Дарви сум (Говь-Алтай)

Дарви сум
ᠳᠠᠷᠪᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт3,523 км2 (1,360 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,756
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Дарви сум нь баруун талаараа Ховдын Дарви, урд талаараа Тонхил, зүүн талаараа Шарга ,хойт талаараа Баян-Уул сумдтай хил залгаа оршсон 383,340 га нутаг дэвсгэртэй. Аймгийн төвөөсөө 210 км зайтай, 2019 оны байдлаар 4 баг, 491 өрхийн 1860 гаруй хүн амтай, 200 000 орчим толгой малтай, эдийн засгийн суурь нь мал аж ахуй эрхлэлт. Бүх нутаг дэвсгэрийн ¾ хувь нь жилийн аль ч улирлын нөхцөлд 5 хошуу мал бэлчээрлэхэд тохиромжтой, дэд бүтцийн хувьд Баруун бүсээс 35кВ-ын шугамаар цахилгаанаар хангагддаг, хөдөлгөөнт холбооны бүх операторуудын салбартай, интернет бусад сумуудаас хамгийн түрүүнд нэвтэрсэн, Алтай-Ховд чиглэлийн засмал зам тус сумын нутгаар сумын төвөөс 50 км зайтай өнгөрдөг.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Дарви сум нь Говь-Алтай аймгийн нутгийн баруун захад Монгол Алтайн нурууны салбар уулс, мөнх цаст Сутайн нурууны ар, Дарвийн нурууны ихэнх хэсэг Ихэс нуурын хотгор, Хүйсийн говийн өмнө зах, Шаргын говийн баруун талыг хамарсан өндөр болон дундаж өндөрлөг уулс, хээр тал, говь хосолсон өгөөмөр баян нутагтай. Тус сумын нутагт Сутай хайрхан уул дтд 4206м, Дарвийн нурууны хамгийн өндөр оргил Гүнгээгийн овоо 2696м өндөр бол, нутгийн хамгийн нам дор газар Хуурай түнгэ 1244м, Ихэс нуур 1601м, сумын төв 1611м өргөгдсөн газарт байрладаг. Геологийн тогтцын хувьд Каледоны тогтолцооны дунд болон шинэ төрмөлийн чулуулаг бүхий намхан атираат уулс Дарвийн нуруунд зонхилж байхад дөрөвдөгч галавын мөстлөг тогтож байсан үеийн эвдрэл ихтэй өндөрлөг уулс Сутайн нуруунд зонхилж, түүний ул мөр Сутайн нуруу, Дарвийн нурууны ар бэлүүдээр тод ажиглагдаж гүн жалгатай мөргөцөг, урсаж овоорсон чулуунууд хөндий болон уулсын бэлийн ам, (Баянгол, Хөх асга, Сүмийн ам, Бадрахын ам, Чулуут, Өлзийт, Цох, Муруй, Гурван Яргайт зэрэг) сайруудаар элбэг тохиолдоно. Дарвийн нурууны ар, өвөр талуудаар жижиг чулуулаг, элсэнцэр хөрс давамгайлж, Ихэсийн хонхор болон говийн хэсгээр эрт үед их ус хуримтлагдаж байсны хэв шинж хөрсний бүтцэд тодорхой мэдрэгдэж, эрдэс давслаг ихтэй тунамал шаварлаг хөрсөөр хучигдсан байх бөгөөд эндээс эртний усны амьтан (загас, дун хясаа)-ны үлдэгдэл олноор илэрдэг төдийгүй хүлэрийн давхрага илэрсэн байдаг. Алтайн нурууны онцлог болох хойшоо харсан тал нь босоо өндөр байхад өмнөд тал нь алсын налуу байдаг ерөнхий хэв шинж Дарвийн нуруунд, Сутайн нурууны аль алинд нь тод ажиглагдах тогтоцтой байдаг. Дарвийн нуруунд галт уул оргилж байсны ул мөр Бадрахын ам, Бухын хөндий, Овооны хар зэрэг газруудад мэдэгддэг бөгөөд мөн эрт үед хүчтэй газар хөдлөлт болж байсны мөр Сутайн нурууны ар бэлд Хайчийн амнаас Сүмийн хөндийн ам хүртэл 15 км газарт, Дарвийн нурууны ард, Хүйсийн говийн өмнө захад Овоотын толгодын баруун урд талаас эхлэн Бумбатайн нуруу чиглэсэн их хагарал нэгэн цагт үүсэж ойролцоогоор 70 км газарт үргэлжлэн дунджаар 10-15 м зөрж зуух, мөргөцөг үүсгэн тогтсон бөгөөд одоо нутгийн малчдын олон хаваржааг Хүйсийн говиос үлээх салхинаас хааж нөмөрлөдөг, бас Сартагтайн суваг гэж домоглодог ажээ. Энэ хагарлуудын нөлөөгөөр Сутайн нурууны бэлд хоёр газарт устай булаг (багахан шанд) гарсан байдаг бол Дарвийн нурууны ар талд Арьяагийн ус (шанд) гарч олон жил нутгийн малчдад буян болсоор иржээ. Дарви сумын нутаг булаг шанд элбэгтэй боловч томоохон гол горхигүй, Ихэсийн гол Цагаан гол зэрэг жижиг голуудтай. Ихэс нуур талбайн хэмжээгээрээ байгалийн тогтцоор бий болсон нуурууд дотроос Говь-Алтай аймаг дотроо хамгийн том нь бөгөөд 19,8 км2 талбайтай юм.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Дарви сумын нутаг бүхэлдээ эх газрын эрс тэс уур амьсгалтай бүсэд хамаарагдах ба 2016 оны мэдээгээр жилийн агаарын дундаж температур нэмэх 2,5°С (1970 оны үед 0- +1,2°С орчимд хэлбэлздэг байсан) орчим байх ба зунд 17-21°С (1970 оны үед 19- 24°С орчимд хэлбэлзэн) халуун, өвөлд 15-19°С (1970 оны үед 16,5- 21,2°С орчимд хэлбэлзэн, 1982 онд 28-31°С хүрч 20 гаруй хоног үргэлжилсэн) хүйтэн байдаг. Харин Сутайн нуруу, Дарвийн нурууны зоо хярд ихээхэн сэрүүн, дундаж температураас 5-8 хэм доогуур байдаг, заримдаа 24-27°С хүрч халах, өвөлд 32,3°С хүрч хүйтэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Салхи ихэвчлэн баруун болон баруун хойноос (баруун урдаасаа эргэж шуурах тохиолдол бий) чиглэж 2,6-3,7 м/сек дундаж хурдтай байх боловч 3-6 сарын хооронд 4,6-5,4м/сек (2015 оны 4 дүгээр сарын 4-нд 16-28 м/сек) хүрч шуурах ба Ихэсийн гол, Хүйсийн говьд 8-14 м/сек хүрэх тохиолдлууд байдаг. Хур тунадсын хувьд Сутай нуруу (7 дугаар сарын 20-оос хойш үргэлжилсэн бороо орох үед уулсын оройгоор цас ордог)-нд 9 дүгээр сарын дундуур, Дарвийн нуруунд 10 дугаар сарын эцсээр цас тогтох ба жилийн дундаж хур тунадасны хэмжээ 210- 92мм (1970 оны үед 260- 162мм орчим, 2016 онд 390мм)-д хэлбэлздэг боловч 1988 оноос хойш хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа нь тод мэдрэгдэж олон булаг шанд ширгэж, заримынх нь усны хэмжээ эрс багассан харамсалтай байдал илэрч байна.

