Jump to content

Халх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Халх ястан-с чиглүүлэгдэв)
Халх ястан
Олон нэрхудам монголоор – халх-а
монгол кирилээр – халх (халхууд)
буриад кирилээр – халха (халханууд)
халимаг кирилээр – халх (халхас)
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 3 сая. Үүнээс:
 Монгол — 3,006,444 (2020)[1]
 Хятад (БНХАУ) — 4,000 (багцаа)[2]
Хэл аялгамонгол хэл (төв аялгуу, халхын салбар аялгуу)
Бичиг үсэгкирил үсэгтэй монгол бичиг (1941 оноос)
Шүтлэг буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан, Ислам, Христийн шашин
Төрөл холбоо
Ойр төрөлдархад,ойрад, цахар,
Буриад г.м бусад монгол үндэстэн
Хэл угсаамонгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн)
Халхын язгууртны хатагтай (1921)

Халх[3] — эртний нэгэн монгол түмэн[4], одоогийн монгол үндэстний нэгэн ястан[5]. 2020 оны тооллогоор Монгол Улсад оршин суугаа 3,006,444 хүн (суурин хүн амын 82.4%) Халх гэж бүртгэгджээ[6]. Халх дотроо ястанд хуваагддаггүй боловч өдгөө дарьганга, сартуул, элжигин ястан нэрнээс бусдаар халхаас ялгагдахгүй. Халх аялгад нийцүүлж монгол хэлний кирилл бичгийн дүрмийг Цэндийн Дамдинсүрэн зохиожээ.

Нэрийн гарал

«Халхавч», «бамбай» зэрэгтэй ойролцоо утгатай «халх» (нарны халх, галын халх ...) гэх монгол үгнээс нэр өгөгдсөн гэж үздэг. Монголч эрдэмтэд "халх", "халх бамбай" гэсэн үгнээс халх ястны нэр үүсэн гэж үздэг.

Гарал үүсэл

Монголчуудыг дахин нэгтгэсэн Батмөнх даян хаан 1500 оны үед улсаа зүүн баруун 2 гар, 6 түмэн болгон хуваан хөвүүддээ өвлүүлжээ. Үүний баруун гарын 6 түмний нэг нь Халх түмэн бөгөөд түүхийн шастирд "Аглагийн 12 хүрээ халх"[баримт хэрэгтэй] гэж алдаршиж байв. Ингэхдээ 6-р хүү Алчуболдод баарин, баягуд, жарууд, үжээд, хонгирад отгийг нийлүүлэн өгсөн нь Өвөр Халхын 5 отог хэмээн нэрлэгдэж, хожим нь Өвөр монголын Зуу Удын чуулганы Баарин зүүн баруун хоёр хошуу (одоо ӨМӨЗО Улаанхад хотын Баарин зүүн баруун хоёр хошуу), Жарууд зүүн баруун хоёр хошуу (одоо ӨМӨЗО Тонляо хотын Жарууд хошуу) болж хуваарьлагдсан бол хонгирад, Үжээд, Баягуд нь бусад хошууд, Манж найман хошуунд задран хуваагдсан.

Түүхийн тойм

Даян хааны 11-р хүү Гэрсэнзэд Халхын хэрэйд, жалайр, хонгирад, олхонуд, бэсүд, элжигин, горлос, урианхай, сартуул, тангуд, хүрээ, цоохор отгийг нийлүүлэн өгсөн нь ар халх гэж нэрлэгдэх болжээ. Гэрсэнзийг таалал төгссөний дараа дээрх отгуудыг долоон хөвүүнд нь хувааснаар "халхын долоон хошуу" үүссэн.

  1. Ашихай дархан хунтайжд үнэгэд, жалайр отог[7],
  2. Ноёндай хатанбаатарт бэсүд, элжигэн отог[7],
  3. Нонохуй үйзэнд хэрэгүд, горлос отог[7],
  4. Аминдурал ноёнд хүрээ, хороо, цоохор отог[7],
  5. Дарь тайж хөхэйд, хатагин отог[7],
  6. Далдан хөндлөн ноёнд сартуул, тангуд отог,[7]
  7. Саму буйма ноёнд урианхай отог[7]

