Нацагдоржийн Ананда Шири
Нацагдоржийн Ананда Шири (1934 оны 3 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн-1996 оны Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн охин. Их зохиолч эцэг Д.Нацагдорж өөрийн уншсан дорно дахины олон ном сударт гардаг хүний нэрээр охиндоо Ананда Шири /Нана/ гэсэн нэр хайралсан байна.
Эх Нина Николаевна Чистяковагийн эх нь герман, эцэг нь орос гаралтай Ленинградын угуул эмэгтэй байжээ. 1932 онд Д.Нацагдорж, Нина Чистякова нар танилцаж удалгүй хамтран амьдрах болжээ.
Н.Ананда Шириг 2 нас хүрээгүй байхад 1935 онд эцэг Д.Нацагдоржийг хоёр дахь удаагаа баривчлагдахад эх Нина Чистякова Монголд байж суух аргагүй болж 1935 оны 12 дугаар сард охины хамт цэргийн машинд дайгдаж улсын хил хүрээд цааш дамжин явсаар 1936 оны 11 дүгээр сард Ленинград хот хүрсэн байна. /Энэ тухай 1920-иод оны эцсээр Ленинград хотод суралцаж, 1970-аад онд ШУА-ын Газарзүйн хүрээлэнд ажиллаж байсан Очирын Намнандорж гуай хуучлахдаа, “Нацагийн Орос авгайг манайхан хавчиж хяхаад, цагаан аралын дамжлага бааз орох жинчдийг дагуулаад нялх хүүхдийг нь тэврүүлээд хөөчихсөн юм" гэж харуусан дурссан байна./
Эцэг Д.Нацагдоржийг шоронд сууж байхад эх Н.Чистякова эргэлт оруулахдаа "Баавгайтай" чихэр өгч тэр чихрийн цаасан дээр их зохиолч шүлгээ бичиж байсан гэдэг.
Тэд нар 1941-1942 оны өвлийг бүслэгдсэн Ленинградад өнгөрүүлсэн байна. Дайны үеэр ЗХУ-ын Алтайн хязгаар руу нүүн амьдарсан байна.
Тэрээр Ленинградын их сургуульд сурч байхдаа багш Таися Алексеевна Бурдуковагаас Д.Нацагдоржийн тухай анх сонсч тэр үеэс тэр аавыгаа мэддэг болжээ.
1966 онд Эстонийн нийслэл Таллин хотын Политехникийн дээд сургуульд багшлах болж нөхөр Л.Г.Кондратьевын хамт Таллин хотод шилжин очиж суурьшсан байна.
Тус сургуульд 1966-1978 онд багш, ахлах багш, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1990 оноос өндөр насныхаа тэтгэвэрт гарч сардаа 260 рублийн тэтгэмж авдаг байжээ.
Н.Ананда Шири 1986 онд эцэг Д.Нацагдоржийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Монголд ирж байсан.
1992 оны эхээр түүнийг төрсөн нутаг Монголд шилжин ирж амьдарлынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөхөд тухайн үеийн Соёлын сайд, сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, зохиолч Л.Дашням нар их чармайлт гаргаж тусалсан гэдэг.
Тэрээр уран зураг зурдаг байсан. Гол төлөв байгалийн сэдэвтэй, уул ус, цэцэг ногоо зурдаг байсан байна.
Ананда Шри 1994 оны дөрөвдүгээр сарын 24, 26-нд тууш шугамтай сурагч дэвтрийн хоёр хуудсанд хөх өнгийн бэхээр “Нацагдоржийн Ананда Шри”, “Чистякова Нина Ивановна” гэсэн хоёр намтрыг бичээд “Н.Ананда” гэж гарын үсгээ зурж, ээжийнхээ хоёр, өөрийнхөө нэг гэрэл зургийн хамт их зохиолч Д.Нацагдоржийн судлаач, доктор, профессор Л.Балданд үлдээсэн байна.
Ананда Монголын зохиолчдын хорооноос өгсөн XII хороолол дахь хоёр өрөө байрандаа уран зураач, бичгийн хүний ёсоор тохилогхон аж төрдөг байв.
Их зохиолчийн охин Ананда Шириг 1994 онд тэнгэрт халихад таньдаг дотно анд нөхөд, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллага, Төв аймгийн төлөөлөгчид “Далан давхар”-т оршуулж, “Ганц охиноо бодоход хайрлах сэтгэл ундарна. Д.Нацагдорж” хэмээн алтан үсгээр бичсэн гэрэлт хөшөө босгожээ.