Байгалийн нөөц[засварлах | кодоор засварлах]

Байгалийн эрдэс баялагийг тодорхой нарийн судалж, ашиглаж буй орд уурхайгүй боловч ашигт малтмалын илэрц их байдаг. Баян нуруу (энд оросууд 10 гаруй жил, канад, австралиуд 20 гаруй жил хайгуул хийж буй), Баян нуруу-Хүрэн хамарын үнэт металлын, Элстэйн амны алтны, Ёлын бэлчир, Өлзийтийн төмрийн хүдрийн, Алаг уул, Цахир хайрханы боксит (хөнгөн цагааны хүдэр)-ын, Хартолгой, Хайчийн амны нүүрсний, Гангатын хүлрийн, бал чулууны илэрц ордууд байх бөгөөд Ихэс нуур, Бөөрөгт давсны орд тогоонууд, мөн малын болон амны хужрууд байдаг, нутгийнхан холоос эрж, хүнээс гуйдаггүй хэрэгцээгээ бүрэн хангадаг. Мөн Төхөмийн эх, Далантүрүү Бөөрөгт нефть байх өндөр магадлалтай гэж зураглалд тусгасан байдаг.

Амьтны зүйл[засварлах | кодоор засварлах]

Дарви сумын нутаг ан амьтнаар баялаг бөгөөд Дэлхийд ховордсон бөхөн Дарвийн нурууны ар, өврөөр элбэг (2017 онд малын цэцэг өвчний улмаас тоо нь эрс цөөрсөн) тохиолдох бөгөөд энэ нутгийн унаган амьтны нэг. Мөн улаан номд орсон цоохор ирвэс бас нутгийн унаган амьтан, янгиртай нутгуудад нэлээд тоогоор байдаг. Хойлог шувуу Дарвийн нурууны арын өндөрлөгүүд, Сутайн нуруунд элбэг байсан боловч ихээхэн ховордож арай ч бүрэн алга болчихоогүй байна. Сутайн нуруунд ахунь шувуу хааяа тааралдана. Ар говьд элбэг байсан тоодог шувуу 1950-иад оноос үзэгдэхээ больжээ. Мөн Ихэс нуурын орчимд реликт цахлай, саарал галуу зэрэг ховор шувууд ирж зусдаг, Ихэсийн хонхорын талуудаар улаан номд орох шахсан ховор шувуу хулан жороо байдаг. Дарвийн нуруунд аргаль угалз элбэг байсан боловч хурдан буу ихэссэнээс хойш их цөөрч нурууны хойд талд Хүрэн хамар, Цэдгэр, Чулуут орчимд тогтмол байршдаг үндсэн нутагт нь сүүлийн гуч гаруй жил геологийнхон холхиж үргээснээс дайжсан бөгөөд одоо Овооны хар орчмоор дамжин байршиж Бага Дарвид цөөн тоотой байдаг бололтой. Янгир ямаа Дарвийн нурууны аль ч хэсэгт байдаг, Сутайн нуруунд элбэг, зуу гарч сүрэглэж байсан цаг саяхан, одоо бас л ховордож цөөрсөн нь байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан төдийгүй, малын тоо ихсэж байршил бэлчээрийг нь булааснаас үүдэлтэй. 1950 оны үед нурууны ар тал болон урд, хойт хоолойд элбэг байсан цагаан зээр ховордож хааяа сүргээр ирээд өөр зүг рүү явдаг дамжих нутаг төдий болсон байна. Үслэг ангаас саарал чоно, улаан үнэг элбэг гэхэд болно, өвөр хаданд байсан хар үнэг (1956 онд Хараат хайрханы өврийн Дөрвөлжингөөс С.Ламжав нэгийг агнасан нь сүүлчийнх нь байсан биз дахиж харагдаж, дуулдаагүй), Дарвийн нуруу, ар талд байсан хярс 1960-аад оноос үзэгдэхээ больсон ажээ. Ёлын хөндий, Хүйш зэрэг газруудад хадны суусар, Хоёр цахир, Мухар цахир, Цох, Муруй, Шүүт цахир, Дэл цахир зэрэг газруудад мануул, шилүүс тааралддаг. Хамгийн элбэг байсан агнуурын амьтан тарвага, нөөц нь нэлээд багассан ч бусад газрыг бодвол боломжийн тоотой байна. Ихэс нуурын хөвөөнд тарвага байдаг нь говь газарт нуурын орчимд тарвага байдаг гэж сонсогдоогүй нэн сонирхолтой, эрт цагт үндсэн популяциасаа тасарч тусгаарлагдсан боловч сөнөөгүй өдий хүрсэн нь олны хөл замаас хол хөндий, очиход жаахан хүндрэлтэй, нутгийнхан хамаагүй хүнд хэлээд байдаггүй зэрэгтэй холбоотой байх.

