Jump to content

Тайшир сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Солбицол: 46°42′44″N 96°31′42″E / 46.71222°N 96.52833°E / 46.71222; 96.52833

Тайшир сум
ᠲᠠᠶᠢᠰᠢᠷᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт3,913 км2 (1,511 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,636
Цагийн бүсUTC+8 (UTC+8)

Тайшир нь Говь-Алтай аймгийн нэгэн сум юм. 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, Сайн Ноён Хан аймгийн Хошууч засгийн хошуу Наро Банчин хутагтын шавь нарын нутгийн баруун хэсэг орсон байдаг. Завхан аймгийн нутгаас авч, завхан голын хойд хэсгийг газар тариаланд ашиглах болсон. Хуримт, Галуут, Далан хэмээх гурван багтай.

Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр 1924 оны хавар Завхан голын баруун дэнж “Цагаан-Олом” хэмээх газар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт хааны хошууг Хан Тайшир уулын хошууны Тахилгат /Тайшир/ сум гэж нэрлэн, 8 багтайгаар сумын түр хороог байгуулсан түүхтэй.

1925 оны 8 дугаар сарын 20-нд анхны сургууль Шаврын голд Арын хүрээний тэнхим нэртэй байгуулагдаж, Сумын Соёлын төв 1928 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдсан.

1932 онд Цагаан-Оломд нүүн ирж төвлөрсөн байна. Сумын Эрүүл мэндийн төв 1933 оны 4-р сарын 3-нд Хүн эмнэлгийн тасаг гэж байгуулагдсан.

1953 онд Тайшир сумын “Туяа” нэгдэл, 1955 онд Түмэн суманд “Сүхбаатарын зам” нэгдэл байгуулагдаж, 1968 онд Тайшир, Түмэн сумууд нэгдэж, Тайшир сумын захиргаа, “Сүхбаатарын зам” нэгдэл болж өргөжсөн түүхтэй.

Монгол улсын баруун хязгаарт Говь-Алтай аймгийн зүүн хойд хэсэгт Хасагт Жаргалангийн нуруунаас урагшлан Хан Тайшир нурууны ар хүртэл, хангай говийн заагт, Завхан голын дагуу уул нуруу, тал хээр хосолсон 391.3 мян га талбайг хамран оршдог.

Далайн түвшнээс дээш 2750-3275 м өндөрт өргөгдсөн.

Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Сумын хэмжээнд 11 аж ахуйн нэгж, 6 байгууллага үйл ажиллагаа явуулж, сумын төсөвт 8003,5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

2014 онд сумын хэмжээнд нийт 860147 мал тоологдсоноос тэмээ 429, адуу 2646, үхэр 1643, хонь 31073, ямаа 50232 байна.

2014 онд хүнсний ногоо 2.38 т, төмс 6тн, үр тариа 17.4 т, өргөст хэмх 0.5 т-ыг тус тус хураан авсан байна. Нийт 242 тн хадлан, 2.5 т тэжээл, 2.3 т гар тэжээл бэлтгэснээс аюулгүйн нөөцөд 50 т өвс, 2.5 т тэжээл нөөцөлсөн.

Сумын газар нутагт орон нутгийн чанартай Алтай-Тайшир чиглэлийн 20 км сайжруулсан авто замтай. Мянганы замын Алтай-Улиастайг холбосон босоо тэнхлэгийн зам тус сумаар дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон. 2005 онд сумын төвөөс 3 кмт Завхан голын дээр 222 метрийн урттай бетонон гүүр баригдаж ашиглалтад орсон.

Цахилгаан хангамж

[засварлах | кодоор засварлах]

Тайшир сум нь Алтай-Улиастай эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 35кв-тын дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам 2008 онд ашиглалтад орсон. Алтай-Улиастай ТӨҮГазар нь Говь-Алтай, Завхан аймгийн сумдыг эрчим хүчээр хангаж байна. 2001 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр анх Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт  “Улаан боомын” УЦС гэж Уулын орой дээр шав тавьж, 2004 оны аравдугаар сарын 05-нд  УЦС барих үйл ажиллагаагаа эхэлсэн бол 10 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэн Говь-Алтай, Завхан аймгийн төв, ойролцоох 8 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Гуулин, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу, Алдархаан сумдыг цахилгаанаар хангаж байгаа юм.

Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах Завхан гол тус сумын нутгаар 82 км урттай урсан өнгөрдөг. Усан цахилаан станцын зориулалтаар 52км2 талбай бүхий хиймэл нуур тогтоож, хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Наро Банчин гэгээнтний шавь нарын нутаг тул “Гэгээн нуур” хэмээн нэрлэсэн. Тус сумын нутагт 32 булаг шанд, 70 гаруй энгийн уурхайн болон инженерийн хийцтэй худаг уст цэг байдаг.

Сумын төвд хувийн хэвшлийн төвлөрсөн 1 уурын зуухтай ба ЗДТГ-ын байр, сургууль, эмнэлэг, мөн орон сууцны 26 айлыг нэгдсэн халаалтад холбосон. Хүүхдийн цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагууд нам даралтын зуухаар дулааны эх үүсвэрээ шийдвэрлэсэн.