж Оросууд Халимагийн улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцох нь аажмаар нэмэгдсэн. Азид хүчирхэг болсон Манж улс Зүүнгарын хаант улсыг мөхөөн дараад зогссонгүй хүн амыг нь буюу ард түмнийг нь хядан устгаж үгүй хийв. 1759 онд Ойрадын эзэн хаан Даваач таалал төгсөв. Өмөг түшиг болсон Зүүнгарын хаант улс унасны дараа ганцаардсан Халимагийн сүр хүч, нэгдмэл байдал улам доройтож Оросын нөлөөнд бүрэн оржээ. 1825 онд Оросын Засгийн газар “Халимагийн ард түмэнийг удирдах журам” баталжээ. Энэ дүрмийн дагуу Халимагийн асуудлыг Оросын Гадаад хэргийн яам шийддэг байснаа больж, Дотоод хэргийн яамны эрхлэх асуудал гэж үзсэн байна.

Мөн үзэх: Халимагийн зэвсэгт бослого (1930)

Орост хаант засаг унаж, Октябрийн хувьсгал ялсаны дараа Халимагийн ард түмэн өөрсдийн хувь заяагаа гартаа авч, төрт улсаа сэргээх оролдого хийсэн ч Халимагт оросын нөлөө дэндүү их байсан тул бүрэн тусгаар тогтнох асуудлыг угаасаа хөндөх боломжгүй байжээ. 1917 оны 3 сарын 25-нд Халимагийн язгуур угсаатан, сэхээтний төлөөллүүд Астрахань хотод их хурал хийж Оросын түр Засгийн газарт хандан өөртөө засах улс байгуулах эрх олгооч гэсэн бичиг үйлдсэн боловч 1917 оны 7 сарын 1-нд Оросын түр Засгийн газар “Халимагийн ард түмний талын муж” байгуулах шийдвэр гаргасан түүхтэй. Октябрийн хувьсгалын дараа халимагууд бие даах зорилгоор 1917 онд Ван цолтой Тундутовын удирдлага дор Зөвлөлт засгийн эсрэг 1930-д онд мөн Халимагийн зэвсэгт бослого (1930) гарган эсэргүүцэхэд ЗХУ өөрийн Улаан Армийн хүчээр цус урсган хүчээр дарж байжээ. 1920 оны 11 сарын 4-нд Астрахань, Царыцин, Ставропольийн губерн, Дон, Терк мужаас газар нутаг тасдан Халимагийн өөртөө засах муж байгуулжээ. Тэр цагаас хойш жил бүрийн 11 сарын 4-нд Халимагууд Засаг төрөө сэргээсэн түүхэн өдрөө баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. 1924 он хүртэл Халимагийн төв нь Астрахань хот байж хожим Элстэй хот Засаг захиргааны төв нь болсон. 1935 оны 10 дугаар сарын 20-нд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улс (орос. Калмыцкая Автономная Советская Социалистическая Республика) гэж албан ёсоор зарласан байна.

1937 оны 6-р сарын 23-нд Халимагийн Үндсэн Хууль батлагджээ. Гэвч дэлхийн 2-р дайны үед халимаг цэргүүд Халимагийн тусгаар тогтнолын төлөө Халимагийн морьт корпусыг байгуулан фашист Германы талд орж коммунист Оросын эсрэг байлдсан түүхтэй. Энэ нь Москва буюу Иосиф Сталины зэвүүцэл, хорсолыг хөдөлгөсөн юм. Гэхдээ халимагийн морьт цэргийн өөр нэг корпус Оросын Улаан Армийн талд орж, Германы эсрэг тулалдсан байдаг юм. Дэлхийн 2-р дайны эцэст Халимаг 8 хүн ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 1942 оны 8-р сараас 1943 оны 1-р сарын хооронд Халимагийн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явагджээ. 1943 онд Халимагийн өөртөө засах орны нутгийг Улаан Арми Германчуудаас чөлөөлөх үйл явц эхэлсэн.

1943 оны 12-р сарын 28-аас 12-р сарын 31-нд дун өвлөөр халимагуудыг нутаг зааж албадан нүүлгэж, Сибирь, Дундад Ази, Казахстан, Алтай руу цөлжээ. Оросын тусгай албаныхан “Улус” ажиллаагааг Оросын чекист Б.З.Кобулова, И.А.Серова нар гардан зохион байгуулсан байна. Уг ард түмний хэлмэгдүүлэлтийн үр дүнд Халимаг хүн амын гуравны нэг нь амь үрэгдсэн юм. Эдгээр он жилүүдэд Халимагийн тухай дурьдсан бүх ном зохиол, баримт бичгийг хураан устгаж байжээ. Дайны дараа Иосиф Сталин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улсыг татан буулгаж халимагийн газар нутгийг Астрахань муж, Дагестан, Ростов мужуудад хуваан өгчээ. Халимагийн нийслэл Элстэй хотын нэрийг Степной (орчуулга. Талын) гэх үгээр өөрчилсөн байдаг.