Түүх соёлын дурсгал[засварлах | кодоор засварлах]

Дарви сумын нутаг өнө эртнээс хүмүүс оршин амьдарч байсны баталгаа түүх соёлын олон дурсгалуудаар баян бөгөөд эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж зэвсэг, хүрэл, төмөр эдлэл, зэв олноор олдохоос гадна Хүй нэгдлийн үед хүмүүс амьдарч байсны ул мөр бүхий Гозон буурал, Наадамтын агуйнууд, Хөшөөт хөтөл, Нарийн гол, Шар довон, Хоолойн худгийн хөшөө чулуунууд, Их огторго, Цагаан халгайтын буган хөшөөнүүд, Баян үзүүр (300 орчим зураг), Угалзын буудал (30 орчим)-ын амьтны дүрслэлтэй хадны зургууд, Бадрахын дээд ус (60 гаруй), Баавайн худгийн дуут хар чулуу (30гаруй)-ны тамганы дүрслэлүүд, хэдэн зуугаар тоологдох том жижиг булш хиргисүүр байгаагаас цогцолбор маягаар олноор нэг дор байрлуулсан Хайчийн сайр, Улаан сайрын амны булш хиргисүүрүүд Баруун талд Хөдөө буудал орчмын зэл чулуунууд, Гүнгээ, Чулуут, Хүрээ, Дэл цахирын тахилгат овоонууд байхаас гадна Бага Дарви, Эрээний нуруу, Цав зэрэг газраас 60 сая жилийн тэртээд амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олддог, далайн амьтан –биетийн үлдэгдэл олноор илэрдэг бол Сумын төвийн хойт талын Борнуруунаас савгат хирсний ясны үлдэгдэл илэрчээ. Энэ нутагт томоохон хот суурингийн үлдэгдэл туурь илэрч мэдэгдээгүй боловч нутгийн олны сүсэг бишрэлд зориулагдсан 19 дүгээр зууны дунд хэрд байгуулагдаж байсан Ихэсийн хуйтан, Дарвийн хуйтан, Дархан гүний хуйтангууд (2-5 дугантай, цөөн ламтай байнгын хуралтай), Сүмийн ам, Гүүт, Хөхтолгой, Хатавчийн ам зэрэг газарт (ганц жижиг дугантай түр цагийн хуралтай) хуйтан байсан гэх бөгөөд ихэнхийн тууриуд одоо байгаа боловч цагийн урсгалд нурж баларсан байдалтай байна. Мөн Манжийн ноёрхлын үед дарангуй (барга) цэргийн суурин байсны буурь, ором Цутгалан, Бадрахын хөндийд байдаг.

Сум байгуулагдсан түүх[засварлах | кодоор засварлах]

Дарви сум хуучин Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд багтдаг байсан бөгөөд сүүлчийн хошуу ноён Жалчингомбодорж, түүний эцэг Дашравдан нар Ихэс нуурын баруун урд талд Өргөөн ширэгт ирж зусдаг байсан гэх бөгөөд түүний хүү Хуяг, Маамуу (Галсан- Цахирын худагт төрсөн гэж дурсамждаа бичсэн) нар Дарви сумын нутагт төрж, үндсэн захиргаагаа Дарви сумаар тодорхойлж явдаг байжээ. 1923 оноос ардын засгийн газраас хуучны засаг захиргааны нэгжийг халах зорилгоор “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” -ийг батлан гаргасны дагуу Олноо өргөгдсөний 13 дугаар оны 10 дугаар сарын 9 (Европын 1923 оны 11 дүгээр сарын 9)-ний өдөр Ардын засгийн газраас аймгуудад ”Дотоод яамнаас явуулсан албан бичигт ....энэ он 9 дүгээр сарын 10 (10 дугаар сарын 9-ний өдөр)-ны өдрийн Засгийн газрын 38 дугаар хурлын нэг дүгээр зүйлд хэлэлцээд Богдхан уулын аймгийн яам, Ханхэнтий уулын аймгийн яам, Хантайшир уулын аймгийн яам, Цэцэрлэг мандал уулын аймгийн яамны тамга хэмээн үйлдүүлж олгуулах ба албан бичигт мөн адилаар бичиж даган явуулна"[1] хэмээн аймаг, хошуудын нэрийг уул усны нэрээр өөрчлөн нэрлэх болсныг дурьдсан байна. Мөн энд сумдыг “Занги”, хорин (арван)-уудыг ”Дарга” удирдахаар заажээ. 1924 оны 9 дүгээр сарын 2-нд хуралдсан Хантайшир уулын аймгийн анхдугаар хурлын тогтоолоор Дайчин бэйсийн хошууг Хантайшир уулын аймгийн “Бүс хайрхан уулын хошуу” гэж өөрчлөн нэрлэж, дотор нь Баянжавхлан, Бүрэнжаргалан , Бууралхайрхан, Баруунсутай, Бүс хайрхан, Зүүн сутай, Хансүмбэр, Ханжаргалан, Цэцэг нуур сум гэх зэргээр нэрлэсэн сумдтай болжээ. Ардын засгийн газраас ирүүлсэн шийдвэрийн дагуу 10 өрхөөр “Аравт”, 50 өрхөөр нэг “Баг”, 150 өрхөөр нэг “Сум” байгуулсан нь олон жижиг сумууд бий болж, харьяалах нутгийн хувьд ч хүндрэл гарч буй, орон нутгийн хүмүүсийн саналыг харгалзан 1927 онд Ардын засгийн газрын шийдвэрээр захиргааны анхан шатны нэгжийг 10 гэрээр бус, 20 гэр байхаар, сумууд нь 300 өрхөөр тооцож томсгохоор өөрчлөлт оруулж, энэ нь 1931 он хүртэл мөрдөгдсөн байна. Дээрх шийдвэрийн дагуу байгуулагдсан Таван аймаг, 525 сумтай болж, аймаг нь хуучин засгийн үеийн нутаг дэвсгэрийн хил заагийг баримтлан хуваагдсан, хэтэрхий том, сумууддаа хүрч удирдахад төвөг чирэгдэлтэй байсан, сумууд нь хэтэрхий жижиг олон байж зардал үрэгдэл ихтэй байгааг харгалзан "Ардын засгийн газар 1931 оны 2 дугаар сарын 6-нд авч хэлэлцсэнийг 1931 оны 2 дугаар сарын 7-нд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн газар баталснаар аймгуудыг 13 болгон олшруулж, сумуудыг томсгон 324 сумтай болгох шийдвэр гарчээ".[2]

