Гэгээн Ширээт Улс
Гэгээн Ширээт Улс (Латин: Sancta Sedes, Англи: Holy See) нь Ватиканыг удирдах шашны хэмжээгүй эрхт засаглалын тогтолцоо юм. Олон улсын эрх зүйн дагуу бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн статустай. Анх Христийн тооллын I зууны үед Христийн сайн мэдээг түгээх, сүсэгтнүүдийг удирдах зорилгоор бий болсон. Өдгөө дэлхий даяар орших бүх католик сүм, байгуулагуудыг нэгтгэн удирдаж байна.
Гэгээн Ширээт Улс нь Ромын Папын удирдлагын дагуу католик шашны хамба болон санваартнаар дамжуулан үйл хэргээ хэрэгжүүлдэг. Удирдах тогтолцоо нь Христийн сургааль, католик шашны номлол дээр тулгуурладаг.
1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болсон.
Гэгээн Ширээт Улс нь дэлхий даяар орших бүх католик сүмийн үйл ажиллагаа, санваартан, хамба томилох, шашны үйл ажиллагаа явуулах НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ.
Ватикан улс нь Гэгээн Ширээт Улсаар дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлнэ.
Нэр томьёоны тухай
[засварлах | кодоор засварлах]Sancta Sedes гэдэг нь грек хэлний ἱερά буюу ариун/гэгээн, латин хэлний sedes буюу сэнтий, хаан ширээ гэх үгээс гаралтай. Католик шашинд Христийн 12 шавь нарын анх сайн мэдээг дэлгэрүүлж амьдарч байсан газруудыг "Элч нарын сэнтий" гэж нэрлэдэг бөгөөд Ватиканд орших Гэгээн Ширээ нь анхны Пап хэмээгддэг Гэгээн Петрийн сэнтий учир онцгойлон ингэж нэрлэжээ. Гэгээн тус бүр өөрийн тэргүүн цогчин дугантай байдаг бөгөөд Гэгээн Ширээт оршдог тэргүүн цогчин дуган бол Латераны Гэгээн Иоханы цогчин дуган юм.