Jump to content

Цэрэндондог хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэрэндондог (? - 1737) бол Халимагийн хоёр дахь хан (1724-1735), Аюук ханы хоёрдугаар хүү бөгөөд өв залгамжлагч юм.

Тэрээр ханы ор суурийн төлөө ач дүү Дондог-Омботойгоо тэмцэлджээ. Ёс журмын дагуу Аюук ханы ууган хүү Чагдаржавыг түүний залгамжлагч гэж үздэг байв. Гэвч Чагдаржав 1722 оны 2-р сард эцгийнхээ амьд сэрүүн байх үед нас баржээ. 1722 оны эхээр Аюук Оросын I Петр хаантай Саратовын ойролцоо уулзах үедээ хоёр дахь хүү Цэрэндондогийг өөрийн өв залгамжлагчаар томилохыг хүсэж, Петр хааны зөвшөөрлийг авсан байна. Аюук нас барсны дараа Чагдаржавын том хүү Дасан ханы ор суурь залгамжлах асуудлаар маргаан үүсгэж эхэлжээ. Оросын засгийн газар Халимагийн хант улсын захирагчийн залгамжлалын асуудалд хөндлөнгөөс оролцох шаардлагатай болов. Оросын дэмжлэгийг авсан Дорж Назаров (Аюук ханы үеэл) ханы сууринд суухыг эрмэлзсэн ч өөрийнх нь хүүг аманат (барьцааны хүн) болгон авах гэсэн оросуудын болзолыг хүлээн авч чадаагүй тул хан суух санаанаасаа ухарчээ. Ингэснээр хууль ёсны өв залгамжлагч Цэрэндондог ханы сууринд суув. Халимагийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оросуудын энэ үйлдэл үр дүнгүй болсон ч энэ нь халимагуудын дунд эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлсэн аж.

1730 онд Цэрэндондогт хан цол хүртээх Манжийн богд хааны зарлиг бичгийг өвөртөлсөн Чин улсын элч төлөөлөгчид Халимаг руу явж байгаа тухай мэдээ оросуудад ирэв. Оросын засгийн газар Чин улсын элч нараас өрсөхөөр шийдэж, яаравчлан Цэрэндондогт хан цол хүртээжээ. 1731 онд Цэрэндондог Перс болон Османы Порттой бие даасан харилцаа тогтоож, ноёдоосоо онцгой хүндэтгэл шаардав.

1731 оны 11-р сарын 9-нд Цэрэндондогийн ах Галданданзан 2,000 цэргээр Дондог-Омбыг довтолсон байна. Тулалдаанд ялагдсаныхаа дараа Галданданзан Царицын руу зугтав. Оросын засгийн газар Цэрэндондогийн талыг баримтлан мөргөлдөөнд оролцлоо. Дондог-Омбо оросуудтай мөргөлдөхөөс зайлсхийн Кубанийн бүс нутаг руу ухарч, Османы Портод дагаар оржээ. Орос, Туркийн хоорондох мөргөлдөөнд Оросын засгийн газар энэ үед халимагуудын дунд чухал үүрэг гүйцэтгэсэн Дондог-Омбыг ашиглахаар шийдэв. 1735 оны 3-р сарын 7-нд Дондог-Омбыг «Халимагийн тэргүүн захирагч» хэмээн зарлажээ.

1735 оны 9-р сарын 10-нд Цэрэндондог VII Далай ламаас «Дайчин-Шаса-Бюжа-Хан» цолыг хүртэв.

1735 оны 11-р сарын 14-нд Дондог-Омбо Ижил мөрөнд буцаж ирээд Орост үнэнч байхаа тангарагласан аж. Тэр жилийн 11-р сард Оросын эрх баригчдын тушаалаар хуучин хан Цэрэндондогийг Царицынд саатуулж, Москвагаар дамжуулан Санкт-Петербург руу илгээв.

Дондог-Омботой тохиролцоонд хүрснийхээ дараа Орос улс Турктэй хийсэн дайнд (1735-1739) Халимагийн цэргийг ашигласан. 1737 оны 3-р сарын 3-нд Дондог-Омбыг Халимагийн хан хэмээн зарлажээ.

Өмнөх
Аюук хан
Халимагийн хант улсын хан
1724-1735
Дараах
Дондог-Омбо хан