1953 онд Иосиф Сталин нас барсаны дараа Оросын шинэ удирдагч нар Халимагийн талаар баримтлан бодлогоо зөөлрүүлжээ. 1957 оны 1-р сард Ставрополийн хязгаарын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах мужийг байгуулах шийдвэрийг ЗХУ-ын Дээд Зөвлөл гаргасан байна. Ингэхдээ өмнө нь Халимагийн нутагт тооцогдож байсан Лиман, Приволж дүүргийг Астрахань мужид, мөн Дагетаны мэдэлд 158 га талбай Хар газар үлдээжээ. 1958 онд цөллөгт нутаг заагдсан хүмүүсийн үр садыг Халимаг руугаа эргэж ирэхийг зөвшөөрч ЗСБНХалимагийн Автономит Улсын статусыг сэргээсэн юм. 1961-1978 онуудад ЗСБНХалимаг Автономит Улсын тэргүүнээр ахмад дайчин, ЗХУ-ын баатар, генерал Басан Городовиков томилогдон ажилласан.

1985 онд Оросын удирдагч Михаил Горбачев зогсонги байдалд ороод байгаа эдийн засаг, нийгмийн амьдралд түлхэц өгөх зорилгоор алдарт "Перестройка" буюу өөрчлөн байгуулалт зарлав. Энэ нь эцэстээ ЗХУ задрах, коммунист нам Орост удирдан чиглүүлэх эрхгүй болсон юм. 1990 оны 12-р сард ЗСБНХалимаг Автономит Улсыг ЗСБНХалимаг Улс гэж нэрлэх болж, 1991 оны 4-р сарын 26-нд “Хэлмэгдсэн ард түмнийг цагаатгах тухай” хууль баталжээ. 1991 оны 10-р сарын 18-нд “Улс төрийн хэргээр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах тухай” хууль батлагдаж Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд нутаг заагдан цөллөгдөж зовж шаналсан Халимагуудыг цагаатгах ажил эхэлсэн байна.

1992 оны 3-р сарын 31-нд ОХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Халимаг Улс албан ёсоор байгуулагдсан. 1993 оны 4-р сарын 11-нд Халимагийн анхны ерөнхийлөгчөөр Кирсан Илюмжинов сонгогдсон юм. 1993 оны 4-р сарын 12-нд Халимаг Улс ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах, өөртөө засах буюу автономит улсын статустай болжээ. 1994 оны 4-р сарын 5-нд Халимагт шинэ Үндсэн хууль баталж 1995 оны 10-р сарын 15-нд Кирсан Илюмжинов хоёр дахь удаагаа улиран Халимагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Түүний бүрэн эрхийн хугацаа 7 жил байсан. 2000 оны 3-р сард Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ОХУ-ын ерөнхийлөгчийн Бүрэн эрхэт төлөөлөгчийн албан тушаал оросын мужуудад бий болсоны нэгэн адил Халимагт мөн бий болсон байна. 2005 оны 10-р сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины шийдвэрээр К.Н.Илюмжинов Халимагийн тэргүүний албан тушаалд 5 жилийн хугацаатай улиран томилогдсон байна. 2009 онд Халимагийн ард түмэн Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдсэний 400 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ ойд зориулан Оросын Төв банк дурсгалын зоосон мөнгө гаргасан ажээ.

2010 оны 9-р сараас Алексей Орлов, 2019 оны 9-р сараас Бату Хасиков Халимагийн тэргүүний албан тушаалд тус тус сонгогдон ажиллаж байна.

