Уртын дуу

Уяхан Замбативийн наран

Уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын орилол юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

2000 гаруй жилийн тэртээ Хүннү гүрний Модун Шанью хааны үед уртын дуу үүсэн тухай домог хятад эх сурвалжид байдаг байна. Уртын дуу судалдаг эрдэмтэд энэхүү дууны үүсэл хөгжилд нүүдэлчин соёлын зан үйл, уудам дэлгэр тал зэрэгтэй юуны өмнө холбож үздэг байна.

Уртын дуу дуулах арга хэлбэрүүд[засварлах | кодоор засварлах]

Уртын дууны шүлгийн өргөлтөт үе- уртасгал дээр уухайлах маягаар уртаар аялгуулж, амьсгал, өгүүлэхүйн эрхтэн болон төвөнх хоолойн оролцоотойгоор олон янзын эгшиг чимэглэл үүсгэн, хүнгэнүүлж, хангинуулж, цангинуулж, шуранхайлж дуулах урлагийг уртын дуу гэнэ.

Ардын билэг зүйч Ж.Бадраа монгол уртын дууны аялгууны онцлогийн талаар:

1. Уртын дуу маш баялаг хэмнэл, ритмтэй

2. Уртын дуу маш өргөн цараатай. Ардын богино дуу голцуу нэг октаваас кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй уртын дуучин баритон, тенор хоёрын цараатай, эмэгтэй дуучин альто, сопрано хоёрын цараатай байж дуулна гэсэн үг.

3. Дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэй байдаг.

4. Уртын дуу нь займрал ихтэй буюу үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр өнгөнд дэвсгэр хөгт шилжээд, буцаад үндсэн дэвсгэр хөгт орох нь элбэг.

5. Дуучин хүнээс дотоод уран сэтгэмж, хоолойн хүч чадал, хувийн уран чадвар маш их шаарддаг.

Уртын дууг үг, үеийн аялгууллын зарчмаар дуулахад найруулгын 3 зүйл ялгардаг.

1. Дууны шүлгийн үе, өргөлт ямар эгшиг дээр суурилж байна, тэр эгшиг авиаг уртасган дуулж байна.

2. Үеийн аялгууллаар дуулах явцад монгол хэлний авиа зүйн зөв дуудлагад суурилсан өөр өөр эгшгийн (а, э, и, о, у, ай, и,э ха, хэ, рө, хи, хиэ) сэлгээг хийснээр дууны аяыг улам баялаг, эрхэмсэг дуулалтай болгодог.

3. Уртын дууны шүлгийн утга агуулгад үл хамаарах “байду зэ”, “лаа”, “лоо”, “лээ”, “аа-ээ”, “ээ-оо” гэх мэт оруулга үг шинээр нэмж дууны шүлгийн үеийн аялгууллыг улам өргөжүүлдэг.

Монгол уртын дууны туурвил зүй, гоо сайхны шинжийг тодорхойлогч нэг содон онцлог нь шуранхай юм.

Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн "шигших" зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиг-лэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ.

Уртын дууны тэр бүхий гайхамшиг "ид шидийг" утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүд-нээс нягтлан нуталбаас зохистой билээ.

Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардын уртын дуу маш баялаг хэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг “айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж ярилцдаг байсан. "Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хө" гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг.

Уртын дууны гурав дахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр займрал их байдаг.

Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.

Уртын дууны төрөл[засварлах | кодоор засварлах]

Судлаачдын үзэж байгаагаар 6000 мянга гаруй уртын дуу байдгаас өнөө үед идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим бий.

Судлаачид уртын дууг янз бүрийн талаас нь ангилахыг оролдож ирсэн ба агуулга талаас нь:[засварлах | кодоор засварлах]

– Магтаал дуу

– Түүхэн дуу

– Уянгын дуу

– Хөдөлмөрийн дуу

– Аж байдлын дуу

– Сургаал дуу гэж ангилж ирсэн юм.

Бүтэц, зохиомж, чимэглэлийг нь харгалзан:[засварлах | кодоор засварлах]

– Айзам уртын дуу

– Суман буюу жирийн уртын дуу

– Бэсрэг уртын дуу гэж ангилдаг.