Дарви сумын хувьд хуучин отогуудаар сум болгосон нь ойролцоогоор 300 өрхтэй сумууд бий болсон байдаг. Энд 1929 оны хүн амын тооллогоор “Зүүн сутай” сум гэж нэрлэгдсэн хэсэгт одоогийн Дарви сумын Ихэсийн гол, баруун болон хойд талын хэсэг, хуучин Авир тайжийн отгийнхон бөгөөд 15 хоринтой бүгд 313 өрх 1551 хүнтэй, сумын урд талын хэсэг нь хуучин Гүн Чагдарцэрэнгийн отгийнхон “Баянжавхлан” сум гэж нэрлэгдэн мөн 15 хоринтой бүгд 328 өрх, 1814 хүнтэй байжээ. Энд бас Сонинпил (Сономпил) тайжийн захирдаг байсан “Цоохор” отгийн нэлээд айлууд орсон байдаг. “Зүүнсутай, Баянжавхлан сумууд тусдаа сум болон байгуулагдсан хугацааг авч үзвэл 1924 он бөгөөд бусад бүх сумуудтай нэгэн адил, хошууны дотор сумуудыг бий болгох зохион байгуулалтын ажил улсын хэмжээгээр 1924 онд хийгдэж дууссан байдаг. Хошууны зохион байгуулалтыг үгүй болгож сумуудыг нэгтгэн томсгож бие даалган аймагт шууд захирагдаж байх зохион байгуулалтыг аймгуудыг олшруулж, Сумуудыг томсгох шийдвэрийн дагуу хуучин Бүс хайрхан уулын хошуунд багтдаг байсан сумууд 1931 онд өөрчлөгдөн томорч Дарви (Баянжавхлан, Зүүнсутай), Тонхил (Баруунсутай, Хансүмбэр), Төгрөг (Бууралхайрхан, Ханжаргалант), Цээл (Бүрэнжаргалан), Тамч (Бүсхайрхан) Бугат (Баянгол-Тамч сумын дотор багтаж байгаад 1946 онд тасарч гаран Биж-Алтай сум болж дараа нь Бугат болсон), Цогт, Алтай (Өлзийжаргалант) сумууд болж, Цэцэгнуур сум Ховд аймгийн бүрэлдэхүүнд шилжин орж сумууд нэгдэж томрохдоо нэрээ өөрчлөн байгуулагдаж одоо хүртэл тэр хэвээр байсаар өнөө цагт хүрч иржээ. Дарви сум гэж нэрлэсний хувьд 1931 оны намар Зүүнсутай, Баянжавхлан сумуудыг нэгтгэн Алтай аймгийн Дарви сумыг байгуулж сумын төвийг Хужиртын эхэнд байхаар шийдвэрлэсэн нь дээрээс өгөгдсөн зааврын дагуу нутгийн төв хэсэг гэж үзсэнтэй холбоотой ажээ. Дарви сумын төв хожим Эрдэнэтолгой, Хоолойн худаг, Цагаантэмээтийн ам зэрэг газруудад шилжин нүүж байсан бөгөөд 1944 оноос одоогийн байгаа Бор-Овооны өвөрт суурьшсанаас хойш дахин нүүгээгүй байран суурин байх болсон ажээ. Сумууд томорч шинэчлэн байгуулагдах үед Зүүнсутай, Баянжавхлан сумуудаас нэлээд өрх Тонхил сумын харьяанд орох, Хансүмбэр сумын зарим өрх, Зүйлийн хүрээнд сууж байсан лам нар орон нутагтаа ирэх, Эрдэнэ бээсийн хошуунаас Зүйлийн хүрээнд сууж байсан зарим өрх, хүмүүс нутгийн ойрыг татаж Дарви сумын харьяанд орох зэрэг хөдөлгөөн үүсэж байжээ.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1958 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Аймгуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” 54 дүгээр зарлиг гарсны дагуу Дарви сумын 7-р баг, 8-р багийг “Хасагт” суманд шилжүүлсэн нь сумуудын хүн амын тоог тэнцвэржүүлэх, газар нутгийн ойрыг харгалзан үзсэн, нөгөө талаар шинээр байгуулагдсан МААМС (мал аж ахуйн машинт станц)-ыг дэмжих зорилготой байсан аж. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Аймгуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” 129 дүгээр зарлигт ...Манай орны хөдөө аж ахуйд социалист харилцаа ялж, ардын аж ахуйтан хөдөө аж ахуйн нэгдэлд нийтдээ нэгдсэн явдал нь орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтал зохих өөрчлөлт хийхийг шаардаж байгаа бөгөөд энэ нь хөдөлмөрчдийн хүсэлтээр хэрэглэсэн туршлагаар нотлогдсныг үндэслэн БНМАУ-ын ИХТ-ээс тотоох нь...гэж заасны дагуу “Овоот“ сум байгуулагдаж, Дарви сумын 6-р баг дээр нэмэгдэн хуучин шилжсэн хоёр баг, мөн “Хасагт” сумын хоёр баг орж байсан аж. Нэг жилийн дараа БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1960 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Аймгуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” 109 дүгээр зарлигаар ”Овоот”, “Хасагт” сумууд татан буугдаж Дарви, Шарга сумуудад нэгдсэн ажээ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Улсын төв архивд байгаа 1945 оны 10 дугаар сарын 20-нд Бүгд Найрамдах Монгол Ард улсын Тусгаар тогтнолын талаар бүх ард түмний санал асуулга явагдахад Говь–Алтай аймгийн Дарви сумын 18-аас дээш настай нийт 8 багийн 1338 хүн оролцох ёстойгоос 1281 хүн (сургуульд сурахаар явсан, хоршооны мал туусан, жинд явсан зэрэг шалтгаанаар данстай хүмүүсээс 57 хүн хамрагдаагүй) саналаа өгснөөс 100% дэмжиж, татгалзсан болон түдгэлзсэн хүн гараагүй байна. Сумын комиссын дарга Цүлтэм, гишүүдэд Бавуужав, Хас-Очир нарын 4 хүн байж, баг бүрд комиссын дарга, гишүүдэд мөн 4 хүн байж санал асуулгыг зохион байгуулсан байна. Жишээ нь 3 дугаар багийн комиссын дарга П.Балжин, гишүүдэд: Дамдин, Дэмбэрэл, Нямаа, Д.Бадарч нар, 4 дүгээр багийн комиссын дарга Лхүндэв, гишүүдэд: Намжиа, Жалцав, Жамц, Б.Бадарч нар орж байжээ.