  • Хүн амын тоо: 292,410 (2002 он), 272 647 (2019 он) болж 20 мянгаар буурсан байна.
    • Хотод: 129,539 (44.3%)
    • Хөдөөд: 162,871 (55.7%)
    • Эрэгтэй: 140,097 (47.9%)
    • Эмэгтэй: 152,313 (52.1%)
  • 1000 эрэгтэй хүнд ноогдох эмэгтэй хүний тоо: 1,087
  • Дундаж нас: 33.0
    • Хотод: 32.0
    • Хөдөөд: 33.8
    • Эрэгтэй: 31.2
    • Эмэгтэй: 34.7
  • Өрхийн тоо: 90,464 (289,816 хүнтэй)
    • Хотод: 40,885 (128,564 хүнтэй)
    • Хөдөөд: 49,579 (161,252 хүнтэй)
  • Дундаж наслалт:
    • Эрэгтэй: 59.6 (ОХУ-ын дундаж 59.0-с илүү)
    • Эмэгтэй: 72.4 (ОХУ-ын дундаж 72.2-с илүү)
  • Үндэстэн, ястнууд

2002 оны ОХУ-ын хүн амын тооллогоор Халимагууд тус Бүгд Найрамдах Улсын хүн амын 53.3%-г бүрдүүлж, Оросууд (33.6%), Даргинууд 2.5%, Чеченүүд (2.0%), Казахууд (1.7%), Туркууд (1.1%), Украинчууд (0.9%), Аварчууд (0.8%), Германчууд (0.6%) тус тус эзэлдэг ба 0.5% хүрэхгүй бусад ястнуудаас бас бүрдэнэ. ОХУ-ын "Росстат" буюу статистикийн газрын албан ёсны мэдээгээр 2019 онд ОХУ-ын БН Халимаг улс нийт 272 647 хүн амтай байна.

1926 1939 1959 1970 1979 1989 2002
Халимаг 107,026 (75.6%) 107,315 (48.6%) 64,882 (35.1%) 110,264 (41.1%) 122,167 (41.5%) 146,316 (45.4%) 155,938 (53.3%)
Орос 15,212 (10.7%) 100,814 (45.7%) 103,349 (55.9%) 122,757 (45.8%) 125,510 (42.6%) 121,531 (37.7%) 98,115 (33.6%)
Бусад 19,356 (13.7%) 12,555 (5.7%) 16,626 (9.0%) 34,972 (13.0%) 46,850 (15.9%) 54,732 (17.0%) 38,357 (13.1%)

Бичиг үсэг, боловсрол

[засварлах | кодоор засварлах]

1925 оны 1-р сард кирилл үсгийн цагаан толгойг Халимагт албан ёсоор хэрэглэх болжээ. 1930-1938 онд халимагт латин үсэг хэрэглэж байсан. Халимаг цагаан толгой нь 38 үсэгтэй. Кирилл үсгийн тэмдэгтээс гадна латин үсэг хэрэглэж байсны ул мөр болох хэд хэдэн латин үсэг үлджээ. Жишээ нь Халимаг цагаан толгойд латин цагаан толгойд байдаг h бий. 1940 онд Элстэй хотод “Жангар” туулийн 500 жилд зориулан ЗХУ-ын Зохиолчдын Холбооны VIII-р их хурал болжээ. Элстэй хотод Халимагийн улсын их сургууль, Элистэйн Авто замын колледж, Хахлыновын нэрэмжит Анагаахын сургууль, Хүнсний коллеж, Урлагийн сургууль, гимнази, хүмүүнлэгийн болон техникийн лицей үйл ажиллагаа явуулдаг байна.

1992 оноос хойш Халимагт шашин шүтэх эрх чөлөөтэй болсон. Оросын үнэн алдартны сүм, Ромын католик сүм, адвентистын долоо дахь өдрийн сүм, Евангелийн христийн сүм бий. Үүнээс хойш Халимагийн ард түмэн уламжлалт Бурханы шашны сүм хийдийг сэргээх, шинээр буддын сүм хийд барих ажлыг эрчимжүүлсэн байна. Элст хотод Бурхан буддын шашны олон баримал, хөшөө дурсгал бий. 1992 онд Тэло Тулку Ринпоче Халимагийн буддын шашны Хамба лам - Шажин лам болжээ. 1996 оны 10-р сарын 5-нд Буддын анхны сүм - Сахиусан сүм Элэст хотод нээгджээ. Сүмийн барилгийн ажил 4 жил үргэлжилсэн байна. Сүм барихад Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов мөнгө хандивлажээ.

