Jump to content

Бигэр сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бигэр сум
ᠪᠢᠭᠡᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт3,826 км2 (1,477 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,248
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Бигэр (ᠪᠢᠭᠡᠷ) нь Говь-Алтай аймгийн сум юм.

Бигэр сум нь Монгол орны нутгийн баруун урд хэсэгт аймгийнхаа 3.1 мянган га газар нутгийг эзлэн оршдог. Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Халиун, Есөнбулаг сумтай хиллэдэг. Нутгийн хойт цэг Хангайн нуруунаас урд цэг Таргилжийн нуруу хүртэл 120 км, баруун цэг Тэхийн хүрэн уулнаас зүүн цэг Бөөгийн хар уул хүртэл 85 км байна.

1967 оны 4-р сарын 4-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 75-р зарлигаар Бигэр сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоохдоо: "Хавтгайн явар, Шилийн харуул (1890.0), Хангийн голыг өгсөж Хөндийтийн баруун салааг уруудаж, Хясаа, Сэнжит булаг, Муруйн булаг, Гашууны ам, Цагаан чулуут, Дөрвөлжин цагаан, Хоёр худаг, Сан тавиачийн овоо (3192.0), Алтанбулаг, Хүвийн худаг, 2389.0 тоот, Ямаан усны хөндийг уруудаж, 1672.0 тоот, Хар эрэг (1432.0), 1620.5 тоот, Улсын даваа, Хөхийн даваа, Зэвт (3150.0), 3265.0 тоот, Баян сайрын даваа, (3272.0), Тогоотын нурууны 3441.0, 3435.0, 3470.0, 3455.0, 3410.0, 3530.0, 3555.0, 3681.0 тоотууд, Бурхан буудай (3765.0), Онцын шовгор (2018.0), Хатахын булаг, Хавтгайн явар" гэжээ.

Газар зүйн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Бигэр сум байгаль, газар зүйн нэн өвөрмөц тогтоцтой нутаг. Байгалийн унаган төрхөө хадгалсан, говийн өвөрмөц төрх бүхий байгаль, ургамал амьтантай. 1990-ээд оноос хойш байгалийн баялгийг зүй зохисгүй ашиглах явдал газар авч, зарим тохиолдолд экологийн тэнцвэр алдагдахад хүрч буй. Бэлчээрийн талхагдал, цөлжилт зэрэг нийтлэг үзэгдэл энэ суманд мөн ажиглагдана.

Нутгийн зүүн талаар Хантайширын нурууны үргэлжлэл Хөх сэрхийн нуруу орших ба дундаж өндөр нь 2400 метр. Баруун талаараа Монгол Алтайн нурууны нэг хэсэг Хар Азаргын нуруу, урагшилж Гичгэний нуруутай залгана. Эдгээр нуруудын дундаж өндөр нь 3300 метр бөгөөд баруун, зүүн энэ хоёр нуруудын завсар хоорондуур Их нууруудын хотгорын бүсэд багтдаг Бигэрийн хоолой 80 орчим км үргэлжилнэ. Бигэрийн хоолой нь Монголын нэрд гарсан 33 говийн нэгд тооцогддог. Энэ хоолой Халиуны хоолой, Шалын хоолойтой хөтөл гүдгэрээр өргөгдөж холбогдсон тул эрт дээр үед ус зүйн талаар хүйн холбоотой байжээ.

Бигэрийн хоолойд гадагш урсгалгүй Бигэр нуур орших бөгөөд жижиг голын урсгалаар тэжээгдэх учир гантай жилд ширгэх болжээ. Бигэр нуурын хөвөө далайн түвшнээс дээш 1290 метр өргөгдсөн. Гэтэл Индэртийн их уулс 3770 метр өргөгдсөн байх тул газрын өндөршлийн ялгаа нэн их болой. Сумын баруун талын уул нуруудын эхэнд далайн түвшнээс дээш 3765 метр өндөр байгалийн үзэсгэлэнт Бурхан буудай уул сүндэрлэнэ. Үнэндээ энэхэн бэсрэг нутаг нь говь цөл, хээр, уулын хээр, уулын нуга, өндөр уулын мөнх цас хүртлэх төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг агуулсан гайхалтай өвөрмөц нэгэн цогцолбор болой.

Ашигт малтмал, нөөц

[засварлах | кодоор засварлах]

1921 оноос өмнө Хятадын шинжээчид хэсүүчлэн явж үнэт эрдэнэстэй газрыг малтан, гараар олзворлож болохыг нь ашиглаж байсан тул ул мөрийг Будагтын бараан толгой, Шар хадны будагтын толгой, Гангатын улаан чулуунаас олж болно. Оросын их эрдэмтэн Г.Н.Потанин /1890/, М.В.Певцов /1880/, Зөвлөлтийн эрдэмтэн Э.М.Мурзайв /1940-1944 онд/, А.Г.Банников /1945 оны үед/, И.А.Ефремовын удирдсан палентеологийн шинжилгээний анги 1948-1949 онд ажиллахдаа тус сумын газар зүйн байдал, геологийн зүй тогтцод ажиглалт хийж байжээ.

1948-1949 онд зөвлөлтийн судлаачид Бигэр нуурын зүүн хэсэгт малталт хийж арслан зааны бүрдэл яс олжээ. 1984 онд Тавинтайн бууцны зүүн урд хуруунаас Доржийн Баатархүү олж аймгийн музейд хадгалсаар байгаа метр гаруй урт хавирганы хэлбэртэй яс зэрэг нь одоогоос далан сая жилээс цааш эх нутгийн маань газар уснаа нутаглан байсан арслан зааны ясны үлдэгдэл мөн гэдгийг баталжээ. Хад чулуунаа эртний өвгөдийн маань сийлэн зурж үлдээсэн сүг зургуудаас үзэхэд нэгэн цагт буга, согоо, хирс, арслан заан, тэмээн хяруул, ирвэс, арслан, бар багширсан үлгэрийн мэт газар орон байсныг гэрчилнэ. Бигэр нутагт байсан ой модны их нөөц нь газрын хөрсөнд олон арван сая жилээр дарагдаж өнөөг хүрэхдээ хүрэн чулуун нүүрсний давхарга буй болгосныг Сүүж хавь, Баян сайр, Шар хадны голын нүүрсний илэрцээс тод томруун харж болно. Энэ бүхнийг хараад "Газрынхаа дээр, доор ийм их баялагтай орон дэлхийд Монголоос өөр байхгүй байхаа" гэж их эрдэмтэн П.К.Козловын шүүрс алдан санааширсан үг санагдана. Орос, Герман, Япон, Хятад, Монголын геологчид тус сумд ирж ажиллан,

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Говь-Алтай аймгийн Бигэр суманд социализмын үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуун баатарын хөдөлмөрийн үр дүнд Бигэр суманд чацаргана тариалж түүгээр дарс хийж байсан нь өнөөг хүртэл уламжилж үлджээ. Иймд Алтай хотын дэлгүүрүүдэд Бигэрийн жимсээр хийсэн "Бигэр", "Алтай" дарсууд, "Бигэр" шампан дарс буюу оргилуун дарс, "Бигэр" виски зэрэг бүтээгдхүүнүүд байдаг.