Jump to content

Ширээний теннис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ширээний теннис
Мэргэжлийн тамирчдын тэмцээн
Дээд түвшний захирах байгууллагаОУШТХ
Хоч(нууд)Пинг-понг
Анх тоглогдсон1880-д он, Англи
Онцлог шинж
Шүргэлцдэг спорт эсэхҮгүй
Багийн гишүүнГанцаарчилсан, хос
Холимог хүйсэрэгтэй, эмэгтэй, холимог
АнгилалЦохиурт спорт, танхимын спорт
Багаж хэрэгсэлЦеллулоид, 40 мм
Байдал
Олимп1988

Ширээний теннис (Одон бөмбөг) гэдэг нь хөнгөн, хөндий бөмбөгийн хоёр буюу дөрвөн тоглогч цохиур ашиглан цохиж тоглодог спорт юм. Тороор хуваагдсан хатуу ширээн дээр тоглолт явагдана. Давуулалтаас бусад үед тоглогчид өөрийн талбай дээр нэг удаа ойсны дараа хариу цохиж айлын талбайд ойлгох ёстой. Бөмбөгийг дүрмийн дагуу буцааж цохиж чадаагүй тохиолдолд оноо алдана. Ширээний теннис нь тоглогчоос хурдтай хариу үйлдлийг шаарддаг спорт юм. Чадварлаг тоглогчид бөмбөгөндөө төрөл бүрээр эргэлт оруулж, явах чиглэлийг нь таахад бэрх байдлаар цохисноор өрсөлдөгчөөсөө давуу тал олж авдаг.

Ширээ нь олон улсын стандартаар урт нь 274 см, өргөн нь 152.5 см, өндөр нь 76 см байна. Торных нь урт 183 см, өндөр нь 15.25 см байна.

Шар, цагаан гэсэн хоёр өнгийн бөмбөг байна. 40 мм диаметртэй, 2.7 гр жинтэй байна.

Цохиур нь хоёр талдаа хар, улаан резинтэй, тусгай үйлдвэрийн модоор бүрдэнэ.

Ази болон Европ гэсэн үндсэн хоёр төрлийн аргаар цохиураа барьдаг. Сүүл үед Монголд ширээний теннис их хурдацтай хөгжиж байгаа. Техникийн тал дээр ихэвчлэн довтолгооны байрлалд тоглодог байсан хүмүүс сүүлийн үед хамгаалах буюу дарах техникийг ихээр эзэмших болсон

Монгол дахь ширээний теннис

[засварлах | кодоор засварлах]

Энэ спорт Монголд анх 1950-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.

Ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д. Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.

Монголд ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг байхгүй болсон байв.

Ингээд удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар, ХААДС-ийн оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин Түмэндэлгэр, Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван жилийн 1 дунд сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд сургуулийн сурагч Б. Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн сурагч Г.Нансал нар тодорч байжээ.

“Ширээний теннис “ сонирхогчдын анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн бичгийн даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн нэрлэжээ. / Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар /

1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.

МБТСУХ-ны урилгаар 1959-1960 онд Монголд ирж ажилласан БНХАУ-ын өндөр зэрэглэлтэй багш Жан Юй Нин, Монголын ширээний теннисний анхны шигшээ баг, бүрэлдэхүүнийг 1961 онд БНХАУ-д хүлээн авч дэлхийн 26 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж ажилласан багш Чин Ши Жун нар Монголын ширээний теннисчдэд анхны суурь техник эзэмшүүлэх, спортын бэлтгэл сургалтын ажиллыг зөв гордилоор эхлүүлэж цаашид хөгжих онол практиктийн үндсийг тавих үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

1961 оны ДАШ тэмцээний үеэр хуралдсан ДШТХ-ны чуулганаас МШТХ-ны анхны ерөнхийлөгч С.Чойвонг ДШТХ-ны Хянан шалгах хорооны гишүүнээр сонгосон. Энэ нв Монгол улсын спортын түүхэнд болсон шинэ үйл явдал байв. Үүнээс өмнө Монгол улсын спортын аль ч төрлийн төлөөлөгч олон улсын спортын байгууллагын сонгуульд оролцон сонгогдож байгаагүй юм.

1960 онд анх удаа БНАСАУ-с тамирчдыг урин авчирч анхны хамтарсан бэлтгэл, нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү нөхөрсөг тэмцээнд манай улсын эмэгтэй 9 : 0, эрэгтэй 12 : 1 хожигдож байв. Монголын багаас Д.Баньдхүү нэг хожил багтай авч байв.

1960 оны 09 сарын 01 нд Үндсэний шигшээ баг 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдав.

1961 онд БНЧехсловак АУ, БНУАУ-ын баг тамирчид Монголд ирж хамтарсан бэлтгэл сургуулалт хийж байв.