Хантайшир уулын аймгийн Бүсхайрхан уулын хошууны 1929 онд хийгдсэн хүн амын тооллогоор Зүүн Сутай сум 313 өрхтэй 1551 хүнтэй, Баянжавхлан сум 328 өрхтэй 1814 хүнтэй байсан, энэ хоёр сумыг нийлүүлж Алтай аймгийн Дарви сумыг байгуулсан бөгөөд 1929 оны хүн амын тооллогоос харахад хүн ам харьцангуй их, хүйсийн харьцаа 49:51 бараг тэнцүү, хүүхдийн тоо 33%-ийг, лам нар 15%-ийг, 70 наснаас дээш өндөр настан 0,02%-ийг эзэлж байжээ. Нийт өрх 641 байсны дотор ганц биеэр (эхнэргүй эсвэл нөхөргүй) өрх толгойлсон 209 өрх бүртгэгдэж, 5-аас дээш насны зөрүүтэй гэр бүл нийт өрхийн 70% орчим хувийг эзэлж, 13 наснаас дээш зөрүүтэй гэр бүл 33 байж, хамгийн их насны зөрүүтэй гэр бүл Зүүнсутай сумын Норов эхнэрээсээ 29 насаар ах, Баянжавхлан сумын Дүгэр эхнэрээсээ 30 насаар ах байсан, хоёр эхнэртэй хүн Зүүнсутай сумын Дамдины Гэлэг тайж байсан бол 1933 оны бүртгэлд Далантайн Санжмятав гэдэг хүн нэмэгджээ.

1933 оны хүн амын тооллогоор 13 наснаас дээш нас зөрүү гэр бүлийн тоо өсөж 52 болсон нь хүрээнд шавилан сууж байсан лам нар хөдөө гарч хар болон залуухан охид хүүхнүүдтэй гэр бүл болох явдал ихэссэн ажээ. Ийм хандлага 1944 оны тооллогод мөн ажиглагдаж, 56 болж өсжээ. Баянжавхлан суманд Дарви гэдэг нэртэй эмэгтэй хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байсан, хамгийн олон ам бүлтэй өрхүүд Загджавын нэр дээр 3 өрх 15 хүн, Ширчингийн нэр дээр 3 өрх 12 хүн, Тэгшжавын нэр дээр 3 өрх 13 хүн, Жигмэдийн нэр дээр 14 хүн (үүнээс 11 хүүхэд, эхнэр, эмэгтэй дүүгийн хамт) амьдардаг, Зүүнсутай сумын Жамьян тайж бүгд ам бүл 14 (үүнээс 3 хүү, 5 охин, ач, зээ 4), Чоймболынх ам бүл 13 (үүнээс 2 хүү, 5 охин, 4 зээтэй) байсан нь сонирхолтой ажээ. Мөн хамгийн өндөр 85 настай Дулам (Санжжавын эх), 84 настай Даш (Далхаагийн эх), Туваанжав (Рэгзэдийн эх), Буянхүү (Нанжидын эх) нар, эрэгтэйчүүдээс 83 настай Галсан (Лхасүрэнгийн эцэг), Шарав (Жалбын эцэг), Гомбо (Пунцагийн эцэг) нар байжээ.

Дарви сумын хүн ам (олон жилийн бүртгэл – тооллогоор) Онууд 1929(Хүн ам-3365) 1933(2775) 1944(2429) 1956(2109) 1969(1469) 1979(1612) 1989(1580)1990(1684) 1995(2166) 2000(2123) 2005(1913) 2010(1793) 2015(1819) 2018(1861) Хүн амын тоо бүртгэлээс харахад анх сум байгуулагдаж байх үед хүн ам хамгийн олон тоотой байж түүнээс хойш сургууль, цэрэгт жил тутам хүүхэд залуучууд явдаг болж, улмаар улс орны хөгжлийн хандлагаар хот суурин газарт шилжиж ажиллах хүний тоо ихэссэн нь сум, орон нутагтаа амьдарч ажиллах хүний тоо буурахад нөлөөлсөн ажээ. Нөгөө талаар энэ тоо буурахад нөлөөлсөн зүйл бол бүрэн бус тоогоор Дарви сумын харьяат томоохон лам-64, угсаат гүн (Жалчингомбодоржийн Чагдарцэрэн), тайж (Намнангийн Мишиг, Гомбын Чимэддорж) нарыг 1930-1940 оны хооронд баривчилж хэлмэгдүүлэн хороосон зэргээс зарим хүмүүс нь нутаг орноо орхиж өөр газар луу дүрвэхэд хүргэсэн байна. Мөн 1958 онд тус сумын долоо, наймдугаар багийг Шарга суманд шилжүүлсэн нь тус сумын хүн амын тоонд сөрөг нөлөөтэй төдийгүй эдийн засгийн чадавхад ч сөрөг нөлөө үзүүлжээ. Ялангуяа өнгөрсөн зууны 50-аас 80-аад оны үед сургуульд суралцсан болгон улсын хуваарь томилолтоор өөр газарт ажиллах болсноос орон нутагтаа амьдарч мал маллах хүний тоо эрс цөөрсөн ажээ. 1990-2000 оны хооронд улс орны эдийн засгийн байдал хүндрэхэд нэлээд тооны хүмүүс төрсөн нутаг орноо бараадаж хүн амын тоо харьцангуй өссөн байдалтай байсан ч хүн амын шилжилт хөдөлгөөн чөлөөтэй болсон учир хот суурин газар бараадах залуучуудын тоо өсөж, үр хүүхдээ дагаж бараадсан хөгшчүүлийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгджээ. 1990 ооос хойш төр засгаас авч хэрэгжүүлэх хүн ам зүйн бодлого алдагдаж урсгалд нь орхисноос эмэгтэй хүүхдээ сургууль соёлд оруулах хандлага давамгайлснаас хүн амын зохистой харьцаа алдагдаж, хөдөө эрэгтэй хүний тоо их байхад, хот суурин газарт нөхөргүй сэхээтэн эмэгтэйчүүдийн тоо эрс өссөн байдал тус суманд тод ажиглагдаж байна.

Хүн амын овгийн байдал[засварлах | кодоор засварлах]

Дарви сумын хүн амын овог, угсаа гарвал олон янзын байх ажээ. Тэдгээр овог нь өнөөгийн Монгол Улс болон хөрш зэргэлдээ орнуудын монгол угсаатны дунд тархсан, эртний язгуурын овгууд байна. Эрдэмтдийн судалгааны ном, зохиол, сурвалжаас үзэхэд тус суманд "Боржигин", "Бэсүд", "Урианхан", "Урианхай", "Олхонуд", "Жалайр", "Баарин", "Соёг", "Убаши", "Алаг адуут", "Өөлд", "Улаан залаатан", “Тангад” зэрэг овгууд бүртгэгдсэн байна. Дарви сумын нутгийн баруун, баруун хойд талд ”Урианхан”, “Олхонууд”, ”Бэсүд” овогтнууд зонхилж байхад сумын урд (дорнод) хэсгээр “Урианхан”, “Жалайр,” “Бэсүд”, “Баарин” овогтой гэцгээдэг хүмүүс зонхилож, “Өөлд” “Соёг” овогтон байгаа нь Баатар ван, Сүжигт гүний хошууныхантай ураг барилдаж ямар нэг хэмжээгээр холилдож байсных ажээ.

Овгийн шилжилт хөдөлгөөн[засварлах | кодоор засварлах]