Гэрсэнзээс хойш Ар халх нь баруун, зүүн 2 гарт хуваагдсан 7 хошуу болсны, халхын баруун гарыг Ашихай дархан хунтайж захирч, Ноёндай хатанбаатар, Далдан хөндлөн ноён, Саму буйма нарын захирсан отгууд хангайн нуруунаас баруун тийшх нутагт 4 хошуу байгуулагдаж хожим Засагт хан аймаг болсон. Халхын зүүн гарыг халхын голоос хангайн нуруу хүртэлх нутагт Онохуй үйзэн ноён, Аминдурал ноён (Дарь тайж хүүхэдгүй нас барсны дараа отогийг нь авсан) нарын захирсан 3 хошуу байгуулагдаж, зүүн гарыг Онохуй үйзэний хөвүүн Автай сайн ханы угсаа үе залгамжлан захирсан нь хожим Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Сайн ноён аймаг болж хуваагдсан. Гэхдээ анхны 7 хошууны ноёд тогтвортой үе залгамжлан засаг ноёд байсан гэж ойлгож болохгүй.

17-р зууны эхээр бичигдсэн Халхын үйсэн дээрх цааз бичгүүд Халхын баруун, зүүн гарыг хан, хунтайж, жонон цолтнууд тус бүртээ хуваан захирч, тэдний доор засаг барьсан их ноёд, бага ноёд байсныг батладаг. 1580-1630-аад оны Халхын ноёд эзэмшил нь "... баруунд Лайхур хаан, Жалайрын Убаши тайж, Бэсүдийн Цэцэн жонон[8] бөгөөд зүүнд Очирай хаан, Цогт хунтайж, Далай жонон..."[9] гэсэн 6 хошуунд хуваагдах болсон.

1627 онд халхын зүүн гарын Далай жонон Шолой нь Махасамади Сэцэн хан цолтой болж, 1634 онд Цогт хунтайж халхаас дүрвэж, 1636 оноос Манж Чин Улс байгуулагдан Халхыг хараат орноо болгон Данзан тойныг шинэ засаг ноёноор болгож, 1655 онд Халхын баруун гарын засаг ноён Элжгэний Цэрэнгомбо хатанбаатарын эрх мэдлийг эвдэж, бага ноён болгосон[10] мэтийн үйл явдал өрнөсөн. 1650-иад оны Халхын баруун гарын 4 засаг ноён нь Засагт хан Норов, бэсүдийн Цэцэн жонон Хонхуй[8], Хотгойдын Омбо-Эрдэнэ хунтайж[11], Сартуулын Хүндлэн тойн[12], зүүн гарын 4 засаг ноён нь Түшээт хан Чахундорж, Сэцэн хан Бабу, Мэргэн ноён Гүрүшихи, Сайн ноён Данзан тойн нар юм. 1650-1670-аад оны Халхын дотоод дахь эрх мэдлийн хуваарилалтын талаарх хэрүүл тэмцэлээс болж, Элжигиний ноёд Түшээт хан руу нүүж, Тангуд отгийн ноёд, Түшээт ханы төрлийн тайж Бунтар нар Чин улс руу дүрвэсэн зэрэг асуудал гарсан.

Халхын анхны 7 хошууны нутаг нь дараах болой.

  1. Засагт ханы хошуу: Одоогийн Говь Алтай аймгийн хойд, Завхан аймгийн хойд ба зүүн хойд, Увс аймгийн зүүн, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай аймгийн баруун, Баянхонгорын зарим нутаг багтаж байжээ. Манжийн үед Засагт хан аймгийн Баатар засгийн хошуу, Үйзэн засгийн хошуу, Эрдэнэ засгийн хошуу, Цогтой засгийн хошуу, Эрдэнэ дүүргэгч засгийн хошуу, Ахай засаг, Мэргэн засаг, Далай засгийн хошуу, Жалханз хутагт, Ялгуусан хутагтын шавь болж задарсан.
  2. Ноёндай хатанбаатарын хошуу: Манжийн үед Засагт хан аймгийн зүүн урд талын таван хошуу, нэг шавийн отог болж хуваагдсан нь одоогийн одоогийн Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Тайшир, Дэлгэр сум, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Алтай сумд, Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст сум, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын баруун хэсгийн нутаг.
  3. Хөндлөн ноёны хошуу: Хожим Сартуул Сэцэн вангийн хошуу болсон нь одоогийн Завхан аймгийн Алдархаан, Цагаанчулуут, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Хөх морьт сумдын нутаг болж байв. Орд өргөө нь Сарт толгой орчимд нутаглаж байв.
  4. Саму Буйма ноёны хошуу: Манжийн үед Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болж хуваагдсан нь одоогийн Говь Алтай аймгийн Цээл, Төгрөг, Бугат, Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Мөст, Цэцэг зэрэг сумдын нутаг юм.
  5. Түшээт ханы хошуу: Чин улсын үед Түшээт хан аймгийн хойд талын 14 хошуу, Сайн ноён аймгийн зарим хошуудыг энэ хошуунаас нутаг таслан байгуулсан. Одоогийн Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Орхон аймаг бүхлээр, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Есөнзүйл, Хужирт, Баян Өндөр сумд, Архангайн зүүн талын сумдын нутаг багтаж байсан.
  6. Мэргэн ноёны хошуу: Автай сайн ханы дүү Абуху мэргэн ноёны удмынхан захирч байсан. Чин улс, Богд хаант улсын үед Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошуу, Мэргэн засгийн хошуу, Дайчин засгийн хошуу, Ёст засгийн хошуу, Цогтой засгийн хошуу болж хуваагдсан нь одоогийн Дорноговь аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн ихэнх нутаг болно.
  7. Сэцэн ханы хошуу: Сэцэн хан аймгийн нутаг бүхлээрээ 1 хошуу байсан нь Манжийн үед 22 хошууг нутаг таслан байгуулсан.

