Гомбожавын Занданшатар
| Гомбожавын Занданшатар | |
|
Ерөнхий сайд Г.Занданшатар. 2025 он. | |
| 2025 оны 6 дугаар сарын 13-2026 оны 3 дугаар сарын 28 | |
| Өмнөх | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
| Дараах | Ням-Осорын Учрал |
| 2019 оны 2 дугаар сар-2024 оны 7 дугаар сар | |
| Өмнөх | Миеэгомбын Энхболд |
| Дараах | Дашзэгвийн Амарбаясгалан |
| 2017-2019 оны 2 дугаар сарын 1 | |
| Өмнөх | Жамъянгийн Мөнхбат |
| Дараах | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
| 2004-2012 2016-2024 | |
| 2009 оны 11 дүгээр сар-2012 оны 8 дугаар сар | |
| Өмнөх | Сүхбаатарын Батболд |
| Дараах | Лувсанвандангийн Болд |
| Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга | |
| 2012 оны 7 дугаар сар-2013 оны 11 дүгээр сар | |
| Өмнөх | Ухнаагийн Хүрэлсүх |
| Дараах | Жамъянгийн Мөнхбат |
| Төрсөн | 1970 оны 3 дугаар сарын 8 Баянхонгор аймаг, Баацагаан сум |
| Улс | |
| Нам эвсэл | Монгол Ардын Нам |
| Гэр бүл | Эхнэр Ганбаярын Отгонгэрэл Дөрвөн хүүхэдтэй |
| Сургууль | ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль |
| Гарын үсэг | |
Гомбожавын Занданшатар (1970 оны 3 дугаар сарын 8-нд Баацагаан сум, Баянхонгор аймагт төрсөн) нь улс төрч, Монгол Улсын Ерөнхий сайдын. Өмнө нь Гадаад харилцааны сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон.[1]
2026 оны 3 дугаар сарын 16-нд нээгдсэн УИХ-ын хаврын чуулган эхний өдрөөсөө эхлэн гацаанд орж улс төрийн хямрал үүссэний улмаас Г.Занданшатар 3 дугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээн авч[2], улмаар УИХ-аар хэлэлцээд, чуулганы хуралдаанд оролцогсдын 74 хувь буюу 54 гишүүний саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.[3]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх
[засварлах | кодоор засварлах]Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум, 1923 оноос Баянхонгор хайрхан уулын хошуу, 1931-1957 онд Баянхонгор сум[4]) нутаг Уутын голоор нутагтай Дүгэржав хэмээх язгуурын тайж хүн байжээ. Түүний хүү Сумгарьд тайж нь Дүгэржавын ганц хүү бөгөөд Норов хэмээх хүүтэй байв. Норов тайжийн хүү Дамдинжавын Гомбожав нь Г.Занданшатарын аав юм. Д.Гомбожавыг 3 настай байхад эцэг Норов тайж нас барснаар, ойрын төрөл Ундарын Дамдинжав хэмээх хүнд үрчлэгдсэн байна.[5]
Д.Гомбожав 1933 онд төрсөн бөгөөд сумандаа адуучнаар ажиллаж байгаад 1953 онд цэргийн албанд татагджээ. Тэрбээр бага залуудаа ухаан сэргэлэн, хөдөлмөрч, адуунд эртэй, морь уургалах, эмнэг булгиулах, хурдан морь таних, уях эрдмийг төгс эзэмшсэн хүн байсан гэдэг. Цэргийн албаа хааж ирээд 1956 оноос Галуут сумандаа багийн тоо бүртгэгч, “Галуут” нэгдлийн ня-бо, баг, бригадын дарга, 1962 оноос “Коммунизмын төлөө” нэгдлийн орлогч дарга зэрэг албыг хашиж байгаад 1965-1967 онд удирдах ажилтны 2 жилийн дээд курс дүүргээд ирэхэд нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд сум-нэгдлийн даргаар томилсон байна.[6]
Тэрбээр энд ажиллах хугацаандаа тус сумын “Чойбалсангийн зам” нэгдлийг улсын тэргүүний нэгдлийн хэмжээнд хүргэсэн юм. Д.Гомбожав 1972-1976 онд тухайн үеийн Намын дээд сургуульд суралцан дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд сум-нэгдлийн даргаар томилогдож, 1982 он хүртэл ажиллахдаа тус сум-нэгдлийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, олон шинэ санаачилга гарган, амжилттай хэрэгжүүлснээр аймаг, улсын тэргүүлэх хамт олон болгосон байна.[7]
1982 онд МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр түүнийг Атрын II аянаар байгуулагдсан, Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн даргаар томилжээ. Тэрбээр шинэ тутам аж ахуйг богино хугацаанд хөл дээр нь босгон, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөт зорилтуудыг амжилттай ханган биелүүлж, улсын хэмжээнд хамгийн их ургац хураасан САА-гаар удаа дараа шалгарч байв. Д.Гомбожав МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX, XX их хурлуудад төлөөлөгчөөр, Ардын Их Хурлын депутатаар 4 удаа сонгогдсон, 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүн юм.[8] Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Дамдинжавын Гомбожавт 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгожээ.[9]
Г.Занданшатарын ээж О.Дашзэвэг нь Баянхонгор хайрхан уулын хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум) Уутын голоор нутагтай, Оросоо хэмээх хүний ууган охин болж, 1937 онд төржээ.[10] О.Дашзэвэг нь Баянхонгор аймгийн Галуут, Баацагаан, Өлзийт зэрэг сумын хүн эмнэлэг, цэцэрлэгт ажиллаж байсан байна.[11] Ардын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт дэг ёсыг сайн эзэмшсэн, Буддын гүн ухааны мэдлэгтэй, монгол ардын үлгэр, тууль сайн мэддэг, “Жангар” тууль, “Молон тойны намтар”, “Чойжид дагинын тууж”, “Оюун түлхүүр” зэрэг сургаалын зохиолуудыг хүүхдүүддээ цээжээр хэлж өгдөг хүн байжээ.[12]
