Учиртай гурван толгой
"Учиртай гурван толгой" дуурь- Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгч Их зохиолч Д.Нацагдорж, хөгжмийг Билэгийн Дамдинсүрэн, Борис Смирнов нар бичсэн 3 бүлэг, 5 үзэгдэлт монголын түүхэн дуурь буюу дуулалт жүжиг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Энэ түүхэн дуурийн анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Донровын Намдаг найруулан "Бөмбөгөр ногоон театр"-т жүжиг хэлбэрээр тавьж байсан түүхтэй. Анх тоглоход гол дүрүүд: Юндэнд- Цагааны Цэгмид, Нансалмаад-Түндэвийн Хандсүрэн, Балганд- З.Жадамба, Хоролмаад -Ц.Дэвээ, хоёр бэргэндэгчийн нэг нь Сосорбарам, нөгөө нь Дагийсүрэн, бэр буулгагч хоёр эрэгтэйн нэг нь Цэндээхүү, нөгөө нь Нацагдорж гэдэг нэг залуу гэж найруулагч Донровын Намдаг дурссан байдаг. Тайзны заслын зургийг мэргэжлийн зураач Бехчеева гэдэг орос авгайд Д.Нацагдорж өөрөө зохиолоо танилцуулан хийлгэх болсон байдаг. Тайзны заслыг намхан шар орос Савелов, мужан Цэрэндорж хоёр банзаар хийсэн гэдэг.
Зохиолоо дуусаагүй 1-р бүлэг дуусмагч жүжигчид бэлтгэлээ хийж эхэлсэн байна. "Бид эцсийн үзэгдлийг таван хоног дангаар нь хийгээд зургаа дахь өдрөөсөө тайзан дээр гарч эхнээс нь адаад дуустал нь сургууль хийдэг болов. Дараа нь хэдэн орой хувцас ба гэрэл чийдэн тохируулан хийснээр “Учиртай гурван толгой” аялгуут жүжиг нийт сар хагас хүрэхгүй хугацаанд бэлэн боллоо. Олны өмнө тавих сонсгол том зарлалаа театрын өмнөх хоёр том самбараас эхлэн хааяагүй наав" гэж Д.Намдаг сүүлд 1962 онд дурссан байна.
1942 онд зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн зохиосон эхийг засч "Учиртай гурван толгой" жүжиг хөгжимт жүжиг болж тавигдсан байна. Ц.Дамдинсүрэн уг цомнол зохиолын төгсгөлийн гуниг эмгэнэлийг хасч, эрмэлзэл, тэмүүлэлтэй болгосон хийгээд хувийн чанартай тэмцлийг нийтийн болгосон нь уг зохиолын агуулгыг өргөжүүлж цаашид энэ дуурийг амьдрахад түлхэц болжээ. Үүний хамт БНМАУ-ын Ардын жүжигчин төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн сайхан аялгуу хийсэн байна. Үүнийг А.Робинович, Д.Бат-очир нар найруулсан ажээ. Тэр найруулгаар БНМАУ-ын Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв-Юндэнд, Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоо-Нансалмаад, улсын гавьяат жүжигчин Б.Лувсан-Балганд, Т.Хандсүрэн Хоролмаад жүжиглэжээ. “Учиртай гурван толгойн” зарим дуу одоо хир ардын дуу болсон бөгөөд уг дуурь нь хүнийг дахин дахин үзүүлэх чадалтай бүтээл хэвээр үлдсэн юм.
1951 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжиг болж БНМАУ-ын гавьяат жүжигчин нэрт найруулагч С.Гэндэн засварлан найруулж гол дүр Юндэнд- Аюурын Цэрэндэндэв, Нансалмаад-Лувсанжамцын Цогзолмаа, Балганд-Цэвэгжавын Пүрэвдорж, Хоролмаад-В.Сүрэнхорлоо нар анх дулан жүжиглэжээ. “Учиртай гурван толгой” бол олон уран бүтээлчдийн чадал чансааг шалгаж олон хүнийг нэрд гаргасан билээ. Уг дуурьт Ц.Пүрэвдорж, В.Сүрэнхорлоо. Долгоржав, Г.Дулмаа зэрэг хүмүүс олон удаа тоглосны дотор дуучин Ц.Дагванамдаг 900 гаруй удаа Юндэнд жүжиглээд одоогийн шинэчлэгдсэн Юндэнд жүжиглэж байна.
1979 оноос уг "Учиртай гурван толгой" жүжиг дуурь болж Монголд тавигдаж ирсэн байна.
Дуурийн нэрийн хувьд
[засварлах | кодоор засварлах]Юунд Д.Нацагдорж дууриа “Учиртай гурван толгой” гэж нэрлэснийг хянавал давхар утгатай юм. Монгол хэлний зүй тогтоолын ёсоор авч үзвэл “Учиртай гурван толгой” гэж газрын нэр ч байж болно, эсвэл хүмүүсийг ёжлон заасан төлөөний нэр ч байж болох юм. Одоо хүртэл дан анхны газрын нэрээр нь ойлгож тэр дуурийн тайзны засалд аль нэг газрын гурван толгойн орчим энэ хэрэг түйвээн гарч байгаагаар дүрсэлдэг явдал буруу биш ээ. Гэвч дуурийн дотор голлон гарах Юндэн, Нансалмаа, Балган гурвын дүрээр эсрэг тэсрэг ангийг төлөөлүүлсэн тул бас учиртай гурван толгой болж байгаа юм гэж ч бас болно" өөрөөр хэлбэл энэ нэр маш олон зүйлийг агуулсан гэж Р.Наратуяа бичжээ.