1634 оноос өвөрмонгол Манж Чин улсад дагаар орсноос эхлэн, Халхын долоон хошууны ноёд Чин улстай шууд хиллэх болсноор Мин улстай хийж байсан худалдаа тасалдаж, Чин улсаас төр, эдийн засаг, худалдааны хувьд хараат болж, халхын зарим ноёнд цол өгөх, нутаг хошуу байгуулах мэтээр халхын дотоод асуудалд оролцож эхэлсэн. 1655 онд манжийн Эеэр засагч хааны зарлигаар халхын зүүн гарын Автай сайн ханы дүү Түмэнхэн сайн ноёны удам Данзан ламыг засаг ноён цол өргөмжлөн Түшээт ханы хошуунаас таслан өгч байгуулснаар Халхад найман хошуутай болсон. 1688-1689 онд Халх-Зүүнгарын дайнд Халхын Түшээт хан Чахундоржоор удирдуулсан ноёд хүн ардын хамт Галдан бошигт хаантай хийсэн дайнд ялагдаж, манжид дагаар орсноор Халх монгол нь Чин гүрний нэг хэсэг болсон. Долоннуурын чуулганаар Халхыг 36 засаг ноёны мэдлийн хошуу болгосон нь цаашид өргөжсөөр 1691-1911 он хүртэл Чин гүрний харьяанд байхдаа 4 чуулган аймаг, 86 хошуу, 12 тамгатай хутагтын шавь отог нэгжид хуваагдан задарч, Улиастай, Их Хүрээний манж амбанд захирагдаж байсан. 1911 оны 12-р сарын 29 нд Их Хүрээнд 8-р Богдыг эзэн хааны сэнтийд залснаар Халх төвтэй "Олноо өргөгдсөн Монгол Улс"ыг байгуулсан нь улмаар одоогийн Монгол Улсын суурь болсон.

Алдартай хүмүүс


Эшлэл

  1. 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын дүн
  2. Ганьсү мужийн Сүбэй шяньд амьдарч буй Цастын Халх Монголчуудын тоо
  3. "Халх" гэж ганц тооны нэр. Олон тоонд "халхас" (хал. "халхас"), "халхууд", "халхчууд" (бур. "Халхачууд").
  4. Батмөнх даян хаан 12 отгийг нийлүүлэн Монголын 6 түмний нэг Халх түмэн гээд Ар халхыг Гэрсэнзэд, Өвөр халхыг Алчуболдод өвлүүлэв. Ар халх нь хожмоо өнөөгийн Халх болж нэрлэгджээ.
  5. Монгол улсын албан бүртгэлд ястан гэнэ. Гэхдээ бусад ястнаасаа үнэмлэхүй олон.
  6. Монгол улсын 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүн (урьдчилсан)
  7. 7.0 7.1 7.2 7.3 7.4 7.5 7.6 ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. p. 66.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  8. 8.0 8.1 Ноёнтой хатанбаатрын удам
  9. Г, Бадамсамбуу (2018-01-01). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 42.
  10. Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 35–79.
  11. Шолой Убаши хунтайжийн хүү
  12. Далдан хөндлөнгийн удам