Jump to content

Санжийн Гиваабалжир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Санжийн Гиваабалжир (1891 онд Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошуу буюу өнөөгийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Мөрөн гэдэг газар төрсөн- 1965 онд нас барсан) -Монгол Улсын Гадаад яамны сайдаар 1924.02.26-1925.02.19-ний хооронд томилогдон ажилласан хүн.

С.Гиваабалжир багын сэргэлэн цовоо, аливаа зүйлийг тогтоож авахдаа авхаалжтай хүүхэд байжээ. Тэднийх угийн ядуу айл байсан тул хошуу ноён Пүрэвжавын авга ах Дандгай тайжийнд гэр бүлээрээ зарцлагдан малыг нь маллаж байхдаа хуучин монгол бичгийг гэрээр заалган суралцсан байна.

1908 оны 2-р сард Сайн ноён хан аймгийн Загийн голын Биндэръяа нуурын чуулган даргын газарт байгуулагдсан монгол, манж хэл бичгийн тэнхимд орж суралцан бичиг үсэг, манж хэлэнд сайн гэгдэж нутаг хошуундаа нэрд гарсан байна.

С.Гиваабалжир 1911 оноос Наран хутагтын шавь Пүрэв гүний хошууны Тамгын газар тал, бүтэн бичээч хийж байсан.

1921-1923 онд Хүрээмарал уулын хошууны туслах, захирагч, тушмэл, худаддааны төлөөлөгч, Улиастайд суух Засгийн газрын баруун таван аймгийн шашны төлөөлөгч, аймагтаа Засгийн газрын төлөөний түшмэл зэрэг ажлыг хийсэн.

Тэрээр 1923 онд Хүрээмарал уулын хошууны 57 дугаар үүрт намын гишүүнээр элсэж, тэр жилдээ Цэцэрлэг Мандал уулын аймгийн анхдугаар хурлаар Захиргааны зарга шийтгэх хэлтсийн даргаар сонгогджээ.

С.Гиваабалжир Улсын I, II, III, IV их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон төрийн анхны зүтгэлтнүүдийн нэг бөгөөд II хурлын дэд даргаар сонгогдон хурал удирдаж байжээ. БНМАУ-ын Бага хурлын 1924 оны 11 дүгээр сарын 26- ны өдрийн анхдутаар хурлын 15 дугаар тогтоолын зургадугаар зүйлд Бага хурлын гишүүнээр 30 хүн сонгогдоход С.Гиваабалжир оржээ.

Мөн 1924 оны 2-р сарын 29-ний өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын тавдугаар зүйлд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдаар томилогдсон байна. Монгол улсын нэрт удирдагч Б.Цэрэндорж, А.Амар зэрэг хашир туршлагатай чадварлаг олон хүмүүст үнэлэгдэн шалгарч байжээ.

БНМАУ-ын Засгийн газрын эрхлэх товчооны 1925 оны 11-р сарын 25-ны өдрийн 145 дугаар хурлаар түүнийг Цэцэрлэг Мандал уулын аймгийн Ерөнхий даргаар сонгон баталснаар Улсын бага хурлын гишуүн, ГЯЯ-ны сайдаас чөлөөлжээ.

С.Гиваабалжир 1933 онд гэр бүлээрээ хөдөө гарч, мал маллан амьдарч байтал дахин дуудагдаж, 1934 оноос аймагтаа Засгийн газрын Онц бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан.

1930-1940-өөд оны хэлмэгдүүлэлтийн үед С.Гиваабалжирыг хэд хэдэн удаа баривчлан хорьжээ. Гиваабалжир Жонон гүний хошууны занги, залан, захирагч тушаалыг арав гаруй жил хийж явсны дараа 1932 онд улс төрийн цуурхал гаргаж, нийтийн сэтгэл санааг үймүүлсэн хэмээн баривчлагдаж долоон сар мөрдөгдөөд нийтийн өршөөлөөр суллагдсан юм. 1938 онд шоронгоос суллагдаж, нутагтаа ямар нүүрээрээ очих юм гэж хэлээд Улаан-Үд хотод очиж манж, монгол, орос хэлний орчуулагчаар ажиллаж байгаад 1963 онд Алтанбулаг хотод ирж амьдарч байгаад 1965 онд нас барсан байна.

Гиваабалжирын гэмт хэрэг гэгч нь ор үндэсгүй байсан тул 1992 оны 5-р сарын 20-нд БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 77 дугаар магадлалаар цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн юм.