Абтай сайн хан

Абтай сайн хан ба хатан

Абтай бол Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүний дундах Онохуй Үйзэн ноёны ахмад хөвүүн билээ. Абтай модон барс жил буюу 1554 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд төрсөн бөгөөд түүний эх нь Халхын хилует отгийн эзэн Бэхийн охин Эцэнхин зоригт хатан билээ.

Абтай хааны эзэмшил Хэрлэн голын саваас Хангайн нуруунд тулж, нутгийн гол төв Орхон Туулын бэлчирт байжээ.

Абтай хаан Жалайр, Сүлдэсүн зэрэг Монголын эртний алдарт том аймагтай ураг холбож гурван хатантай байснаас хоёр хөвүүн, гурван авхай төрсний ахмад хөвүүн Өлзийт Шибагудай хунтайж эцгээ төлөөлж Ойрадыг захирч байсан ба дэд хөвүүн Эртэхий нь угсаа залгамжилсан байна. Абтай хаан шар хулгана жил буюу 1588 онд нас баржээ.

Абтайн улс төрийн бодлого хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, өөрийн эзэмшил Халхын төв нутагт оршиж, хүчин чадал улам бүр өсөх төлөвтэйг чадмаг ашиглан Ойрадын салан тусгаарлах ужиг оролдлогыг эцэслэж, Ойрадыг Халхад нэгтгэн захирахад чиглэгджээ. Академич Ш.Нацагдорж Абтай ханы Ойрадтай байлдан буулган авсан үйл явдлыг 1577 онд болсон гэжээ. Уул байлдааны шалтаг нь Ойрадын ноёд эртнээс Монгол төрөөс салан тусгаарлах, эсвэл эрх булаахын төлөө тэмцэлдэж ирсэний үргэлжлэл болох юм. Абтай хаан «урьдын гучин гурван өрөвлөгтөн, дөчин дөрвөн отогтон, жаран нэгэн хэгээртний өшөөг энэ өдөр авав» гээд буцсанаас мэдэгдэж байна. Абтайн хэлсэн үг бол түүнээс 110-аад жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн Агваржин жононг хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн төрийн эргэлт хийж, өргөн хүрээний алан хядлага явуулж Монголыг төрийг булаасан хар явдлыг хэлж байгаа юм. Төрийн алтан ургийг таслах явуулга ингэж гарчээ.

Абтай хан бөөгийн онгон шүтлэгийг орхиж шарын шашныг хүлээн зөвшөөрч түүнийг Халх түмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ. Асрагч нэртийн түүхэнд «Абтай хан модон тахиа (15‍‌85) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (15‍‌86) жилд Түмэд нутагт морилж Содномжамц далай ламтай учраад түүнээс «номын их Очир хаан» цол авч их нутаг Хар Өлөнд байхад буцаж ирсэн» гэжээ. Гэтэл Эрдэнэ зуугийн намтарт «Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторхи улаагчин үхэр жил (15‍‌77) III далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов» гэжээ. Харин төвөд сурвалж бичигт, Ю.Н.Рерихийн өгүүлснээр III Далай лам Содномжамц 15‍‌77 онд нутгаасаа гарч замдаа Алтан ханы гурван удаагийн угтуул элч нартай уулзаж аялан явсаар Түмэдийн газар ирж хойтон жил нь Алтан хантай уулзжээ. Абтай хан Содномжамцыг Түмэдэд дахин ирсэн 15‍‌87 онд очиж уулзсан байна.

Абтай, дайчин баатар, эрэлхэг зоригтой эр байсан тул түүнийг хуучин цагийн монгол түүхчид улам алдаршуулах зорилгоор «хомхой хуруундаа хар нөж атган төрсөн», «Ар Халхын Абтай галзуу ноён» гэх зэргээр магтан «Очирваанийн хувилгаан», «Түшээт сайн хаан» гэх зэргээр цоллосон байдаг.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Онохуй Үйзэн
  • Эх: Гилуеэдийн Бэхийн охин Эцэнхин зоригт хатан

Хатад[засварлах | кодоор засварлах]

Абтай сайн хан гурван хатантай.

  1. Жалайрын Хулман сэцэн хатан[1]
  2. Дарагийн охин Тунал гүнж[2]
  3. Сүлдүсүний Түнхэй хатан[2].

Хулман сэцэн хатнаас Эрээхий мэргэн хан, Чимудар абай нар төрvfн. Чимудар абайг Хятадын хөвгүүн Мачигт өглөө.[2]

Тунал гүнжээс төрсөн Багаран абайг Урианханы Холучид өгөв.[2]

Сүлдүсүний Түнхэй хатнаас Шибагудай өлзийт хунтайж, Мянгахан абай төрсөн. Мянгахан абайг Байхугийн хөвгүүн Бөхүхэнчэйд өгөв.[2]

Өмнөх
Шинээр байгуулсан
Халхын Очирай Сайн Хан
1577-1588
Дараах
Эрээхий мэргэн хан


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Д.Гонгор. Халх товчоон. УБ., 1970. т.203
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 2.7 2.8 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.102