1961 онд Монголын Бүх Ард Түмний анхдугаар Спартакиад ширээний теннис 3 төрөл дээр явагдаж анхны эрэгтэй аваргаар 15 настай, 10 жилийн сургуулийн сурагч залуу тамирчин Б.Амарсанаа, эмэгтэй .................. нар түрүүлж аваргын алтан медалийг зүүж байлаа.

1964 оны 4 сард Монголын шигшээ багийн тамирчид анх удаа Европийн хамтарсан бэлтгэл хийхээр БНЧАУ, БНУАУ, БНПАУ-ыг зориж байлаа.

1966 онд Монголын шишээ баг Азийн орнуудын Анхдугаар аварга шалгаруулах тэмцээнд орж манай эр баг 5 байрт, эр хос тоглолтоор Бямбажав, Томбуу нар 52 хосоос 4 байрт орж анх удаа гадаадын тэмцээнээс диплом авчирч байв.

1970 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 28 багийн эмэгтэй 36, эрэгтэй 84 тамирчид спортын 5 төрөл дээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байв.

МШТХ нь манай ахмад багш, тамирчдын хүч хөдөлмөрийн үрээр бусад орны ширээний теннисчидтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг уламжлал ёсоор хөгжүүлж ирэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад БНХАУ-ын мэргэлжилтэн багш Ван Фу уригдан ирж ажилласны дээр БНСУ-ын иргэн 1988 оны дан хос тоглолтын олимпын аварга эмэгтэй Ян Ён Жа, БНСУ-ын улсын шигшээ багийн гишүүн, 1990 оны Азийн тоглолтын багийн төрлийн аварга эрэгтэй Пак Жин Хиен нар Монголд түр ажиллаж амьдрах хугацаандаа манай теннисчидтэй байнгын холбоотой байж өсвөрийн теннисчдийг сурган хүмүүжүүлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирэв.

1990 оноос хойш Монгол улсын эдийн засгийн системд гарсан шинэчлэлт өөрчлөлтийн үйл явц спортын талбарыг тойрч гарсангүй мөн л хамран хувиргаж бүтэц зохион байгуулалтын их өөрчлөлтөд хийв. Үүний дүнд Монголд ширээний теннисний клубууд шинээр төрөн гарч өнөөдрийн байдлаар хот хөдөөд “ Тэмүүлэл”, “ Старс”, “Сол-Мон”, “ ОЧ “ Дархан, Эрдэнэт, Баянчандмань зэрэг 10 шахам клуб идэвхтэй ажиллаж байна. Эдгээр клубд Б.Дэлгэрбуян, Д.Баяраа, С.Галбадрах, Д.Энхбаатар, Т. Мэргэн, Ч.Цагаанцэцэг, Баярсайхан зэрэг дадлага туршлагатай ахмад тамирчид, мастерууд болон өсч яваа шилдэг тамирчид, багш дасгалжуулагчид тогтмол ажиллаж олон сайн, спортын ирээдүйтэй тамирчдыг сургаж, хүмүүжүүлж байна.

Монголын ширээний тенисний холбоо 1959 онд байгуулагдсан бөгөөд өнөө үед Ц.Гантулга ерөнхийлөгчөөр нь, ерөнхий нарийн бичгийн даргаар С.Галбадрах ажиллаж байна.

Теннисний олон улсын дүрэм

[засварлах | кодоор засварлах]

Ширээний теннисний ОУ-ын бүх тэмцээнд дараах дүрмүүд мөрдөгддөг. Дүрмийн дагуу тоглож сурч гэмээ нь амжилт гаргах, маргаангүй чадварлаг тоглолт гаргах үндэс болох юм: 

* Ширээний шүүгч өндөр сандал дээр тоглолтыг шүүх бөгөөд хэрэв байхгүй нөхцөлд хос тоглолтыг зогсож шүүнэ. Нэг бүрчилсэн тоглолтыг зогсож шүүх шаардлагагүй.

* Багийн тоглолтонд тоглож буй тамирчины ард багийн гишүүд болон дасгалжуулагч суух бөгөөд харин нэг бүрчилсэн тоглолтонд зөвхөн нэг хүн суухыг зөвшөөрдөг. Хэрэв дүрмэнд зааснаас олон хүн суусан байвал шүүгч тогтоогдсон тоо хүртэл хүн байхыг шаардах бөгөөд биелүүлэхгүй бол тоглолтыг эхлүүлэхгүй.

* Тоглолтонд орох бөмбөг нь үйлдвэрлэлийн алдаа, хэлбэр алдагдсан зэрэг асуудал байж болзошгүй тул тамирчид ширээн дээр тоглохоос өмнө бөмбөгийг сонгосон байх ёстой.

* Тоглолтын явцад тамирчид цохиур гэмтсэнээс бусад тохиолдолд цохиурыг солихыг хориглоно. Сольсон тохиолдолд шүүгч энэ үйлдлийг ерөнхий шүүгчид мэдэгдэж тамирчиныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

* Нэг үеийн тоглолт дууссаны дараа болон завсарлагаар тамирчид цохиурыг ширээн дээр орхих ёстой.

