Jump to content

Дашзэгвийн Амарбаясгалан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дашзэгвийн Амарбаясгалан
[[Зураг:
Official portrait, 2024
|frameless|alt=]]
Монгол Монгол Улсын Их Хуралын дарга
2024 оны 7 сарын 2-ноос хойш
ӨмнөхГомбожавын Занданшатар
Монгол Монгол Улсын Засгийн Газарын гишүүн, Хэрэг эрхлэх газрын дарга
2022 оны 8 сар - 2024 оны 7 сар
ӨмнөхЦэндийн Нямдорж
Монгол Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2016 - 2022
ӨмнөхЖамъянгийн Мөнхбат
Овог нэрДашзэгвийн Амарбаясгалан
Төрсөн1981 оны 11 сарын 27 (1981-11-27)
Тайшир сум, Говь-Алтай, Монгол
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Нам
СургуульГовь Алтай аймгийн 1-р арван жил
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,
Монгол Улсын Их Сургууль
МэргэжилУлс төр судлаач,
Холбооны инженер,
Электроникийн инженер
Цахим хаягFacebook [1] Twitter [2]

Дашзэгвийн Амарбаясгалан (1981 оны 11-р сарын 27-нд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн) - Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, улс төрч бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын гишүүн юм.

Улс төрийн замналаа 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсоноор эхлүүлж, хамгийн залуу төлөөлөгч болж байв. Цаашлаад 2016-2022 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа намын шинэчлэл, хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, 2022-2024 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашсан бөгөөд одоогоор Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байна.

Эхээс дөрвүүлээ тэрээр Говь-Алтай аймгийн харьяат, Дашзэгвийн отгон хүү болон мэндэлжээ. Эцэг Дүгэрийн Дашзэгвэ нь насан туршдаа хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж, Говь-Алтай аймгийн “Жаран жил хоршоолол”-ын дарга, Намын үүрийн даргаар ажиллаж байсан туршлагатай удирдагч байв. Тэрээр малын үүлдэр угсааг сайжруулах, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийн аж ахуй байгуулахад онцгой анхаарч, Норвегийн өндөр ашиг шимт үрээр мах, сүүний чиглэлийн “Норвегийн улаан” үхрийн цөм сүрэг бүрдүүлэх чухал ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Эх Ламжавын Норжин нь боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мянга мянган шавьтай, нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч багш байжээ. Тэрээр залуу хойч үедээ боловсролын үрийг түгээж, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөө өөрийгөө бүрэн зориулсан аж.

Тэрээр 1988-1998 онд Говь-Алтай аймгийн 1-р дунд сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Үүний дараа 1998-2002 онд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд Цахилгаан холбооны инженер – Мэдээлэл хэмжлийн электроник чиглэлээр суралцаж, мэргэжлээрээ төгсөж, 2010-2012 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.

  • 2000-2007 он “Соёмбо принтинг” ХХК-д ерөнхий менежер, захирал
  • 2007-2009 он “Монгол Шуудан” ТӨХК-д  Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он Монгол Ардын Намын Хэрэг Эрхлэх Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах хэлтсийн дарга
  • 2008-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2009-2014 он НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
  • 2015-2016 он Монгол Ардын Намын сонгуулийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга
  • 2016-2022 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2022.08.30-2024.07.02 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын дарга
  • 2024.07.02-ноос хойш Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.

Тэрээр оюутан ахуйдаа том ахынхаа үүсгэн байгуулсан “Соёмбо Принтинг” ХХК-д суралцахын хажуугаар маркетингийн менежерээр ажлын гараагаа эхлүүлжээ.  Төрсөн нутаг Говь-Алтай аймгаас гаралтай Монгол Улсын Ерөнхий сайд байсан Пунцагийн Жасрайн хүү Жанцан агсантай харилцаа холбооны салбарт мөр зэрэгцэн “Монгол Шуудан” компанид Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар 2007-2009 онд ажиллах хугацаандаа шуудан холбооны үйлчилгээний алдагдлыг тэглэж байв.

Улс төрийн замнал

[засварлах | кодоор засварлах]

Д.Амарбаясгалан Монгол Ардын Намд 1999 онд 18 настайдаа элссэн бөгөөд 2007 онд Баянзүрх дүүргийн намын 37-р үүрийн дарга болов. УИХ-ын 2008 оны сонгуулийн кампанит ажлын хүрээнд идэвх зүтгэлтэй ажиллаж, тухайн оны орон нутгийн сонгуульд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Баянзүрх дүүргээс анх удаагаа  сонгогдож, 26 настай хамгийн залуу төлөөлөгч болж байжээ.