Д.Гомбожав, О.Дашзэвэг нар 1958 онд ханилан сууж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсний 5 дахь нь Занданшатар юм.[13]
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын эмнэлэгт төржээ.[14] Тухайн үед аав Д.Гомбожав нь тус суманд сум-нэгдлийн даргаар ажиллаж байв. Занданшатар гэдэг нэрийг эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн гэдэг.[15]
Гэрийн эзэн Намын дээд сургуульд суралцах болсон тул тэднийх 1972 онд Улаанбаатарт нүүж иржээ. Эцэг Д.Гомбожав нь шатарт хорхойтой, Намын дээд сургуулийн сум-нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглох нь олон тул Занданшатар хүү тэдний тоглохыг харсаар 4 настайдаа өөрөө шатар нүүж сурчээ.[15]
Д.Гомбожав 1976 онд сургуулиа төгсөж, Баянхонгор аймгийн Өлзийт суманд сум-нэгдлийн даргаар томилогдсон тул Г.Занданшатар 1977 онд тус сумын дунд сургуулийн нэгдүгээр ангид оржээ. Сургуульд тэрбээр сурлага сайтай, урлаг, спортод идэвх сонирхолтой, шүлэг уншдаг, бөхийн спортоор хичээллэдэг байсан байна. 1982 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургуульд шилжин суралцаж, 1987 онд "Онц" дүнтэй төгсчээ.[15]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Г.Занданшатарын гэргийг Ганбаярын Отгонгэрэл гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. 1974 онд төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. Г.Занданшатарыг тухайн үеийн Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилж байхад нь танилцаж, 1992 онд гэр бүл болжээ. Г.Отгонгэрэл нь санхүүч мэргэжилтэй, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Бирмингэмийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэд хоёр хүү, хоёр охинтой.[16]
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.[14]
- 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүүч-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.[17]
- АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Швед, Нидерланд улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.[17]
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач.[18]
- 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал.[18]
- 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч.[18]
- 2000-2003 онд ХААН банкны дэд захирал.[18]
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд.[18]
- 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн.[19]
- 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд.[19]
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга.
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач.
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.[20]
- 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга.
- 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарын 13 хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга.
- 2025 оны 6 дугаар сарын 13[21]-2026 оны 3 дугаар сарын 27[3] хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд.
Зах зээлийн онолыг Монголд
[засварлах | кодоор засварлах]1992 онд 22 настайдаа ОХУ-д дээд сургууль төгсөж ирээд, хуучнаар Худалдааны техникум буюу тухайн үед Зах зээлийн коллеж хэмээх шинэ нэртэй болоод байсан, өдгөөгийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажиллаж эхэлжээ. Монгол Улс зах зээлийн цоо шинэ замыг дөнгөж сонгон шинэ нийгэмд хөл тавьсан тэр үед зах зээл гэж чухам юу болох, онол, арга зүй нь ямар байдгийг Монголд мэддэг хүн цөөн байв. Г.Занданшатар ийм цаг үед Зах зээлийн коллежид зах зээлийн эдийн засгийн сурах бичиг, гарын авлагуудыг орчуулан түгээж, заах арга зүйг нь боловсруулан туршиж, нэг ёсондоо зах зээлийн онолыг Монголд нэвтрүүлэхийг чармайж байжээ. Энд ажиллах хугацаандаа тэрбээр “Чөлөөт сэтгэгчдийн клуб” байгуулж, нэр хүндтэй улстөрч, эдийн засагчдыг урьж лекц уншуулж байсан нь тухайн үедээ ихээхэн сонирхолтой, өгөөжтэй арга хэмжээ болж байв.[15]
Банкны сэргээн босголт, бүтцийн өөрчлөлт
[засварлах | кодоор засварлах]1996 онд багшийн ажлаас банк санхүүгийн салбарт шилжиж, Монголбанк, Хөдөө аж ахуйн банкинд ажиллажээ. Арилжааны олон банк байгуулагдсан ч жижиг зах зээл дээр хүч тарамдаж, чөлөөт өрсөлдөөний зарчмаар хэрхэн ажиллах арга эвээ ололгүй эхнээсээ дампуурч эхлэв. Тэдгээрийн нэг нь Монголын бараг хамгийн том банкны нэг Хөдөө аж ахуйн банк байсан юм. Хот, хөдөөд хамгийн олон салбартай энэ банк үйл ажиллагаа доголдсоны улмаас Монгол Улс төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч, цалингаа хүлээсэн хүмүүс хэдэн сараар хүлээж, эцэст нь цалингийн оронд гурил, будаа авч байв. Засгийн газар банкийг дампуурлаас аврах үүргийг залуу санхүүч Г.Занданшатарт ногдуулав. Тэрбээр Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төслийг хэрэгжүүлж, улмаар дэд захирлаар ажиллан зорилгоо амжилттай биелүүлсэн.[22] Одоогийн ХААН банк хэмээх нэрийг тэрбээр өгсөн бөгөөд дотроо эвийн хоёр загастай, дөрвөн дэлбээт, гүн ногоон өнгөт одоогийн лого буюу таних тэмдэг нь түүний санаачилга байв. ХААН гэсэн нэр Хөдөө аж ахуйн гэсэн нэрийн товчлол мэт санагдаж болох ч яваандаа Монголын хамгийн том банк болно, басхүү банкны харилцагч бол хаан гэсэн хос утгыг бэлгэдэн тэрбээр ийм лого санаачилсан гэдэг. ХААН банк өдгөө Монгол Улсад хамгийн олон салбартай, хүчирхэг банк болжээ.