* Тамирчид резинийг тоглохоос өмнө тусгай зориулалын өрөөнд зориулалтын цавуугаар наасан байх ёстой. Ширээн дээр тоглох гэж гарч ирээд наахыг хатуу хориглоно.

* Давуулалтыг хийхдээ бөмбөгийг 16 см-аас доошгүй өндөрт, шүүгч, туслах шүүгч болон өрсөлдөгч тамирчинд харагдахаар, ширээтэй ижил түвшинээс алгаа дэлгэж алган дээрээс онцом шидэж давуулна. Давуулалт нуух, гар салгалгүй буюу 16см ээс доош шидэж давуулсан бол 1 оноогоор торгоно.

* Хэрэв давуулалтыг дүрмийн бус гэж үзэж буй нөхцөлд шүүгч эхний удаа анхааруулна. Хоёр дахь удаагаа буруу давуулбал шууд 1 оноогоор торгоно.

* Тоглолтын ширээн дээр гарч ирээд тамирчид бие халаалтыг 2 минут хүртэл хийнэ.

Маргаан шийдвэрлэх:

* Давуулалт хийх үед бөмбөг ширээний торонд хүрэх, гаднаас бөмбөг орж ирэх, хүчтэй дуу чимээ гарах болон бусад шаардлагатай тохиолдолдуудад тоглолтыг зогсоохыг зөвхөн шүүгч шийднэ.

* Шүүгчийн гаргасан шийдвэр хоёр тамирчины саналтай зөрж байгаа тохиолдолд жнь: бөмбөг ширээний өнцөгийг шүргэсэн эсэхэд санал зөрсөн бол 2 тамирчины санал нэг байгаа тохиолдолд тамирчдын саналаар шийдэж болно.

* Тоглолтын явцад бөмбөг цохиур барьж буй гарны бугуйнаас урагш цохиж эсрэг талын ширээн дээр орвол тоглолтыг үргэлжлүүлнэ.

* Давуулалт хийх болон тоглолтын явцад бөмбөг зөвхөн цохиурт л хүрэх ёстой. Хувцас, гаранд хүрвэл алдаанд тооцно. 

* Тоглолтын явцад бөмбөг тор шүргэж орсон болон торны тогтоогч төмөрт цохиж орсон, ширээний ирмэг дэх цагаан шугамтай хэсэгт шүргэсэн бол орсонд тооцно. Харин ширээний хажуу босоо буюу хар хэсэгт цохисон бол гарсанд тооцно. 

Завсарлага:

* Тоглолтын явцад багийн дасгалжуулагч болон тамирчины аль нэг нь нэг минутын хугацаатай нэг удаа завсарлагыг авч болно. Завсарлага авсан тоглогчын тал дээр “T” гэсэн тэмдэг тавина.

* Харин нэг үеийн тоглолт дууссаны дараах завсарлага 2 минутаас илүүгүй байх ёстой.

* Тоглолтын явцад тамирчинг 6 тоо тутмын дараа буюу 2 тамирчны онооны нийлбэр 6-д хуваагдах тоон дээр хөлс арчихыг зөвшөөрнө. 3:3  9:3  6:0 9:9 гэх мэт

* Тамирчинд зөвлөгөөг зөвхөн дүрмэнд заасан завсарлагааны үеэр өгнө. Хөлс арчих, бөмбөгөнд явах үеүдэд зөвлөгөө өгөх, авахыг хатуу хориглоно. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл эхний удаад шар картаар зөвлөгөө өгч байгаа хүнийг торгож, хоёр дахь удаад түүнийг тоглолтын талбайгаас хөөнө. Энэ үед орлогч дасгалжуулагч хүрч ирж суух ёсгүй.

Буруу зан үйл гаргасан үед:

* Тамирчин тоглолтын үеэр талбайд чанга хашгирах, хараах, шүүгчтэй маргах зэрэг ёс бус үйлдэл хийвэл шүүгч түүнийг шар картаар сануулна. Хэрэв үйлдлийг дахин давтвал шууд улаан картаар торгож нэг оноог өрсөлдөгч тамирчинд өгнө.

* Дахин дээрх үйлдлийг давтвал дахин улаан картаар торгож, дахин нэг оноог өрсөлдөгчид өгнө.

* 3 дахь улаан картаар торгуулах үйлдэл хийвэл шүүгч тоглолтыг зогсоож ерөнхий шүүгчид мэдэгдэнэ. Ерөнхий шүүгч тамирчиныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

* Тоглолтын нэг үе дууссаны дараа тамирчин буруу зан, үйлдэл хийвэл дараагийн үеийг нэг тэгээр (1:0) эхлүүлнэ.

* Шүүгч багийн тоглолтыг шүүх явцдаа нэг тоглолт дуусах бүрд багийн тоглолтын нийт харьцааг байнга чангаар хэлж байх ёстой.

 Commons: Ширээний теннис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан