Хомын тал

Хомын тал- Байгалийн цогцолбор газар. Газарзүйн байршлын хувьд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт томоохон нуур, голууд, элсэн манханаар хүрээлүүлсэн байгалийн цөлөрхөг арал юм. Хомын тал Байгалийн цогцолбор газрын нийт талбай нь 411403.80 га бөгөөд Хар ус нуурын Байгалийн цогцолбор газар, Монгол элс Байгалийн цогцолбор газартай хиллэдэг байна.

Хомын талд 2004 онд Франц дахь тахь хамгаалах холбоо, Швейцарын МАВА сангийн санхүүжилтээр дахин нутагшуулах зорилготой 22 тахь тээвэрлэн авчирч тавьсанаар Монгол дахь зэрлэг адууг сэргээн нутагшуулж буй 3 дахь газар болсон. 2011 онд Чех улсын нийслэл Праг хотын амьтны хүрээлэнгийн санаачилга, дэмжлэгээр 4 тахь нэмж нутагшуулаад байгаа ажээ. Улмаар нийт 26 тахь нутагшуулж байсанаас зэрлэг адууны тоо толгой 100 гаруй болоод байгаа ажээ.

Хомын талын өмнөд хэсэгт орших Бага нуур нь реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын дамжин нүүддэллэх газар юм.

2020 онд Хомын талыг тусгай хамгаалтанд авах шийдвэр гаргаж "Байгалийн цогцолбор газар" зэрэглэд хамруулжээ.