Монголын хүн ам зүй
2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг Америкийн Нэгдсэн Улсын хүн ам тооллогын товчоо 2,951,786 [1] гэж үзэж байсан бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог байв. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000[2] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо 2023 онд Монгол Улсын хүн амыг 3,504,741 гэж тооцсон байна.
Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монголчууд эзлэх ба Казах үндэстэн цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[3]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.
Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн жилүүдэд хот руу нүүх шилжилт хөдөлгөөн нэмэгдэх болжээ. Талаас илүү хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, хагас нүүдэлчин амьдралтай байна.
Монгол Улсын Иргэний бүртгэлийн тойм
Монгол Улсын Засгийн газар хүн ам, өрхийн тоог тогтоох зорилгоор 1918 онд хүн амын тооллого явуулсан бөгөөд эл тооллогыг Монгол Улсад явуулсан хүн амын анхны тооллого гэж албан ёсоор тооцдог. Гэвч энэ нь үүнээс өмнө тоолж байгаагүй гэсэн хэрэг биш бөгөөд эртний монголчууд түүхийнхээ туршид цэрэг дайн, аян ав, алба татвар гэх мэт төрийн бодлогын хүрээнд үе үе тоолдог байсныг үгүйсгэж болохгүй.
Энэхүү 1918 оны хүн амын тоо баримтыг Монгол Улсын Засгийн газарт санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан (1913-1916 онд) С.А.Козин, П.А.Витте нарын боловсруулсан хүн амын холбогдолтой зарим баримт, Автономит Монголын хүн амын 1918 оны бүртгэл, Оросын эрдэмтэн И.М.Майскийн удирдсан шинжилгээний ангийн гаргасан судалгааны материал зэргийг үндэслэн гаргасан байдаг. Хүн амын 1918 оны тооллогоор монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5 мянга гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга байсан гэж өнөөг хүртэл албан ёсоор хэрэглэж ирсэн байна.
Монгол Улс ХХ зууны туршид 9 удаа (1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад) хүн амаа тоолжээ. 1956 оны хүн амын тооллогыг статистикийн байгууллага явуулсан бөгөөд аргачлал, хөтөлбөрийн хувьд өмнөх үеэсээ нэлээд боловсронгуй болсон байна. Хүн амын дээрх тооллогууд нь тус тусдаа онцлогтой байв. Тухайлбал, 1918 оны тооллого ХХ зууны Монгол Улсын анхны тооллого, 1935 оных Ардын хувьсгалын дараах анхны тооллого, 1944 оных Дайны жилүүдэд хийсэн тооллого, 1956 оных Олон улсын аргачлалыг ашиглан явуулсан, 1963 оных цахим тооцоолуур машиныг анх удаа ашигласан, 1969 оных Хүн амаа тоолохоос гадна орон сууцны фондыг анх удаа хамт тоолсон, 1979 оных НYБын зөвлөмжийн дагуу тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг болсон, 1989 оных (1969, 1979 оных мөн хамаарна) Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн аргачлалын дагуу явуулсан, 2000 оных төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед хийгдсэн анхны тооллого харин 2010 оны тооллого нь төлөвлөлт, газар зүйн зураглал, мэдээлэл цуглуулах, тархаах үйл явцад газар зүйн мэдээллийн (GIS) санг шинээр ашиглаж, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын жишгийн дагуу тооллого явуулах мастер төлөвлөгөө гарган ажиллах зэргийг дурьдаж болно.
Угсаатны бүлгүүд
Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, Дөрвөд, Дарьганга зэрэг ястан эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах, Тува, Чантуу) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнхи Оросууд Монголоос гарчээ.
