Халимагийн зэвсэгт бослого (1930)

Халимагуудыг зөвлөлтжүүлэх бодлогын эсрэг 1930 онд Халимагт лам нарын бослого гарчээ. Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан Нарангэрэл хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс үүрд ангижирсан тусгаар тогтносон Баруун Монгол хэмээх улс байгуулахаар шийдсэн байна. Тэдгээр лам нар 1930 оны 3 сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ойрад-Халимаг улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг Баруун Монгол хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулжээ.

Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн удирдагчид яаралтай цэргийн хүч илгээв. Сталинград, Астрахань, Ростов хотуудаас Зөвлөлтийн Улаан Армийн 7 мянган цэрэг бүхий отрядыг Халимаг руу илгээж тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг буудан хороож эхэлсэн байна. Зэвсэгт бослого нь 1930 оны хавраас намар нь хүртэл өрнөсөн байна. Энэ хугацаанд босогчид болон Улаан армийн ангиудын хооронд ширүүн тулалдаанууд болсон ба Халимагийн Бага Дөрвөдийн аймгийн нутагт 200 орчим хүнтэй халимагийн босогчдын хүч Зөвлөлтийн Улаан армийн 1700 гаруй цэргийн хүч бүхий залхаан цээрлүүлэх экспедицийг бут цохижээ. Халимагийн босогчдын отряд нь гол төлөв лам, сэхээтнүүдээс зонхилон бүрдсэн байжээ. Босогчдыг дарахын тулд дахин 4 мянган хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж 2 долоо хоног бүслэн байлдсаны эцэст босогчдыг бут цохин олзлогсдыг бүгдийг буудан устгаж хороосон байна.