Улс төрд
[засварлах | кодоор засварлах]1998 онд МАХН-д элсэж, 2004, 2008, 2016, 2020 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Парламентын гишүүнээр сонгогдсон 4 бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан байна. Банк, санхүү, татвар, хяналт шалгалт, зөвлөлдөх ардчилал, ард түмний Үндсэн хуулиар олгосон засаглах эрхийг хангах зэрэг чиглэлээр 30 гаруй томоохон хууль санаачлан батлуулсан. 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.
Газар тариаланг сэргээх бодлого
[засварлах | кодоор засварлах]Г.Занданшатарыг 2003 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдон ажиллах үед нь Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, зогсонги байдалд ороод байв. Техникийн шинэчлэл зогсож, тариалангийн талбай зэрлэгтээ баригдан атаршиж, Монголд гурилын хомсдол үүссэний улмаас импортын гурил гол хэрэглээ болоод байв. Тэр цагт "Монголд тариа тарих хэрэггүй. Хойно, өмнө, хажууханд тариалангийн аварга том улс орон байхад идэх гурилаа тэндээс авахад л болно" гэсэн үзэл баримтлал дэвшүүлж явсан төрийн түшээд ч бий. Ийм үед алдаатай уг бодлогыг үндсээр нь өөрчилж, хөдөө аж ахуй, түүний дотор тариалангийн салбарыг аврахын тулд "Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг"-ийг УИХ-аар батлуулж[23], улмаар Атрын III аяныг санаачлагчдын нэг болжээ.
МАСЗХ-г НАМЗХ болгоход оролцов
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 2005-2010 онд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан[24] бөгөөд тус холбоог өөрчлөх, үзэл баримтлалыг шинэчлэх ажлыг хамтран гүйцэтгэж зорилго, чиглэл, үйл ажиллагааны хувьд шинэ Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-г үүсгэн байгуулалцжээ. [25]
Гадаад бодлогын шинэ үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]
Г.Занданшатар 2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан нь[26] Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулах замаар аюулгүй байдал, тусгаар тогтнол, үндэсний язгуур ашиг сонирхлоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах тулгуур баримт бичиг болсон юм.[27]
2011 онд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Түүнийг сайд байх үед Монгол Улсын Засгийн газар “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг баталсан нь[28] улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг чиглүүлэхэд томоохон түлхэц болсон. Мөн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг шинэчилж, гадаад харилцааны салбар, дипломат ажилтнуудын үйл ажиллагаанд ёс зүй, сахилга хариуцлагыг сахиулах шинэ жишиг тогтоосон юм.[29]
Хөгжлийн бодлогын суурийг тавив
[засварлах | кодоор засварлах]2018 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах үедээ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” буюу төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг гардан боловсруулж, батлуулсан. [30] Энэхүү хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн агуулга “Шинэ сэргэлтийн бодлого” урт хугацааны хөгжлийн бодлогын эх үндэс болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг Г.Занданшатар тэргүүлж байх үед буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар тогтоол батлагдсан юм.[31]
Улсын Их Хурлын дарга
[засварлах | кодоор засварлах]
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны чуулганаар буюу 2020 оны 6 дугаар сарын 20-нд Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгов.[32] Ингэснээр тэрбээр энэ албан тушаалд парламентын хоёр бүрэн эрхийн хугацаанд үргэлжлүүлэн ажилласан анхны хүн болсон юм. 2019 оны 2 дугаар сард анх сонгогдсоноос хойших Г.Занданшатар 5 жил шахмын хугацаанд УИХ-ыг орчин үеийн дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлэн шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн ажилласан. Энэ зорилтын хүрээнд түүний хэрэгжүүлсэн дөрвөн шинэчлэлийг онцолбол:
Үндсэн хуулийн шинэчлэл
[засварлах | кодоор засварлах]20 гаруй жил яригдаж, 3 парламент дамжин өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг амжилттай удирдаж хэрэгжүүлсэн. Энэ ажил УИХ дээр 3 жилийн турш өрнөж, нэмэлт, өөрчлөлтийн төсөл 2019 оны 6 дугаар сард Үндсэн хуулийн цэцэд[33], улмаар парламентад өргөн баригдсанаас хойш УИХ 5 сарын турш завсарлагагүйгээр, тасралтгүй хэлэлцсэн юм. Ард иргэдээрээ хэлэлцүүлж, зөвлөлдөх санал асуулгыг Монголын түүхэнд анх удаа зохион байгуулж, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож, нийгмийн зөвшилцлийг хангаж чадсанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан билээ.[34]
Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн бөгөөд засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, хараат бус шударга шүүхийг төлөвшүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах; Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох; Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах; Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх; Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх; Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг тогтолцооны шинэчлэлийн шинэ зохицуулалтууд туссан юм.[35]
Улмаар 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах бас нэгэн өөрчлөлтийг батлуулсан бөгөөд энэ өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, ард түмний сонголтыг аль болох бүрэн дүүрэн баталгаажуулах, шударга сонгуулийн зарчмыг төлөвшүүлэхэд чиглэсэн байна.[36]
Үндсэн хуулийн шинэчлэлийн эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд ард түмний засаглах эрхийг хангах, төр цэгцэрч, засаглал тогтворжин, шударга ёс, эрүүл нийгэм төлөвших эрх зүйн үндсийг бэхжүүлсэн өөрчлөлт болсон гэж үздэг.[37]
Парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж тусгасан.[38] Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргасан юм.[39]
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ зөвхөн Ерөнхий сайдыг сонгохоор болсон бөгөөд Засгийн газрын бусад гишүүдийг томилох эрхээсээ татгалзсан. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төслийн орлого, зарлагын дүнг нэмэгдүүлэхийг хориглож, Засгийн газрын эрх мэдэл энэ хэрээр нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлтийн дараа Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналтыг сайжруулах нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт тэнцлийг хангах бодлогын гол шийдэл болох ёстой байсан учраас энэ анхдагч хуулийг баталсан бөгөөд өмнө нь парламентын хяналт шалгалтыг ингэж нарийвчлан зохицуулсан бие даасан хууль байгаагүй юм.
Хууль батлагдан хэрэгжсэнээр парламент хяналт шалгалтын ажлаа урьдчилан төлөвлөдөг болж, хяналтын сонсголын төрөл, хэлбэрийг нарийвчлан зохицуулжээ. Хуулиар хянан шалгах түр хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг дэлгэрэнгүй зохицуулж өгснөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах хороод байгуулагдан ажиллаж, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг УИХ-ын үйл ажиллагааны байнгын механизм болов.[40]
Ингэснээр олон жил далд бугшсан асуудлууд ил болж, олон нийтийн анхаарал, хяналтад орсон. Тухайлбал, 2022 оны 4 дүгээр сард Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нотлох баримт шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийснээр Хөгжлийн банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн, ямар зорилгоор авч, хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг ил тод болгож, ард иргэдийн мэдэх эрхийг хангажээ.[41] Энэ сонсголоор 432 зээл, 2542 төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлаар 600 гаруй иргэн, хуулийн этгээд, үүний дотор 356 гэрчийг дуудаж сонссон юм.[42]
Цахим шилжилт
[засварлах | кодоор засварлах]УИХ-д цахим шилжилт хийх томоохон зорилго дэвшүүлж, D-parliament вэб, аппликэйшн хосолсон цахим системийг нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах, хууль хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсан. УИХ-ын цахим хуралдааны дэгийг холбогдох хуульд тусгаснаар УИХ-ын үйл ажиллагааны байнгын, тасралтгүй, тогтвортой байх зарчим бүрнээ хангагдсан юм. Тухайлбал, Ковид-19 цар тахлын үед УИХ цахим дэгийг хэрэгжүүлж ажилласнаар хуралдаан нэг ч өдөр тасалдаагүй бөгөөд Олон улсын парламентын холбооноос Монгол Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнуудын парламентад жишиг болохуйц үйл ажиллагаа явуулсан хэмээн сайшаасан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.1-д “Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно” хэмээн тусгасан.[43] Энэ хүрээнд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33.000, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000, хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэхээр тусгаж, иргэдийн саналыг авах нийтийн өргөдлийн “D-өргөдөл” системийг нэвтрүүлэн амжилттай ашиглаж эхэлсэн билээ.[44][45]
Зөвлөлдөх санал асуулга
[засварлах | кодоор засварлах]
Г.Занданшатар АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирэхдээ шинэ бодол, онол олныг тээж ирсний нэг нь "Зөвлөлдөх ардчилал” юм. Тэрбээр 2013 оны 12 дугаар сараас Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж[46], Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр нэлээд идэвхтэй ажилласан бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлжээ. Мөн Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж[47][48], Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байсан.
Улмаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж[49], УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар, 2023 онд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан юм. Хоёр удаагийн зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлсөн 700-800 хүн эх орны өнцөг булан бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдон ирж, төрийн хэргийг хэлэлцэн, гаргасан санал, дүгнэлтийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтүүд болон бусад шийдвэрүүд гарсан билээ.[50]
2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр түүний хэлснээр, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн тогтолцооны реформ, бусад цогц арга хэмжээний үр дүнд 2016 онд 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 2016 онд 3681 ам.доллар байсан бол 2023 оны эцэст 5875 ам.доллар болсон бөгөөд 13.5 их наяд төгрөгийн гадаад өрийг төлжээ. Мөн төрийн албан хаагчдын цалин 2016 онтой харьцуулахад 3 дахин өсч, тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэн дундаж тэтгэвэр 785 мянган төгрөг болсон байна.[51]
Ерөнхий сайд
[засварлах | кодоор засварлах]
2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэж, нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос тогтоолыг 44 гишүүн дэмжиж, 38 гишүүн дэмжсэнгүй.[52] Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцров.[53] Улмаар 9-ний өдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэвшүүлэх санал дэмжигдэж, 12-нд эхэлсэн УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэв. Санал хураалтад 117 гишүүн санал өгснөөс тогтоолын төслийг 108 нь дэмжсэнээр Г.Занданшатар 92.3 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон юм.[54][55]
2025 оны 6 дугаар сарын 18-нд Ерөнхий сайд Г.Занданшатар засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Уг засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байсан ба МАН, ХҮН, ИЗНН-ын дунд байгуулагдсан эвслийн засгийн газар байв.[56]
9-11 дүгээр сарын хямрал
[засварлах | кодоор засварлах]
2025 оны 9 дүгээр сарын эхээр МАН-ын Бага хурлыг хуралдуулах асуудал идэвхтэй яригдаж, уг хурлаар Л.Оюун-Эрдэнийн оронд намын даргаар хэнийг сонгох нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байв. Ерөнхий сайд эрх баригч намын дарга байдаг жишгээр Г.Занданшатарыг энэ албан тушаалд саадгүй очно гэсэн хүлээлт нийтэд байсан боловч “Админерал” компанитай холбоотой хэмээн багагүй хугацаанд яригдсаны дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын энэ сэдвээрх удаа дараагийн мэдэгдлийн шууд субьект болоод байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9 дүгээр сарын 12-нд гэнэт мэдэгдэл хийж, МАН-ын даргад нэр дэвшихээ зарлав.[57][58][59] Улмаар 9 дүгээр сарын 28-нд болсон намын даргыг сонгох Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүн маргаантай болсноор[60] хоёр сар шахам үргэлжилсэн хямрал эхлэв. Намын дотоод асуудлаас парламентын түвшинд хүрч даамжирсан энэ үйл явц УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд болон спикерийг огцруулах шийдвэр гаргах[61], Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих[62], Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах[63], Цэц их суудлын хуралдаан зарлан Ерөнхий сайдыг огцруулсан 95 дугаар тогтоолыг хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргах[64][65][66] хүртэл үргэлжилсэн юм. Цэцийн дүгнэлт гарснаар Ерөнхий сайдын бүрэн эрх сэргэж, үүрэг гүйцэтгэгч болоод байсан Г.Занданшатар уг албан тушаалаа үргэлжүүлэн хаших болов.
Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь
[засварлах | кодоор засварлах]
2025 оны УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийсний дараа АН-ын бүлэг хуралдаж, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы болон байнгын хороодын хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэв.[67] Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гаруй гишүүн хуралд оролцохгүй болсноос чуулганы ирц бүрдэхгүй, улмаар УИХ-аас ямар нэг шийдвэр гаргах боломжгүй болж төрийн ажил гацаанд оров.[68] Ийм нөхцөлд 26-ны пүрэв гарагт Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийг хуралдаан зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргахыг уриалсан мэдэгдэл хийлээ.[69] Мөн өдрийн маргааш Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргав.[70] МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагийн үдээс хойш яаралтай хуралдаж Г.Занданшатарын хүсэлтийг хүлээн авсан бол үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулган энэ асуудлыг хэлэлцээд, Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг хуралдаанд оролцогсдын 74 хувь буюу 54 гишүүний саналаар баталсан юм.[71]
Цол, шагнал
[засварлах | кодоор засварлах]- “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг. (1999 он)
- “Алтан гадас” одон. (2005 он)
- Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол. (2011 он)
- Украины төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одон, III зэрэг. (2011 он)
- ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн хүндэт профессор цол (2012 он)
- Сүхбаатарын одон (2022)
Шашин шүтлэг
[засварлах | кодоор засварлах]Буддын шашны шарын урсгалыг шүтдэг. “Жавзандамба хутагт” төвийн гишүүн. Буддын шашны гүн ухаан, Чойрын номыг сонирхон судалдаг. Ерөнхий сайдаар томилогдсонд нь XIV Далай лам түүнд баяр хүргэн амжилт хүсч байв.[72]
Хобби
[засварлах | кодоор засварлах]Дөрвөн настайдаа шатар тоглож сурсан.[73] Шатар сугавчилчихаад хүн хүн дээр очиж “Тоглоё” хэмээн гуйж явдаг, аавыгаа шөнө орой ирсэн ч ялгаагүй тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байжээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлээд очсон газар бүртээ сайн шатарчин гэгддэг байв.[74] УИХ-ын гишүүн байхдаа үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд дэд байр, УИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Цэцэн түшээ-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж байв.[75]
Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн аварга эмэгтэй Антоанета Стефанова нараас гадна Монголын их мастеруудтай тоглож байв.[76] Хувьдаа шатрын баялаг цуглуулгатай. 1994 онд Энэтхэгт суралцаж байхдаа зандан модоор хийсэн шатар олж авч, их баярлаж байснаа дурссан нь бий. 2024 оны 12 дугаар сард болсон Монголын шатрын холбооны Их хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.[77]
Ном унших дуртай. 2023 оны Үндэсний номын баярын үеэр, унших дуртай номоосоо зургааг сонгон “Instagram” хуудсаараа олон нийтэд сонирхуулсан нь: Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хос уянга”, Жорж Фридманы “The Next 100 Years”, Жэймс Фишкиний “When The People Speak”, Фёдор Достоевский, Үй Хуагийн зохиолууд, Сүнзийн “Дайтах урлаг” байв.[78]
Мөн усанд сэлэх дуртай. Хөлбөмбөгт хорхойтой. Испанийн “Реал Мадрид” багийг дэмждэг.
Сонирхолтой баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Оюутан Г.Занданшатарыг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.Пушкины шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжлээд уншиж өгч, ой сайтайгаараа гайхагдаж байжээ.
- Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний 6-г Австрали улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй аж.[79]
- Украин Улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм.
- Долоогийн тоо түүний амьдралд учир холбогдолтой юм шиг байдаг нь бий. 1970 онд төрсөн, 1977 онд 7 настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн. 1987 онд 10 дугаар ангиа дүүргэсэн.[80] УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн 7 дугаар тойргоос дэвшин ялалт байгуулж байсан.
Ном бүтээл
[засварлах | кодоор засварлах]1994–2025 онд төр, эдийн засаг, ардчиллын сэдвээр 15 гаруй ном, орчуулгын бүтээл туурвисан.[81] Тэдгээрээс дурдвал:
- Гадаад худалдааны санхүүжилт”. 1995 он
- “Арилжааны банкны санхүүгийн менежмент”. 1995 он
- “Корпорацийн санхүү” гарын авлага. 1994 он
- “Мөнгөний үнэ цэнэ” гарын авлага. 1994 он
- “Хөдөө аж ахуйн шинэчлэлийн санхүүжилтийн механизм”. 2003 он
- “Хөдөө аж ахуйн банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө”. 2003 он
- "Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал”. 2015 он
- “Зөвлөлдөх ардчилал-хөгжлийн гарц”.[82] 2015 он
- Жэймс Фишкин. “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй: Зөвлөлдөх ардчилал ба олон нийтийн хэлэлцүүлэг”. Орчуулга. 2015 он[83] [84]
- “Нэг Монгол-Нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”.[85] 2016 он
"Улс төрд удаан хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн". Стэнфордын их сургуулийн зочин судлаач Г.Занданшатар [86]
"Монгол Улсын Үндсэн хуульд... иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтцэд байлгана гэсэн санааг тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх ардчилал”-ын аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна". Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл [87]
“Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон, асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд, үр дүн авчрах нь тодорхой юм байна”."Mongolian Economy" сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаяр [88]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Монголын хөгжилд Оюутолгой, Тавантолгой чухал. Гэхдээ монгол толгой бүүр чухал.
- Ардчилал гэдэг нь ардын засаг гэсэн үг. Ардын засаг гэдэг нь төрийн бүх эрх ард түмний мэдэлд гэсэн үг.
- Зүү олохын тулд тэмтрэх хэрэгтэй. Зөвийг олохын тулд зөвлөлдөх хэрэгтэй.
- Хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал. [89]
- Улс төрийн нам улс орноо хөгжүүлэх уураг тархи нь байх учиртай.[90]
- Монгол нь Оросын төрт ёсны эх, Хятадын бүтээн байгуулалтын эцэг мөн.
- Дарга төвтэй намаас гишүүд төвтэй нам руу, олон нийтийн намаас мөрийн хөтөлбөрийн нам болох нь намын шинэчлэлийн эх сурвалж.[91]
- Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш.[92]
- Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй.[93]
- Монгол улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга.[94]
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Засгийн газар https://mongolia.gov.mn/
- Монгол Ардын Нам http://www.nam.mn/
- Стэнфордын их сургуулийн Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын хүрээлэн http://cddrl.fsi.stanford.edu/
- Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн https://deliberation.stanford.edu/
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ https://ikon.mn/n/3fgr Монгол улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсон. 2025.06.13
- ↑ https://www.ub.life/p/260327-yjbd3c
- ↑ 3.0 3.1 iKon.mn, Н. Эрхбаяр (2026-03-27). "Г.Занданшатар Монголын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайд боллоо". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-28.
- ↑ https://www.touristinfocenter.mn/cate13_more.aspx?ItemID=155
- ↑ https://www.ulsturch.mn/a/44339
- ↑ https://www.youtube.com/watch?v=u_yheu9linc
- ↑ https://www.youtube.com/watch?v=u_yheu9linc
- ↑ https://www.youtube.com/watch?v=u_yheu9linc
- ↑ https://www.ulsturch.mn/a/51545
- ↑ https://www.ulsturch.mn/a/44339
- ↑ https://zandanshatar.parliament.mn/nn/62372/
- ↑ https://zandanshatar.parliament.mn/nn/62372/
- ↑ https://zandanshatar.parliament.mn/nn/62372/
- ↑ 14.0 14.1 "Бага нас". Parliament.mn - Монгол Улсын Их Хурал. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ 15.0 15.1 15.2 15.3 https://www.24tsag.mn/a/169617
- ↑ https://zandanshatar.parliament.mn/nn/62375/
- ↑ 17.0 17.1 "Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо". Parliament.mn - Монгол Улсын Их Хурал. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ 18.0 18.1 18.2 18.3 18.4 https://www.uih.mn/zandanshatar
- ↑ 19.0 19.1 "Монгол Улсын Ерөнхий сайдын намтар". mongolia.gov.mn. 2025-12-20. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "Улс төр". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://www.24tsag.mn/a/169617 Зэрэг нэмж байгаа Г.Занданшатар. 2019.02.01
- ↑ https://www.24tsag.mn/a/169617
- ↑ https://legalinfo.mn/mn/detail?lawId=6589
- ↑ "Монгол Улсын Ерөнхий сайдын намтар". mongolia.gov.mn. 2025-12-20. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ gogo.mn. "Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо". gogo.mn. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ gogo.mn. "Гадаад бодлогын үзэл баримтлалын тухай тогтоолын төсөл өргөн барив". gogo.mn. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ gogo.mn. "Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлана". gogo.mn. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ gogo.mn. "Хууль бус наймаа хийсэн дипломат ажилтан ажилгүй болно". gogo.mn. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://legalinfo.mn/mn/detail?lawId=13240
- ↑ https://ikon.mn/n/2f97 УИХ: Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогоолын төслийг эцэслэн батлав.
- ↑ https://www.parliament.mn/nn/10787/ Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо
- ↑ admin. "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн цэцэд өргөн барив". Татаж авсан: 2025-12-20.[permanent dead link]
- ↑ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчлон баталгаажууллаа". Parliament.mn - Монгол Улсын Их Хурал. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://www.parliament.mn/nn/10362/
- ↑ News.MN (2023-05-31). "Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "ШИНЭЧЛЭГЧ". www.ulsturch.mn (Англи хэлээр). 2025-09-24. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ iSee.mn. "Г.Занданшатар: Хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ". iSee.mn. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өндөрлөв". Parliament.mn - Монгол Улсын Их Хурал. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ iSee.mn. "Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсголд нийт 356 гэрч оролцжээ". iSee.mn. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем ажиллаж эхэллээ". Parliament.mn - Монгол Улсын Их Хурал. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг аравдугаар сарын 17-нд танилцуулна". www.24tsag.mn. 2023-10-10. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://news.mn/r/2083785/
- ↑ https://www.shuud.mn/a/461733 Г.Занданшатар: Иргэдэд сонголт хийх боломжийг олгоно
- ↑ www.ulaanbaatar.mn (2015-12-09). "Жэймс Фишкин: Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороо нь багагүй үүрэгтэй ажилладаг". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ gogo.mn. "Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл дэмжлэг авах уу". gogo.mn. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://duuren.life/post/2003 Зөвлөлдөх санал асуулгын үр дүнг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2023.02.17
- ↑ https://www.facebook.com/ubn.mgl (2024-06-05). "Г.Занданшатар: УИХ, ЗГ-аас хэрэгжүүлсэн реформуудын дүнд 2016 онд 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрлээ". Улаанбаатар ньюс. Татаж авсан: 2025-12-20.
