Jump to content

Дэндэвийн Пүрэвдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэндэвийн Пүрэвдорж (1933 оны 10 сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Хажуу хонд хэмээх газар төрсөн- 2009 оны 3 сарын 20-нд нас барсан)- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2009 он), Төрийн шагналт (1981 он), Ардын Уран Зохиолч (1996 он) цолтой яруу найрагч, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан (1983) юм.

Дэндэвийн Пүрэвдорж Довдмаа хэмээх бүсгүйгээс төрөөд бусдын адил тугал хариулж, хурга ишигтэй ноцолдож өссөн байна. Бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. Дунд сургуульд багшилж байв.

"Тоншуул" сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны "Цог" сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв. "Монгол Уран Зохиол" хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт суусан. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болcон. Тэрбээр уран зохиолыг түгээн сурталчилж, ард түмний хүртээл болгоход бүхий л авьяас билиг, эрч хүч, ухаан бодлоо бие хайргүй зориулж "Монголын нэг өдөр", "Уран үгсийн чуулган"-ыг хамтран бүтээлцэж, "Болор цом" яруу найргийн наадмын галыг 1983 онд асааж тооныг өргөсөн хүн юм.

Мөн тэрээр их уран зохиолын төлөө сэтгэлээ зориулж, 1970, 1980 онд "Яруу найргийн тэнхим" үүсгэж, 2001 оноос "Монгол уран зохиолын академи", "Монголын нууц товчоо" уран зохиолын дээд сургуулийн тулгыг тулж, өрнө дорнын уран ухааныг нийтгэн оюун санаа, эх хэлнийхээ тусгаар тогтнолын төлөө цуцалтгүй хичээнгүйлэн зүтгэж байсан.

Файл:Д.Пүрэвдоржийн 6 боть..png
Д.Пүрэвдоржийн зохиолын бүрэн эмхэтгэл 6 боть, 2009 он.

Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна "Шивээ Хиагт", "Нүцгэн ноён", "Хар хорин" зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн “Чингис” (1962), “Тусгаар тогтнол” (1968), “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас”, “Сэгс цагаан Богд” зэрэг яруу найргийн бүтээлүүд нь уншигчид, монголын ард түмний дунд ихээхэн түгж алдаршсан юм.

"Алтан намар", "Алтан шар зам", "Дөрвөн цагийнтал", "Хаврын шөнийн бодол", "Орчлонд би азтай төржээ", "Сайн нөхрийн ерөөл", "Урьд шөнө чи зүүдлэв үү" зэрэг олон олон бүтээл ардын дуу мэт түгэн дэлгэрсэн юм.

Д.Пүрэвдорж "Тарчилсан сүнс" "Улаан зүүд", "Нарны жавар" гурамсан роман туурвиж, "Улаан гэрийн хоригдол", "Бор гэрийн богд" дурсамжийн ном хэвлүүлсэн, манай уран зохиолын яндашгүй авьяас билигтэн байлаа.

Түүний анхны гэргий нь бөөрний эмч Янжин хэмээх эмэгтэй байсан талаар Д.Пүрэвдорж дурсамждаа өгүүлсэн бий. Анхны гэргийгээсээ хөндийрсний дараа тэрбээр 1971 онд Улаанбаатарт болсон Ази, Африкийн зохиолчдын их хурлын гадаад төлөөлөгчдөд үйлчилж байхдаа тухайн үеийн ГХЯ-ны ажилтан Гомбосүрэнгийн Чанцал хэмээх бүсгүйтэй дотносон улмаар гэр бүл болжээ. Г.Чанцал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, өөрөөр хэлбэл Д.Пүрэвдоржтой нэг нутгийн, франц хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд насаараа дипломат албанд ажилласан. Уг албаны шугамаар тэд хамгийн сүүлд гэр бүлээрээ Бээжин дэх Монголын ЭСЯ-нд ажиллаж амьдарч байв.

  • Хөх даалимбан тэрлэг
  • Сэгс цагаан богд
  • Хар цас
  • Төрийн түмэн эх
  • Сайн цагийн мянган бурхан
  • Гэргий
  • Шарлингийн хар хас
  • Галч
  • Тусгаар тогтнол
  • Чингис
  • Сумын наадмаар
  • Миний нэр Монгол
  • Эрээн уул
  • Эгчмэдхэн
  • Энэтхэгийн цэцгэн эрх
  • Хүн төрөлхтөнд хүргэх үг
  • Байгальтай сольсон үг
  • Тулгын чулууг хөдөлгөж болохгүй
  • Атгахан биендээ ахадсан бололтой би
  • Миний жалга
  • "Орчин цагийн монгол хэл"
  • Шивээ Хиагт
  • Нүцгэн ноён
  • Хархорин

Хэвлэгдсэн номнууд

[засварлах | кодоор засварлах]

"Бяцхан аялал" 1956 он, "Хаврын дуу" 1956 он, "Улаан оч" 1958 он, "Талын туяа" 1960 он, "Ойн чуулга" 1963 он, "Бужаагийн ярьсан домог" 1964 он, "Шүлгүүд" 1964 он, "Жигүүрт цагаан гэр" 1966 он, "Түмэн баатрын дурсгал" 1968 он, "Нар тойрсон зам" 1970 он, "Хээрийн цай" 1973 он, "Сэгс цагаан богд" 1976 он, "Зэсэн уулын бичээс" 1980 он, "Нүхгүй цэнхэр сувд" 1982 он, "Хөх даалимбан тэрлэг" 1983 он, "Тэнгэрт хайлсан тууль" 1984 он, "Бурхад ба хүмүүс" 1985 он, "Сүүтэй дөрөө" 1987 он, "Хялар хатан" 1989 он, "Чингисийн тахилга" 1991 он, "Шоовдор шүлгүүд" 1993 он, "Тусгаар тогтнол Сэгс цагаан богд 1998 он, Улаан гэрийн хоригдол" 2000 он, "Цаган морин жил" 2000 онд эрхэлсэн, "Буруу номтнууд" 2001 он, "Хөх үндэсний гал" шүлгүүд 2003 он, "Хорин таван найраглал" 2004 он, "Бор гэрийн богд" 2005 он, "Тарчилсан сүнс" роман 2006 он, "Улаан зүүд" роман 2007 он.

Уран зохиолын шилдэг бүтээлүүд "Хар цас" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал, "Хөх даалимбан тэрлэг" "Хар цас" "Сэгс цагаан богд" Найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, Монголын утга зохиолын хөгжил бэхжилтэд онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.

Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь монгол найргийн сор бүтээл төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Их найрагчийн “Алтан шар зам”, “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархжээ. Мөн түүний анхлан бичсэн "Талын туяа" найраглал монгол уншигчдын дунд зүрх сэтгххэлд ихэд хоногшин үлдсэн байна. Д.Пүрэвдорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнагдсан юм.

Түүнчлэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан 2013 онд “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ. Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талбайг их зохиолчийн нэрэмжит хүрээлэн болгосон байна.

“Дэндэвийн Пүрэвдорж сан”-г найрагчийн хүү П.Энхтүвшин санаачлан байгуулсан бөгөөд тэргүүнээр нь Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, Гадаад харилцааны сайд асан Цэрэнпилийн Гомбосүрэн ажиллаж байна.

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн Арвайхээр хотод байгуулсан.

Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэстний гал” яруу найргийн наадам, утга зохиолын цэнгүүн их найрагчийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд суманд 2017 оны 10-р сард болсон.