Хүн амын тоо[4]
Яс, отог | 1956 | 1963 | 1969 | 1979 | 1989 | 2000 | 2010 он[5] | ||
Монголчуудын тоо | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Халх | 639,141 | 775,376 | 911,079 | 1,235,806 | 1,610,424 | 1,934,674 | 2,168,141 | ||
Дөрвөд | 25,667 | 31,339 | 34,725 | 45,053 | 55,208 | 66,706 | 72,403 | ||
Баяд | 15,874 | 19,891 | 25,479 | 31,053 | 39,233 | 50,824 | 56,573 | ||
Буриад | 24,625 | 28,523 | 29,772 | 29,802 | 35,444 | 40,620 | 45,087 | ||
Захчин | 15,772 | 14,399 | 15,662 | 18,957 | 23,478 | 29,766 | 32,845 | ||
Дарьганга | 16,852 | 18,587 | 20,603 | 24,564 | 29,040 | 31,909 | 27,412 | ||
Урианхай | 10,833 | 13,140 | 15,057 | 19,475 | 22,998 | 25,183 | 26,654 | ||
Дархад | 8,826 | 10,174 | 10,716 | 14,757 | 19,019 | 21,558 | |||
Өөлд | 14 634 | 15,520 | |||||||
Хотгойд | ... | ... | ... | ... | ... | 7,237 | 15,460 | ||
Торгууд | 4,729 | 6,028 | 7,119 | 8,617 | 10,050 | 12,628 | 14,176 | ||
Хотон | 2,603 | 2,874 | 4,056 | 4,380 | 6,076 | 9,014 | 11,304 | ||
Мянгад | 2,518 | 2,712 | 3,222 | 4,173 | 4,760 | 6,028 | 6,592 | ||
Барга | 2,458 | 2,343 | 2,305 | 1,999 | 2,130 | 2,506 | 2,989 | ||
Үзэмчин | 2,046 | 2,070 | 2,127 | 2,030 | 2,086 | 2,386 | 2,577 | ||
Хамниган | ... | ... | ... | ... | ... | 565 | 537 | ||
Чантуу | ... | ... | ... | ... | ... | 380 | 260 | ||
Элжигин | ... | ... | ... | ... | ... | 151 | 1,340 | ||
Сартуул | ... | ... | ... | ... | ... | 1,540 | 1,286 | ||
Харчин | ... | ... | ... | ... | ... | 266 | 152 | ||
Цахар | ... | ... | ... | ... | ... | 123 | 132 | ||
Баарин* | ... | ... | ... | ... | ... | ||||
Хуучид* | ... | ... | ... | ... | ... | ||||
Хорчин* | ... | ... | ... | ... | ... | ||||
Түмэд* | ... | ... | ... | ... | ... | ||||
бусад | ... | ... | ... | ... | ... | 1,206 | 1,420 | ||
Нийлбэр | 763,118 | 926,108 | 1,081,380 | 1,436,625 | 1,855,684 | 2,241,786 | 2,523,621 | ||
Монгол улсын хүн амд эзлэх хувь | 94.5% | 95.3% | |||||||
Бусад | |||||||||
Казах | 36,729 | 47,735 | 62,812 | 84,305 | 120,506 | 102,983 | 101,526 | ||
Тува | ... | ... | ... | ... | ... | 4,778 | 5,169 | ||
Цаатан | ... | ... | ... | ... | ... | 303 | 282 | ||
Russian nationals | 13,444 | 8,905 | 1,433 | 196 | 140 | 2,020 | 2,474 | ||
Chinese nationals | 16,157 | 21,981 | 725 | 344 | 247 | 3,374 | 8,688 | ||
Korean nationals | ... | ... | ... | ... | ... | 338 | 1,522 | ||
American nationals | ... | ... | ... | ... | ... | 303 | 656 | ||
Бусад | 11,125 | 6,819 | 35,045 | 8,653 | 1,509 | ... | ... | ||
Нийт | 845,481 | 1,017,162 | 1,188,271 | 1,538,980 | 1,987,274 | 2,365,269 | 2,754,685 |
Монгол дахь еврейчүүдийн нийгэмлэг 100 орчим еврейчүүд байгаа гэж мэдээлж байгаа ч хичнээн нь Монголын иргэн, хэд нь түр хугацаагаар суурьшиж байгаа тухай тодорхой мэдээлэл байхгүй. Еврейчүүд 19-р зуунаас Монголд нэвтэрч эхэлсэн ба социалист системийн үед нэмэгдэн иржээ. Тэд интернет сайт нээн ажиллуулахаар болсон ба Монгол дахь еврейчүүдийн нийгэмлэг нь дэлхийн еврейчүүдийн нийгэмлэгт албан ёсоор бүртгэгджээ.
Монгол Улсын 20 том хот 2008 оны тооцоо | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дэс | Хот | Нутаг | Хүн ам | Дэс | Хот | Нутаг | Хүн ам | ||
Улаанбаатар |
1 | Улаанбаатар | Улаанбаатар | 1,340,000 | 11 | Сүхбаатар | Сэлэнгэ | 19,626 | |
2 | Дархан | Дархан-Уул | 120,000 | 12 | Сайншанд | Дорноговь | 25,210 | ||
3 | Эрдэнэт | Орхон | 91,000 | 13 | Даланзадгад | Өмнөговь | 16,856 | ||
4 | Чойбалсан | Дорнод | 38,150 | 14 | Цэцэрлэг | Архангай | 16,300 | ||
5 | Мөрөн | Хөвсгөл | 36,082 | 15 | Улиастай | Завхан | 16,240 | ||
6 | Ховд | Ховд | 28,601 | 16 | Алтай | Говь-Алтай | 15,800 | ||
7 | Өлгий | Баян-Өлгий | 27,855 | 17 | Зүүнхараа | Сэлэнгэ | 15,000 | ||
8 | Баянхонгор | Баянхонгор | 26,252 | 18 | Өндөрхаан | Хэнтий | 14,800 | ||
9 | Арвайхээр | Өвөрхангай | 25,622 | 19 | Зуунмод | Төв | 14,568 | ||
10 | Улаангом | Увс | 21,406 | 20 | Баруун-Урт | Сүхбаатар | 12,994 |
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлсэнээр 2023 оны 11-р сард Монголын хүн ам 3,5 сая хүрсэн байна. Мөн тус байгууллагын төсөллөөр 2033 онд Монгол Улсын хүн ам 4 сая, 2047 онд 5 мая хүрэх ажээ.