Дарви сумын хүмүүсийн удам угсааны талаар судлаж сураглахад, энэ нутаг(хошууны)-ийн хүмүүс дайны хөлөөс дүрвэн хөдөлж байсныг түүхийн янз бүрийн сурвалжид тэмдэглэснээр ....Халхын баруун гарын урианханы Саму буйма ноёны угсааны Мада зоригт 1688 онд Зүүнгарын Галдан бошигт хааны довтолгооны хөлөөс зайлан албат ардыг аван Хөхнуурын зүг дүрвэн одож, Хошуудын ноёдыг түшиглэн суужээ. 1704 онд Чин улсын хаанд өргөдөл өргөж уг нутагт эгүүлэн суулгамуу хэмээн гуйсанд Мада зоригтыг тэргүүн зэрэг тайж болгож харьяат ардыгтусгай засаг хошуу болгон Алтайн Эрчис, Өрөнгийн газар шилжүүлэн суулгажээ. 1714 онд Мада зоригт нас барсанд түүний хүү Тонмогт засаг, тэргүүн зэргийн тайжийн хэргэмийг залгамжлуулсан ажээ. 1723 онд Хөхнуурын газар цэргийн хэрэгт зүтгэсэн тул улсад туслагч гүн болгон дэвшүүлж, Бүсхайрханы зүг нүүлгэн суулгаад. 1731 онд Зүүнгарын цэргийн довтолгоонд харьяат ардууд автагдаж сарнисан тул Алшаагийн газар нүүлгэн суулгаж байжээ. Зүүнгарын энэ довтолгооны явцад тус хошууны нэг хэсэг ардууд зүүнгарын цэрэгт дагаар оржээ. 1739 онд Зүүнгар-Чингийн хилийг хэлэлцэн тогтсоны сүүлээр тус хошууны ардыг уг нутагт эгүүлэн авч ирж суулгав.[3] Байгаль нуурын баруун өмнөд хэсэг рүү шилжиж тэндээ суурьшсан Ашбагатууд, Галуут нуурын өмнө талд Тамчийн дацан байгуулж байсан алтайчууд, одоо монголын хилээс холгүй Буриад-Монголын нутагт “Алтай” нэртэй тосгон байгаа, мөн Засагтхан аймгийн түүхэнд А. Очирын бичснээр: Дарви гэдэг уулс, сум байдгаас гадна Завхан аймгийн Цэцэн-Уул суманд "Дарви" гэдэг овог бүртгэгдсэнээс үзэхэд Дарвийн нуруугаар нутаглаж байсан хэсэг хүмүүс эрт цагт Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын хошууны нутагт шилжин очиж Хангайн нурууны баруугаар очиж суурьшаад тэднийг анхандаа Дарви отог гэж байгаад хоёр хуваагдахад нь Их Дарви, бага Дарви гэдэг болж, яваандаа тэр отгийн нэр нь овгийн нэр болж хувирсан бололтой зэргээс үзэхэд энэ нутгийн хүмүүс янз бүрийн шалтгаанаар өөр газруудад очсон бололтой. Дарви сумын нутгийн иргэдийн зарим нэгний удам угсааныхан, дээхнэ үед дайн дажны хөл үймээнээс үүдэн шилжиж хөдлөж янз бүрийн газарт нутаглаж байгаад хуучин нутагтаа буцаж ирсэн байхад зарим нь монгол нутгийн гүнээс халхын харуулд суухаар ирцгээж 1740-өөд оноос хойш энэ нутагт анх суурьшиж эхлэсэн бололтой, бүр сүүлчийнх нь 18-20 дугаар зууны үед өртөө улаа (одоогийн Ховд аймгийн Чандмань сумын нутагт Харганы өртөө)-ны албанд явж байгаад зарим нь тэндээ суурьшин үлдэж хоцорсон, зарим нь хошуу нутгийнхаа зах руу орж ирээд суурьшсан гэх мэтээр яригдаж дурсагдаж байгаа нь дээрх олон овогтноор өөрсдийгөө тодорхойлдогтой холбоотой байх. Мөн энэ нутгийнхны ярианы хэл аялгуу нь төв халхаас жаахан ялгаатай, үгийн эхний “х” үсгийг “к”-аар хэлж кэн, кизээ, күн, кийтэн... гэх мэтээр, зарим үйл үгийн хоёр дугаар үед орсон “э” үсгийг “а”-аар дуудаж нэмах, хэрах, үзах, үүсах... гэх зэрэг, мөн баруун ойрд монголчуудтай олон үг, хэллэг таардаг нь олон жил, хэдэн зуунаар хаяа хатгаж, бөөр нийлж, хөрш зэргэлдээ явсаных буйзаа. Монгол даяараа овгоо тодруулах, сонгох дуулиант ажил болохоос өмнө бид хаанаас гаралтай хэн билээ гэдгээ бас ч гэж мэддэг байсан гэхэд болно. Угсаатны зүйн судалгааны ажлаар Дарви суманд очсон хүмүүсийн тэмдэглэснээр тус сумын хүн ардын ихэнх нь өөрийн овог, удам угсаагаа ямар нэг хэмжээгээр мэдэж хэлж байсныг онцлосон нь олон овог, ястны хил заагт байж, өөрсдийн овог, удам угсааныхаа нэр төрийг хайрлаж, өргөж явсных гэлтэй.

Аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Дарви сумын хүн амыг ерөнхий байдлаар авч үзэхэд олон овог, угсаатай хүмүүс энд тэндээс ирж суурьшисан юм уу даа гэмээр байдаг. Цаг хугацаа улирахад өөрийн гэсэн нутгийн онцлог ёс заншил бүрэлдэж бий болсон байна. Энэ нутгийнхан өнө эртнээс мал аж ахуй эрхлэн ашиг шимээр амьдарлаа залгуулдаг, цөөн тооны хүмүүс тариа тарьж амьдардаг, энэ нь эртний уламжлалтай ажээ. Малчид хавар намарт Ихэсийн гол, Хойт хоолой, Далан түрүү, Арьяа, Бөөрөг, Дарвийн нурууны ар бэлээр, өвөлд нурууны өвөр талд өвөлжиж, зунд Сутайн нуруу, Дарвийн нурууныхаа зоо хярд зусаж, жилийн дөрвөн улиралд дунджаар 7-8 удаа нүүдэллэн аж төрнө. Харин дээхнэ (19 дүгээр зууны эцэс 20 дугаар зууны эхээр) үед айлууд мал цөөтэй, холхон нүүгээд байдаггүй баруун уулынхан (хонь, сарлаг голдуу малтай), голынхон (ямаа, монгол үхэр, тэмээ), хярынха н(цөөн бог, голдуу сарлаг), бэлийнхэн (цөөн бог,цөөн улаан үхэр), говийнхон (цөөн бог, тэмээ) гэж тэрүүхэндээ нэг дорын бүлэг маягтай амьдардаг, аль ч айлд унааны хэдэн адуутай байдаг, юу ч үгүй ядуу, яадгаа алдсан ядуу хүн энэ нутагт байгаагүй гэх бөгөөд өвөлд их хүйтэрч цас их ордгоос мал их хорогддог, Дарвийн нурууны даваануудаар морьтой хүн давахад бэрх болдог, зунд их халуун болдог байсан ажээ. Бас боломжийн хөрөнгөтэй (төрөл бүрийн олон малтай) цөөн тооны айлууд 1-3 айлаар мал, ахуйдаа туслалцуулж амьдралыг нь дааж, дагуулж явдаг байсан ажээ. Малын сүүг ашиглах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах талаар халхын ихэнх нутагтай адил боловч өөрийн гэсэн онцлогтой. Гүүний айраг газрын өндөрлөгөөс хамаарч исэлт муутай тул бараг байхгүй гэхэд болно. 1960 оноос өмнө үхэр бүхий өрхүүдэд улсын төлөвлөгөөний дагуу сүүний ноогдол оноож сумын хэмжээнд сарлаг, монгол нийлсэн 500 гаруй үнээ сааж Их Өлзийт, Цахирын худаг, Майхны эх, Цутгаланд сүүний тасаг ажиллуулан цөцгий тос бэлтгэдэг байсан бөгөөд нэгдэл байгуулагдсны дараа нэгдлийн малыг сааж цагаан идээний үйлдэхүүн тушаадаг байжээ. Ямаа, үхрийн сүүгээр цагаан идээ (Сүүлийн үед малын тоо толгой ихэссэнээс тэр байх, хонийг саахаа больж үхрээ ч бага саадаг болжээ) хийнэ. Аарцыг том хавтгай чулуунуудын хооронд 2-3 хоног шахаж, дараа нь зүсэж хатаана. Намарт ууттай аарцаа хоёр хэсэг болгож хатаахад гадна тал нь хөрсөлж хатаад өвөлд доторх талыг нь төнхөж идэхэд нэн амттай, хөгшин хүмүүс цайндаа хийж уудаг байлаа.

