Jump to content

Мазаалай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мазаалай

Ховордолтын зэрэглэл

Нэн ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Мазаалай
Латин нэр
Ursus arctos gobiensis
Соколов ба Орлов, 1992

Мазаалай (латин. Ursus arctos gobiensis, англи. Gobi bear) Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Монголын улаан номд орсон. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 169 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засаж ичнэ.

Монгол Улсад жил бүрийн 2-р сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгосон.

Нутагшилт ба тоо толгой

[засварлах | кодоор засварлах]

Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу ба, Цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалайн дундаж наслалт 25-30 жил байдаг. Мазаалай баавгайг 1967 оноос хойш судалж эхлэх үед тоо толгой 20-35 орчим байсан. 2019 онд 25 бодгаль, 2020 онд 36 бодгаль, 2021 онд 34 бодгаль, 2022 онд 52 бодгаль байна гэж тооцсон.

  • Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж байгаа ангилалд ордог.
  • Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/- I хавсралтад орсон.
  • 1953 онд Хуулиар агнахыг хориглосон.
  • 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулан хамгаалалтад авсан.
  • 1987, 1997, 2013 онуудад Монгол улсын улаан номд бүртгэгдсэн.
  • 1991 онд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ 1 дүгээр хавсралтад бүртгэгдсэн.
  • 2005 онд "Говийн баавгай" төсөл хэрэгжиж эхэлсэн.
  • 2012- Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэн ховор амьтны жагсаалтад оруулсан.
  • 2018-2021 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл” -ийг хэрэгжүүлж байна.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/466 дугаар тушаалаар 2024 оныг “Мазаалай баавгай хамгаалах жил” болгон зарласан.

Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иддэг.

Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог. Мазаалай баавгайн хүнс тэжээл ховордож одоо цөөн тооны мазаалaй баавгай дэлхий дээр үлдсэн байна.

Ховордож буй зарим шалтгаан

[засварлах | кодоор засварлах]

Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед турж үхдгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах, түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой. Мазаалай орооныхоо үед эрэгчингүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг байна.

  • Монгол Улсын Улаан ном, 1997 он