{{cite web}}:|last=has generic name (help); External link in(help)|last= - ↑ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо". cnbc.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ iKon.mn, Н. Эрхбаяр (2025-06-03). "Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ "Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо". parliament.mn.
- ↑ iKon.mn, А. Ням-Өлзий (2025-06-13). "Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдлоо". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.
- ↑ А, Ням-Өлзий (2025-06-17). "ТАНИЛЦ: Үндэсний хороодыг татан буулгаж, 9 сайдыг шинээр томилж, 10 сайдыг үргэлжлүүлэн ажиллуулах гэж байна". ikon.mn. Татаж авсан: 2026-02-25.
- ↑ "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдлээ". www.assa.mn. 2025-09-12. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ iSee.mn. "Д.Амарбаясгалан: Би нэрээ татахгүй, МАН-ын даргад нэр дэвшинэ". iSee.mn. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ https://www.facebook.com/ubn.mgl (2025-09-12). "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдлээ". Улаанбаатар ньюс. Татаж авсан: 2025-12-21.
{{cite web}}:|last=has generic name (help); External link in(help)|last= - ↑ iKon.mn, А. Ням-Өлзий (2025-09-28). "Эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 56, Г.Занданшатар 44 хувийн санал авсан бол дахин санал хураалтаар Д.Амарбаясгаланг ялсан гэж үзэв". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ iKon.mn, Н. Эрхбаяр (2025-10-17). "35 жилийн хугацаанд анх удаа нэг өдрийн дотор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулав". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ Б.Мөнгөнтамир (2025-10-20). "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ gogo.mn. "Яагаад: ҮХЦ шууд маргаан үүсгэсэн үндэслэл, мөн шийдвэрлэх процессын тухай". gogo.mn. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ admin. "Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2025, №08)-ийн тойм" (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ Нэргүй, Г. (2025-10-24). "Ерөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ time.mn. "О.Цогтгэрэл: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй". time.mn. Татаж авсан: 2026-03-28.
- ↑ "Өнөөдөр АН чуулганд оролцохгүй бол Засгийн газрын хувь заяа бүрхэг болно". sonin.mn. Татаж авсан: 2026-03-28.
- ↑ gogo.mn. "Н.Учрал: УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай". gogo.mn. Татаж авсан: 2026-03-28.
- ↑ iKon.mn, Н. Эрхбаяр (2026-03-27). "Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-28.
- ↑ gogo.mn. "ЧУУЛГАН: Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө". gogo.mn. Татаж авсан: 2026-03-28.
- ↑ https://eguur.mn/602975/
- ↑ https://duuren.life/refence/568
- ↑ https://duuren.life/refence/568
- ↑ https://duuren.life/refence/568
- ↑ https://duuren.life/refence/568
- ↑ "Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч боллоо". duuren.life (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://duuren.life/post/4685 Г.Занданшатарын дуртай зургаан ном.
- ↑ https://www.24tsag.mn/a/169617
- ↑ https://www.polit.mn/a/104421 Шинэчлэгч
- ↑ "Монгол Улсын Ерөнхий сайдын намтар". mongolia.gov.mn. 2025-12-20. Татаж авсан: 2025-12-20.
- ↑ https://catalog.must.edu.mn/bib/55128
- ↑ https://eguur.mn/589976/
- ↑ https://ikon.mn/n/kwt
- ↑ https://news.mn/r/2118716/
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-12-20. Татаж авсан: 2016-02-26.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-12-20. Татаж авсан: 2016-02-26.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-05-18. Татаж авсан: 2016-02-26.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://www.ikon.mn/n/oas ikon.mn сайтын “Leaderships forum” буланд өгсөн ярилцлагаас.
- ↑ Archive copy (Memento 28. Хоёрдугаар сар 2016 цахим архивт) “Улс орны тархи нь нам байх учиртай” нийтлэлээс.
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-02-28. Татаж авсан: 2016-02-26.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://duuren.life/post/11942 Маргааш болох МАН-ын Бага хурлын өмнө Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын "Фэйсбүүк" хуудсаараа ийн мэдэгдлээ. 2025.09.26
- ↑ https://duuren.life/post/11980 Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн ордонд Ерөнхий сайд Г.Занданшатарын хийсэн мэдэгдэл. 2025.09.30
- ↑ https://duuren.life/post/12778
- Articles with dead external links from Нэгдүгээр сар 2026
- 1970 онд төрсөн
- Монголчууд
- Баацагааны хүн
- Эрхүүгийн Улсын Их Сургуулийн төгсөгч
- Монголын эдийн засагч
- Монгол Ардын Намын гишүүн
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Монголын гадаад хэргийн сайд
- Монголын худалдаа хөгжлийн сайд
- Монголын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- УИХ-ын дарга
- Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
- Алтан гадас одон шагналтан
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (3-р зэрэг)