Түүний улс төрийн шинэлэг арга барил, залуу боловсон хүчний хувиар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүх МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилж байжээ.

Тэрбээр 2012 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  төлөөлөгчөөр дахин сонгогджээ. Хэдий Монгол Ардын Нам бүх шатандаа ялагдаж, сөрөг хүчин болсон хэдий ч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сөрөг хүчний бүлгийн даргаар сонгогдож, эрс шийдэмгий зоригтой дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлдэг төлөөлөгч хэмээн намын гишүүдийнхээ дунд нэр хүндтэй болжээ.

Нийтийн эрүүл мэндийн төлөөх санаачилга

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга байхдаа Хавдар Судлалын Үндэсний Төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулахад шаардлагатай 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрх баригчдаар шийдвэрлүүлж чадсан нь элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон Монгол Улсын хувьд түүхэн шийдвэр болсон юм. Гадны улс оронд өндөр өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо үнэ төлбөргүй хийлгэх бодит боломжийг бүрдүүлж, элэг шилжүүлэн суулгах хагалгаа 2018 оны эхний улирлаас үнэ төлбөргүй хийж эхэлжээ. Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн, мэс засалч Ж.Чинбүрэн тэргүүтэй элэг шилжүүлэн суулгах 64 хүний бүрэлдэхүүнтэй мэс засалчдын баг гадны өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлж, эх орондоо элэг шилжүүлэн суулгаж байна.

Эв санааны нэгдлийн түүчээ

[засварлах | кодоор засварлах]

Монгол Ардын Нам нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан удаа дараа нэрээ сольж байсан билээ. Тухайлбал, 1921-1925 онд Монгол Ардын Нам, 1925-2010 онд Монгол Ардын Хувьсгалт Нам, 2010 оноос Монгол Ардын Нам хэмээн нэрээ өөрчлөн, бүтцээ шинэчилж байв. Түүнчлэн Монгол Ардын Нам 2010 онд Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх нэрээ өөрчлөхөд тэрхүү өөрчлөлтийг дэмжээгүй хүмүүс уг нэрээр шинэ нам байгуулж, 2021 онд Монгол Ардын Намтай нэгдэх тохиролцоонд хүртэл ажилласан болно. Энэхүү намын өөрчлөлтийг таниулан ойлгуулах, удаа дараагийн сонгуулийн явцад нэгдэх санаачилга өрнөж байсан бөгөөд олон жилийн турш үргэлжилсэн санал, санаачилгыг бодитой биелүүлсэн, эв санааны нэгдлээр түүчээлэх ажлыг гардан хийсэн хүн бол Д.Амарбаясгалан хэмээн МАН-ын гурван үеийн төлөөлөл хүлээн зөвшөөрдөг.

Шударга ёсны төлөөх тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Монгол Ардын Намын удирдлагын зүгээс анх удаа 2011 онд МАН байгуулсан 90 жилийн ойн өдөр намын дарга С.Батболд, мөн 2021 онд намын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн амь насаа алдан, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд, албан хаагчид, цэргийн алба хаагч, лам хувраг, намын гишүүдийн ах, дүү, төрөл төрөгсөд, үр ач нарт гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байв. Нийгэмд шударга ёсыг улам бүр батжуулан тогтоох, улс төрийн ба бусад төрлийн элдэв хэлмэгдүүлэлт дахин гаргуулахгүйн төлөө тэмцэж ажиллахаа тус бүр илэрхийлж байлаа. Үүний зэрэгцээ улс төрийн хэлмэгдүүлэлтийн адил хор хөнөөлтэй, нийгмийн тогтолцоог эвдэж, олон хүний амьдралд тохиох боломж, бололцоог боомилдог авлигатай тэмцэх, мөн хүний эрхийн соёлыг бэхжүүлэх үүднээс хууль тогтоомж, эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх, төрийн алба хаагчдыг сөрөг хандлагыг өөрчлөх, иргэдийн утга учиртай оролцоогч хөхиүлэн дэмжсэн ардчилал, парламентат ёсыг бэхжүүлэх санаачилгыг МАН-ын 30-р Их хурлаас дэмжин, хэрэгжүүлж байна.  

Улиран сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга

[засварлах | кодоор засварлах]

Эхний бүрэн эрх. Тэрээр 2015 оноос МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахдаа сонгуулийн кампанит ажлыг оновчтой зохион байгуулах бүтцийг бий болгож, ялангуяа хэвлэл мэдээлэл, пиарын багийг өргөжүүлж, судалгаанд суурилан шийдвэр гаргаж хэвшжээ.

