Мангалын Дүгэрсүрэн
Мангалын Дүгэрсүрэн (1922 оны 2 сарын 15 -нд Сайн ноён хан аймгийн Дашдоо гүнгийн хошуунд /өнөөгийн Баянхонгор аймгийн Галуут сум/ төрсөн- † 2002 оны 7 сарын 27) Монголын Төрийн зүтгэлтэн, анхны мэргэжлийн дипломатчдын нэг, Гадаад явдлын яамны сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Сайн ноён хан аймгийн Цогтой гүний хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Галуут суманд[1] “Бор үзүүр” гэдэг газар ард Мангалын 6 дахь хүү болон төржээ.
1932-1935 онд Баянхонгор аймгийн бага сургууль, 1935-1938 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын дунд сургуулийг дүүргэж 1938-1940 онд Улаанбаатар хотод анх байгуулагдсан дээд сургуулийн бэлтгэл ангид орж суралцсан.
1940-1941 онд ЗХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль. 1941 онд Улаан-Үд хотын Монгол Рабфакт суралцсан байна.
1941-1942 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын дунд сургуульд багшаар ажилласан. 1942-1944 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн багш.
1944-1946 онд МУИС-д элсэн орж тоо-физикийн ангид суралцаж байгаад 1946 оны намар ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны сургуульд суралцахаар явжээ.
- ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны сургуулийг 1951 онд олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. Тус сургуулийн анхны таван монгол төгсөгчдийн нэг.
- 1951-1953 онд ГЯЯ-ны Европын хэлтсийн орлогч, хэлтсийн эрхлэгч.
- 1953-онд МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга
- 1954 онд Хууль зүйн яамны орлогч сайд.
- 1956-1958 онд ГЯЯ-ны орлогч сайд.
- 1959 оны 1-р сараас 1962 оны 11-р сард БНМАУ-аас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, мөн түүнчлэн Балба, Мьянмар улсуудад суух элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэсэн.
- 1962-1963 онд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд.
- 1963-1968 онд Гадаад явдлын яамны сайд
- 1968-1972 онд БНМАУ-аас Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч.
- 1972-1976 онд БНМАУ-аас НҮБ-ын Женев дэх салбарын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч.
- 1976-1988 БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд.
- 1988-1991 онд БНМАУ-аас Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан.
Монгол Улсын гадаад бодлогыг үзэл суртлаас чөлөөлөх, нээлттэй болгох хөрс суурийг тавилцсан хүн гэж үздэг.
1951 оноос МАХН-ын Төв Хорооны гишүүн.
Улс эх орныхоо өмнө түүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон ойн медалуудаар шагнажээ. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цол 1963 онд хүртсэн.
1982 онд ЗХУ-ын "Ард түмнүүдийн Найрамдал" одонгоор шагнуулсан.
М.Дүгэрсүрэн, О.Хосбаярын хамт 1998 онд “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс”, 2000 онд “Олон улсын эрх зүй” ном туурвиж хэвлүүлсэн.
Тэрээр 2002 оны 7-р сарын 27-нд Улаанбаатар хотод нас барсан.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]ГЯЯ-ны орлогч сайд агсан Дарамын Ёндон:-"-М.Дүгэрсүрэн нь 1982 он хүртэл Элчин сайд, НҮБ, түүний Женев дэх салбарын дэргэдэх Байнгын төлөөлөгч, ГЯЯ-ны орлогч, жинхэнэ сайдаар олон жил ажилласнаас гадна 1962 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 20 удаа оролцохдоо монголын төлөөлөгчдийг 10 удаа тэргүүлсэн, туршлагатай, олон улсын харилцааны мэдлэг сайнтай, өөртөө болон өрөөл бусдад хатуу шаардлага тавьж ажилладаг мэргэжлийн дипломатч байв. Тэрбээр тушаал зиндаа нэгтэй нөхдийн дотроос сайд шиг сайд байсан юм. Түүнийг яхир хатуу зантай гэх бөгөөд удирдах дээд дарга нарт ая тал засах гэдэггүй, ажил төрөл, зарчмын асуудлаар хэлэх гэснээ шулуухан хэлдэг нэгэн байв." гэж номондоо дурссан байдаг.
2022 оны 11-р сарын 21-нд Монгол төрийн зүтгэлтэн, хорьдугаар зууны монголын манлай дипломатуудын нэг, Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг Гадаад харилцааны яаманд тэмдэглэж бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн үзүүлжээ.
2022 оны 11-р сард МУИС-ын Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг анхны мэргэжлийн дипломатчдын нэг, Гадаад яамны сайд агсан Мангалын Дүгэрсүрэнгийн нэрэмжит болгосон. Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг Мангалын Дүгэрсүрэнгийн нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, ГХЯ-ны дэд сайд Г.Амартүвшин, ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр, МУИС-ийн доктор Д.Бадарч, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Ц.Гомбосүрэн, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, дипломатч Ж.Энхсайхан, Х.Бэхбат тэргүүтэй хүндэт зочид М.Дүгэрсүрэнгийн гэр бүл, үр хүүхдүүд МУИС, ОУХНУС-ийн хамт олон 50 гаруй зочид төлөөлөгчид оролцов.
"ХХ зууны Монголын манлай дипломатч М.Дүгэрсүрэн" ном "Адмон принт"ХХК, 2022 онд хэвлэн гарсан.
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ ikhzasag_diplomat.miniih.com (Memento 4. Гуравдугаар сар 2013 цахим архивт): Элчин сайдуудын намтар, хандсан 2016-07-19