Азийн хөгжлийн банк
Азийн хөгжлийн банк (товч. АХБ, Англи: Asian Development Bank) - Ази, Номхон далайн бүс нутагт зээл олгож техникийн тусламж үзүүлэх замаар эдийн хөгжлийг дэмжих зорилготой, 1966 онд байгуулагдсан банк.
Банкны төв байр Филиппин улсын нийслэл Манилад байрладаг. АХБ-ны Ерөнхийлөгчөөр 2013-2020 онуудад Накао Такэхико ажиллаж байсан бөгөөд 2020 оноос Асакава Масацүгү ажиллаж байна.
Хөрөнгө
[засварлах | кодоор засварлах]2015 оны 12-р сарын 31-ний байдлаар АХБ-ны хувь нийлүүлсэн хөрөнгө $147,55 тэрбум байсан. АХБ-ны томоохон хувьцаа эзэмшигчид бол Япон (15,62 %), АНУ (15,51 %), БНХАУ (6,45 %), Энэтхэг (6,34 %), Австрали (5,79 %), Индонез (5,45 %), Канад (5,24 %), БНСУ (5,04 %), ХБНГУ (4,33 %) байсан юм.
2020 оны 12-р сарын 31-ний байдлаар Япон, АНУ тус бүр 15.571% буюу хамгийн их хувьцаа эзэмшиж байв. Хятадад 6.429%, Энэтхэгт 6.317%, Австралид 5.773% болж өөрчлөгдсөн байна.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Гишүүн орнуудын Засгийн газар болон хуулийн этгээдүүд АХБ-наас зээл авах хүсэлт гаргаж болдог байна. Нэг удаагийн зээлийн дундаж хэмжээ 15 сая ам.доллар, банкнаас их хэмжээний зээлийг (50 сая доллараас дээш) нэг дор олгох нь ховор байдаг.
2014 онд нийт олгосон зээлийн хэмжээ 22.9 тэрбум ам.доллар байсан. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ.
Хөрөнгө оруулдаг тэргүүлэх чиглэлүүд: тээвэр, харилцаа холбоо, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүүгийн салбар юм.
Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлсэн томоохон төслүүд
[засварлах | кодоор засварлах]- Транс-Афганистаны газрын тосны хоолой
- Индонезын газар хөдлөлт, цунамигийн үед яаралтай тусламж үзүүлэх төсөл
- Меконг голыг ашиглах бүс нутгийн хөтөлбөр
- Филиппинд ядууралтай тэмцэх хувийн хэвшлийн стратегийн түншлэл
- Иранаас Туркменистанаар дамжин Казахстан руу чиглэсэн "Умард-Өмнөд" төмөр зам
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Захирлууд
[засварлах | кодоор засварлах]Нэр | Хугацаа | Үндэстэн |
---|---|---|
Ватанабэ Такэши | 1966–1972 | Япон |
Широ Иноүэ Широ | 1972–1976 | Япон |
Ёшида Тароичи | 1976–1981 | Япон |
Фүжиока Масао | 1981–1989 | Япон |
Тарүмизү Кимимаса | 1989–1993 | Япон |
Сато Мицүо | 1993–1999 | Япон |
Чино Тадао | 1999–2005 | Япон |
Күрода Харүхико | 2005–2013 | Япон |
Накао Такэхико | 2013–2020 | Япон |
Асакава Масацүгү | 2020–оноос | Япон |
Монгол дахь АХБ-ны үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчийн газраа 1991 онд нээсэн. Тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр 2019 оны 11-р сараас Энэтхэг улсын иргэн Павит Рамачандран томилогдон ажиллаж байна. Тэрбээр АХБ ба Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах бөгөөд Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлдэг юм.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2021-2024 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг боловсруулжээ. Уг стратегийн баримт бичгийн хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэмжих цөөн тооны төсөл хөтөлбөрт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгох болжээ.