МАН УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялж, Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр (2016.07.28) анх томилжээ.

Д.Амарбаясгалан Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн болох саналаас удаа дараа татгалзаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын (ЕНБД) үүрэг гүйцэтгэгчээр сонгогдож, орон нутгийн сонгуульд цааш намаа удирдаж орохоор болсон нь түүний аавын захиас, зөвлөгөө байсан гэж хожмоо дурсан ярьсан байдаг.

Тэрээр хэлэхдээ: “Улс төрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн эрх мэдэл, боломжийг энэ нийгмийг сууриар нь өөрчлөх том шинэчлэлийн бодлогуудыг хийхэд зориулахаар шийдсэн” хэмээн сонинд ярилцлага өгч байжээ.

Удаах бүрэн эрх. Удалгүй МАН-ын Бага хурлын VII хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргаар (2016.12.12) сонгон томилов. Түүний дараагийн том сорилт бол орон нутгийн сонгууль хүлээж байлаа. Сонгуулийн кампанит ажлыг шинэлэг аргаар оновчтой зохион байгуулж, горилогчдыг нэр дэвшүүлснээр орон нутгийн сонгуульд 21 аймгаас 20 аймагт, нийслэлийн 9 дүүргээс 6 дүүрэгт ялалт байгуулж, өмнөх гаргасан амжилтаа бататгасан юм.

Гурав дахь бүрэн эрх. МАН-ын 2017 оны 28-р Их хурлаас У.Хүрэлсүх намын даргаар сонгогдож, улмаар Бага хурлын анхдугаар хуралдаанаас Ерөнхий Нарийн бичгийн даргаар (2017.11.23) Д.Амарбаясгаланг улираан томилов. Түүний ЕНБД-д нэр дэвшихдээ дэвшүүлсэн зорилт нь намын институтийг бэхжүүлэх, сонгуулиас сонгуулийн хооронд явуулдаг үйл ажиллагааг мэргэжлийн институт болгон сайжруулах, бодлогын судалгааны хүрээлэнгүүд байгуулах, Стратеги академийг бүсийн хэмжээнд нөлөөтэй тинк танк байгууллага болгох, гишүүн бүрдээ хүрч ажилладаг орчин үеийн мэдээлэл технологийн дэвшлийг ашигласан цахим нам болох зорилтуудыг тус тус дэвшүүлж, дүрмийн хэд хэдэн шинэчлэлийг хийжээ.

Үүний үр дүнд намын анхан болон дунд шатны намын байгууллагын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч, бүх гишүүнээ цахим бүртгэлд хамруулж, намын үйл ажиллагаанд жирийн гишүүд, дэмжигчид идэвхтэй оролцдог болсноор МАН-ын гишүүний тоо 212,000 байсан бол 2022 оны байдлаар 310,000 гаруй гишүүн, дэмжигчтэй болжээ.

Түүний улс төрийн замнал дардан байсангүй. Монгол Ардын Намын 2017 онд дотоод уур амьсгал хүндэрч, УИХ-ын 65 гишүүн 33 болон 32 гэсэн хоёр хэсэгт хуваагдан, Засгийн газраа огцруулж, мөн 2019 онд УИХ-ын даргыг огцруулсан зэрэг хүндхэн цаг үеийг туулжээ. Ийнхүү өнгөрсөн цаг хугацаанд гарсан алдаа, оноог дэнслэн сургамж авч, эв санааны нэгдлийг хангах чухал гэдгийг сайтар анхаарах болжээ. Хожим МАН-ын УИХ дахь бүлэг, УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий сайд, Удирдах зөвлөлийн гишүүд болон бага хурлын гишүүдийн саналыг тусгаж, нийт ард иргэдийн дунд явуулсан санал асуулгад тулгуурлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх улс төрийн шийдвэрийг намын лидерүүдтэй хамтран гаргажээ. Ялангуяа, Засгийн газрын тогтвортой байдал, Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалтуудыг оруулсан нь Монголын улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдал болсон юм.

