Jump to content

Тахь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тахь
Тахь
Тахь
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туурайтан (Perissodactyla)
Овог: Адууныхан (Equidae)
Төрөл: Equus
Дэд төрөл: Equus
Зүйл: E. ferus
Дэд зүйл: E. f. przewalskii
Латин нэр
Equus ferus przewalskii
(Л.С. Поляков, 1881)
Дахин нутагшуулж буй газрууд
Дахин нутагшуулж буй газрууд


Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говь хээр, тал нутагт амьдардаг зэрлэг адуу юм. Тахь бол Адууны овогт хамаарах нэн ховор зүйл юм.

Нэгэн цагт гэршсэн байж байгаад эргэн зэрлэгшсэн Америкын Мустанг, Австралийн Брамбы нараас ялгаатай нь, тахь хэзээ ч хүний гарт гэршиж байгаагүй жинхэнэ онгон зэрлэг адуу юм.

Адуу буюу морины хромосом 64 байдаг бол Тахийн хромосом-66 байдаг байна.

Тахийн бие адуутай харьцуулахад намхан, богино хүзүүтэй, харьцангуй том толгойтой (мундааны өндөр: 125-147 см, биеийн жин: 240-300 кг). Дэл нь голдуу хул хонгор өнгөтэй, хамрын нүхний хэсэг нь цагаавтар. Олонхи бодгаль нь шилбэ, өвдөгний ар тал, борвиндоо хөндлөн хар судалтай. Босоо дэл, мундаанаас зоо нуруу дагуу сүүлний цацаг хялгас хүртэл хар бор тууш хүрэн судалтай (хар голтой) нь онцгой харагддаг. Сүүлний урт хар үс нь гэрийн адууных шиг сүүлний ёроолд биш зөвхөн боомтын ёроол руу ургаж эхэлдэг.Тахь нь мөн монголын байгаль орчинд нэмэр болж буй өвөрмөц хөөрхөн амьтан юм.

Монгол дахь дахин нутагшуулалт

[засварлах | кодоор засварлах]

1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Монгол оронд сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлсэн. Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс төсөл хэрэгжүүлж Монголд авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм.

Хустайн нуруунд тахинууд бэлчиж байгаа нь

XIX зуунд Европд тарпан устсанаар зэрлэг адууны нэг ч зүйл дэлхийд үлдсэнгүй гэж барууныхан бат итгэж байлаа. Гэтэл 1878 онд Төв Ази судлаач Н. М. Пржевальский Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И. С. Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus przewalskii) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ.

Өдгөө буй бүх тахийг 1945 онд байсан 31 тахийн есийнх нь үр төл гэж үздэг. Тэдгээр есийн ихэнх нь 1900 онд баригдсан 15 тахийн үр төл юм. Лондоны амьтан судлалын хүрээлэн болон Монголын эрдэмтдийн тахийг амьтны хүрээлэнгээс хээр талд эргэн нутагшуулах аз сорьсон хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэний үр дүнд 2011 оны байдлаар 300 гаруй тахь эх нутгийнхаа хээр талд эрх чөлөөтэй амьдарч байна. 1945 онд байсан 31 тахь 1990-ээд оны эхээр 1500 гаруй болсон байна.

 Commons: Тахь (Пржевальскийн адуу) – Викимедиа дуу дүрсний сан