Аюурын Цэрэндэндэв
Аюурын Цэрэндэндэв (1912 онд Богд хан уулын аймаг Наваан гүний хошуу, одоогийн н Төв аймгийн Бор-Өндөр суманд Ар гандан хэмээх газар төрсөн- 1991 онд нас барсан) Монгол Улсын гавьяат жүжигчин. Тэрээр Монголын “анхны Юндэн” гэдгээрээ онцлог.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эрийн цээнд хүртлээ мал хариулах, аргамж сур элдэх, аян жинд явах зэргээр эцэг эхдээ туслан амьдарч байсан. Тэрбээр 1933 онд цэргийн албанд татагдаж Хэнтий аймаг дахь VII дивизийн их бууны хороонд алба хааж байсан. Цэргийн бага даргын сургуульд элсэн суралцаж төгсөөд I дивизийн пулемёт сумангийн жагсаалын дарга, 1934 оны эцсээр Цэргийн төв клубийн дуучин, бага дарга, 1935 оноос дуучин-жүжигчин, жагсаалын даргаар дэвшин ажиллаж, энэ хугацаанд “Их жанжны уран ялалт” жүжгийн жанжин Сүхбаатар, “Партизан Батхүү” жүжгийн Батхүү, “Тэнэг засаг, сохор чавганц” жүжгийн хүү зэрэг арваад жүжгийн гол дүрд тоглосон ба хүндэтгэлийн концертод гоцлол дуучнаар дуулж байсан. Мөн 1936 онд ардын хувьсгалын XV жилийн ойгоор зарласан дуучдын уралдаанд оролцож, Улсын III зэргийн дуучин цол, үнэмлэхээр шагнагдаж байжээ.
Анх 1934 онд Цэргийн клубт жүжигчнээр орж, урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. 1936 оны аравдугаар сард гачигдлаар цэргээс халагдан орон нутагтаа буцаж очоод сонгуулиар Төв аймгийн Бор-Өндөр суманд багийн дарга, 1938 оны тавдугаар сард Төв аймгийн захиргааны шийдвэрээр аймгийн Улаан гэрийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт өөрийн сайн дураар ирж ажилласан.
Харин 1942 онд “Учиртай гурван толгой” дуурьт тоглосноор түүний уран бүтээлийн зам тодоос тод гэрэлтэж эхэлсэн юм. Тэрээр насан туршдаа халхын сайхан Юндэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн гавьяатай нэгэн билээ.Тэрээр уран бүтээлчээс гадна монгол эр хүний шинжийг хадгалсан, гүндүүгүй хүн байсан гэж одоо ч мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууд дурсдаг.
1940-1960 онд Улсын төв театрт жүжигчин, 1960-1961 онд Улаанбаатар хотын Төв клубт жүжигчин, 1961-1964 онд Үйлдвэр хоршооллын клубт найруулагч, 1964-1972 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байсан.
1942 онд УДБЭТ-ын тайзнаа "Учиртай гурван толгой" бүтээл амьдарснаас хойш дэлхийн олон оронд очиж тоглогдсон байдаг. Үүний нэг жишээ нь 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар дуурийн хэсгээс дуулж оролцжээ.
Тэгэхээр А.Цэрэндэндэв агсан дуурийн дуучдаас анх удаа монгол бүтээлээ дэлхийд дуулсан уран бүтээлч юм. Үүнээс гадна 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход Ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны загварыг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийжээ. Мөн “Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тагна Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тоглосон байдаг.
Тэрээр 1945 онд “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрийг бүтээсэн.
1965 онд “Хүний мөр” МУСК-д ажилласан. Дахиад 20 орчим жилийн дараа 1983 онд “Ингэх гээд байсан юм” МУСК-д ойн цагдаагийн дүр бүтээсэн байна.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]2022 онд Төв аймгийн Алтанбулаг сумынхан соёлын төвийг Аюурын Цэрэндэндэв гуайн нэрэмжит болгосон.