Jump to content

Найдангийн Түвшинбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Найданы Түвшинбаяр-с чиглүүлэгдэв)
Найдангийн Түвшинбаяр
Төрсөн өдөр1984 оны 6 сарын 1 (1984-06-01) (40 настай)
Төрсөн газарМонгол улсын Булган
аймгийн Сайхан сум
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Цол ахисан он жил
Улсын заан2017
Улсын харцага2013
Аймгийн арслан2006
Аймгийн начин2002
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн2 (2013, 2017
Бусад бөх барилдааны амжилт
Улс орон Монгол
Тамир, спортэрэгтэй жүдо
Улсын наадмын барилдааны амжилтыг devjee.mn цахим хаягийн 2020-7-12-ны өдрийн байдлаар мэдээлэв.

Монгол улсын анхны олимпын аварга (2008), анхны олимпын хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар (2008) бөгөөд гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 сарын 1-нд Монгол улс Булган аймгийн Сайхан суманд малчин монгол эцэг Т. Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.

Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр (17-18 нас) бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхлэв. 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ. Булган аймагтаа Монгол улсын гавъяат дасгалжуулагч Шаравжамцын Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа ханган барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарын шавь болжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд -100 кг жинд барилддаг болсон.[1] 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпын наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коко үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, шигшээ барилдаанд Казакстаны бөх Асхат Житкеевийг ваза-аригаар хожжээ (тэр үед жүдо бөх хөлд орох ба гараараа хөлийг авч шидэх мэхээр чөлөөт бөхтэй их төстэй байсан)[2][3][4]. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай шигшээд шалгарч, сууж үүрүүлэх мэхээр хожигдож, мөнгөн медаль хүртэн, Монгол улсын анхны олимпын хос медальтан болжээ. Энэ хооронд хоёр удаа (2010, 2011) Монгол улсын аварга болсон. "Будапешт-2017” жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж Гүржийн шинэ залуу од Гурам Тушишвилийг даралтаар цэвэр хожиж, хүрэл медаль хүртсэн. 2017 онд төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнагдсан.[5].

2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.

2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадамд Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр, наадамд улсын харцага цолны болзлыг хангасан Оргихын Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан болжээ. Мөн 2006 болон 2012 онуудад улсын наадамд 4 давж байв.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2013 Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадамд Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. 512
2017 Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр, наадамд улсын шинээр улсын харцага цолны болзлыг хангасан Оргихын Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан цол хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2002 Булган аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртсэн. 128
2006 Булган аймгийн баяр наадамд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн. 128

Олимпын Хорооны тэргүүн

[засварлах | кодоор засварлах]

2020 оны 8 сарын 14-нд Монголын Үндэсний Олимпын Хороо Н. Түвшинбаярыг тэргүүнээрээ сонгосон. Гэсэн ч доор дурдсан гэмт хэрэгт холбогдсон тул түүнийг 2021 оны 5 сарын 23-нд албан тушаалаас нь түдгэлзүүлж, улмаар 6 сарын 5-нд Түвшинбаяр тэргүүний тамгаа хүлээлгэн өгсөн юм.

Гэмт хэрэгт холбогдов

[засварлах | кодоор засварлах]

2021 оны 4-р сарын 2-ны өдөр Н.Түвшинбаяр багын найз болох Монгол улсын начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд Э.Энхбат ухаан оролгүй байсаар 2021 оны 12-р сарын 24-нд нас нөгчсөн. Н.Түвшинбаяр хүн амины хэрэгт яллагдагчаар тооцогдон хоригдож буй бөгөөд 2022 оны 6-р сарын 9-нд шүүх хурал нь болж, Улсын яллагч, прокуророос 19 жил хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялуудыг тус тусад нь эдлүүдэх санал гаргаж, улмаар Хан-Ууул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноож шийдвэрлэв. [6]

Н.Түвшинбаяр 2009 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Болдпүрэвийн Оюунбилэгтэй гэр бүл болж, Манлай, Мандах хэмээх хүү Өэлүн хэмээх охинтой болсон.[7]

  1. Олимпын Аврага Найдангийн Түвшинбаяртай хийсэн ярилцлага[permanent dead link]
  2. Video. Judo, the 2008 Summer Olympics, Naidangiin Tüvshinbayar vs Keiji Suzuki. Internet Archive. Retrieved Mar 05, 2024.
  3. Video. Judo, the 2008 Summer Olympics, Naidangiin Tüvshinbayar vs Movlud Miraliyev. Internet Archive. Retrieved Apr. 08, 2024.
  4. Video. Judo, the 2008 Summer Olympics, Naidangiin Tüvshinbayar vs Askhat Zhitkeyev. Internet Archive. Retrieved Mar 06, 2024.
  5. "Archive copy". Archived from the original on 2017-11-19. Татаж авсан: 2017-11-19.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо
  7. "Аваргын гэр бүл". Archived from the original on 2013-05-30. Татаж авсан: 2013-04-20.