2004 онд Буддын шашны тэргүүн XIV Далай лам Халимагт айлчилжээ. Энэ айлчлалынхаа үеэр Далай лам Элст хотод шинэ сүм барих газрыг сонгосон байна. 2005 оны 12-р сарын 27-нд Элст хотод Далай ламын сонгосон газар нь Бурхан багшийн алтан сүм нээгджээ. Энэ сүм нь мөргөл хийх хоёр танхим, хэвлэлийн хурал хийх танхим, номын сан бөгөөд Далай ламын өргөөтэй ажээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

[засварлах | кодоор засварлах]

1922 оны 1, 2-р сард Халимагт “Ойратские известия” сэтгүүлийн анхны дугаар орос хэлээр гарч байжээ. Элст хотод улсын харъяалалтай нэг телевиз ажилладаг. Мөн Оросын телевизийн 10 сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үзэж болно. Мөн 4 радио нэвтрүүлэг сонсох боломжтой. Өнөөгийн Халимагийн тогтмол хэвлэл: "Баяр" (калм. Радость) — хүүхдийн сэтгүүл халимаг, орос хэлээр, "Известия Калмыкии" -нийгэм улс төрийн Халимагийн Засгийн газрын сонин, "Парламентский вестник Калмыкии" — Халимагийн парламентын сонин, "Теегин герл" (калм. Свет в степи) — нийтлэл уран сайхны сэтгүүл, халимаг, орос хэлээр гардаг, "Хальмг Үнн" (калм. Калмыцкая правда) — халимаг, орос хэлээр гардаг сонин, "Элистинский курьер" — хотын зар мэдээллийн сонин, "Элистинская панорама" — хотын нийгэм улс төрийн сонин.

Халимагийн нутагт "Б" ангилалын нисэх онгоцны буудал ажилладаг бөгөөд нийслэл Москва руу шууд нислэг үйлддэг байна. Халимагийн нийслэл Элст хот төмөр замын буудалтай. Өмнө нь Ставрополь, Москва руу галт тэрэг явдаг байжээ. Харин одоо зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн зогссон бөгөөд ОХУ-ын нийслэл Москва-Элст хот хоорондын автобус мөн зорчдог. Мөн Элэст хотод нийтийн тээврийн үйлчилгээнд микро автобус үйлчилдэг байна.

1998 онд К. Н. Илюмжинов олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч болжээ. Элст хотод 33 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад зохион байгуулагджээ.

Халимаг цагаачдын тухай

[засварлах | кодоор засварлах]

XX-р зуунд хэд хэдэн удаагийн урсгалаар Халимагууд барууны орон руу цагаачилжээ. 1917-1922/23 оны хооронд Октябрийн хувьсгалийн үеэр Халимагчууд Серби, Болгар, Франц, Румын, Чех руу цагаачилсан. 1941—45 онд хооронд дэлхийн 2-р дайны үед Халимагчуудын олонхи нь Хитлерийн Германы талд орж нүүсэн байна. 1951 онд Германы Мюнхен хотод амьдарч байсан халимагчууд олноороо АНУ руу цагаачилсан байдаг. Монгол Улсад 2020 оны байдлаар цөөн 20 орчим халимагууд байнга оршин суун амьдарч байна.

  1. Байшинтын район
  2. Ихбуурлын район
  3. Хөтөчнарын район
  4. Лааганы район
  5. Бага Дөрвөдийн район
  6. Октябрийн район
  7. Приютноен район
  8. Сарпын район
  9. Целиний район
  10. Харгазрын район
  11. Юстын район
  12. Яшилтын район
  13. Яшкулийн район

Тайлбарлах тэмдэглэл

[засварлах | кодоор засварлах]
  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. Law #44-I-Z
  4. Бүгд Найрамдах Халимаг Улсын Талын хууль (Үндсэн хууль), 19-р зүйл: Столицей Республики Калмыкия является город Элиста. [Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл нь Элст хот юм]. [ственными языками в Республике Калмыкия являются калмыцкий и русский языки.] Error: {{Lang}}: invalid parameter: |date= (help) [Бүгд Найрамдах Халимаг Улсын албан ёсны хэл нь халимаг, орос хэл юм.]
  5. Steppe Code (Constitution) of the Republic of Kalmykia, Article 33
  6. Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний албан ёсны цахим хуудас. Алексей Маратович Орлов (Memento 16. Хоёрдугаар сар 2019 цахим архивт) Архивлагдсан Хоёрдугаар сар 16, 2019 at the Wayback Machine (Орос хэлээр)
  7. Steppe Code (Constitution) of the Republic of Kalmykia, Article 25
  8. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
  9. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  10. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  11. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
  12. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  13. Бүгд Найрамдах Халимаг Улсын Талын хууль (Үндсэн хууль), 17-р зүйл: Государственными языками в Республике Калмыкия являются калмыцкий и русский языки. [Бүгд Найрамдах Халимаг Улсын албан ёсны хэл нь халимаг, орос хэл юм.]
  14. Decree of July 29, 1958
 Commons: Халимаг Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан