Шатар
Шатар (Монгол:Шитар-а, Халимаг: Шатр, Буриад: Шатар; Самгарди: चतुरङ्ग Чатуранга, "дөрвөн анги"; Перс: شَطْرَنْج Шатранж, Орос: Шахматы, Англи: Chess Чэсс) нь хоёр хүн хоорондоо ширээний ард тоглодог хөлөгт тоглоом юм. Энэ тоглоомд урлаг, шинжлэх ухаан спортын элементүүд ордог байна. Өнөө үед энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шатрын үүсэл гарлыг яв цав тогтоогоогүй ч Энэтхэг улсад МЭ 6-р зуунд үүссэн гэдэгт бараг бүх эрдэмтэд санал нэгддэг.
15-р зууны хагасаар Энэтхэг улсын Шатранг гэх тоглоомоос үүсэлтэй гэж бас үздэг юм. Шатар Энэтхэгээс Зүүн болон Өмнөд Ази руу тархаж улмаар Иранд хамгийн өргөн дэлгэрчээ. Ухааны давуугаар хождог энэ тоглоомд арабчууд шунан дурлаж өөрсдийнхөөрөө “шатранж” хэмээн нэрлэх болжээ. Арабчууд шатар тоглохоос гадна шатрын бодлого, этюд зохион тодорхой байрлалууд дээр дүн шинжилгээ хийдэг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Арабт ихээхэн хөгжиж байсан шатар Европт дэлгэрэнгүүтээ хурд нь саарчээ. Католик сүмээс шатрыг хориглож байв. 10-15 дугаар зуун бол шатрын уналтын үе байлаа. Харин 16 дугаар зууны үед шатар одоогийн байгаа хэлбэрээ олон хөгжиж эхэлсэн байна. Шатрыг ихэс дээдэс төдийгүй, жирийн иргэд ч тоглох болжээ.
Европчууд тоглоомыг өөрчилснөөр 15 дугаар зууны үед "сонгодог" дүрмүүд гарч ирэв. 19 дүгээр зуунд олон улсын тэмцээнүүдийг системтэй зохион байгуулж байх үед дүрмийг эцэслэж стандартчилжээ. 1886 оноос хойш шатрын дэлхийн аварга цолыг хүртээж эхэлсэн байна. 1924 онд Дэлхийн шатрын холбоо - ФИДЕ байгуулагдсан бөгөөд 20 дугаар зууны дунд үеэс эхлэн олон улсын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байна.
Дэлхийн шатрын холбооны санаачилгаар 1966 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 20-нд олон улсын шатрын өдрийг тэмдэглэж байхаар болжээ.
Тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом юм. Найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд:
- 1 Ноён
- 1 Бэрс
- 2 Тэрэг
- 2 Морь
- 2 Тэмээ
- 8 Хүү
Тоглоомын зорилго бол эсрэг талын Ноён руу довтолж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгох явдал юм.
АНУ-ын судлаач эрдэмтдийн гаргасан тооцоогоор шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Тэдгээрийн 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог юм байна. Шатар бол спортын нэг төрөл бөгөөд оюуны спорт гэж нэрлэх нь ч элбэг байдаг.
Шатарт цагаан тал нь эхэлж нүүдэг.
Шатар Монголд
[засварлах | кодоор засварлах]Монголд шатар 13-14-р зууны үед Персээс ирсэн гэж үздэг. Шатрын дүрс, тоглоомын явцыг тэмцэл тулаантай адилтган өгүүлсэн байдгаараа Энэтхэгтэй тун төстэй. Монгол шатарт “Тэрэгтэй морин довтолгоо”, “Yр гэсэн тэмээний өрсөлт”, “Хоёр тэмээний тэшилт”, “Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд, “Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, “Алаг арав”, “Морин дөрөв”, Морин гурав”, “Түмэн түүхий”, “Холбоо үгийн чимэгт хорт таван шаг”, “Буурал морины бухалт”, “Уран бэрийн хожил” зэрэг уран сайхан хожлууд байдаг нь үлгэр домогт хадгалагдан ирсэн байна. Монгол шатар олон онцлогтой. Монголчууд шатрыг мод, яс, чулуугаар сийлж урладаг. Монгол шатрын хүү нь нохойн дүрстэй, уламжлалаар “гөлөг” гэнэ. Монгол шатрын тэрэг нь үхэр тэрэг дүрстэй, анхны үүсэл дүрс, хэллэг нь “үхэр” бөгөөд хөгжлийнхөө явцад тэрэг гэх болсон аж. Монгол шатрын морь, тэмээ нь анхны дүрс хувилбараараа байдаг. Монгол шатрын бэрс нь арслан, барын дүрстэй, уламжлалаар “нохой” аж. Монгол шатрын ноён нь олбог сэнтийдээ заларсан эрх ямбат ”хүн” дүрстэй. Монгол шатарт Монголын түүх уламжлал, ахуй зан заншил нэвт шингэсэн байдаг. Анх ан агнуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрслэл хэрэглээ байснаа дайн байлдааны тактик, маневр хувилбарын олон дүрст хөлөгт (Палигонь) талбар болсон байх юм. Хожим оюун ухаанаа уралдуулдаг талбар буюу хөлөгт тоглоомууд үүссэн. Монголчууд зуу гаруй хөлөгт тоглоом тоглодгоос хамгийн гайхалтай нь монгол шатар болой.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол шатрын суурь дээр 1930-аад оны дунд үеэс манай оронд орчин үеийн шатар дэлгэрэн хөгжиж эхэлсэн бөгөөд 1935 оны 6 дугаар сард Улаан-Үд хотноо болсон Бүх Сибирийн 2 дугаар тэмцээнд Санжаажамц, Гивааннинж нар оролцож байжээ. Мөн Улсын 14 жилийн ойгоор шатрын тэмцээн зохиож, тэргүүний гэгдэх 15 шатарчин оролцсоноос Д.Адьяа түрүүлж байжээ. 1948 оноос Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байжээ.
Монголын шатрын холбоо Олон улсын Шатрын холбоонд 1955 оны 10-р сарын 8-нд элссэн түүхтэй.
1956 онд Москва хотноо зохиогдсон Дэлхийн шатрын 12 дугаар олимпиадад Монголын баг анх оролцсоноос хойших хугацаанд хөгжлийн түвшин нь эрс дээшилсэн гэж шатрын мэргэжилтнүүд үнэлдэг.
Дэлхийн шатрын олимпиадад багаараа 21 удаа оролцон, ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж, эрэгтэйчүүд 1970 онд 60 орноос 16 дугаарт, эмэгтэйчүүд 1990 онд 46 орноос 12 дугаар байрт шалгаран багийн дээд амжилтыг тогтоожээ.
Азийн бүсийн АШТ-д 4 удаа (Л.Мягмарсүрэн-1966, Т.Yйтүмэн-1969, С.Хандсүрэн-1972, Ц.Батцэцэг-1990 нар тус бүр нэг) түрүүлэн ДАШ бүс хоорондын тэмцээнд шалгарчээ. Азийн бүсийн АШТ-ээс 1999 онд Д.Шаравдорж хүрэл, 2003 онд Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэж багийн АШТ-д (1995) Б.Хатанбаатар ширээндээ түрүүлж байжээ. Ази тивийн залуучуудын АШТ-ээс 1992 онд Б.Хатанбаатар алт, өсвөрийн шатарчдын тивийн АШТ-ээс 1998 онд Г.Эрдэнэ алт, 2004 онд Т.Халиун хүрэл медаль тус тус хүртэцгээжээ. Дэлхийн багийн аварга шалгаруулах шатрын бодлого зохиомжийн анхдугаар тэмцээний (1975) хамжаа мадын төрөлд С.Чимэдцэрэн 2 дугаар байрт шалгарч байсан байна. Спортод гаргасан амжилтаа үнэлүүлж, шатарчдаас 3 гавьяат цолтон төржээ.