Хэл
Монгол улсын албан ёсны хэл нь Алтай язгуурын Монгол хэлний бүлгийн Монгол хэл бөгөөд бичгийн систем нь Халх аялгуунд тохируулсан кирилл цагаан толгой юм. Мөн уламжлалт бичиг болох монгол бичгийг хэрэглэж буй. Нийт хүн амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий аймгийн Казах ба Тува нар казах, тувагаар ярьдаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа Орос хэл орно. Мөн хуучин коммунист лагерийн орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор Герман хэлийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул солонгос хэл[6] нь бас газар авч байна. Урд хөршийн хэл болох хятад хэлийг хүмүүс сүүлийн үед сонирхох болж, залуучуудын дунд япон хэл ч бас түгээмэл болж байна.
Шашин
Монголчууд Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шүтлэгтэй байсан ч 16-р зуунд буддийн шашинд оржээ.Гэвч бөөгийн мөргөл одоо ч нөлөөгөө алдаагүй хэвээр байдаг бөгөөд Монголын шарын шашин нь бөөгийн шүтлэгийн зан үйлээс нилээд зүйлийг авч хэрэглэжээ.Орчин үед хадгалагдан үлдсэн бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.
20-р зууны үед коммунист засгийн газар шашин шүтэхийг хориглож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдийг устгаж лам нарыг хэдэн мянгаар нь хороосон байдаг.
1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, гол шашин байсан Төвөдийн Буддын шашин дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм. Хүн амын 40% нь Төвөдийн Буддын шашны урсгал болох шарын шашинг шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христ, 4% нь исламын шашинтан.
Боловсрол
Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.
1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогийн 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд Монгол хэл бичиг, Орос, Англи, франц, Герман, Хятад хэлнүүд болон Тооны ухаан, Бодисын зүй, Хувилахуй ухаан , Одон орныг судлахуйн ухаан, Дэлхийн байдал, Түүх, Биеийн хөгжил, Дуу хөгжим, Утга зохиол, зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 57 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явсанаас 6 хүүхэд нь эмэгтэй байсан. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.
Бага дунд боловсрол нь нийтдээ анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон[7].
Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас салбарлан үүссэн байна. Монгол хүүхдүүд олон улсын чанартай математик физик зэрэг олон уралдаан тэмцээн олимпиадад эхний 3 байр эзэлж дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа.
Эрүүл мэнд
Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[8] ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[9]-1.87[10], хүн амын дундаж наслалт 67[11]-68[12], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%[13]-4%[14]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[15] байна.
2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.
Эшлэл
- ↑ U.S. Census Bureau International Data Base
- ↑ World Population Prospects The 2006 Revision Highlights
- ↑ World Population Prospects The 2006 Revision Highlights
- ↑ "Монгол улсын ястангуудын тоо, байршилд гарч буй өөрчлөлтyyдийн асуудалд" М.Баянтөр, Г.Нямдаваа, З.Баярмаа pp.57-70
- ↑ МУ-ын хүн амын 2010 оны тооллогын дүн
- ↑ Han, Jae-hyuck (2006-05-05). "Today in Mongolia: Everyone can speak a few words of Korean". Office of the President, Republic of Korea. Татаж авсан: 2007-08-17.
{{cite news}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Olloo.mn (Memento 25. Тавдугаар сар 2013 цахим архивт)(Mongolian)
- ↑ http://mirror.undp.org/Mongolia/publications/NHDR-2007-Eng.pdf UNDP Mongolia National Human Development Report
- ↑ U.S. Census Bureau International Data Base
- ↑ World Population Prospects The 2006 Revision Highlights
- ↑ U.S. Census Bureau International Data Base
- ↑ World Population Prospects The 2006 Revision Highlights
- ↑ "National Ministry of Health Yearbook 2006" (PDF). Archived from the original (PDF) on 2007-10-25. Татаж авсан: 2015-06-04.
- ↑ "UNICEF - At a glance: Mongolia". Archived from the original on 2017-10-10. Татаж авсан: 2015-06-04.
- ↑ UBPost: Child Mortality Rate Has Decreased, UNICEF Says
https://1212.mn/mn/statistic/fun-statistic/population