Элчин сайд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Элчин сайд нь гадаад улсад болон олон улсын байгууллагад өөрийн улсаа төлөөлөн сууж буй хамгийн өндөр албан тушалтан, өөрийн орны иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат дээд зэрэг, цол бүхий албан тушаалтан юм. Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн дагуу Элчин сайд нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг. Элчин сайдын зэрэг, цол зарим улс оронд ялгаатай онцлог байх хэдий ч олон улсын нийтлэг хэрэглэгдэх "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" гэсэн гуншинг дэлхий даяар хэрэглэнэ. Элчин сайд нь аливаа нэг улс оронд эсвэл олон улсын байгууллагын дэргэд суухаас гадна онцгой үүрэг хүлээсэн "Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд" гэсэн албыг нэрлэх нь бий.

Хадмал
Монгол үсгээр Elcin sayid.PNG
монгол кирилл. элчин сайд


Элчин сайд хэмээх үгийн талаар[засварлах | edit source]

Дундад зууны үеийн англи хэлээр ambassadour, англи-францаар ambassadeur, латин гаралтай Ambaxus-Ambactus /сайд/ гэсэн үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд XIV дүгээр зуунаас эхлэн анх хэрэглэж эхэлсэн. Мөн зарим судлаачид энэ англи үгийг амбан сайд гэдэг монгол үгнээс үүдэлтэй гэж тайлбарладаг.

Элчин сайдын зорилго, үйл ажиллагаа[засварлах | edit source]

Элчин сайд нь гадаад оронд суугаа Элчин сайдын яамаа тэргүүлнэ. Элчин сайдын үндсэн зорилго, үйл ажиллагаа бол албан ёсоор өөрийн улсын эрх ашгийг хамгаалж, улсынхаа дээд удирдлагыг төлөөлөх юм.  Мөн Элчин сайд нь суугаа оронтой улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тухайн гадаадад улсад буй өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон асуудлууд байдаг. Өөрийн албан үүргээ ямарваа саад бэрхшээлгүй биелүүлэхийн тулд суугаа орныхоо төрийн байгууллагуудтай харилцахаас гадна тухайн орны улс төрийн сөрөг хүчин, олон нийтийн байгууллагуудтай харилцах эрхтэй байдаг. Элчин сайдыг өөрийн улсаа бүрэн төлөөлөх боломжоор хангах үүднээс "1961 оны Венийн дипломат конвенц"-ын дагуу дипломат халдашгүй эрх эдэлдэг. Элчин сайд, түүний гэр бүл амьдарч буй газрыг Элчин сайдын Өргөө /Residence/ гэнэ.  Элчин сайдын Өргөө, ЭСЯ-ны байр болон унаж буй тээврийн хэрэгсэл мөн дипломат халдашгүй дархан эрхт газарт тооцогдоно.

Дипломат халдашгүй дархан эрх, ажил үүрэг[засварлах | edit source]

Элчин сайд нар олон улсын эрх зүйн байдлын дагуу бүрэн дипломат халдашгүй дархан эрх эдэлдэг.  Дипломат халдашгүй дархан эрхийг 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцаар зохицуулдаг. Элчин сайд нарыг тус улсын Төрийн тэргүүн томилдог бөгөөд өөрийн орны Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага дор ажилладаг.

Агреман[засварлах | edit source]

Төрийн тэргүүн Элчин сайдыг албан ёсоор томилсоны дараа өөрийн Гадаад хэргийн яамнаас суух  гэж буй орноос албан ёсоор “агреман” (фр. agrément) буюу тухайн суух гэж буй орны зөвшөөрөл албан ёсоор асуудаг.

Элчин сайдын албан үүргээ хэрэгжүүлж эхлэх

Элчин сайд тухайн харийн оронд ирмэгц Итгэмжлэх жуух бичгээ /ИЖБ/ тэр орныхоо дипломат ёслолын журмын дагуу Төрийн тэргүүнд нь барьсанаар Элчин сайд албан ёсоор үүрэгт ажилдаа орсон гэж тооцдог. Албан ёсоор Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд гэнэ.

Эх сурвалж[засварлах | edit source]