Монгол улсын Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг Шатар чулууны хөшөө дурсгал бол манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Энэхүү буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрддэг байна. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байх ба Шатар чулууны тухай нэн сонин домог байдаг ажээ. Энэ нь монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн Шатар чулууны хөшөөг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. Мөн үүгээр монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн яриа байдаг билээ.
Дүрэм
[засварлах | кодоор засварлах]Шатрын хөлөг нь 64 нүдтэй. Шатар 16 цагаан, 16 хар нийт 32 дүрстэй. Ахмад нь цагаан талаа сонгодог ёс эртнээс уламжлагдан ирсэн. Шатрын 64 нүдтэй хөлгийн босоо нүднүүдийг латин үсгээр /A-H/ тэмдэглэдэг, хэвтээ нүднүүдийг 1-8 хүртэл тоогоор тэмдэглэж нүд бүрийг босоо үсэг, хэвтээ тоогоор нэрлэгддэг байна.
Цагаан нь эхний болон хоёрдугаар хэвтээ эгнээнд, хар нь долоо, наймдугаар хэвтээ эгнээнд байралдаг. Хүүнүүд хоёр болон долоодугаар хэвтээ эгнээнд байрладаг.
Хожихын тулд зөвхөн эсрэг тоглогчийнхоо ноён гэж нэрлэгдсэн дүрсийг мадлахад хангалттай.
Барьснаа нүүх, айлын юманд хүрсэн бол заавал идэх хатуу дүрэмтэй.
Шатар тоглох үеүд
[засварлах | кодоор засварлах]Шатарын онолоор тоглолтын нээлт (дебют), дунд үе (миттельшпиль), төгсгөл үе (эндшпиль) гэсэн гурван үе шат байдаг.
Нээлт (дебют) бол тоглоомын эхний үе шат бөгөөд эхний 10-15 нүүдлийг хэлдэг. Нээлтийн үеэр тоглогчдын гол үүрэг бол өөрсдийн хүчээ дайчлах, дайсантай шууд мөргөлдөхөд бэлтгэх, гол мөргөлдөөн эхлэх явдал юм. Тоглоомын нээлтийн үе шат нь онолын хувьд хамгийн сайн судлагдсан, нээлтийн том ангилал байдаг, янз бүрийн хувилбараар оновчтой арга хэмжээ авах зөвлөмж боловсруулсан, олон тооны амжилтгүй нээлтийн системийг устгасан.
Миттельшпиль бол тоглолтын дунд үе бөгөөд "Дебют" хийсний дараах үе шат юм. Шатрын гол үйл явдлууд ихэвчлэн болдог үе (нээлтийн үеэр ялалт байгуулсан тохиолдол маш ховор байдаг). Энэ нь самбар дээрх олон тооны хүү, бодууд, идэвхтэй маневр хийх, довтолгоо, сөрөг довтолгоо, гол цэгүүдийн өрсөлдөөн, гол төлөв төвийн хувьд онцлогтой байдаг юм. Тоглоом энэ үе шатанд аль хэдийн дуусч магадгүй бөгөөд энэ нь ихэвчлэн талуудын аль нэг нь амжилттай хослуулах үед тохиолддог. Үгүй бол илүү их хэсгийг авсны дараа тоглоом төгсгөлийн үе рүү орно.
Эндшпиль буюу төгсгөл үе бол тоглоомын эцсийн шат юм. Энэ нь самбар дээрх цөөн тооны бог бодоор тодорхойлогддог. Тоглоомын төгсгөлд хүү, Ноёны үүрэг эрс нэмэгддэг ажээ. Төгсгөлийн тоглоомын гол зорилго бол хүүгээ бэрс гаргах явдал юм. Төгсгөлийн тоглолт аль нэг талын ялалтаар, эсвэл зарчмын хувьд ялах боломжгүй байр сууринд хүрсэх буюу тэнцсэнээр дуусдаг.
Хэлэх үг
[засварлах | кодоор засварлах]Эсрэг талын ноёныг гацаанд оруулсан бол,
- Хүүгээр «цод» .
- Тэмээгээр «дуг» .
- Бусад модоороо «шаг» гэх мэтээр хэлдэг байна.