Хурд (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хурд
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэр Скорость (1987-1993 оо.)
Эрэл-Хурд (1999 он)
Гарал Монгол Улс, Улаанбаатар
Хөгжмийн урсгал Хүнд метал Heavy metal Ballad
Хугацаа 1987-одоо
Хамтардаг хөгжимчид Чоно, Харанга
Гишүүдийн нэрс
Дамбын Ганбаяр (1993-)
Дамбын Төмөрцог (1993-)
Дамбын Мөнхбат (2008-)
Дамбын Отгонбаяр (1993-)
Дамбын Отгонбаатар (1993-)
Намсрайжавын Наранбаатар (1993-)
Өмнөх гишүүд
Т.Наранбаатар /Нар Сар/ (1993-2008)

Хурд нь Монголын рок хамтлаг.

Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ. Хурд хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд тоглосон. Хамтлаг анхны "Хар Салхи" Концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 24 удаагийн бүрэн хэмжээний (2.30-3.00) цагийн тоглолтыг хийсэн байна. Эдгээр тоглолтууд дундаас 2005 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд тоглосон "Талархалын тоглолт" 120.000 үзэгч цугларч байснаараа алдартай. Мөн 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг орнуудаар айлчлан тоглож тус орнуудад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ толилуулж иржээ. Хамтлаг энэ хугацаанд нийт 9 CD, 2 DVD-г гаргаж олны хүртээл болгоод байна. Хурд хамтлагийн олон дуу нь Монголын ард түмний дунд ХИТ болон сонсогч олны сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Хурд хамтлаг тоглосон концерт, уран бүтээлүүдээрээ Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан ба бусад олон улсын чанартай тэмцээн уралдаан, хөгжмийн наадмуудад “Гран-При” шагналуудыг удаа дараа авсан байна. 2009 оны 12 сарын 10 нд Монголын Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хурд Хамтлагийн Дуучин Д.Төмөрцог МУГЖ цолоор, хамтлагийн аргил гитарчин Н.Наранбаатар Алтан гадас одонгоор шагнагдсан байна. Хамтлаг эдүгээ мэргэжлийн өндөр түвшинд тоглож, уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Энэ хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнээс 1 гишүүн солигдсон. 1993 оноос хамтлагийн 2 дугаар гитарчинаар тоглож байсан Т.Наранбаатар /Нар Сар/ 2008 онд хамтлагийг орхисон. Хамтлагийн шинэ гишүүнээр Чингис хаан, Чоно хамтлагуудад тоглож байсан туршлагатай гитарчин Д.Мөнхбат хамтлагт нэгдсэн бөгөөд 2008 оны 11 сарын 28,29 нд АСА циркт болсон "Шинэ Концерт" нэртэй тоглолтод Хурд хамтлагтай анх удаа тайзан дээр тоглосон. Д.Мөнхбат нь мөн Хурд хамтлагийн ах дүүсийн нэг буюу нэгэн гэр бүлийн гишүүн юм. Хурд хамтлаг одоогийн байдлаар урын сандаа 250 гаруй дуу 120 орчим видёо клиптэй байгаа бөгөөд 2013 онд хамтлагийн 20 жилийн ой тохиосон байна. Хамтлаг 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд Хурд хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан юм. Үүнд:

A

  • Чоно
  • Цэргийн бодол
  • Аавдаа би хайртай
  • Эх орон

B

  • Болтугай
  • Чи минь байгаа болхоор
  • Ээждээ
  • Зураг шиг бүсгүй
  • Чимээгүй ирэх дурлал

дуунууд багтсан болно. Мөн үүсгэн байгуулагдсанаасаа хойш гаргасан нийт цомгуудаа нэгтгэж "Black BoxSet" /vol 1-12cd/ цомгийг түүхт ойдоо зориулан хэвлүүлжээ. Мөн үзэгч сонсогч фенүүддээ зориулан 12 төрлийн сувенир гаргаж бэлэг барьсан нь олны таашаалд нийцсэн сайхан үйл явдал болсон юм. 2018 онд Хурд хамтлагийн 25 жилийн ой тохиох бөгөөд тус ойн жил дээр "Цэргийн Бодол"/1978 он/ дууны 40 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой юм. 2014 оны 7 дугаар сарын 9 нд Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнагджээ. Мөн 2015 оны 12 сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, тус хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаярыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан нь нэг гэр бүлийн, нэг хамтлагийн 3 дахь гавъяат болж түүхэнд бичигдлээ.

Бүрэлдэхүүн

  • Дамбын Ганбаяр - Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, даралтат болон туслах хөгжимчин
  • Дамбын Төмөрцог - Дуучин
  • Дамбын Мөнхбат - Ритм гитарчин
  • Дамбын Отгонбаяр - Соло гитарчин, арын дуучин, хөгжмийн зохиолч
  • Дамбын Отгонбаатар - Бөмбөрчин
  • Намсрайжавын Наранбаатар - Аргил гитарчин, арын дуучин, дуу бичлэгийн инженер

Хурд хамтлагийн Улаанбаатар хотод тоглосон бүрэн хэмжээний концертууд

Огноо Нэр Газар
1 1995 оны 3 сар Хар салхи Улсын цирк
2 1995 оны 10 сар Хар салхи
3 1996 оны 10 сар Харанхуй СТӨ
4 1997 оны 2 сар Харанхуй
5 1998 оны 5 сар Unplugged UB Palace
6 1999 он Өдөр Шөнө Бөхийн өргөө
7 2000 оны 10 сарын 13 Симфони Хурд Бөхийн өргөө
8 2002 оны 2 сарын 25 Харанга, Хурд хамтарсан тоглолт Бөхийн өргөө
9 2002 оны 10 сарын 19, 20 Мянган жилд ганц Бөхийн өргөө
10 2003 оны 10 сарын 17, 18 Best Ballads UB Palace
11 2004 оны 11 сарын 7 Монголд төрсөн UB Palace
12 2005 оны 6 сарын 24 Урт үс уранхай Jeans (Best Rock) UB Palace
13 2005 оны 7 сарын 11 Талархалын Концерт Сүхбаатарын Талбай
14 2005 оны 12 сарын 8, 9 Acoustic Unplugged 2 СТӨ
15 2008 оны 11 сарын 28, 29 Хурд Шинэ Концерт АСА Цирк
16 2009 оны 6 сарын 27 Acoustic Unplugged 2, Талархалын Концерт DVD Нээлтийн өдөрлөг Irish Pub
17 2010 оны 2 сарын 26, 27 Хайрын Салхи СТӨ
18 2010 оны 3 сарын 18 Цэргийн Бодол 32 жил UB Palace
19 2011 оны 3 сарын 18 Эх орон Эрийн Хийморь UB Palace
20 2011 оны 12 сарын 2, 3 Best Of Hurd UB Palace
21 2012 оны 3 сарын 18 Цэргийн Бодол 2012 UB Palace
22 2012 оны 10 сарын 12, 13 Чи минь байгаа болохоор /Отгонбаяр/ UB Palace
23 2013 оны 3 сарын 18 Цэргийн Бодол 2013 UB Palace
24 2013 оны 11 сарын 29, 30 Хурд 20 жил UB Palace
25 2014 оны 7 сарын 10 Best hits of HURD Misheel Expo
26 2015 оны 3 сарын 8 Инээмсэглэ бүсгүйчүүд UB Palace
27 2016 оны 3 сарын 8 Инээмсэглэ бүсгүйчүүд АСА Цирк

Цомгууд

DVD

Холбоо барих