Jump to content

Өрөм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өрөм- малын сүүн бүтээгдэхүүн. Хөөрүүлсэн сүүний дээгүүр тогтсон цөцгийрхөг идээг өрөм гэнэ. Өрөм хийх явцыг өрөм тогтоох, өрөм загсаах гэнэ. Гол төлөв үхэр, сарлагийн сүүгээр өрөм хийдэг байна. Зөөлөн гал дээр хөөрүүлж буй сүүг самрахдаа шанагаар утган авч нилээд өндрөөс зугуухан жигд гоожуулах ба сүүний бүрэлдэхүүн хэсгийн дотроос тосны бөмбөлгүүд хамгийн хөнгөн учир халаах явцад дээш хөөрч, самрахад хөөсрөн сүүний дээгүүр үелэн тогтож “өрөм” үүсгэдэг. Өрмөн бүрхүүл ойролцоогоор 30 мин орчим хугацаанд бий болдог. Хөөрүүлсэн сүү аажмаар хөрч, хөөс нь замхран өрөм бэхжиж эхлэх үед гол төлөв үдшийн цагаар, зөөлөн галаар дахин халааж дөнгөж дөвийлгөөд орхино. Дөвийлгөх нь өрмийг биежүүлж, зузааруулах, цөцгий суулгах зорилготой юм. Өрөм загсаахдаа галыг ширүүдүүлж хэт халаавал сүү дэврэн өрмөн бүрхүүл хагарч, цаашид зузаарахад нь муу нөлөө үзүүлнэ. Түүнчлэн сүүний халаалт, загсаалтыг дутуу хийвэл өрөм нимгэн, сарамгар болно.  Ингээд тогоонд загсаасан өрөмтэй сүүг гаргаж сэрүүн газар 12-24 цаг байлгаад тогоотой өрмийг захлаж дундуур нь болгоомжтой нугалан цөцгийтэй талаар нь хавсраад тавиур дээр тавьж эгшээдэг. Үүнийг өрөм байлгах гэнэ.

Сүүний цөцгийн тосыг ялгаж авахаас гадна сүүг хөөрүүлэлгүй сэрүүн газар тавьж хөргөхөд сүүний цөцгий дээд талд царцангитан тогтдог. Үүнийг “цөцгий” гэнэ. Цөцгий бол хор тайлах чадалтай тул аливаа ногооны хор буюу уснаас харших, хүйтэнд жиндэх, чийгтэх зэрэгт тустай талаар ном сударт тэмдэглэсэн нь буй. Харин тогооны өрмийг малын гүзээ олгой, модон саванд өдөр өдрөөр хурааж сэрүүн газар хадгалбал түүхий өрөм буюу “зөөхий” болно. Үүнийг зөөхий хураах гэнэ. Өрмийг ингэж хураахад түүний дотор сүүний хүчлийн эсрэг исэлт явагдаж, сүүний чихэр, уургийн зарим хэсэг задардаг. Энэ урвалын үеэр түүнийг хайлж тос болгоход монгол шар тос бий болдог ажээ. Юань улсын сударт зөөхийг зүрх уушигны тамирыг сайжруулан, ханиахыг засаж, уушигны хатингарыг арилган, цусаар бөөлжихийг зогсоох чадалтай гэж тэмдэглэсэн байдаг.