Дөрөв дэх бүрэн эрх. Монгол Ардын Намын 2021 оны 30 дахь Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ намын даргаар сонгогдож, Бага хурлын анхдугаар хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргаар (2021.12.08) Д.Амарбаясгаланг 4 дэх удаагаа дэмжин сонгожээ. Түүний бодлогын томоохон дэвшүүлсэн зорилтуудаас дурдвал:

  1. Монгол Ардын Нам социал демократизм буюу нийгмийн ардчилал хэмээн монгол хэлнээ үгчлэн буулгасан үзэл баримтлалыг 2010 оноос тунхаглан мөрдөж байгаа бөгөөд 2021 онд эх хэлнээ хөрвүүлэн буулгалгүй, шинжлэх ухааны тогтсон нэр томьёогоор хэрэглэн хэвшүүлэхээр социал демократ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага болохоор хамтран шийдсэн болно. Монгол Ардын Нам “улс орныхоо хөгжлийн бодлогыг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохистой, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх социал демократ үзэл баримтлалд тулгуурлан явуулах болно” гэдгээ зарлажээ. МАН-ын хөтөлбөр (хичээн эрмэлзэх зүйл)-ийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг Д.Амарбаясгалан тэргүүлэн ажиллажээ.
  2. Монголын улс төрийн орчинд сүүлийн 1990 оноос хойш байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй улс төрийн нам, ялангуяа эрх барьж буй нам өөрсдөө санаачлан тэмцэх тухай бодлогыг дэвшүүлсэн нь Монголын улс төрийн түүхэнд анх удаагаа гарсан үзэгдэл байв. Авлига, албан тушаал, хүнд сурталтай тэмцэх дэвшилтэд бодлогын хүрээнд намын дүрэмдээ ёс зүйн хийгээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял авсан, холбогдсон улс төрчдийг намын гишүүнээс хасах, улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх тухай хэд хэдэн дүрмийн заалтыг 30 дахь Их хурлаараа батлуулж, намын бүх шатны гишүүддээ авлигаас ангид байх соён гэгээрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэл, хуулийн хүлээх хариуцлагыг чангатгах зэрэг олон бодитой ажлуудыг санаачлан ажиллаж байна.
  3. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 815 хуулиас өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулдаг 318 хуульд мэргэжлийн судлаачид, хуульчдийн баг бүрдүүлэн хүний эрхийн хэм хэмжээ, жишигт нийцсэн эсэх талаар судлуулж, 800 гаруй заалт нь өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээг хангахгүй, өөрчлөх шаардлагатай, хүний эрхийг зөрчигдөхүйц заалтууд байгааг тодруулжээ. Хүний эрх зөрчигдөж байгаа газар шударга ёс тогтох боломжгүй учраас дээрх хууль болон цаашид шинээр батлах хуульд хүний эрхийг зөрчсөн заалт орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийг хамгаалах дэвшилтэд бодлогыг танилцуулж, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнг байгуулжээ. Үүний хүрээнд 30,000 намын гишүүнийг хүний эрхийн манлайлагч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
  4. Намын гишүүд төдийгүй иргэд, сонгогчдынхоо санал, гомдлыг сонсох, эргэх холбоотой байх зорилгоор тусгай дугаар, сошиал орчны чат бот системийг бий болгож, намын үйл ажиллагааны зардлыг олон нийтэд нээлттэй ил тод болгох зорилго дэвшүүлж, 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс Монгол Ардын Намын санхүүгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болгожээ.
  5. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг суурь баримт бичгүүдэд нийцүүлж, Монгол Улсын төрийн гадаад бодлогын үндсэн зорилго, зарчим чиглэлүүдтэй уялдуулсан олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд дэлхийн 40 гаруй улс төрийн нам, СоцИнтерн, Прогрессив Альянс, Азийн социал демократ намуудын сүлжээ зэрэг 30 гаруй олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгааг улам өргөжүүлэх, олон улсын социал демократ хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн нам болох томоохон зорилтуудыг тус тус дэвшүүлж, түүнийгээ хурдтай хэрэгжүүлж байгааг улс төр судлаачид төдийгүй сөрөг хүчний улс төрчид өндрөөр үнэлдэг ажээ.  

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга

[засварлах | кодоор засварлах]

Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгав[1]

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буулгах шийдвэрийг гаргасан. МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлыг үндэслэл гэж үзсэн" байна.