Бэсрэг уртын дуу – Дээд, доод өнгө өргөн биш цар хүрээтэй, шуранхайгүй, хэм тодорхой, хэмнэл мэдэгдэм, нэгээс үл хэтрэх өргөлттэй, уртын дууны хувьд аяны зохиомж багавтар, урт богинын дууны айзам хэмнэл хосолдог дууг бэсрэг уртын дуу гэнэ. Туурвил зүй, ая ба шүлгийн зохиомж, бүтэц зэргээрээ урт ба богино дууны аль алины өнгө төрхийг хадгалсан байдаг. Тархалтаараа Монгол нутгийн зүүн зүгт нилээд тархмал байдаг. Нөгөө талаар дууны түүхтэй холбоотой домог, хууч яриа дагалдсан байдаг. Жишээ нь: ”Шалзат баахан шарга” “Хүрэн толгойн сүүдэр” “Тоорой банди” “Дөрвөн настай халиун” ” Үлэмжийн чанар”

Суман буюу жирийн уртын дуу – Цар хүрээ нэлээн өргөнтэй, уран гоё нугалаа, цохилоготой, дан шуранхайтай, ихэнхдээ шуранхайгүй, чөлөөт зохиомжтой, уужим тавиун аялгуу бүхий дууг суман бую жирийн уртын дуу гэнэ. Шинэ төрсөн хүүхэд ой хүрэх, даахь үргээх, шинэ гэр барих, хурим хийх, насны ой тэмдэглэх, засал дом хийх, даллага хуурайлга авах, цагаан сар зэрэг жирийн иргэний болон нийтийн баяр ёслол дээр уртын дуугаар мялаан эхлүүлж жирийн уртын дууг дуулуулдаг. Суман уртын дуу нь сэдвийн хувьд маш өргөн, хорвоо ертөнцийн өөрчлөлт, хүн байгаль, амьтан, хүний харьцаа холбоо, өдөр тутмын жирийн амьдралын тухай бүхий л талыг хамарсан, олонхоороо дуулж болох тул бусад төрлөөс илүү хадгалагдан үлджээ. Жишээ нь: “Эрдэнэ засгийн унага” “Зээргэнтийн шил” “Эр бор харцага”

Айзам уртын дуу – уртын дууны дотор хамгийн өргөн цараатай, уран нугалаа, чимэглэлтэй, ихэвчлэн давхар шуранхайтай, холын үсрэлт займралттай, амьсгал цуурайлалттай, гүн хүндэтгэлийн утга бүхий дууллын чанарыг агуулсан байдаг. Үүнийг монгол бичгийн хэл, халхын зонхилох аялгуу талаас нь “Айзам” дуу гэж нэрлэдэг. Айзам дууны хөг аялгуу нь Монгол нутгийн сайхан орны уудам тал нутаг, баян хангайн сүрлэг өндөр уулсыг, өргөн тунгалаг гол мөрөнг дүрслэн илэрхийлдэг. Дууны шүлэг нь гүн ухааны утга уянга, төрийн хүндэтгэлийн шинжтэй, гүн гүнзгий бэлгэдлийг илэрхийлдэг. Төрийн том ёслол, нийтийг хамарсан баяр, наадам, төрийн тахилга, ном судар залах зэрэгт эхлэл магнайд дуулдаг. Айзам дуунд: “Хуур магнай”, “Түмний эх”, “Эрхэм төр”, “Дуртмал сайхан”, “Эртний сайхан”, ”Өвгөн шувуу хоёр”,...

Уртын дуу дуулаачдын төлөөлөл[засварлах | кодоор засварлах]

Монгол уртын дууны шуранхайг алдарт Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад шинэ түвшинд хөгжүүлсэн, Монгол Улсын Алдарт Гавьяат Дуучин Жигзавын Дорждагва, СГЗ-Г.Дадьсүрэн, Долгоржав, Дамчаа, Гончиг, Б.Ламжав, МУАЖ Чулуунбаатарын Шархүүхэн, Шарын Чимидцэеэ, Нэргүй, Мягмарсүрэнгийн Дорждагва, Г.Энхбаатар, С.Эрхэмбаяр, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Э.Болормаа,.. нар.

Уртын дууг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвд бүртгэсэн нь[засварлах | кодоор засварлах]

Уртын дуу нь төрийн ѐслол, баяр наадам, хурим найр зэрэг монголчуудын аль эрхэм хүндэтгэлтэй ѐс заншил, зан үйлтэй шууд холбоотой бөгөөд нүүдэлчин Монголчуудын амьдралаас төрж, монгол хэлээр дуулагдан өнөөг хүртэл хүндтэйгээр уламжлагдсан ирсэн уламжлалт урлаг юм.

Монголын уртын дууны гайхамшигийг үнэлэн 2003 онд ЮНЕСКО, Монгол Уртын дуу, “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-д тунхаглаж, 2008 онд Соѐлын биет бус өвийн “Хүн төрөлхтний төлөөний жагсаалт”-д бүртгэсэн юм.

Уртын дууны тухай кино[засварлах | кодоор засварлах]

"Уртын дуу" баримтат киног 1988 онд зохиолч Ж.Бадраа хийсэн байна.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]