Дашдоржийн Нацагдорж

Дашдоржийн Нацагдорж
ᠳᠠᠰᠢᠳᠣᠷᠵᠢ
ᠨᠠᠴᠤᠭᠳᠣᠷᠵᠢ

Төрсөн: 1906 оны 11 сарын 17 (1906-11-17)
Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутай гэдэг газар
Өнгөрсөн: 1937 оны 7 сарын 13 (30 насалсан)
Ажил үйл Зохиолч, яруу найрагч, орчуулагч
Гарал үүсэл Tайж
Яс үндэс Халх
Улс орон Монгол улс
Боловсрол Бага насандаа гэрийн боловсрол эзэмшиж,

1925-1926 онд ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид, 1926-1928 онд Германы Берлиний их сургуулийн Лайпциг хотноо сэтгүүлийн ангид тус тус суралцсан байна.

Төрөл Шүлэг, үргэлжилсэн үг, тууж, өгүүлэг, жүжгийн зохиол
Улаанбаатар хот дахь их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө

Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд төрсөн, 1937 оны долоодугаар сарын 13-нд нас барсан) нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ. 1911 онд Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад нас барж эцэг Дашдорж Цэргийн яаманд бичээч болсон.

Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвээлд гэрээрээ өсөж 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. Нацагдоржийн эцэг Цэрэндоржийн Дашдорж 1926-1927 онд БНМАУ-ын Цагдан сэргийлэх газрын дарга хийж байжээ.

1915 онд эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгээр тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл, уран  зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.

1918 онд  Дархан чин ван хошууны хүн ам, мал хөрөнгийн тооллогын дансанд эцэг Ц.Дашдоржийн ам бүл хүн амын дансанд- Ц.Дашдоржийг нас 34, хөвгүүн Нацагдорж нас 13, өрх нэг, ам хоёр, адуу, тэмээ үгүй, 4 үхэр, 21 хоньтой гэж бүртгэгджээ.

1918 оны сүүлчээр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. 1921 оноос тэрээр Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. 1922 оны 4 дүгээр сараас МАН-д гишүүнээр элсч, Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болсон. 1922 оны 5 дугаар сард Д.Нацагдорж, намын даалгавараар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх, «сурвалжлагч»  аар томилогдов. 1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах. 1922 оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргын ажлыг хавсарч байв.

1923 оны 3 дугаар сард Намын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 дугаар сард Намын төв Хорооны 11-р бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны 7 дугаар сард Монгол Ардын намын 2-р их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ. 1923 оны 9 сараас 1924 оны 4 дүгээр сар хүртэл Д.Нацагдорж Дотоодыг хамгаалах газарт комиссар байжээ.

1924 оны 2 дугаар сарын 5-нд Монголын Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдав. Монгол улсад, «Ардын цэрэг» сонин анх буй болов. Улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг дайчдыг сурган хүмүүжүүлэхэд бэеэ даасан тогтмол хэвлэл чухал болохыг харгалзан үзэж, МАХН  ын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэрээр Бүх цэргийн зөвлөлөөс эрхлэн «Ардын цэрэг» сонинг энэ өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа хэвлэн гаргахаар тогтож сонины эрхлэгчээр тэр үед Бүх цэргийн зөвлөлд алба хааж байсан Н.Жамбаа, Д.Нацагдорж нарыг томилжээ.

1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож мөн оноос Д.Нацагдорж МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.

1925 оноос Д. Нацагдорж «Ардын цэрэг» сонины эрхлэгчээр ажиллаж, Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.

Хилийн чанадад суралцсан нь[засварлах | кодоор засварлах]

1923 оны 7 сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 16-р зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 оны намар явж суралцаад 1926 оны зун чөлөөгөөр орон нутагтаа иржээ.

Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү тэр үед Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ.

Д.Нацагдорж нь 1926 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатараас морин тэргээр гарч умард хил давж Улаан-Үдээс галт тэргээр Москва ороод цаашаа Ленинград орсон байна. Ленинградаас усан онгоцоор Германы Штенин боомт хүрч галт тэргээр Берлин орж байжээ (Улаанбаатараас Берлин хүртэл найраглал). 1929 оны хавар хүртэл Берлин, Лайпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.Тэр их алдартай хүн байсан юм.

Эх нутагтаа иргэж ирсэн нь[засварлах | кодоор засварлах]

Д. Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1-р сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оны 3-р сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байжээ.

1931 оны 12 дугаар сарын 31-нд Д.Нацагдорж нь хэсэг нөхдийн хамт шинэ жилийг угтаж ёсолсныг нь шалтгаан болгон Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт, Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнэрийнхээ хамт… Т. Нацагдорж, Гомбо, бас Намдаг нарыг баривчилсан байна.

1932 оны 5 дугаар сарын 18-нд Д.Нацагдоржийг баривчлан хорьж, мөрдөн байцааж эхэлжээ (бүтэн 6 сар гянданд хоригдсон байна). 1931-32 оны үед орос эмэгтэй Нина Чистяковатай (1909 онд төрсөн) нэг гэрт оржээ (Орос нутаг буцаад 10 жилийн дараа 1948 онд Д. Нацагдоржид охиныхоо тухай захиа бичсэн байдаг).

1934 оны 3 дугаар сарын 22-нд Д. Нацагдорж Н.Чистякова нарын охин Нацагдорж Ананда-Шири Улаанбаатар хотноо мэндэлжээ.

1935 оны 12 дугаар сард Д.Нацагдоржийн орос эхнэр Н.Чистякова охин Ананда-Ширийгээ дагуулаад ЗХУ-ын Ленинградын зүг замын унаагаар явжээ.

1936 оны 11 дүгээр сарын 7-нд Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны (Хэлбичгийн) тасгийн эрхлэгчийг хавсарч байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан Хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр удаа баривчлан хориод мөрдөн байцааж эхэлжээ.

1937 оны 3 дугаар сараас Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллажээ. 1937 оны 4 дүгээр сард Зохих дээд байгууллага, түүний хүсэлтийг хүлээн авч ЗХУ-д суралцахын зэрэгцээ эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

1937 оны 7 дугаар сарын 13-нд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед насан эцэслэснийг «Шинэ толь» сэтгүүлд мэдээлсэн байна.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Д. Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.

Тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна.

Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Орчуулга[засварлах | кодоор засварлах]

Д. Нацагдорж Зөвлөлт Холбоот Улсын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж

Д. Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Дурсгалд[засварлах | кодоор засварлах]

2016 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн Зохиолч Ш.Гүрбазарын зохиосон “Жаргаагүй нар” түүхэн жүжиг тайзнаа тавьсан байна.