Jump to content

Дөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дөрвөн цаг шүлгийг Дашдоржийн Нацагдорж 1929 он зохиосон.

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ

Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг сананa

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодход

Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Зун

Цагийн сайхан зуны эхэнд

Газрын сайхан хангайн нуруунд

Хөхөө шувуу урьхнаа донгодох үес

Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад

Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ

Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад

Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биесээ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш

Эрийн гурван наадам монголын манлай баясгалан

Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу

Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна

Хээр хөдөөд таван хошуу мал дураараа сүлжин цэнгэнэ

Өрх бүрийн үүднээ айраг сархдын үнэр сэнгэнэнэ

Ийнхүү сайхан баясгалантай тийнхүү сайхан жаргалтай.

Намар

Намрын шар нар над дээр, чам дээр тусна

Найган найгах улиралд нь бид бас найгана

Буга хандгай урамдаж уул усыг баясгахад

Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд

Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно

Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад

Түүний дотроос саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахуйяа

Гадаа сойсон морь бөн бөн чичирнэ

Гэрийн эзэн эртлэн, үнэг чоны гөрөөлөхөөр одохуйяа

Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад

Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө

Шарласан модны навч хоёр нэгээр унахад

Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

Өвөл

Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийхэд

Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө

Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахуйяа

Уудам талд жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад

Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхүйд

Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад

Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тэсгим тэсгим ясгим ясгим

Монголын залуус нүүртээ цогтой, нүдэндээ галтай

Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд

Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал

Уул, ус, нар, саран лугаа нөхөрлөнө

Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан

Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй