14-р Далай лам

14-р Далай лам (2012)

XIV Далай лам буюу Арван дөрөвдүгээр дүрийн Далай лам Дээрхийн гэгээнтэн Данзанжамц (тө. བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་ ; 1935 оны 7-р сарын 6-ны өдөр төрсөн) Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шашны (шарын шашин) сүсэгтнүүдийн тэргүүн. XIV Далай ламыг хүн төрөлхтний энх тайванд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1989 онд Нобелийн энхтайвны шагнал хүртээжээ. 1959 оноос хойш XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч байна.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

1935 оны 7 дугаар сарын 6-нд Төвөд Улсын Амдо мужийн (Өнөөгийн БНХАУ-ын Хөхнуур муж) Тагцэр хэмээх жижиг сууринд ядуу тариачин Цойхон Цэрэн, Соном Цом нарын 9 дэх хүүхэд болж төржээ. Хүүг төрөхөд эцэг эх нь түүнд Лхам Донров гэж нэр хайралсан байдаг. Лхам хүү нийт 16 ах, эгч, дүү нартай байснаас 9 нь бага насандаа эндэж нас баржээ. Ууган эгч нь Цэрэндулам, том ах нь Түвдэн Жигмэд Норов нар бөгөөд Түвдэн ах нь хожим Тагцэр Ринбүүчигийн хойд дүрээр тодорч Төвөдийн Гумбун хийдийн хамба лам болж байсан түүхтэй.

1909 онд 13-р Далай лам Түвдэнжамц /1876-1933/ бурханы шашинтай холбогдолтой газруудаар даянчилж явах үеэрээ Тагцэр суурингаар орж тус нутгийн байгалийн сайхныг биширч, үүгээр дараа заавал ирнэ гэж байсан ажээ. 1933 оны 12 дугаар сарын 17-нд 13-р Далай ламыг таалал төгссөний 6 жил өнгөрсөн хойно 1939 онд түвдийн хэсэг лам нар Тагцэр тосгонд ирж тодорхой шалгуураар 2 настай Лхам хүүг 13-р дугаар Далай ламын хойд дүрээр тодруулсан байна. Төвөдийн зүүн хэсэгт орших Тагцэр суурин тухайн үед Хятадын мэдэлд байсан тул Төвөдийн Засгийн газар Хятадын төв засаг захиргаатай удаан яриа хэлэлцээ хийж зөвшилцөөд 400 мянган мөнгөн юаниар гарын цайлгаж орон нутгийн захирагч Ма Буфан гэгчид өгч шийдүүлсэн гэдэг. Улмаар 1939 оны 7 дугаар сарын 10-нд Лхам хүү эцэг эхийн хамт урт жингийн цуваагаар гэрээсээ гарч 3 сар хүнд хэцүү аян замыг туулж 1939 оны 10-р сард Төвөдийн нийслэл Лхас хотод хүрэлцэн очсон байна. 

Шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн үе[засварлах | кодоор засварлах]

Тухайн үед Төвөд Улсын нийслэл Лхас хотын Потала ордонд 1940 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц албан ёсоор Төвөдийн шашны тэргүүнээр заларсан юм. Үе үеийн Далай лам нарыг түмэн олон шавь нар нь энэрэл нигүүлслийн бодисадва бөгөөд Төвөдийн дээрхийн гэгээн ба Авалогитешвара (Жанрайсиг) бурханы хувилгаан хэмээн сүсэглэдэг юм. Бодисадва хэмээх нь шашин амьд амьтны тусыг бүтээхийн тулд нирваан бололгүйгээр орчлонд төрөл авахаар сонгосон төрөлхтнүүд мөн гэж үздэг ажээ.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам зургаан настайгаасаа тухайн үеийн томоохон эрдэмтэн лам, ринбүүчий нараар ном заалгаж эхэлжээ. Түүний сургалтын хөтөлбөрт нь их, бага таван ухаан багтдаг байжээ. Их ухаанд учир шалтгааны ухаан, Төвөдийн урлаг соёл, санскрит хэл, тэжээхүй ухаан ба Буддын гүн ухаан орно. Үүнээс Буддын гүн ухаан нь мөн дотроо таван аймгаас бүрэлдэнэ. Тэдгээр нь пражнапарамита буюу билгийн чиндад хүрэхүй, мадхъяамака буюу төв үзэл, винай буюу сахил санваарын ёс, абхидхарма буюу метафизик, прамана буюу логик ба танин мэдэхүй болно. Таван бага ухаан нь яруу найраг, хөгжим, драм, одон зурхай, үг зүй, ёгт нэр зэрэг болно. 1959 онд буюу 23 насандаа тэрбээр Лхасын Жохан сүмд жил тутмын ерөөл хурлын үеэр дамжаа барьсан байдаг. Ингээд тэрбээр дамжаагаа онцгой сайн барьж Буддын гүн ухааны хамгийн дээд, орчин үеийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй дүйцэхүйц Лхаарамба гэвш мяндаг хүртсэн байна.