Төр бизнес эрхлэгчдээ дэмжиж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж ажиллана[2]

[засварлах | кодоор засварлах]

“Төр бизнес эрхлэгчдийнхээ хурдтай, бүтээмжтэй ажиллагааг удаашруулж, хязгаарлагч биш хөгжлийг нь дэмжигч, хамтран ажиллагч байна. Бизнес эрхлэгчдээ төр дэмжиж, үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа уриа лоозон хэлбэрээр биш тодорхой тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Нэн түрүүнд Монгол Улс ойрын 10 жилийн бодлогоо маш тодорхой мөрдөж, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд ойлгомжтой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангана” гэж хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга

[засварлах | кодоор засварлах]

Д.Амарбаясгалан нь Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн парламентын даргаар сонгогдсон бөгөөд энэ нь Монголын улс төрийн түүхэнд шинэчлэлийн томоохон үеийг эхлүүлсэн үйл явдал болсон юм. 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэж, таван нам, эвсэл УИХ-д төлөөлөлтэй болж чадсан нь олон ургалч үзэл, ардчиллын зарчмыг бэхжүүлэх чухал алхам болсныг тэрээр онцолж байв. Монголын улс төрийн шинэ нөхцөл байдал, ардчилсан төлөөллийн зарчмыг улам бүр бататгах хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа Д.Амарбаясгалан нь УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомжийг хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хурдацтай өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилж байх зарчмыг гол баримтлалаа болгож байна.

Парламент 2.0 – “Гурван төгөлдөршил”

[засварлах | кодоор засварлах]

Д.Амарбаясгалан нь парламентад “Парламент 2.0 – Гурван төгөлдөршил” бодлогыг санаачилж, хууль тогтоох үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьсон. Энэхүү бодлого нь дараах гурван үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна:

  1. Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн тогтолцоо – Хууль тогтоомжийг иргэн төвтэй болгох, хүний эрхийг хамгаалсан, олон улсын стандартад нийцсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх. Тухайлбал, одоогоор хүчин төгөлдөр байгаа хуулиудыг хүний эрхэд нийцүүлэн шинэчилж, хүний эрх зөрчсөн 800 гаруй зүйл, заалтыг засварлахаар парламентын үйл ажиллагаанд тусгаад байна.
  2. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгох – Олон нийтэд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар, ижил тэгш үйлчлэх хуулийн зохицуулалтыг бий болгох. Төрөөс баталж буй журмуудыг бууруулж, хуулиар зохицуулах харилцааг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
  3. Эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх – Нийгмийн хөгжлийн хурдтай өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тохирсон эрх зүйн орчныг бий болгох. Үүнд криптовалют, цахим тамхи, хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэ хууль тогтоомж боловсруулах зэрэг шинэлэг санаачилгууд багтаж байна.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын хууль тогтоох үйл ажиллагааг иргэн төвтэй, үр нөлөөтэй болгоход чиглэсэн томоохон алхам бөгөөд парламентын бодлого, шийдвэр гаргалт илүү тодорхой, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Мөн харилцан адилгүй байгууллагуудад төлөөлөх, удирдах алба хашиж байсан билээ. Үүнд:

  • 2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн;
  • 2009 онд Монголын го даамын холбооны дэд тэргүүн;
  • 2009-2014 онд Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч;
  • 2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн;
  • 2015-2016 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн;
  • 2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн.

Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

Хувийн сонирхол

[засварлах | кодоор засварлах]

Гар бөмбөг, унадаг дугуй, ширээний теннис, сагсан бөмбөг, го даам, загасчлах спорт сонирхдог.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн МАН-ын 30-р Их хуралд илтгэсэн илтгэлээс түүвэрлэв. Үүнд:

"Улс төрийн нам бол хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм."

"Монгол Ардын Намын эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүддээ адил тэгш боломж олгохыг зорин ажиллана."

'Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн ололт амжилтыг ашигласан, хөрөнгө санхүү хэмнэсэн, бүтээлч, инновацад суурилсан “Цахим шилжилт” бол манай намын шинэ зууны тэргүүлэх чиглэл болох ёстой'

"Монголд 1990 оноос хойш нийт 17 Засгийн газар байгуулагдаж байсан бөгөөд Засгийн газруудын дундаж нас 1.8 жил байгаа нь төрийн бодлого тогтвортой хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байна."

"Засгийн эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч-хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго юм."

"Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй."

"Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл нь зөвхөн Монгол Ардын Намын асуудал биш. Олон намын тогтолцоо бүхий парламентын ардчиллыг бэхжүүлэх, намуудын нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөрсгөх, улс төрийн өрсөлдөөний тэгш боломжийг өргөжүүлэх замаар улс төрийн намуудыг улс төрийн бодлого боловсруулдаг институт болгон хөгжүүлэхийг бусад намууддаа уриалж байна."

"Иргэдийн олонх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгмийн эрхийг хамгийн чухлаар тавьж байна."

  1. "МХЕГ". Archived from the original on 2023-01-10. Татаж авсан: 2023-01-10.
  2. 2