Цагаан сар тэмдэглэх ёс[засварлах | кодоор засварлах]

Монгол түмний уламжлалт баяр, хэдэн өдрийн өмнөөс боов, мах шүүс, банш идээ будаагаа бэлтгэж, гэр орон, хашаа хороо, хотоо цэвэрлэж битүүний оройгоос шинэ дээл (гоёлын) хувцасаа гаргаж цагаалж эхлэдэг нь Монголын бусад нутгийнхантай бараг ижил гэхэд болно. Харин овоонд очиж газар, тэнгэрт сүслэн мөргөх заншил нь өөрийн гэсэн онцлогтой. Говь–Алтай аймгийн Дарви суманд цагаан сарын шинийн нэгний өглөө тухайн хот айлын эрчүүд овоонд очиж уулын толгойд наран тусахын цагт тэнгэр газартаа өргөл мөргөл хийхдээ овооны өмнөх ширээг орлох хавтгай чулуун дээр тавагтай идээ, домботой цайгаа тавьж, аргал цогшуулан арц хүж уугиулан сан тавиад, овоо руугаа харан наран ургах зүгт нь хормойгоо дэвсэн хагас сөхөрч дугуйран зээглэж сууцгаагаад гарын алгаа дээш харуулан урагш алдлан өргөж тухайн хот айлын хамгийн ахмадын чангаар хэлснийг бусад нь амандаа давтаж:: Аугаа их Хан хурмаст минь, Аврал ихт асура тэнгэр минь, Ашид дурсагдах өвөг дээдэс минь, Асрын өндөр Алтай нутаг минь, Алсаас бараалах Цаст богд минь, Ачлал ихт Хараат хайрхан минь, Өргөн түмний минь сүр сүлдийг өргөж, Эх нутаг минь тайван амгалан байх болтугай! Ирэх жилдээ элгэн саднаараа Энх мэнд, түвшин амгалан байх болтугай! Үеийн үед биднийгээ ивээж, Үр хүүхдүүд минь жаргах болтугай! Үржилт мал сүрэг минь олширч, Буян хишиг нь дэлгэрч байх болтугай! Хурай! Хурай! Хурай! хэмээн хурайлж гарын алгаа дээш харуулан хагас алдалж алганы арыг газарт хүргэн овоо руугаа харж гурав мөргөөд босцгоон овооны дөрвөн зүг найман зовхис, “Цаст богд, Хараат хайрханы зүгт “Чөөт хайрхан” хэмээн аялгуулан хэлж идээ цагааныхаа дээжийг дээжийг өргөсны дараа тоононы чагтаганы эрчлээсэнд хавчуулаастай байсан, тухайн жилд зарсан, үрэгдсэн сайн морь, эцэг малын үс хялгасыг овооны санд өргөөд , цай идээнээсээ амсацгаагаад буцаж хот айлынхаа хамгийн ахмад настны гэрт цуглаж золгоцгоодог байна. Мөн зарим нь овооны өмнө арц уугиулан сан тавиад овоо руугаа харан урд зүгт нь хормойгоо дэвсэн хагас сөхөрч зээглэн сууцгаагаад гарын алгаа дээш харуулан урагш алдлан өргөж “Үргэлж биднийг ивээгч Өндөр дээд тэнгэр минь! Өмөг түшиг болсон Алтайн арван гурван оргил минь! Хотол олноороо энх мэнд, төвшин амгалан байж, үржилт мал сүрэг минь эргэх цагийг эндэлгүй давах болтугай!” гэж товчхоноор ахмад нь хэлэхэд бусад нь даган хэлээд овооны дөрвөн зүг найман зовхист авч ирсэн идээ цагааныхаа дээжийг өргөөд, буцаж гэртээ очиж золгож шинэлдэг ажээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Үндэсний төв архивФ-1,Д-1,ХН-247
  2. Үндэсний төв архив, Х-1, Д-2, ХН-428-р дансны 36 –р тал
  3. засагт хан аймгийн түүх. 2006 он