Алтан цох

Эхний хэвлэл дэх чимэг зураг

Алтан цох (Англи: The Gold-Bug) нь 1843 онд Эдгар Аллан По зохиож хэвлүүлсэн өгүүллэг юм.

Монгол орчуулга[засварлах | кодоор засварлах]

Түүхийн тасгийн эрхлэгч Нацагдоржоос нөхөр Ринчений захисан ёсоор Америк улсын уран зохиолч Аллан Погийн зохиосон “Алтан цох” хэмээх зохиолыг герман хэлнээс орчуулан бичиж гүйцэтгэсний тул хянан тогтоож, зохих үнэ хөлсийг олгоно уу хэмээснийг хэлэлцээд зүйтэй тул ёсоор болгон хэвлүүлэхээс гадна уул орчуулгын үнэ хөлсийг хэвлэлийн хуудсаар бодон, 230 төгрөгийг Нацагдорж дор олгохоор тогтов.

"Америкийн уран  зохиолч Эдгар Аллан Погийн “Алтан цох” хэмээх зохиолыг герман хэлнээс анх Монголын шинэ цагийн ууган зохиолч Д.Нацагдорж монголчилжээ. Уг номыг Монгол улсын 25 онд 1000 хувь дармалласан байна. Одоо манайд нэн  ховордсон энэ зохиолыг уншигч олны санал хүсэлтийн дагуу шинэ үсгээр  дахин хэвлэв. Улсын хэвлэлийн газар" гэсэн өмнөх үгтэйгээр дармаллажээ. Үүнээс хуулбарлан Эдгар Аллан Погийн “Алтан цох” зохиолыг “Марташгүй ном” цувралаар “Монсудар” хэвлэлийн газраас 2005 онд хэвлэжээ.

Эдгээр  номыг харьцуулан үзэхэд 1958, 2005 оны хэвлэлд зарим нэгэн зөрөө гарсан, засвар хийсэн зэрэг мадаг багагүй байх тул 25 (1935) оны хэвлэлийг баримталснаа дахин нягтлав. Энэ хэвлэлээс шинэ үсэгт буулгахдаа зарим  үг, томьёолол мэтийг Эдгар Аллан Поийн “The Gold˗Bug” хэмээх англи эх,  мөн А. Старцевын орос орчуулга зэргийг харгалзан үзэв. Эдгар Аллан Погийн “Алтан цох”˗ыг герман хэлнээс орчуулахдаа Д. Нацагдорж орос хэлний орчуулга зэргийг давхар ашигласныг Монгол улсын түүхийн төв архивд  байгаа (Фонд 23, Товьёг 1, хадгаламжийн нэгж 561) “Шинжлэх ухааны  хүрээлэнгийн даргаас гаргасан 46 тоот тушаалын ёсоор дуун ухааны ба түүхийн тасгийн эрхлэгч Нацагдоржийн эрхлэн байсан тус тасгийн бүхий л  эд хогшил ба албан хэргүүдийг мөнхүү тасгийн судлагч оюутан Буянчуулган,  Дашдорж нарт шилжүүлэн өгсөн акт бичиг [26(1936) 11. 21]”˗ийн 4 дүгээр  зүйлд “... Европын номын сангаас авсан номуудаас эдүгээ ор үгүй дутагдаж буй 5 болох”˗ын дотор “5. По, Эдгар. Золотой жук. Инв. 7162 цена 10 м”  байсан баримт гэрчилнэ. Гэхдээ Нацагдорж орос хэлний орчуулгыг гол  баримжаа болгоогүй, германаас хөрвүүлсэн нь илэрхий бөгөөд зохиолчийн гарт байсан герман орчуулга англи эхтэйгээ тун ойр байсныг харуулах жишээ олон байгаа болно.