Түмэн
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
монгол кирилл. | түмэн |
Түмэн[1] нь дундад зууны үеийн монголын цэрэг, засаг захиргааны хамгийн том нэгж юм. Түмэн гэдэг үг нь нэн эртний гаралтай монгол, түрэг угсаатны дунд хэрэглэж байсан үг бөгөөд үгийн утга нь "арван мянга"[2][3], "ард түмэн"[2][3], "олон түмэн", "маш олон"[2] гэсэн олон утгыг илэрхийлдэг үг.
Цэргийн нэгж
[засварлах | кодоор засварлах]13-14-р зуунд цэргийн бүтэц зохион байгуулалтын хувьд хамгийн том нэгж байсан. Монголын уламжлалт цэргийн нэгж аравтын тогтолцоогоор арван цэрэг нийлж нэг аравт цэрэг, арван аравт нийлж нэг зуут цэрэг, арван зуут нийлж нэг мянган цэрэг, арван мянгат нийлж нэг түмэн цэрэг болдог байсан. Тухайн цагт нэг өрхөөс 1-2 цэрэг гарч, түм буюу арван мянган цэргийг бүрдүүлэхийн тулд дор хаяж өдий тооны өрх байсан тул түмтийн ноёдыг хятад үсгээр "түмэн өрхөт, түмэн өрхөтийн ноён" (万戶, wanhu) гэж бичдэг байсан. Монголын эзэнт гүрний үед "дөчин түмэн монгол, дөрвөн түмэн ойрад" гэдэг нэр гарах болтлоо томорсон.
Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед нийт ард түмнийг 95 мянган болгосон нь түүний засаглалын сүүлээр 129 мянган[4] болж өргөжсөнийг гол, баруун, зүүн гарт хувааж, Алтайн нуруу хавийн баруун гарын түмтийг Боорчи ноён, голын түмтийг Наяа ноёнд, Хараун жидун хавийн зүүн гарын түмтийг Мухулай ноёнд захируулж байснаа, 1227 он гэхэд бага зэрэг өөрчлөлт орохдоо Чингис хааны отгон хүү Тулуйд "голын улс" хэмээх 101,000 өрхийг хувь болгон өгснийг дотор нь гол, баруун, зүүн жигүүр болгон хувааж, зүүн баруун жигүүрийн цэргийг Боорчи, Мухулай ноёд тэдгээрийн удам захирч байсан.
Хубилай хааны үеэс хятад нутагт монголын төрийн төв шилжихдээ түмэн гэх цэргийн нэгжийг хятадын төр, соёлын уламжлалтай холих замаар бий шинэ бүтэц зохион байгуулалтыг байгуулсан. Юань улсын сударт тэмдэглэснээр түмт нь бага түмтийн ордон (下萬戶府), дунд түмтийн ордон (中萬戶府), дээд түмтийн ордон (上萬戶府) гэсэн гурван шатлалтай болж, тус бүрийг монгол, түрэг, кидан, хятад гаралтай даргачийг томилон удирдуулж байсан. Эдгээр гурван түмт бүрт харьяалах нутаг, хятад түшмэдийн тогтолцоотой, шатлал бүрт тохирох цэргээс бүрдэж байсан. Бага түмт нь 3000-аас дээш тооны цэрэг, дунд түмт нь 5000-аас дээш цэрэгтэй, дээд түмт нь 7000 дээш тооны цэрэгтэй байсан.[5] Юань Улсын төрийн яам хэлтэсүүд 1-9 гэсэн шатлалтай байснаас эдгээр гурван зэрэглэлийн түмтийн ордонууд нь дараах зэрэглэлтэй байсан: дээд түмтийн ордон нь төрийн жинхэнэ 5-р зэрэг, дунд түмтийн ордон нь дагалт 5-р зэрэг, доод түмтийн ордон нь жинхэнэ 6-р зэрэг.
Албан тушаал | Орон тоо | Зэрэг дэв | Эзэмших гэрэгэ |
---|---|---|---|
Дээд мянгат | |||
Даргач | 1 | Жинхэнэ 3-р зэрэг | Алтан барсын тэмдэг |
Түмтийн ноён | 1 | ||
Дэд түмтийн ноён | 1 | Дагалт 3-р зэрэг | |
Дунд мянгат | |||
Даргач | 1 | Дагалт 3-р зэрэг | Алтан барсын тэмдэг |
Түмтийн ноён | 1 | ||
Дэд түмтийн ноён | 1 | Жинхэнэ 4-р зэрэг | Алтан гэрэгэ |
Доод мянгат | |||
Даргач | 1 | Дагалт 3-р зэрэг | Алтан барсын тэмдэг |
Түмтийн ноён | 1 | ||
Дэд түмтийн ноён | 1 | Дагалт 4-р зэрэг | Алтан гэрэгэ |
Засаг захиргааны нэгж
[засварлах | кодоор засварлах]15-16-р зуунд түмэн гэдэг нэрний утга нь цэргийн нэгжээс гадна засаг захиргааны нэгж болж хэд хэдэн аймгийн нэгдлээс бүрдсэн. Даян хааны үеийн шинэчлэлээр тухайн цагийн Монгол улсыг нийт арван түмэн болгосноос зүүн Монголыг зургаан түмэн, баруун Монгол буюу Ойрадыг дөрвөн түмэн болгон хуваасан нь 17-р зуун хүртэл Монголын төрийн нэгж болсон. Зургаан түмэн Монголыг дотор нь зүүн гурван түмэн, баруун гурван түмэн болгон хувааж, зүүн түмнийг их хаан Цахар түмэнд төвлөн захирч, баруун түмнийг их хааны томилсон жонон цолтой ханхүү Ордос түмэнд төвлөн сууж захирдаг байсан.
Харин Ойрадын дөрвөн түмнийг 15-р зууны эхнээс тайш цолтон захирдаг ч тус бүрдээ эзэнтэй байсан. 16-р зууны дунд үеэс тайш цолны үүрэг роль буурч, Хавт Хасарын удмын ноёдын захирдаг Хошууд аймгийн ноёд чуулганы дарга буюу хан цолтойгоор ерөнхийлөн удирдаж, дотоодын дайн самуун, хэрэг зөрчлийг шийддэг болсон.
Зургаан түмэн монгол
Зүүн түмэн
Баруун түмэн
- Ордос түмэн
- Түмэд түмэн
- Харчин, Юншээбүү нийлж нэг түмэн
Дөрвөн түмэн Ойрад
15-р зууны үеийн Ойрад нь Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад, Хойд, Баатууд нэг Ойрад, Барга, Буриад нэг Ойрад, Өр Монгол нэг Ойрад,[7] байснаа 16-р зуунаас Чорос, Торгууд, Хошууд, Дөрвөд[7] аймгууд дөрвөн ойрадын гол хүч болсон.
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ «түмэн» гэдэг үг нь 10 мянганы нэгдэл ба 10 мянгын нийлбэр «түм» гэсэн үг.
- ↑ 2.0 2.1 2.2 "түм, түмэн". toli.query.mn. Татаж авсан: 2025-02-10.
- ↑ 3.0 3.1 "Монгол хэлний их тайлбар толь".
- ↑ Дүгэрийн, Гонгор (1970). Халх товчоон. Vol. 1. Улаанбаатар. p. 92.
- ↑ 5.0 5.1 "Юань улсын судар - 91-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-10.
- ↑ "事林廣記/別集/卷02 - 維基文庫,自由的圖書館". zh.wikisource.org (уламжлалт хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-13.
- ↑ 7.0 7.1 Монгол Улсын, Шинжлэх Ухааны Академи (2003). Монгол Улсын Түүх. Vol. 3. Улаанбаатар: Адмон ХХК. pp. 122–124.