Николай Пржевальский

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Николай Пржевальский 1856
Санкт-Петербург дахь Н.Пржевальскийн хөшөө.

Никола́й Миха́йлович Пржева́льский (1839 оны гуравдугаар сарын 31 [шинээр дөрөвдүгээр сарын 12-нд] Хаант Орос улсын Смоленск мужийн Кимборово тосгонд төрсөн - 1888 оны аравдугаар сарын 20 [шинээр 11 дүгээр сарын 1-нд] Киргиз Улсын Каракол хотод нас барсан) - Оросын аялагч, дорно дахин судлалын нэрт эрдэмтэн, газар зүйч. Төв Азийн Монгол, Хятад, Төвөдийн газар нутгийг судалсан хошууч генерал (1886) цолтой.

Тэрээр 1839 оны 4 дүгээр сарын 12-нд Кимборово тосгонд тэтгэвэрт гарсан дэслэгч Михаил Кузьмич Пржевальскийн гэр бүлд төрсөн (1846 оны 10-р сарын 27 [11-р сарын 7] нас барсан). Эх - Елена Алексеевна, Каретникова. Кимборово тосгон (Смоленск муж) байсан газар нь өнөөгийн ОХУ-ын Смоленск мужийн Починковский дүүргийн Мурыгино тосгонд дурсгалын самбар суурилуулсан байна.

Тэрээр 1855 онд Смоленскийн гимнази төгсөөд Рязаны явган цэргийн ангид офицер болсоны дараа Полоцкийн 28-р явган цэргийн ангид шилжсэн. Сүүлд I Николай хааны нэрэмжит Жанжин штабын академид элсэн орсон.

Пржевальский академи төгсөөд Польшийн бослогыг дарах ажилд сайн дураараа оролцохоор Польш руу очжээ. 1863 оны 7-р сард тэрээр ахлах дэслэгч цол хүртэв. Дараа нь Варшавын Юнкерийн сургуульд түүх, газарзүйн багшийн албан тушаал хашиж байхдаа Пржевальский Африкийн аялал, нээлтийн түүхийг судалж, амьтан судлал, ургамал судлалтай танилцаж, газарзүйн сурах бичиг эмхэтгэсэн (дараа нь Бээжинд хэвлэгдсэн) байна.

1870 онд Пржевальский Төв Азийн анхны аялалаа хийжээ. 11-р сарын эхээр тэрээр дэслэгч Михаил Александрович Пыльцовын хамт Хиагтад ирсэн бөгөөд тэндээс зохих зөвшөөрөл авахаар Бээжин рүү явах шийдсэн байна. Тэрээр Бээжингээс Далай нуурын хойд эрэг рүү нүүж, Хаалганд амарсны дараа Сума-Ходи, Инь-Шань нуруу, мөн Шар мөрний (Хуан Хэ) урсгалыг судалж үзжээ. Өмнө нь хятад сурвалжид тулгуурлан бодож байсанчлан тус гол салаалсан зүйлгүй гэдгийг тогтоосон. Ала Шан цөл, Алашан уулсыг дайран өнгөрч, 10 сарын дотор 3500 миль (3700 орчим километр) замыг туулж Хаалган руу буцаж иржээ.

1872 онд тэрээр Хөх нуур явж улмаар Түвдийн өндөрлөгийг давж Цайдам цөлөөр дамжин Цэнхэр мөрний (Мур-Усу) дээд хэсэгт очжээ. 1873 онд Говийн төв хэсгээр Түвдэд очих оролдлого бүтэлгүйтсэний дараа Пржевальский Өргөөгөөр дамжин Хиагтад буцаж ирсэн байна. 1870-1873 оны аяллын үр дүн нь "Монгол ба Тангудын орон" / оросоор:-Монголия и страна тангутов/ зохиол гарсан байна. Гурван жилийн дотор Пржевальский 11,000 миль (ойролцоогоор 11,700 км) аялсан байна.

1879 онд 13 хүний ​​бүрэлдэхүүнтэй багийг толгойлж 3 дахь аялалдаа Зайсан хотоос гарчээ. Өргөн мөрний дагуу Хами баян бүрдээр, элсэн цөлөөр дамжин Са-Жөү баян бүрд, Нань-Шань нуруугаар дамжин Төвдөд хүрч, Хөх мөрний хөндий (Мүр-Усу) хүртэл явав. Түвдийн засгийн газар Пржевальскийг Лхас хот руу оруулахыг хүсээгүй бөгөөд нутгийн ард түмэн маш их эсэргүүцсэн тул Пржевальский Танглагийн давааг давж, Лхасаас 250-хан бээрийн зайд байсан ч Өргөө рүү буцахаар болжээ. 1881 онд Орос руу буцаж ирэхдээ Пржевальский гурав дахь аялалынхаа талаар тайлбартай тайлан гаргасан байна. Шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй байсан, хожим түүний нэрээр нэрлэгдсэн шинэ төрлийн адууны тухай анхны мэдээллийг тэрээр нийтлэсэн байна. (Equus przewalskii).

1883 онд тэрээр дөрөв дэх аялалаа хийж, 21 хүний ​​бүрэлдэхүүнтэй отрядыг удирдав. Хиагтаас Өргөө хотоор дамжин Төвдийн өндөрлөг рүү нүүж, Шар мөрний эх, Шар, Хөх хоёрын дундах усны хагалбарыг судалж, тэндээсээ Цайдамаар дамжин Лоб-Нуур, Каракол хот хүртэл явжээ. (өнөөгийн Пржевальск). Аялал 1886 онд дууссан байна.


Н.Пржевальскийн хамгийн том гавьяа бол Куньлун уулын систем, Хойд Төвөдийн нуруу, Лоб нуур, Хөх нуурын сав газар, хятадын Шар мөрний эх үүсвэрийн газар зүйн болон байгаль-түүхийн судалгаа юм. Нэмж дурдахад тэрээр зэрлэг тэмээ буюу хавтгай, тахь, бусад хөхтөн амьтдын хэд хэдэн шинэ төрлийг олж нээсэн бөгөөд олон шинэ хэлбэрийг агуулсан амьтан судлалын болон ботаникийн асар том цуглуулга цуглуулсан. Шинжлэх ухааны академи, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтэд тахийн нээлтийг талархан хүлээн авчээ. Тахийг түүний нээлтийн үр дүнд "Пржевальскийн морь" хэмээх болсон.

Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академи Пржевальскийг "Төв Азийн анхны байгаль судлаачдад" гэсэн бичээстэй медалиар шагнажээ.

Ямар ч нөхцөлд Н.М.Пржевальский өдөр бүр хувийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь түүний номуудын үндэс болсон юм. Н.М.Пржевальский шаргуу, системтэй хөдөлмөрөөр хөгжүүлсэн бичгийн авьяастай байв. Үүний зэрэгцээ тэрээр Хятад улсыг үндэстний хувьд гутаан доромжилж, Оросын империалистууд Зүүн Туркестан болон Чин гүрний бусад нутаг дэвсгэрт нэвтрэн орж, Оросыг Хятадтай дайнд түлхэх шаардлагатайг сурталчилж байжээ.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Николай Пржевальский – Викимедиа зураг, бичлэг, дууны сан