Дүрвэсэн үе[засварлах | кодоор засварлах]

1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа 1950 оны 10 дугаар сарын 19-нд  БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми Төвөдийн Чамдо гэдэг нутгаар “Төвөдийг Чөлөөлнө” хэмээн довтлон орж, зэвсэг муутай Төвөдийн армийг төвөггүй ялсан байдаг. Энэ хүнд нөхцөлд буюу 1950 оны 11 дүгээр сарын 17-нд Төвөдийн Үндэсний Ассамблей залуухан Далай ламыг тус улсын Төр засгийн тэргүүнээр томилсон. Тэрээр үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж 10-р Панчин ламын /1938-1989/ нөлөөн дор Төвөдийн Засгийн газрын төлөөлөгчдийг Бээжинд илгээж БНХАУ-тай “17 зүйлтэй Төвөд-Хятадын гэрээ”-г 1951 оны 5 дугаар сарын 23-нд байгуулж, Төвөд улс бие даасан буюу автономит Засаг захиргааны эрхтэйгээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон түүхтэй юм. Улмаар энэ байдалтай эвлэрээгүй Төвөдийн ард иргэд Хятадын эрх баригчидтай тэмцсээр 1959 онтой золгосон. 1959 онд Лхаст Хятадын эсрэг хэд хэдэн томоохон бослого болж байх үеэр хүнд байдалд орсон 14-р Далай лам дагалдагсдын хамт Төвөдын өмнөд хөрш Энэтхэг рүү дүрвэн зугтсан байна. Тэр ондоо Хятадын эрх баригчид Төвөдийн босогчдын үймээнийг дарж авсан түүхтэй. Далай ламын араас Энэтхэг рүү 80 мянга гаруй төвөд иргэн Хятадын эрх баригчдаас зугтан дүрвэсэн байдаг. Энэ үеэс Далай лам хилийн чанд дахь Төвөдийн Засгийн газрыг байгуулж 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тэргүүлсэн бөгөөд түүний оронд Лувсан Сэнгээ Засгийн газрын тэргүүн болжээ.

14 дүгээр Далай лам Гадаадын олон оронд айлчилж шашны ном айлддаг байна. Жишээ нь ОХУ-д 1979, 1982, 1986, 1991, 1992, 1994, 1996 болон 2004 онд айлчилж байжээ.

Монголд хийсэн айлчлалууд[засварлах | кодоор засварлах]

Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монгол Улсад нийт 9 удаа айлчилжээ.

Анхдугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

1979 оны 6 сарын 15 буюу билгийн тооллын XVI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн Буддистуудын Энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мигзэм", "Дөрвөн мөрт мигзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.

Хоёрдугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

1982 оны VIII сарын дундуур буюу билгийн тооллын XVI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" хэмээх номыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурханы авшиг", "Жамсран бурханы жэнан" зэрэг ном айлдаж Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.

Гуравдугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

1991 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байв. Дээрхийн Гэгээнтэн бээр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь-Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурханы тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав.

Дөрөвдүгээр айлчлал[засварлах | кодоор засварлах]

1994 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны модон нохой жил морилон ирэв. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурханы зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"- ийн лүн хайрлав.

Тавдугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

1995 оны VIII сар буюу билгийн тооллын XVII жарны модон гахай жилийн намрын эхэн сард тав дахь удаагаа Монголд морилон иржээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам Монголд анх удаа МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын вангийн их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурханы шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав.

Зургаадугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчилсан. "Бодь мөрийн зэргийн гурван эрхэм", "Шүтэн барилдахуйн магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

Долоодугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

2006 оны VIII сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн Далай багш лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд буй.

Наймдугаар айлчлал[засварлах | кодоор засварлах]

2011 оны XI сарын 7-11. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн бээр оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт", "Шүтэн барилдлагын магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь-Эхийн насны авшигийг тус тус айлдсан юм.

Есдүгээр айлчлал[засварлах | кодоор засварлах]

2016 оны XI сарын 18-23. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдаж “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг хийв.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1959 онд Рамона Магсайсайн шагнал
  • 1989 онд Нобелийн энхтайвны шагнал
  • 2006 онд Конгрессийн алтан медаль

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Далай ламын албан ёсны цахим хуудас: https://www.dalailama.com/

 Commons: 14-р Далай лам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан