Аугаа их эх орны дайн

Зөвлөлтийн Аугаа их эх орны дайн (орос. Великая Отечественная война, 1941 оны 6-р сарын 22-ноос 1945 оны 5-р сарын 9-нд ) буюу Дэлхийн хоёрдугаар дайны Дорнод фронт - Зөвлөлтийн үед болон дараа нь Оросын түүхэнд 1941-1945 оны Зөвлөлт-Германы дайныг ийнхүү нэрлэдэг.
Дайны үеэр Зөвлөлт Холбоот Улс Гитлерийн эсрэг эвслийн нэг хэсэг болж Герман болон түүний Европын холбоотнуудын зэвсэгт хүчинд хамгийн их хохирол учруулж, улмаар тэднийг Европт ялагдал хүлээхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Гурван жилийн турш (1941-1944) Германы цэргийн хүчний дийлэнх хэсгийг ЗХУ-ын эсрэг дорнод фронтод байрлуулсан. 1944 оны 6-р сард Нормандид газардсаны дараа Гитлерийн эсрэг эвслийн холбоотны хүчин Зүүн фронтод Вермахтын хуурай замын идэвхтэй армийн гуравны хоёр хүртэлх хувийг хадгалсаар байв. 1945-1946 онд болсон Нюрнбергийн шүүх хурал нь Германы түрэмгий дайн, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг үнэлж, нацист дайны гэмт хэрэгтнүүдийг ялласан байна.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]Германтай хийсэн дайнтай холбоотой "Эх орны дайн" гэсэн хэллэг анх 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУ-ын Гадаад харилцааны Ардын комиссар Вячеслав Молотовын радиогоор хэлсэн үгэнд гарч хэрэглэх болсон байна.
1980-аад оноос энэ нэр томьёо шүүмжлэлд өртөх болсноос 1991 онд Зөвлөлт задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан 15 улсын 11 нь буюу Азербайжан, Гүрж, Латви, Литва, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз, Эстони улсууд (2014 оны байдлаар) энэ нэр томьёог хэрэглэхээс татгалзах болсон байна. Улмаар Туркменистан Аугаа их эх орны дайн нэр томьёог хэрэглэхийг бүрмөсөн хориглож оронд нь "1941-1945 оны Зөвлөлт-Германы дайн" гэж нэрлэх болжээ.
Эдгээр улсууд Хаант Оросын цэрэгт эзлэгдэн олон зуун жилийн турш ихээхэн хохирол амсч 1910-аад оны сүүлээс 1940-ээд оны дунд үе хүртэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэж байв. Тэд Зөвлөлт Германы дайн нь Оросын үндэстний цөөнхүүдэд хамааралгүй харин Зөвлөлт өөрөө олон үндэстнийг цэргийн хүчээр дарангуйлан захирсан улс байсан гэж үздэг байна. Зөвлөлт Германы эсрэг байлдаж байсан ч сүүлдээ өөрөө Зүүн Европын орнуудад цэргийн хүчээр нөлөөгөө тогтоосон, Финландыг 1940 онд эзлэх гэж оролдсон зэрэг нь энэ нэрийг хэрэглэх нь зохисгүй гэж үзэхэд хүргэжээ. Гэвч ОХУ-д урьдын адил энэ нэр томьёог хэрэглэсэн хэвээр байна. Барууны орны судлаачид энэ "Аугаа их эх орны дайн" гэсэн нэрний оронд "Дорнод фронт" гэсэн нэрийг хэрэглэдэг болсон.